📅

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ БОЛЛОО

🕔 2018/06/22 14:27 1 928
Говьчууд бидний Их хайрхан Говь гурван сайхан уулын “Хошуу овоо”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг 5 жил тутамд үйлдэж байхаар тогтоосон билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа зохион байгуулж байсан бол энэ жил зуны дунд сарын шинийн 9-ний өдөр ИХТАХИЛГАТ ХАЙРХАН-ыг тайх тахилгын ёслол өргөн дэлгэр боллоо.


Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Хошуу овоо" хайрханыг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Хошуу овоо" хайрханыг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг гэнэ. Зуун зууны буурал түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, 2012 оны МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд Говь гурван сайхан уулын ХОШУУ ОВОО хайрханыг ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН болгож тахисан байна. Таван жилд нэг удаа ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫГ үйлдэхээр болсон ба 2018 оны 06-р сарын 22-ны билэгт сайн өдөр "ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛ"-ыг төр, шашны ариун үйлийг хослуулан, ёслол төгөлдөр үйлдлээ. Төрийн тахилгат их хайрханы тэнгэр тайх ёслолд МУ-ын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд, Төрийн хүндэт харуул, Гандантэгчлэн хийдийн тэргүүлэгч лам хуврагууд, аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг үйлдлээ. Төрийн тахилгат хайрханы тэнгэр тайх ёслолд хүндэтгэл үзүүлж аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Говь гурван сайханы дуулал” тоглолтыг түмэн олондоо толилууллаа.


Мөн энэ үеэр улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт МУ-ын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Аймгийн хурц арслан Ш.Дарханбат түрүүлж, МУ-ын начин Ц.Одбаяр үзүүрлэв.


Өвөг дээдсээс тахиж шүтэж ирсэн говьчуудын их хайрханаа төрийн ёслол хүндэтгэлийн ном журмын дагуу тахиж, уул ус, лус савдаг, гол усаа аргадлаа. Говь нутгийн ижил гурван сайхан хайрхан уул минь өнө мөнхөд говьчууд биднээ нөмөрлөн оршиж, ивээл буянаа хайрлаж, эргэх 4 цагтаа хүн зон, хүж дэлхий амгалан, хангай дэлхий маань дэлгэр сайхан байх болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна