📅

"Хийморь" киноны нээлт болж Галакси театр үзэгчид дүүрэн байна

🕔 2019/03/17 10:26 835

Төрийн соёрхолт зохиолч Ч. Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" МУСКино Өмнөговь аймгийн Даланзадгад хотод албан ёсны нээлтээ хийлээ. Хүн бүрийн цээжилж өссөн "Хүрэн морь" найраглал ийнхүү дэлгэцнээ амилж хийморь сэргээсэн сайхан уран бүтээл болж, морин хүлгээ дээдэлсэн монгол түмний мэлмийг баясгаж байна.
Энэ цагийн ирээдүй болсон залуу хойч үеийнхэнд нүүдэлчин ахуй соёл түүх, ёс заншилаа танин мэдэх их ухааныг хайрласан оюуны үнэт бүтээл болох "Хийморь" киноны зарим хэсэг Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудад зураг авалт хийсэн байдаг. Киноны нээлтэнд тус кинонд тоглосон Өмнөговьчууд хүрэлцэн ирж өөрсдийн тоглосон киногоо бахархал, омогшил дүүрэн, баярын нулимстай үзэж суулаа.


Галакси театрт болсон киноны нээлтэнд "Хийморь" киноны ерөнхий ивээн тэтгэгч Ажнай корпорацийн ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д. Бат-Эрдэнэ, "Хийморь" киноны продюсер, найруулагч МУСТА Г. Эрдэнэбилэг, Хийморь киноны найруулагч, зохиолч, зургийн дарга Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хүүбаатар, Хийморь киноны жүжигчин Эрхэмжаргал нар оролцлоо.
Кино урлагийг дэмжигч Ажнай корпорацийн ерѳнхийлѳгч Д.Бат-Эрдэнэ хэлэхдээ:
Ч.Лхамсүрэн гуайн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэсэн "Хийморь" киноны нээлт сайхан болж байна. Энэ киног найруулсан Г.Эрдэнэбилэг гээд монгол түмний хайртай жүжигчин, манай нутгийн хүү Хүүбаатар 2 ийм кино хийх гэж байна дэмжээч ээ гээд ирж уулзсан юм. Зохиол нь морины сэдэвтэй нь их таалагдсан. "Хүрэн морь" найраглалыг уншиж, цээжилж, уйлж, ухаарч өссөн үеийнхэний нэг учраас мөн ажнайгаараа овоглогдож, монголынхоо үүх түүхийг дээдэлдэг хүний хувьд энэ киног ивээн тэтгэж уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллалаа. Кино урлаг, соёл бол ирээдүй хойч үе, залуучуудыг өв тэгш хүмүүжүүлэхэд маш их ач холбогдолтой. Даяарчлалын урсгалд монголчууд, залуу үе, ирээдүй хойч маань компьютер, pc тоглоом, гар утас "маажсан" л хойч үе бий болох гээд байна. Энэ үед Ч.Лхамсүрэн гуайн "Хүрэн морь" найраглалыг мэддэг хүүхдүүд ч бараг байхгүй болсон. Залуу үеийнхэндээ монголын түүх, ёс заншлын талаар кино урлагаар дамжуулан ойлгуулах нь зайлшгүй энэ цагийн чухал зүйл байгаа юм. Энэ кино ямар нэгэн зодоон цохион гэхээс илүүтэй монгол хүний дотоод мэдрэмж, монгол хүний сэтгэлд оршдог нууц товчоо, монгол морины онцлогийг харуулсан. Эхийн гэдсэнд ирээд, буцаад нутаг руугаа гүйдэг монгол морины мөн чанарыг монгол хүнээс өөр хэн ч ойлгохгүй. Ийм нарийн мэдрэмжтэй ард түмэн мөртлөө өнөөдөр яагаад хөгжиж, нэгдэж нийлж чадахгүй байгаа вэ гэдгийг асуудал болгож гаргаж байгаа юм. Монгол морийг монгол хүнтэй илүү холбодог ойлголт дэлхий даяар байдаг. Монгол хүн, монгол морь 2 хүйн холбоотой. Монгол мориороо дамжуулж эх нутаг, төрсөн газар шороондоо хичнээн хайртай вэ,үүнийхээ төлөө юу хийх ёстой вэ гэсэн жаахан ч гэсэн бодлын үзүүрийг нэгтгэж чадвал энэ киноны зорилго биелэх юм. Монгол хүмүүс агуу их түүхтэй, агуу их ирээдүйтэй, мэдрэмжтэй ард түмэн" гэв.


"Хийморь" киноны продюсер, найруулагч МУСТА Г. Эрдэнэбилэг хэлэхдээ:Өмнөговь аймагт киноны нээлт үнэхээр сайхан боллоо. Сэтгэл маш өндөр байна. Кино бүтээхэд Өмнөговь аймгийнхан маш их тус дэм болсон. Хамтарч ажилласан энэ эгэл жирийн малчид иргэдээ би уран бүтээлчид гэж хэлмээр байна. Өнөөдөр кинонд тоглосон нутгийн иргэд, уран бүтээлчид маань киноныхоо нээлтэнд урилгаар оролцож байна. Маш их баярлаж, омогшиж, огшлоо гэж байна. Энэ л бидний зорилго, урам юм даа. Кинон дээр Ажнай корпорацийнхантай хамтарч ажилласан. Өмнөговьчууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Монголын кино урлагт оруулсан энэ их сэтгэл,  энэ том зорилго нь уяа сойлго нь таарсан морьд дэлхийн бөмбөрцгийг тойрч давхихад том ташуур болсон гэж бодож байна. Кино маань дэлхийн хэмжээний маш олон фестивальд оролцох болно.
Нүүдэлчин соёл ахуй монгол морины нуруун дээр л энэ цагт ирсэн. Монгол морины хүч, бяр, хурд маш том сэтгэлгээний цар хүрээтэй. Морио төрийн сүлдэндээ тахисан ард түмэн, морьтон монголчууд бид энэ сайхан соёл, уламжлалаа хаяж гээгдүүлж, алдагдуулж огт болохгүй.Төрийн соёрхолт, зохиолч Ч.Лхамсүрэн гуайн "Хүрэн морь" найраглал нэгэн цагт сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаж уран зохиолын хичээлд оруулсан байдаг нь зүгээрч нэг зүйл биш. Монголын уламжлал, морин соёл, монгол мориороо бахархал болгосон маш том бодлого байсан байх. Одоо киногоо уяа сойлгыг нь тааруулаад дэлхийн тавцанд уралдуулах бодол байгаа" гэсэн юм.
"Ѳвѳѳ надад энэ унаганы зуултыг шороо гэж хэлсэн! Шороо...Атгахан шороо...Хүрэн морины минь амандаа зууж тѳрсѳн атгахаан шорооны хүчээр хүрэн бид 2 унага байхаас нь л дотно нѳхѳрлѳж, харин одоо эргээд уулзлаа" гэсэн сэтгэл огшоосон үйл явдлаар дүүрэн "Хийморь" кино монголынхоо үзэгчдийн хүртээл болж, халуун алга ташилт урмын үгсээр ташуур авсаар байгаа бѳгѳѳд  дэлхийн кино наадмуудад сойж, уралдуулах холын зорилготой ажээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна