📅

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг Багийн дарга гэдэг маш олон ажлыг амжуулдаг онцлогтой

🕔 2020/09/25 17:42 1 574

Өдрөөс өдөрт хаяа тэлж, хөгжин буй 5000 гаруй иргэдтэй баг бол 6-р баг. Багийн Засаг дарга болох Цогтын Дэнээдорж ажил хэрэгч, шинийг санаачлагч залуу. Багтаа залуусын Дундын оффис, Номын сан нээж, Эв нэгдэл талбай, "Автомашингүй хүүхдэд ээлтэй гудамж” зэргийг бүтээн байгуулж, залуу хүний өөдрөг тэмүүллээр багийнхаа иргэдтэй хамтран ажиллаж олон амжилтыг бий болгожээ.Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Ѳѳрийгѳѳ дэлгэрэнгүй танилцуулаач. Залуус хот суурин газар ѳндѳр цалинтай ажил сонирхдог хандлага байдаг.Ѳѳрийн чинь хувьд эсрэгээрээ санагдлаа.Яагаад Багийн дарга хийх болсон бэ?

-Сайн байна уу Намайг Цогтын Дэнээдорж гэдэг.Би Даланзадгад хотод төрсөн Аав маань Ноён сумын уугуул. Ээж Булган сумын иргэн. Ажилчин ангийн гэрт айлын  том хүү болон өсч өндийж 1-р 10 жилийн сургууль төгсөөд 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг  Улс Төр Судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалавр, 2017 онд Улаанбаатарын их сургуулийг Төрийн захиргааны удирдлагаар магистр зэрэг хамгаалсан. 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний туслах, 2016 оноос Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газар Их-Уулын 6 дугаар багийн иргэдээсээ сонгогдон 4 дэх жилдээ Багийн засаг даргаар ажиллаж байна.Одоо Даланзадгад суманд эхнэр, хүүгийн хамт амьдардаг.

2010-2016 он хүртэл Улаанбаатар хотод 6 жил амьдарсан. Надад Улаанбаатарт аль ч төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу гэвэл байсан. Мөн миний хувьд 2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн их сургуульд суралцахаар сургуулийнхаа урилгаар виз мэдүүлсэн боловч тухайн үед виз гараагүй юм. Яг энэ үед толгойд олон зүйл эргэлдэж эргэлт буцалтгүй Өмнөговьдоо амьдрахаар шийдсэн. Энэ нутгийн залуу үе нь бид юм бол мэдлэг боловсролтой залуус нь нутагтаа ажиллаж амьдрахгүй юм бол, залуу үе нь бүтээлцэж оролцохгүй юм бол ХӨГЖИЛ гэдэг зүйл их хол харагдсан. Багийн засаг даргын сонгууль болж багийн ард түмний итгэлээр Багийн дарга болсон доо.

Багийн даргын ажлын онцлог нь юу вэ? Бусад дарга нар шиг цалин хангамж унаа машин байдаг уу? Багийн даргаар ажиллаад олж авсан мэдлэг туршлага юу байна. Ойлгож ухаарсан зүйлсээ яриач?

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг л Багийн даргын ажил онцлог ихтэй. Багийн дарга болсноос хойш сэтгэл зүйч болсон мэт санагдсан, олон арван асуудалтай иргэд маань сэтгэлээ хуваалцана. Гол нь тэднийгээ сонсох нь маш чухал шүү дээ.  Гэр бүлийн асуудалтай иргэдтэй ч уулзана.  Нөхөртэй нь аль эсвэл эхнэртэй нь чин сэтгэлээсээ ярилцаж амьдралынх нь бэрхшээл бүрийг хуваалцаж ойлгуулахыг зорино.

Айл өрхөөрөө явж иргэдийн санал бодлыг сонсон  төр иргэний гүүр болж, уламжилсан  асуудлыг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ.  18 нас хүрсэн залуусаа цэрэгт явуулж цэрэг татлагын ажил зохион байгуулна. Нийтийн цэвэрлэгээ явуулах, гудамж хогтой байвал багийн даргын асуудал болох тул  айл өрхүүдээ шахаж шаардана, нэг айл хог шатаалаа гэхэд л  багийн дарга очиж уулзах л хэрэгтэй болно. Мөн архи дарс уусан нэгэн  агсан согтуу тавихаас эхлээд асуудал үүсгэсэн ч л очно гэх мэтээр ёстой л мянган мэргэжлийн ажлыг Багийн дарга нар л хийдэг гэж би боддог.  Манай баг 60 гаруй малчин өрхтэй. Тиймээс жил бүр малаа тоолж, отор нүүдэл, бэлчээрийн асуудал, малчдын маань ахуй амьдрал ямар байгаа талаар тэднийг эргэж тойрч байнгын хамтран ажилладаг.  Ер нь  багийн даргын ажил их онцлогтой. Тухайн хүнээс сэтгэл шаарддаг ажил шүү дээ. За мөн гамшиг аюул ослын онцгой үед бэлэн байдалд байхаас аваад л ажил их бий.  Мэдээж хууль журмын дагуу ажлын чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийг зорьж байна.

Уул уурхай ч юм уу бизнесийн байгууллагын цалин хангамжаас  мэдээж хэд дахин бага, албаны унаа машин байхгүй ээ. Хөдөө багийн дарга нар маань мотоциклтой байдаг. Байгууллагаас сардаа 30 литр бензин талон өгдөг. Багийнхаа 2 ажилтантай 10 литрээр хуваагаад хэрэглэчихдэг юм.

Багийн даргаар ажиллаад олж авсан мэдлэг туршлага юу байна гэж та асуулаа. Миний хувьд  чамлахааргүй их зүйл байна.  Харилцаа хамгийн чүхал. Өдөрт дунджаар 30-40 хүнтэй шууд харилцдаг. Иргэд багаас авах төрийн үйлчилгээгээ хүндрэл чирэгдэлгүй сэтгэл хангалуун аваад гарах хэрэгтэй гэж боддог. Тиймээс харилцаанаас л эхэлдэг дээ. За тэгээд магтуулна, загнуулна гээд л залуу хүн хүнээс үг сонсож сурах хэрэгтэй гэж боддог.

Багийн дарга төсөв баталдаг ямар нэг шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй хүн биш л дээ. Эдгээр зүйл хязгаарлагдмал. 1 ширхэг цаас, бал  авсан ч Тамгын газраасаа шаардах хуудас бичүүлж авдаг.

Багийн дарга болоод мэдлэг гэхээсээ илүүтэй маш их туршлага хуримтлуулж байгаа гэж боддог юм.  Хийж байгаа ажлаасаа эрч хүч авч, дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн сайхан шүү. Өдөр бүр л  ажил маань урагштай бүтэмжтэй байдаг.

-Ардчилсан намын үүрийн дарга бас хийдэг гэсэн, намын ажил амжилттай байна уу. Танай 6-р багийг Ардчилсан нам орон нутгийн эрх барьж байхдаа “Шинэ Даланзадгад” гээд л мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэн эхлүүлж байсан санагдах юм. Одоо харин хэрхэн өргөжин тэлж байна?

Даланзадгад сумын Ардчилсан намын 6 дугаар үүрийн даргын ажил аваад мөн л 4 жил болж байна. Би Ардчилсан намд 10-р ангиа төгсөөд  өөрийн итгэл үнэмшлээрээ гишүүнээр элсэж байсан. Үүрийн дарга, Багийн даргын ажил ялгаа байхгүй мөн л иргэдийнхээ төлөө ажиллана. Намын гишүүн гэхээрээ огт өөр хүн болчихгүй шүү дээ адилхан л ард иргэд,

6 дугаар багийн иргэд Ардчилалд итгэл хүлээлгэсэн ард түмэн шүү дээ. Тиймээс манай  багаас сонгогдсон төлөөлөгчид итгэлийг нь алдаагүй байхаа гэж бодож байна. 6 дугаар баг байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд Шинэ Даланзадгад, Шинэ суурьшлын бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд нэлээд ажлыг хийж бүтээсэн нь ард иргэдийн нүдэнд ил тод харагдаж байгаа байхаа.  Ардчилсан нам бага төсвөөр их бүтээн байгуулалт хийсэн бас санаачилсан гэж боддог. Манай багийн 70% нь  залуучууд байдаг тиймээс залуучуудын баг гэж хэлж болно.

6 дугаар баг,  Шинэ Даланзадгад гээд  тэр үед зоригтойгоор шинэ суурьшилын бүсийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлж бүтээсэн.  2016 онд багийн даргын ажлыг авахад 6 дугаар баг 2900 хүн амтай байсан бол өргөжин тэлж 5200 иргэдтэй Өмнөговь аймгийн хамгийн том баг болсон. Аймгийнхаа 1 сумтай харьцуулахад том, илүү олон хүн амтай гэсэн үг.  Тэгэхээр өргөжин тэлж байна гэж ойлгож болно.

-Багийн засаг даргаар ажиллах хугацаанд гаргасан амжилт, багийн иргэдийн оролцсон арга хэмжээ, шагнал зэргээсээ манай уншигчидтай хуваалцана уу. Мөн багтаа олон ажил санаачилж ажиллаж байгаа чинь цахим орчинд харагддаг. Санаачилсан ажлууд хэдэн хувьтай байна?

Ямар нэгэн ажил хийж байгаа бол нэр төртэй, бүтэн гүйцэд, алдаа дутагдалгүй хийчих юмсан гэж боддог. Манай баг 4 жилийн хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан. Энэ амжилтыг Даланзадгад гэхгүй бүх 14 сумдууд иргэд олон нийт мэдэж байгаа байх аа.

Даланзадгад сумын залуучуудын урлаг, спортын их наадмын Аварга баг, 2017, 2019 онд Өмнөговь аймгийн залуучуудын урлаг, спортын их наадмын Аварга баг, Ерөнхий Сайдын нэрэмжит Спортын наадмын Аварга баг, “Монголын Нууц Товчоо” хэн сайн мэдэх вэ? Тэмцээний Аварга баг, Ахмадын  “Бидний хүч” уралдааны Аварга баг, Аймгийн Нийтийн Бүжгийн 3-р байр, Аймгийн Шагай наадгай тэмцээний 2-р байр, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Шилдэг баг, Иргэдийн Нийтийн Хурал, Ахмадын хөдөлгөөн гимнастикийн Аварга баг, Зуун буудалт даамны аймгийн Аварга баг, Ахмадын буухиа тэмцээний Аварга баг, Аймгийн ИТХ-с зохион байгуулсан ШИНЭ БАГ төслийн шилдэг гудамж       1, 2, 4-р байр, ШИНЭ БАГ төслийн шилдэг орон сууц 2, 3-р байр, Нар Зөвийн Эх Орон баярын жагсаалын Шилдэг баг шагнал хүрсэн гээд дурдвал Өмнөговь аймгаас зохион байгуулсан төсөл, уралдаан тэмцээнд манай багийн иргэд манлайлан оролцдог.

Хамгийн чухал нь иргэдийн маань идэвх оролцоо дан ганц залуучууд гэж яривал өрөөсгөл ойлголт болно. Манай багийн ахмадууд, дунд үеийнхэн  маань аливаа үйл ажиллагаанд аймагтаа тэргүүлэн, идэвх оролцоо сайтай байдаг шүү дээ. Би ер нь  багийн иргэд ээ, хамт олноо магтах ч дуртай шүү/ инээв/


Ганц уралдаан тэмцээн гэхгүй олон төсөл, санал санаачилга гаргаж төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлээд явж байна.Өмнөговь аймагтаа анх удаа Багийн төв дээрээ Номын сан байгуулж иргэдээ дэмжсэн ажил хийсэнд иргэд маань талархалтай хүлээж авсан. Одоо тус Номын сангаар өдөрт 10 хүн, сардаа 300-400 хүн тогтмол үйлчлүүлж байна. Саяхан багийн залуучууд маань санаачлан номын сангаа өргөтгөн ”co working space” дундын оффисыг нээж, нээлтээ хийлээ.


Аймгийн Иргэдийн Хурлаас зохион байгуулсан Шинэ баг төсөлд 2 жил дараалан оролцож иргэд маань гудамжаараа нийлж орчноо тохижуулан гудамжиндаа сайхан амьдарч байна. Энэ уралдааны хүрээнд Жаал-Уул хороололд аймагтаа анх удаа “Автомашингүй хүүхдэд ээлтэй гудамж” бий болгож иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн том ажил болсон.  Бид энэ гудамжиндаа Хүүхдийн баяраа хийж хүүхдүүд машингүй гудамжиндаа чөлөөтэй тоглож нааддаг болсон.

Цахим орчин, Фэйсбүүкд “Хашаандаа сайхан амьдаръя Өмнөговь”  группийг байгуулж одоо групп маань 4095 гишүүнтэй болсон байна. Дан ганц баг гэхгүй аймгийнхаа иргэдийг хашаандаа хэрхэн сайхан амьдарч байгаа талаар телевизийн нэвтрүүлэг санаачлан хийж байна.


Даланзадгад сумын  залуустайгаа нэгдэн нийлж “Хөгжлийн Түүчээ Бүтээлч Залуус”НҮТББ байгуулж нийлээд олон ажил санаачлан хийсэн. Залуус бид ярихаасаа илүү хийж бүтээхийг чухалчилж, залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэгээр нэмэх зорилгоор 2019 онд иргэд олон нийтийн хандив тусламжаар хийх “Эв Нэгдэл” талбай нэртэй төслийг эхлүүлж зураг төслөө батлуулан ажиллаж хандиваа цуглуулж эхэлсэн. Энэ талбай нь Залуусын эв нэгдлийн илэрхийлэл болсон задгай театр бүхий бүтээн байгуулалт болж соёл урлагийн арга хэмжээ, хурал уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. 1 жилийн хугацаанд 200 гаруй иргэд, аж ахуй нэгж байгууллага болон өөр аймаг, Улаанбаатар хот, гадаадад байгаа Өмнөговь аймгийн иргэд маань төслийг дэмжиж хандив туслалцаа үзүүлсээр байна. Одоогийн байдлаар эв нэгдэл талбайн ажил 70%-тай явагдаж байна. 2020 оны 9 сардаа багтаан дуусгахаар багийн залуучууд шаргуу ажиллаж байгаа.

Энэ олон амжилт бүтээн байгуулалтыг хамтдаа хийж хэрэгжүүлж биднийг дэмжин ажилладаг багийн нийт ард иргэддээ “БАЯРЛАЛАА” гэж хэлмээр байна.


-Иргэд багийн даргадаа л эхлээд асуудлаа ярьдаг гэж та түрүүнд хэллээ шүү дээ.  Ирсэн хүн бүхний хүсэл сонирхлыг гүйцэлдүүлнэ гэж байхгүй байх. Гэхдээ л  аль болох зохицуулах гээд гүйж явдаг болов уу гэж бодогдлоо. Иргэдийнхээ асуудал, өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдэж ирэв?

Иргэд маань орон гэрийн асуудал ярьж, гэр хүсч орж ирэх нь олон. Дулаан цэвэр, бохир ус хэзээ манай гудамжаар орж ирэх вэ?, хог дүүрсэн ачихгүй байна яах вэ  гээд л бүх асуудлаа багийн даргатаа л хэлдэг гэж би бас түрүүнд хэлсэн шүү дээ. Багийн дарга энэ олон асуудлыг шууд шийдчихэж чадахгүй л дээ. Гэхдээ л иргэддээ заавал хариулт өгч, гаргалгаа гаргаж, бичиг тоот дамжуулж хийх ажлаа л хийнэ дээ. Бүхнийг болгож бүтээхийн төлөө л явна. Ер нь аймаг, сумаас зарласан төсөл, тэтгэлэг, тэтгэмж зэрэг иргэдэд хэрэгтэй зүйлийг олон хүнд хүргэж өмнөөс нь төслийг нь бичиж  материалыг нь бүрдүүлнэ шүү дээ энэ л сэтгэл байх л даа гэхдээ манай багийн иргэд амьжиргаатай аль хэдийнээ л оролцсон, болсон шүү дарга баярлалаа гээд л явж байдаг.

-6-р багт шилжилт хөдөлгөөн хэр хурдацтай байна вэ?  Шинээр төв сууринд ирж амьдарч байгаа иргэд айл өрх олон байна уу?

Тийм ээ,  Олон байлгүй яахав.  Шинэ суурьшлын бүсийн 1,2,3,4,5,6-р байр, эко хотхон 1,2-р байр, Говийн бараа 1-р байр, “Баянбулаг” хороолол, Нисэх, Малчин, Хужирт хороололд шинээр шилжин ирсэн иргэдийн 50% багтаа бүртгүүлж шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэд амьдарч байна. Энэ бүх иргэд маань албан ёсоор багтаа шилжээд ирвэл 6 дугаар баг 7000 гаруй хүн амтай баг болно. Дагаад сургуулийн цэцэрлэг нийгмийн хэрэгцээ шаардлага гарч ирнэ дээ.


-Танай багийн иргэдийн амьжиргааны түвшин ямар байна?

Даланзадгад сумынхаа бусад 7 багтай харьцуулахад амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд харьцангуй бага гэхдээ түвшин доогуур айл өрх байлгүй л яахав. Хүнс тэжээлийн талон, халамж, тэтгэмж авдаг гэдэг ч юм уу Багийн даргын байнгын хамтарч ажилладаг айл өрхүүд байгаа.

-Цаашид 6-р багаа ямар төлөвлөлттэй, ямар орчинтой болгоно гэж хүсдэг вэ?

Улсын хөгжил багаас,  Иргэн баян бол Улс баян гэж үг байдаг шүү дээ.  Мэдээж гудамж болгоноор нь дулаан, цэвэр бохир ус явсан, хашаандаа нүхэн жорлонгүй, гудамж нь хоггүй эрүүл аюулгүй орчинтой баг байгаасай гэж хүсдэг. Тийм болгоно гэж хичээж зүтгэж явна даа. Гэхдээ энэ бол бүтэхгүй мөрөөдлийн зүйл биш. Хамтдаа бүтээх цаг хугацаа бидэнд байна.

Төрийн ажлыг анхан шатнаас нь эхлэн хийж дадлага туршлага хуримтлуулан амжилттай ажиллаж байгаад нь баяр хүргэж амжилт хүсье.

Баярлалаа.



скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна