📅

"Гурван талт зөвлөл" Ханбогд сумын малчдын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана

🕔 2019/04/01 14:05 773

Ханбогд сум стратегийн орд газартай сумын хувьд малчид, нутгийн иргэд, байгаль орчинтой холбоотой уул уурхай тойрсон олон асуудлууд байдаг. Ханбогд сумын малчид одоогоос 6 жилийн өмнө амьдрах орчин, мал нь уул уурхайн нөлөөлөлд автаж байгаад эсэргүүцэн тэмцэж нэлээд асуудал үүссэний эцэст малчид, төр захиргаа, уул уурхайтайгаа хамтарсан 3 талт зөвлөлийг байгуулсан байдаг. Нэг үгээр малчдын гомдол санал эсэргүүцлээс энэ зөвлөл үүсжээ. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малчдын гаргасан гомдлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэж, 2013 оноос хойш маргаан шийдвэрлэх ажиллагаанд туслан чиглүүлж ирсэн Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газрын туслалцаа дуусгавар болсныг тохиолдуулан Ханбогд сумын гурван талт зөвлөл, компани-орон нутгийн иргэдийн зөрчлийн шийдэл ба хамтын ажиллагааны арга хэмжээ боллоо.

 Уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа айлуудын нөхөн олговрын асуудал, гомдол саналыг барагдуулах ажлыг цогцоор нь хийсэн энэ ажил нь манай улсад анхдагч ажил бөгөөд эргээд уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа малчид иргэдэд томоохон туршлага болохуйц ажээ.Ингээд Ханбогд суманд зохион байгуулагдсан Ханбогд сумын Гурван талт зөвлөл, компани-Орон нутгийн иргэдийн зөрчлийн шийдэл ба хамтын ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчдийн яриаг хүргэе.

Scott T. Adams

Миний хувьд Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газрын маргааныг шийдвэрлэх ахлах мэргэжилтнээр ажилладаг. Энэхүү газар нь дэлхийн банкны гишүүн байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслүүдийн сөрөг нөлөөлөлд өртсөн иргэдээс гомдол хүлээн авч, шийдвэрлэх хөндлөнгийн хариуцлагын механизм юм. Монгол улсаас анхны гомдлыг 2012 онд Ханбогд сумын нутгийн иргэдээс хүлээн авсан. Дараагийн гомдлыг 2013 онд хүлээн авсан. Ийм 2 гомдол байдаг. Энэ 2 гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхэд манай Омбудсмэний газрын гүйцэтгэсэн үүрэг нь бол хараат бус байдлаар дундын эвлэрүүлэн зуучлах, чиглүүлэх ийм үйлчилгээг үзүүлсэн явдал юм. Ингэхдээ талууд хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлаа хэрхэн яаж хамтран шийдэх, ямар замаар маргаанаа шийдэх гарц гаргалгаа байна гэдгийг эрэлхийлдэг, үйл ажиллагаанд нь чиглүүлж туслалцаа үзүүлдэг ийм байгууллага юм. Орон нутгийн иргэдээс хүлээж авсан гомдол дотор маш олон асуудал байдаг. Эдгээр дурдсан асуудлын дагуу хэлэлцээрийн үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ нутгийн нүүдэлчин МАА-н хэв шинж алдагдах, бэлчээр ус, тоосжилтын нөлөөлөл, нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх зэргийг нэг гомдолд нь дурдсан бол нөгөө гомдолд нь голын голдрилыг өөрчлөх нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болно гэсэн асуудлаар санаа бодлоо дурдсан байдаг. Эцэст нь талууд асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан.  


Л. Батцэнгэл /”Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн, “Гурван талт зөвлөл”-ийн дарга/

Анх Оюутолгой төслийн  дэд бүтэц болох гүний хоолой, ус ашиглагдах 28 худаг мөн баяжмал тээвэрлэх зам, өндөр хүчдэлийн шугам, нисэх онгоцны буудал гэх мэт Оюутолгойн төслийг дэмжих маш олон дэд бүтцийн барилга байгууламжийн ажлууд 2011 оноос эхэлсэн. Барилгажилтын үе шатанд дуу чимээ ихтэй, малын бэлчээр талхлагдах гэх мэт маш олон нөлөөллүүд бий болж ирсэн. 2012 оноос нутгийн хэсэг малчид “Говийн газар шороо” нэртэй ТББ байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж, дуу хоолойгоо гаргаж, тэр үеийн ИНБ, ТББ-ууд тэмцэж явсан тэр л хэлбэрээр хэвлэл мэдээллийнхэнд хандаж жагсаал, цуглаан зохион байгуулж эсэргүүцэл ингэж эхэлж байсан түүхтэй. Бидний зорьж зүтгэж байсан санаа зөв байсан боловч тэмцлийн хэлбэр аргачлал маань төдийлөн амжилтанд хүрэхээргүй байсан. 2012 оны 11-р сард Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газар гэж хөрөнгө оруулагч банкуудын гомдлын механизм байдаг гэдгийг “Оюутолгойн хяналт” ТББ-ын дэмжлэгтэй олж мэдэж, ингээд тус байгууллагын дэмжлэгтэйгээр анх хамтран гомдол гаргаж, гомдлоо үнэлүүлж дүгнүүлсэн. Омбудсмэний газраас 2012 онд ирж нутгийн малчидтай газар дээр нь уулзаж, энэхүү асуудлыг үнэлж дүгнэж, энэ асуудлыг бид хүлээж авахаас өөр арга зам байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн нутгийн малчдын уугуул соёл, хүний эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй ийм гомдол байна гэж үзээд бидний гомдлыг хүлээж авсан. 2013 оны 03-р сарын 15-нд анх Оюутолгойтой гомдол гаргагч малчдын төлөөлөл Мэдээлэл солилцох уулзалтыг анх удаа хийсэн. 2015 оны 06-р сарын 08-ны өдөр Гурван талт зөвлөл гэж байгуулж шийдвэр гаргах түвшний орон нутгийн засаг захиргааны байгууллагаа урьж оролцуулж, олон удаагийн хуралд оролцуулж хандсанаар сумын үе үеийн удирдлагууд биднийг дэмжиж, асуудлаа хамтдаа шийдэх нэг баг хамт олон болж орж, Гурван талт зөвлөлийг байгуулж байсан. Энэ цаг үеэс хойш нутгийн малчид бидний тулгамдаж байгаа асуудал үнэхээр уурхайтай холбоотой байна уу? эсвэл уурхайн мэргэжилтнүүд, хөндлөнгийн экспертүүдийн судалснаар уурхайгаас холбоогүй байгаль дэлхийн дулаарал ч юм уу өөр  асуудал байна уу? гэдгийг хамтдаа олж судалж, аль ч талаас хараат бус, хөндлөнгийн экспертүүд авч ажиллуулсан. Энэ хүмүүсийг авч ажиллуулахын тулд юу хийх вэ? гэсэн ажлын даалгавраа хамт боловсруулж, ямар мэргэжилтэн байх вэ? гэдэг шалгуураа хамтран тохирч, хөндлөнгийн экспертүүдийг олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарлаж авч ажиллуулсан. 2 үе шаттай, хараат бус, хөндлөнгийн судалгааны багийнхан маань бидэнд 42 зөвлөмжтэй 2 том тайлан гардуулж өгсөн. Зөвлөмж тус бүрийг нь задлаад ажил болгох зүйлээ хэлэлцээрийн арга замаар Гурван талт зөвлөл нэлээдгүй хугацааг ардаа орхиж энэ ажлуудын тохиролцоонд хүрсэн. Ингэснээр бид малчдын гомдлыг барагдуулах 60-аад ажилтай 2 гэрээг хэрэгжүүлэхээр бүрэн тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Гэрээгээр тохирсон бүх ажлын санхүүжилтыг “Оюутолгой” ХХК бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн гэрээ болсон. Гэрээгээ хэрэгжүүлээд явж байна. МУЗГ, яам агентлагуудын түвшинд шийдэгдэх том асуудал ч гэрээнд байдаг. Орон нутгийн зүгээс өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зарим асуудлуудыг шийдээд явж байна. Цаашлаад Ханбогд сумын МАА-ын салбарт цогцоор нь өөрчлөлт оруулах, малчин бүр энэ Оюутолгой төслөөс үр өгөөжийг нь хүртэх, цаашлаад энэ уурхай хаалтаа хийгээд явахад бид тогтвортой амьжиргаатай үлдэх, том том үйлдвэр рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ гэрээндээ тусгаж оруулсан байгаа.

Бид эхлээд зөрчил, зөрчилдөөн эсэргүүцэл, маргаанаар эхэлж байсан цаг үеэ бодвол нэг ширээний ард, нэг баг хамт олон болж сууж, аль нэгэн тал гэлгүй, хэн нэгэн хувь хүн гэлгүй, бүх гишүүд маань асуудалруугаа харж, эндээс зохих шийдвэр гардаг ийм механизмтай болсон. Энэ шийдвэрүүдээ хэрэгжүүлэх ажлын хэсэг томилж ажиллуулдаг гэх мэтчилэнгээр маш нарийн дэг  журам барьж ажилласан. Энэ 2 том гэрээ бүрэн дүүрэн хэрэгжиж байж малчдын гомдол бүрэн барагдана аа гэсэн тохиролцоонд бүрэн хүрсэн. Гэрээнийхээ хэрэгжүүлэхээр тохирсон 60-аад ажлаа эрэмбэлэх, цаг хугацааны хувьд эргэж тохирох, өндөр, өндөр өртөгтэй, том, том төслүүд маань мэдээж нарийн судалгаатай хийгдэх ёстой. Энэ өндөрлөгөөс харахад чамлахааргүй амжилтанд хүрсэн гэж миний хувьд үзэж байна. Бидэнд хүн болгоны хүссэнийг биелүүлэх боломж байхгүй. Гэхдээ тулгамдсан асуудлыг шийдэх маш олон гарц гаргалгааг гэрээнд суулгаж өгсөн гэж би хувьдаа харж байгаа.

Г. Сугар /Оюутолгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны менежер/

Ханбогд сумын малчид, Оюутолгой, орон нутгийн засаг захиргаа, Гурван талт зөвлөл, ИНБ-ууд томоохон баярыг хамтдаа тэмдэглэж байна. 6 жилийн өмнө малчид Оюутолгойн төслийн байгаль орчин, орон нутагт үүсч байгаа нөлөөллийг бууруулж байгаа арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгаа, Ундайн голын голдрилыг өөрчлөх төсөл нь орон нутгийн экологи, байгаль орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 2 гомдлыг ОУ-ын Омбудсмэний газарт гаргасан байдаг. Гомдол гаргаснаас хойш малчид, орон нутаг, Оюутолгой 3 нэг ширээний ард сууж асуудлуудаа хэлэлцэж, ямар асуудлуудыг шийдвэл энэ гомдол арилах вэ? гэдгээ ярьж 2 талаас 2 том гэрээ байгуулж, дундаа 3 талт хэлэлцээрийн форумыг бий болгосон. Гурван талт зөвлөл маань 2015 онд байгуулагдаж үргэлж малчдын төлөө ажиллаж ирлээ. Малчдыг Оюутолгойгоос яаж үр өгөөжтэй болгох вэ?, нөлөөллийг яаж үр ашигтай бууруулж болох вэ?, ямар гарц хэрэглэвэл нөлөөлөл нь арилж малчид үр өгөөж хүртэх вэ? гэдэг арга замыг боловсруулж ирсэн. Гурван талт зөвлөл биеэ даасан том бүтэц болж байна. 6 жилийн хугацаанд Омбудсмэний газраас чадавхийг бэхжүүлэх 9 сургалтыг хийсэн. Нэг нэгнийхээ эрх ашгийг яаж ойлгож хүндэлдэг болох, нотолгоо баримтыг бүрдүүлэх зэрэг олон сургалтууд хийж хамтарч ажилласны үр дүнд 2018 оны 1-р сарын 29-нд Омбудсмэн нь их сайхан тус хүргэж чадавхыг бэхжүүлж ажлаа сайн хийлээ. Гурван талт зөвлөл, малчид, орон нутагтайгаа, Оюутолгойтойгоо үр бүтээлтэй ажиллаж болно гэж дүгнэсний баяраа хийж байна гэсэн үг юм. 2011 онд Оюутолгойн бүтээн байгуулалтын нөлөөлөлд 89 малчин өрхийг хамруулсан байдаг. Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт. 89 өрхөд нүүлгэн шилжүүлэлтийн дагуу нөхөх олговрыг олгосон байдаг. Нөхөх олговрын багц хангалтгүй байсан гэж үзээд 2 малчин гомдол гаргасан. Иймээс гэрээний хүрээнд нэхэмжлэлийн хороо байгуулсан. 2011 оны  эдийн засгийн нөлөөллийн нөхөн олговорт хамрагдаагүй хүмүүсийн 200-аад нэхэмжлэл хүлээн авч 124-ыг баталсан. Тэр хүмүүс маань гэрээгээ, нөхөх олговроо авч тогтвортой амьжиргааг дэмжих ажлуудыг хийж байна. Үүнд 2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Дээрээс нь худаг ус засварлах, 10 малчны худгийг нарны эрчим хүчээр тоноглогдсон эх үүсвэрээр хангах ажилд 150 сая төгрөг зарцуулсан. Мөн Малын эрүүл мэндийн төвийг тэрбум гаруй төгрөгөөр барилаа.Энэ нь уламжлалт МААхуйг яаж тогтвортой хөгжүүлж болох, үүнээс малчид үр шимийг хүртэж болох зэрэг үр бүтээлтэй ажлууд хийгдэж байгаа юм. 


Х. Нойноохүү /Ханбогд сумын ахмад/

Би  бол малчин хүн биш л дээ багш хүн. Гурван талт зөвлөл нь малчдын өөрсдийнх нь сэтгэлд хургасан гомдлоос үүссэн байгууллага гэж би боддог.Яагаад гэвэл энэ нутгийн малчид, тэр дундаа Оюутолгой орчим, Ундайн гол орчмоор нутагладаг малчид бүтэн зууны туршид шахуу өглөө оройгүй, өөдөө сөөргөө нүүдэллэж явсан нутаг бэлчээр нь уул уурхайн харьяалал болчихлоор мэдээж малчдад сэтгэлд нь тавгүй, гомдолтой байсан байж таараа. Тэр гомдлоо анх гаргаж 3 талт зөвлөл гэж байгуулагдсан. Гурван талт зөвлөлтэй Ахмадын байгууллагын хувьд холбогдсон. Учир нь гомдол гаргаж байгаа малчдын маань дийлэнх хувь нь өнөө ахмадууд, жарныг элээсэн буурлууд маань байсан. Ийм учраас Гурван талт зөвлөлөөс тэр гомдол гаргаж байгаа малчдын гомдлыг арилгах зорилгоор манай 38 ахмадыг хамарсан төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн маань нэр “Ундайн голын өгөөж”. Энэ төслийн зорилго нь энэ ахмад буурлууд маань өөрсдийн мэддэг чаддаг амьдралын арвин баялаг туршлага, тэр дундаа монгол нүүдэлчин ахуйг хойч үеийнхэндээ зааж сургах, үлдээх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тийм учраас энэ төсөл хойч үеийнхэнд үлдэцтэй, өгөөжтэй  байна гэж бодож байгаа юм. Хойшид энэ зөвхөн Ундайн голоор тогтохгүй, Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Галбын говьд амьдарч байгаа бүх малчдын амьдрал ахуйд нь өгөөжтэй байх биз ээ. Энэ Гурван талт зөвлөлийн ажил өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм биш улам ирээдүйтэй болж өргөжиж байна гэж ахмад хүний хувьд харж байна.

Ц. Мөнхчулуун /Ханбогд сумын Номгон багийн өндөр настан/

Манайх 2011 оноос нөлөөллийн бүсэд орсон. Өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаанд оролцоод явж байна. Манайх онгоцны нисэх буудлын нөлөөлөлд хамрагдсан. Монгол улсын баялаг манай нутгийн ирээдүй. Манай сумын дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд маш сайхан хөгжиж байна. Уул уурхай ард түмэндээ өгөөжөө өгч байна гэж би боддог. Хүүгээ гадаадад сургуульд явуулсан. Нутагтаа боломжийн сайхан амьдарч байна даа.


Нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа малчид нөхөн олговор авч энэ нь эргээд амьдрал ахуйд нь том дэмжлэг болж байгаа тухай ярьж байлаа. Гэхдээ цаашид малчдаас гарсан аливаа гомдол зөрчлийг Ханбогд сумын засаг захиргаа, нутгийн малчид, Оюу толгой ХХК-ийн төлөөллөөс бүрдсэн Гурван талт зөвлөл бие даан шийдвэрлэх ажээ. Омбудсмэний газар нь 3 талт зөвлөлийг гольдрилд нь оруулаад малчдын гомдол саналыг барагдуулж дуусгавар болгоод энэ хамтын ажиллагаанаас гараад явчихаж байгаа юм байна. Нэг үгээр Омбудсмэн үүргээ гүйцэтгээд 3 талтын маргаанаас бүх зүйлийг зохицуулчихаад гарч байна гэсэн үг ажээ.Үндсэн 3 талт зөвлөл нь гэрээнд гарын үсэг зурсан томоохон нийтлэг эрх ашгийн төлөө нийт малчид ард иргэд орон нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа цаашаа явуулах юм. Энэ арга хэмжээний үеэр Оюутолгойгоос Ханбогдын бүх ард иргэдийг нөлөөлөл гэж үзээд энэ сумын ирээдүйн хөгжлийн төлөө томоохон төслүүдийг хэрэгжүүлж санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Малчдын зах байгуулах, мал нядалгааны зам, өвс тэжээлийн фонд, худаг ус янзлах, бэлчээр усан хангамжийг сайжруулах зэрэг нийт Ханбогдын малчид ард иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлэх юм. Үүний үр дүнд нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэх, ирээдүйн томоохон хотын бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж оролцох олон талт төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орлоо.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна