📅

Д.Баасандорж: Мянган авьяас байгаад хөдөлмөрлөхгүй л бол зэврээд дуусдаг

🕔 2019/11/07 13:00 1 197

Боксын спортын мастер Д.Баасандорж Халх голын нутгийн хүн. Өмнийн говь нутагт Боксын спортыг хөгжүүлэхээр шавь нараа бэлтгэн буй Дасгалжуулагч багш. Түүний  ажлын үр дүн эхнээсээ гарч багш шавийн хамтын зүтгэл хэдийнээ тодроод эхэлжээ. Багш хүн шавийнхаа амжилт хөдөлмөрөөр үнэ цэнийг олдог бол, шавь нь багшийнхаа эрдэм ухаан, сургаалаар амьдралынхаа үнэт зүйлийг бий болгож сүндэрлүүлж чаддаг нэгэн гавьяаны хоёр тал билээ. Азийн 26 орны 200 гаруй хүүхэд чуулсан өсвөрийн боксын тэмцээнээс Д. Баасандорж багш шавь нарынхаа хамтаар амжилттай оролцон ганзага дүүрэн иржээ. Боксын тамирчдыг өмнийн говиос төрүүлэн гаргахаар итгэл зүтгэлээ зориулан яваа Боксын спортын мастер, Олон улсын боксын холбооны нэг удаагийн дасгалжуулагч Д.Баасандорж багштай ярилцсанаа хүргэе.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнөговь аймагт Боксын спортыг хэзээнээс хөгжүүлэх болов?

Баярлалаа. Би Биеийн тамир спортын төрөлжсөн VII дугаар сургуулийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. 2017 оноос эхлэн боксын спортыг Өмнөговь аймагт хичээллүүлж эхэлсэн.

-Анх танд шавь ороод хичээллэхээр хэчнээн сурагч ирж байв.

-Анх 49 хүүхэд ирж байсан. Одоо 3 тамирчин хүүхдүүдтэй байна.

-Эх орноо төлөөлөөд Арабын Эмират хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн.  Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар амжилт гаргаж ирсэн бэ?

Азийн 26 орны 200 гаруй хүүхэд чуулсан өсвөрийн боксын тэмцээнд Монголын баг тамирчид 4 багш 1 эмч 11 тамирчин зорин амжилттай оролцоод ирлээ. Эх орондоо нэг Алт, хоёр Хүрэл медалийг авчирлаа. Өмнөговь аймгаас миний шавь Номин-эрдэнэ, Мөнх-зул нар оролцсон. Энэ тэмцээнд “Монголын хүүхдийн VI-р их наадам”-д түрүүлсэн тамирчид оролцсон юм.  Манай тамирчин хүүхдүүд Боксын спортоор Азид байтугай дэлхийд чансаатай Казахстаны тамирчинтай тулалдсан. Тамирчдад маань том тэмцээн их туршлага болсон.

Том тэмцээнээс улам туршлагажсаар байгаа байх?

Нэгэн үеийн хүүхэд тамирчид, үеэ дагаад бөөндөө гараад ирдэг. Мэдээж хэрэг өнөөдөр ялагдаж байгаа тамирчинтайгаа олимпын рингэнд хүч үзэх ч өдөр ирнэ. Тэр үед би хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилласан, алдаа дутагдлаа яаж зассан байна вэ гэдгээр л үр дүн хэмжигддэг.

Та шавь нартаа юуг хамгийн их захиж хэлдэг  вэ.

Хөдөлмөрч хүн авьяастай хүнээс хамаагүй илүү гардаг шүү. Хөдөлмөрч хүнийг давсан авьяастай хүн байдаггүй. Мянган авьяас байгаад хөдөлмөрлөхгүй л бол зэврээд дуусдаг гэж л захидаг даа.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилтыг хүсье. Олон сайхан амжилтын эзэд болоод эргээд бидэнтэй уулзаж баялаг сайхан яриаг өрнүүлэх байхаа гэдэгт итгэж байна.    

    

Сэтгүүлч Д.Буянжаргал



скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна