ЗАР
Аймгийн удирдлагууд Номгон суманд ажиллав
Аймгийн удирдлагууд сумдад ажиллаж өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд ажиллаж сумын удирдлагууд болон төсөвт байгууллагын дарга нартай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Номгон сумын хувьд 807 өрхийн 2558 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 306547 мал тоологдож, өмнөх оноос 3685 тоо толгой малаар өссөн байна.
Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй, 568 малчин өрхийн 296221 толгой мал дээр өөр аймаг сумдын оторчид нэмэгдэн нийт 711 өрх, 397437 толгой мал Номгон сумын нутагт өвөлжиж байгаа бол тус сумын 12 өрхийн 10 мянга гаруй мал зүүн сумдад оторлон нүүж яваа юм.
Сумын хэмжээнд төсвийн 6 байгууллага, 8 ААН, 32 айл төвийн дулааны шугаманд холбогдон 3 зуух галлаж байгаа юм байна. Галлагаандаа 850 тонн нүүрс татан авчээ.
Тавантолгой ХК-тай тус сум гэрээ байгуулан айл өрхүүдээ нүүрсээр хангаж байгаа бөгөөд зорилтот бүлгийн 26 айлдаа сумын Засаг дарга 2 тн нүүрсний дэмжлэг үзүүлжээ.
Тус суманд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгааг Сумын Засаг дарга ажлын хэсэгт уламжиллаа. Тухайлбал: 2020 онд ашиглалтад орсон сургуулийн шинэ барилга суулт өгч хана цуурсан, дулааны шугамнууд нь хагарсан, халаалтын ялтсан бойлуур цоорсон, Сумын төвийн замыг чанартай гүйцэтгүүлэх, Эрүүл Мэндийн Төвийн “ЭХО АППАРАТ” эвдэрсэн, Төрийн үйлчилгээнд нь автомашины хүрэлцээ муу, фургон машин эвдэрч 2020 оны 7-р сараас хойш ашиглагдаагүй... гэх зэрэг анхаарах шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.