📅

Таван Толгойн нүүрсний ордоос Говьсүмбэр чиглэлийн шороон замын асуудлаар ЗТХЯам мэдэгдэл гаргажээ

🕔 2021/02/27 10:07 806
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэртэй холбогдуулан тус яамнаас мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ
“Баянзам тээвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү, Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй нар сүүлийн өдрүүдэд гүтгэлгийн чанартай мэдээллийг нийгмийн сүлжээгээр түгээж байгаа учраас Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалын 2 дахь заалтаар хатуу хучилттай зам барих хүртэл хориглосон байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 104 иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэн, Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэнээс тус тус 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан “... сумын малчид, иргэд бидэнд ганц үлдсэн бэлчээр сайтай нутгаар минь хүнд даацын олон арван машин, олон арван салаа зам үүсгэж, бэлчээр талхлан, хог хаягдал үүсгэн малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, малын ноос, ноолуур үнэгүйтэх, хээл хаях, өвчлөх, малын нүд улайх, сохрох...” гэсэн утга бүхий өргөдөл, хүсэлтийн дагуу тус яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.
Ажлын хэсэг уг 3 аймгийн 7 сумын нутаг дамжин нүүрс тээвэрлэж байгаа авто замын дагуу нөхцөл байдалтай танилцахад тухайн орон нутгуудад олон салаа зам гаргаж /дунджаар10 км өргөн/ тээвэрлэлт хийх, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй тээвэрлэлт гүйцэтгэх, их хэмжээний тоосжилт үүсэн үзэгдэх орчин хязгаарлагдсан,  Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж нутгийн иргэд, малчдын  амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болно.
Давхардсан тоогоор 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүнд даацын 880 авто машинаар нүүрс тээвэрлэхдээ нэг тээврийн хэрэгсэлд 70-99 тонн нүүрс ачиж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 улсын стандартын 5.8.1.1-т “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г зөрчиж байгаа нь мөн тогтоогдсон болно.
2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал гарсантай холбогдуулан тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгжээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Хэргийг Улсын дээд шүүхээс хяналтын журмаар шийдвэрлэх хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул цаашид хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл түгээж ард, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын бодит нөхцөл байдалтай газар дээр нь  танилцуулах ажлыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд түгээх болно гэж ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ-наас мэдэгдэл гаргажээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна