📅

Г.ДЭМҮҮЛ АРСЛАНД ДЭГЭЭ, АЧАА ХИЙСЭН БӨХЧҮҮД АМАРХАН УНАДАГ

🕔 2018/12/08 08:35 1 054
“Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” хэмээн аархдаг өмнийн говийн их хүчтэн, улсын арслан Г.Дэмүүлийн дархан мэхийг бөх сонирхогчдодоо хүргэж байна. Улсын наадамд түрүүлэн арслан болсон түүнийг бөхчүүдэдээ өргүүлэн авч явахыг харан зогссон 10-р ангийн сурагч хожим нь түүний нэгэн адил арслан болсон юм. Энэ хүн бол улсын арслан М.Мөнгөн бөгөөд тэрээр “99 шилмэл бөхийн дархан мэх” номондоо Г.Дэмүүл арслангаас элэг бүснээс давуулж гуядах мэхийг сурснаа дурссан байдаг. Улсын арслан, баруун талтай Г.Дэмүүл Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, 1935 онд төрсөн. 1969 онд Ардын хувьсгалын 48 жилийн ойгоор найм даван түрүүлж /тунах барилдсан хоёр Мөнх аварга хасагдсан юм/ 34 насандаа Монгол улсын арслан цол хүртсэн.
Тэр үед 10-р анги төгссөн сурагч би бээр Голын цэнгэлдэхэд түрүү, үзүүрийн бөхчүүдийн сонирхож явахад түрүүлсэн Дэмүүл гуай хар саарал дээл өмсчихсөн, том дөрвөлжин боодолтой бай шагналаа сугавчилчихсан, хүмүүст бүчүүлчихсэн зогсож байж билээ. Тэр бужигнаан дунд Лхамаажав начинд хандсан байхаа, “Чи миний машины түлхүүрийг хэнд өгсөн бэ” гэж асуутал хаанаас ч гараад ирсэн юм баахан бөхчүүд толгой дээрээ өргөөд аваад одсон доо. Түрүүлсэн бөхөө ийн өргөн явдаг түүхэн уламжлалтай юм билээ. Дэмүүл гуай их том бие, гэдэстэй. Баруун хөлөөрөө тосгуулж хавирах, шуудагтай, шуудаггүй баруун давуулж гуядах дархан мэхүүдтэй. Арслангийн баруун давуулж гуядах гэдэг нь баруун хавлаж золгонгуутаа зүүн гараараа шуудагдаад, баруун гараа ар нуруун дээгүүр нь давуулж зодогны хормойноос барьж, хойшоо нумран шиддэг хүчний мэх л дээ. Арслан энэ мэхийг шуудагнаас хийхээс гадна зүүн гараараа зөвхөн элэг бүсдээд баруун гараа давуулж аваад гуядчихдаг онцлогтой юм билээ. Арсланд дэгээ, ачаа хийсэн бөхчүүд амархан унаж байгаа харагддаг. Тэднийг мэхээ хийхээр ирэхэд нь баруун гараар элэг бүсдэнгүүт баруун хөлөөрөө тосгуулж хавирангуут гэдсэн дээрээ ойлгоод хаячихдаг юм. Дэмүүл гуайтай Сонгинод наадмын сорилгод хамт байж гуядах мэхнийх нь хувилбарыг заалгаж байсан юм. Тэрээр надад зөвлөхдөө, чи гуядахдаа шуудганд хүрэх гэж цаг алдаад байна, элэг бүснээс давуулж гуяд гэж билээ. Арслангийнхаа зөвлөгөөнийг авсны үндсэн дээр 1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор улсын начин зүүн талтай Г.Жалааг тавын даваанд амлаж, зүүн гараар элэг бүсдэнгүүт шуудаггүй баруун гараа давуулж гуядаад хаясан бол, 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойгоор улсын начин, баруун талтай Ж.Даваажавыг тавын даваанд амлаж, бярдан золгонгуутаа зүүн гараа элэг бүсдэж шуудаггүй давуулаад гуядсан чинь буруу тийш холбилж тойрч гишгээд дороо мөн амархан хийчихэж билээ. Ийн элэг бүснээс давуулж гуядах нь алдаа ихтэй учраас лавхан золгож зүүн гараар шуудагдаад давуулж гуядах болсон доо. Арсланг би зүүн шуудагнаас золгож барилдахыг хараагүй юм.

"Тод магнай" сэтгүүлээсскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна