ЗАР
Энэ жилийн хувьд аймгийн хэмжээгээр 5819 малчин өрхөд 2,5 сая толгой мал өвөлжинө.
Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Тогоочийн Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Аймгийн аварга адуучин тэмцээнийг энэ жил Баяндалай суманд зохион байгуулахаар болжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг өгнө үү?- Аймгийн Засаг даргын ивээл дор энэ жилийн аймгийн аварга адуучин тэмцээнийг 2018 оны 9 сарын 8-ны өдөр Баяндалай сумын Баян багт хийхээр болж, холбогдох ажлын хэсэг хуралдаанаа хийлээ. Тус тэмцээн бол адуу маллагааны уламжлалт арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эмнэг хангал сургах, залуу адуучдад адуугаа уналга эдэлгээнд сургах, уламжлалыг таниулан сурталчлах, спортын мастеруудыг олноор төрүүлэх зорилготой. Тэмцээнд нэг сумаас тус бүр 2, нийт 30 адуучин оролцуулахаар удирдамжийг сумдад хүргүүлсэн. Эхний 5 байрыг шалгаруулна. Түрүүлсэн адуучин ирэх жилийн улсын “Адуучин” тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Одоогийн адуугаа бараг унахаа больж, мотоцикл машин хэрэглэх болсон энэ цаг үед амьдрал ахуйдаа адууны уналга эдэлгээг улам сайжруулах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор цаашдаа тэмцээнийг жил бүр зохион байгуулж явна. Сумдын нийт адуучид, иргэдийг тэмцээнд идэвхтэй оролцож, өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.
- Өмнөговийн хувьд адуун соёлын хөгжил ямархуу түвшинд хөгжиж байна. Тухайлбал улс, бүсийн чанартай тэмцээнүүдэд манайхнаас гаргасан ямар амжилтууд байдаг вэ?
- Ер нь Өмнөговь улсын хэмжээнд хамгийн цөөхөн адуутай аймагт ордог. Гэсэн ч эмнэг хангал сургагчаар дээхнэ үедээ бол Баяндалай сумын ахмад уяач, адуучин Г.Буянхүү гуай гэх мэтчилэн олон жил улсын тэмцээнд амжилттай оролцож байсан спортын мастер цолтой хүн байдаг. Дараагийн үед Булган сумын адуучин Н.Шаравдорж гуай уран уургач, бугуйлчаар улсын тэмцээнд амжилт гаргаж, тэргүүн байр эзэлж байсан байна. Мөн спортын мастер болсон. Түүний дараа Буянхүү гуайн хүү Ууганбаяр бол сүүлийн жилүүдэд олон удаа амжилт гарган оролцсон. Улсын хошой аварга, уран уургач, уран бугуйлч ийм залуу бий. Цаашдаа адуучин залуусын авьяас чадварыг нээн хөгжүүлэх тал дээр аймаг орон нутаг бодлогоор дэмжиж байна. Тэгээд болж өгвөл аймагтаа энэ улсын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд олон жил амжилттай оролцсон тамирчдад зэрэг цол олгох тал дээр ярилцаж, журмыг нь боловсруулан ажиллаж байгаа.
- Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн ямар онцлогтой болох вэ? Адуучдад ямар шаардлага тавьж байгаа бол?
- Урьд нь тэмцээнийг зөвхөн Булган сумын Нүцгэн хөөвөр гэдэг зохион байгуулдаг байсан. Сум сумын адууны онцлог гэж байна. Энэ жилээс газарзүйг нь өөрчлөн зохион байгуулж, тухай газрын адуучдыг өргөнөөр хүртээмжтэй болгох зорилгоор Баяндалайд хийж үзэж байна. Түүнчлэн яг тухайн сумандаа ажиллаж амьдарч, адуун сүргээ адгуулж яваа шилдэг 2 тамирчныг сонгон оруулж байгаа нь онцлог. Урьд нь Гурвантэс сумаас адуучин ирж амжаагүй байсан бол түүний нэр дээр Ханхонгорын адуучин ороод өрсөлддөг байсан бол одоо түүнийг өөрчилсөн гэсэн үг. Нутаг нутгийн адуучны ур чадвар эндээс тодрох боломжтой. Тухайлбал Гурвантэсийн адуучин уургандаа гарамгай байхад Цэций нутгийн адуучин бугуйлдаа чадварлаг гэдэг ч юм уу. Мөн бие биенээс суралцах, туршлагаа солилцох ч боломж гарна.
Малчид иргэд эрсдэлтэй бүсээс мал сүрэг тээвэрлэхгүй байх нь зүйтэй.
- Сэдвээ өөрчлөе. ХАА-н салбарын эргэн тойрон дахь мэдээлийг малчиддаа тоймлон хүргэе ээ. Малын өвчлөлүүд ямархуу байна вэ?
- Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Монгол орны 13 аймаг дүүрэг нийслэлийг хамраад байгаа эрсдэлтэй дүн мэдээ байна. Өмнөговь аймагт ойрхон гэвэл Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол суманд голомт нь гарсан. Буураагүй. Мөн Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд өнгөрсөн 7 хоногт гараад байна. Манай аймгийн хувьд урьдчилан сэргийлэх үүднээс Өвөрхангай аймагтай хил залгаа Булган сумын Тотготой гэдэг газар пост гаргасан. Сайхан-Овоо сумтай хил залгаа Мандал-Овоо сумаас хойшоо 80 километрт мөн пост гаргалаа. Гэсэн хэдий ч малчид иргэдийн ухамсаргүй, мэдээ мэдээлэлгүй байснаас үүдэн эрсдэлтэй бүсээс мал ачих тээвэрлэх, нүүх шилжих үйл ажиллагаа их ажиглагдаж байна. Малчид гэлтгүй төв суурингийн иргэд ч онцгой анхааралтай байж, онцын шаардлагагүй бол голомттой бүс нутаг руу зорчих, мал худалдаж авах, тээвэрлэхгүй байхыг анхааруулмаар байна. Эс бөгөөд эрсдэлгүй бүс нутаг руу өвчнийг тархаах өндөр аюултай. Малын халдварт өвчин машины дугуйгаар, малын хөлөөр гэхмэтчилэн үндсэндээ бол ахуйгаар маш хурдан тархан халдварладаг вирусын гаралтай өвчин юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бог малын мялзан өвчин гарсан бөгөөд улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын өгч байгаа дүгнэлтээр урд хил орчмоос буюу Хятад улсаас орж ирсэн гэж үзэж байна. Иймээс урьдчилан сэргийлэх үүднээс Ханбогд сумын 142 мянган толгой бог малыг вакцинжуулаад байна. Үргэлжлээд Манлай, Номгон, Баян-Овоо сумдын 735 мянган толгой бог малыг вакцинжуулалтад хамруулахаар хуваарийн дагуу ажлын хэсгийг гаргалаа. Өнөөдрөөс уг ажил эхлээд явж байна. Цаашдаа мөн л Дорноговь аймгаас болоод урд хилээс малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, онц шаардлагагүй бол зорчил хөдөлгөөнийг хориглох ажлыг эхлүүлж, малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг хүргэн ажиллаж байна.
Энэ жил цас их унаж, хүйтэн өвөл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаах нь чухал
- МАА-н намаржилтын байдал болоод өвөлжилтийн бэлтгэл ажил ид эхэлнэ дээ?
- Бороо хур 7 сараас эхлэсэн ч энэ нь оройтсон гэж үзэхгүй байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 90 хувь нь ногоотой, 10 хувь нь дунд зэрэг хэвийн ургамлын гарцтай байгаа юм. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээгээр 5819 малчин өрхөд 2,5 сая толгой мал өвөлжинө. ЗГ-ын 218-р тогтоолоор өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор аймаг сум, малчдын түвшинд бэлтгэх өвс тэжээлий нөөц бүрдүүлэх жишиг тоог гаргаж өгсөн. Аймгийн аюулгүй нөөцөд 200 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэх, сум болгон аюулгүй нөөцдөө 40 тн-оос дээш тэжээл, 30 тн-оос дээш өвс бэлдэх шаардлагатай. Харин малчдын түвшинд гэвэл аймгийн хэмжээнд 11307 тн тэжээл өвсийг бэлдэх юм. Энэ нь ямар учиртай тоо гэхээр тухайн малчин нийт мал сүргээ хонин толгойд шилжүүлснээр нэг малд оногдох өвсийг 3 кг-аар, тэжээлийг 1,5 кг, хужир шүүг 1 кг-аар тооцож байгаа. Жишээ нь 600 малтай өрх байлаа гэхэд 1800 кг тэжээлийг бэлтгэх тооцоотой гэсэн үг. Энэ нь цаг хүндэрсэн үед малаа бэлчээрт гаргалгүй аюулгүйн нөөцөөсөө тэжээлээ гэхэд 3 хоног хэрэглэх өвс тэжээл юм. 3-аас дээш хоног хэтэрвэл сумынхаа аюулгүй нөөцөд хандах, цаашлаад долоогоос дээш хоновол аймгийнхаа нөөцөд хандах зэрэг шат дараалалтай арга хэмжээнүүд байдаг. Тэгэхээр хамгийн багадаа малчид маань дээр заасан өвс тэжээлийг бэлдсэн байх ёстой. Энэ жил Өмнөговь аймаг харьцангуй ургамлын гарц сайн байгаа учир таань, лууль зэргийг гар тэжээл болгон бэлдэж авах хэрэгтэй. Ахмад настнуудын ярьж байгаагаар мөн цаг уурчдын өгч байгаа мэдээллээр хүйтэн өвөл болж цас их унана гэж байгаа учир намрын налгар цагийг хадлан тэжээлээ бэлтгэхэд зориулах хэрэгтэй байна. Ер нь энэ зун сүүлийн 50-60 жилд орж байгаагүй хэмжээний хур тунадас орсон бөгөөд өвөл ч гэсэн яг энэ хэмжээгээр цас унана гэж үзэж байгаа юм. Иймээс дор дороо сайтар бэлдэх шаардлагатай байна. Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар гэхэд аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 60-70 хувийг эр сувай мал эзэлж байгаа мэдээтэй байна. Тэгэхээр эр сувай малыг зах зээлийн эргэлтэд оруулж, сүргийн 25-30 хувьд хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Нийт сүргийн 60-70 % нь үржлийн мал байвал сүргийн харьцаа тохирч байна гэж үздэг.
Өмнөговьд хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулж, говийн бүсийн үр үрсэлгээний талбайг бий болгоно
- Газар тариалангийн салбар тэр дундаа хүлэмжийн аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж байна?
- Говийн нөхцөлд хамгийн тохиромжтой тариалангийн технологи бол хамгаалалтын хөрсний тариалан буюу хүлэмжийн тариалан гэж үздэг. Энэ нь ил талбайн тариалангаас усыг 30-40 хувь хэмнэдэг ач холбогдолтой. Дээр нь говийн эмзэг хөрсийг салхины нөлөөллөөс 100 хувь хамгаалж чаддаг. 2013 оны байдлаар 92 хүлэмжинд тариаланчид маань тариалан эрхэлдэг байсан бол өнөөдөр 194 хүлэмж тоологдоод тариалалтын үйл ажиллагаа явагдаж байгаа нь говийн нөхцөлд хүлэмжийн аж ахуй хөгжих боломжтой гэж харагдаж байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын Гён Сан Буг, Тамьян аймгуудтай хамтын ажиллагаатай байж, жил бүр 10 газар тариалан эрхлэгчдийг туршлага судлах сургалтад 7 хоногийн хугацаатай явуулдаг. Мөн ХААИС-ийн багш нарыг урьж, жилд 2-3 удаа энэхүү хүлэмжийн тариалалтаар аймагт сургалт зохион байгуулдаг. Улмаар Гён Сан Буг аймаг, ХААИС-тай хамтраад хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулахаар хөгжүүлж байна. 2 дахь жилдээ явж байгаа энэ төсөл амжилттай явагдаж сая ургацын баяраа хийлээ. Энд Солонгос улсад ургадаг 6 төрлийн ногооны сортыг Өмнөговь аймагт ургуулж туршиж үзэж байна. Мөн энэ нутагт ургуулж байгаагүй “Ээж будаа” гэдэг нэртэй будааны төрлийн ургамлыг тарилаа. Эрдэнэшишийг бас тариалсан. Дүгнэлтээр Өмнөговьд ургуулсан сортын амт чанар Солонгост тариалж буй сорттой харьцуулах харьцангүй өндөр түвшинд амт чанар илүү, хурдан болцтой байгааг Солонгос улсын эрдэмтэд, ХААИС-ийн багш нар нотолж байна. Витамины агууламж хэр байгааг тогтоохоор лабораторийн судалгаанд давхар бас явж байгаа. Цаашид бид хүлэмжийн цогцолбор аж ахуйг говийн бүсийн үр үржүүлгийн талбай болгож, түүнчлэн тариаланчдын хүлэмжийн сургалтын бааз болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үр үржүүлгийн талбайг бий болгосноос Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүсийн аймгийн тариаланчид бэлэн болсон үр үрсэлгээг аваад тариалангаа эрхлэх боломжтойн дээр 35-40 хоногийн өмнө ургацаа хурааж авах боломжтой болно. Бэлэн болсон үрсэлгээг хэрэглэнэ гэдэг тариаланчдад хөдөлмөр хөнгөвчилсөн алхам болно. Улмаар говийн бүсд боловсруулж бий болгосон нарийн ногооны үр үрсэлгээг бусад аймгуудад худалдаалах давуу талтай болох юм.
- Ярилцсанд баярлалаа
С.СУМЬЯА