ЗАР
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР “НОГООН ХЭРЭМ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ногоон хэрэм” мод үржүүлгийн талбайд ажиллалаа. “Ногоон Хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн Монгол Улс болон БНСУ-ын Засгийн Газар хооронд хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл юм. Уг төслийн нэгдүгээр ээлж 2007-2016 он хүртэл хэрэгжиж нийт 3046 га-д ойжуулалт хийжээ. Өвөрхангай аймгаас гадна Өмнөговь, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад төслийн тусгайлсан нэгжүүд байгуулагдаж ойжуулалт хийгдсэн байна.
Төслийн багийнхны зүгээс энэхүү уг талбайд мод үржүүлж, ойжуулалт хийгээд зогсохгүй уур амьсгалд тохирсон Шилмүүст модны хүлэмжийн үржүүлгийн технологийг туршиж амжилттай хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Хүлэмжийн үржүүлэг нь задгай үржүүлгээс найм дахин чанартай үрсэлгээ болдог байна. Уг талбайд мод үржүүлгээс гадна эмийн ургамал, зарим төрлийн нарийн ногоо зэргийг нутагшуулах төслийн дараагийн үе шатыг гурван жилийн өмнөөс эхлүүлэн ажиллаж байна.
Төслийг эрсдэлгүй, үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор сургалт мэдээллийн төв бүхий цогц барилга, түймрийн эрсдэлийг эргэн тойрон 40 км радиус дотор мэдэрч дохио өгөх цамхаг, усалгааны ухаалаг систем, хөрс бордооны зоорь зэрэг цогц байгууламжийг Өвөрхангай аймагт байгуулжээ. Энэ хүрээнд БНСУ-аас мэргэжилтнүүд ирж тогтмол сургалт, судалгаа, хөгжүүлэлт хийж байна.
Үр дүнд нь орон нутгуудад энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэгдэж ажлын байраар хангагдаж байна. Одоо хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж байгаа Ногоон хэрэм төсөл хэрэгжсэн талбайг ирэх 2026 онд Монголын талд хүлээлгэн өгөх юм. Тиймээс цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд салбарын яам анхаарах шаардлагатай байгааг төслийн удирдлагууд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт уламжиллаа.





































































































