📅

Н.Сарантуяа: Урт үс бол монгол бүсгүйн гоо үзэмжийн чимэг гэж бодож явдаг

🕔 2018/12/21 21:51 1 758

Н.Сарантуяа гэх сайхан монгол эмэгтэй Монгол бүсгүйн эрхэмсэг гоо сайхныг илтгэх "Урт гэзэгтэй монгол бүсгүй" улсын уралдаанд говь нутгийн олон сайхан эмэгтэйчүүдээ тѳлѳѳлж амжилттай оролцоод иржээ. Тэрээр Эх баригч мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж 1000 гаруй хүүхдийг энэ орчлонд мэндлэхэд тосож авсан Хүйн ээж юм.

-Эх баригчаар олон жил ажилласан Хүйн ээж гэдгээр таныг танина.Эх баригчаар хэдэн жил ажиллав аа?

-Би Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын уугуул.Дорноговь аймгийн АУ-ны сургуулийг Эх баригч мэргэжлээр төгссөн. Төгсөөд сумандаа ирж Эх баригчаар 3 жил ажиллаж байгаад Ноён сумын сум дундын эмнэлэгт шилжин ажилласан юм. Эх баригч хэмээх сайхан мэргэжлээрээ 38 жил ажиллажээ. Энэ хугацаанд 1000 гаруй хүүхэд эх барьж, айл гэр бүл, ээж аавуудад баяр баясгалан нэмж явсандаа баяртай байдаг. Эх барьж авсан хүүхдүүд маань одоо ч “Хүйн ээж” гэж хүндэтгэн ирж уулзаж, золгодог юм. Ажил мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг даа.

-Та саяхан “Урт үстэй монгол бүсгүй-3” улсын уралдаанд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцоод ирсэн. Өвөрмөц сайхан тэмцээнд оролцжээ. Хэзээнээс эхэлж үсээ ургуулсан бэ?
Тиймээ. “Урт үстэй монгол бүсгүй-3” улсын уралдаанд өмнийн говь нутгийн эмэгтэйчүүдээ төлөөлж амжилттай оролцоод ирлээ. Залуугаасаа л үсээ ургуулсан. Ээж маань их урт үстэй хүн. Тиймээс ч эгч бид 2 их урт үстэй.

-Та их сайхан урт үстэй юм аа?
-Баярлалаа. Урт үсэндээ түүртэх үе бас байдаг. Хүүхэд төрүүлчихсэн байхдаа нялх биетэй үсээ арчлахад их хэцүү санагдаж тайрна гэж шийдчихэж билээ. Тэр үед эгч маань “Урт үс гэдэг хүүхдийн уяа байдаг” гэж хэлж байсан. Тэр үгийг сонсоод л үсээ тайрах бодлоо огт орхиж улам л ургуулж эхэлсэн дээ. Залуу насанд урт үсээрээ л гайхуулж явсан. Урт үс бол монгол бүсгүйн гоо үзэмжийн чимэг гэж бодож явдаг юм.

“Урт үстэй монгол бүсгүй-3”уралдааны тухай сонирхуулна уу? Шалгаруулалт нь хэрхэн, яаж явагддаг бэ?
“Урт үстэй монгол бүсгүй-3” уралдаан 1993, 1995 онуудад зохиогдож байсан юм билээ. Миний оролцсон тэмцээн 3 дахь удаагийн уралдаан нь байсан. Энэ 3 дахь удаагийн уралдаан нь 25 жилийн дараа зохиогдсон. Уралдааны зар хараад л  хувиараа очиж оролцоод ирсэн. Уралдаан дээрээ урт үсний хэмжээгээр хэмжиж шалгаруулахаас гадна авьяаслаг бүсгүй, монгол хадагтайн гоо үзэмжтэй бүсгүй, сайхан гэзэгтэй сайхан бүсгүй зэрэг олон номинациар шалгаруулсан.
Өсвөр үе, залуу үе, ахмадууд гээд  3 шаттай энэ уралдаанд аймаг аймгаа төлөөлж ирсэн 60 гаруй урт үстэй бүсгүйчүүд оролцсон доо. Урт үстэй олон эмэгтэй нэг дор цугларах үнэхээр сайхан харагддаг юм билээ.

-Манай аймгаас таниас өөр хүн оролцов уу?
- Уралдаанд аймгаас 4 хүн оролцсон.Мандал-Овоо сумаас нэг малчин охин, Ханбогд сумаас нэг айлын 2 охин оролцсон. Манай аймагт урт үстэй бүсгүйчүүд олон байдаг. Манай аймгийн Манлай сумаас уралдаанд оролцсон охин 1м42см-ын урт үстэй.Их урт үстэй сайхан бүсгүй оролцсон.

Уралдаанд оролцсоноороо шагналт байранд орох биш тэр олон сайхан монгол бүсгүйчүүдтэй хамт нэгэн тайзнаа тэмцээнд оролцож байгаадаа их бахархаж байлаа. Монгол хувцас, гоёлоо өмсөж зүүж, урт гэзгээрээ өөрийгөө чимсэн  сайхан бүсгүйчүүдээрээ бахархаж омогшиж байлаа.

-Тэмцээнд оролцох үеэр хэмжиж байхад таны үсний урт хэд байсан бэ?Хамгийн урт үстэй бүсгүй хаанаас тодров?
-Миний үсний урт 1 м 35 см. Хамгийн урт үстэй бүсгүйгээр Ховд аймгийн казак эмэгтэй шалгарсан. Нуруулаг, 1,80 см өндөртэй сайхан бүсгүй байсан. Гэзэг нь 2м10 см урт. Шалгаруулалтын үеэр тайзан дээр алхаж байхад явахад үс нь шалан дээр  “чирэгдээд” явж байх жишээтэй. Тийм сайхан урт үстэй үнэхээр гайхмаар бүсгүй тэргүүн байранд шалгарсан. Монгол бүсгүйчүүд үсээрээ гоо сайханаа тодотгон харуулж чадсан гайхамшигтай тоглолт, тэмцээнд оролцсондоо баяртай байдаг.

-Урт үстэй эмэгтэйчүүд их цөөн болсон байна. Цаг үеэ дагаад ихэнх бүсгүйчүүд тайрмал үстэй болжээ.Гэхдээ урт үстэй хүн их содон сайхан харагддаг?
-Тэгэлгүй яахав. Одоо урт үстэй хүн цөөхөн л харагддаг. Үсийг байнга сүлжиж байж л их урт ургадаг.Үсээ сүлжээд энд тэнд явж байхад хүмүүс их сонирхож асууж байдаг. “Одоо үед ховор бараа шүү, үсээ битгий тайруулаарай” гэх хүн ч тааралддаг. Гадаад хүмүүс их сонирхдог.Үсийг маань сонирхож барьж үзэх гэнэ.


Ер нь бол Монгол эмэгтэй хүн гэдэг эртнээс нааш гэзэг үсээ гоё сайхан байлгах тал дээр маш их анхаарч ирсэн. Гэзэг үстэй холбоотой ёс уламжлалын олон зүйл байдаг. Монгол бүсгүй гэдэг нэрэнд үс их хамаарна. Гэзэг үсээ ургуулж, арчлах энэ сайхан ёс уламжлалыг охид бүсгүйчүүддээ зөвөөр таниулж, монгол өв уламжлалыг түгээх юмсан гэж их бодож явдаг. Урт үстэй Монгол бүсгүйг алдаршуулж байх хэрэгтэй. Ээжүүд охидынхоо үсийг монгол ёсоор ургуулж, арчилж, сүлжиж байгаасай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Тиймээс монгол бүсгүй хүнд байх ёстой шинж чанарын нэг бол яах аргагүй сайхан самнаж, сүлжиж, янзалсан үс гэж боддог. Монгол эмэгтэйн чимэг болсон үсээрээ гоёж, ургуулж байхыг охид эмэгтэйчүүддээ хүсье дээ.

Ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна