ЗАР
“ТАХЬ АДУУГ СЭРГЭЭН НУТАГШУУЛЖ, ЗЭРЛЭГШҮҮЛСЭН АЖИЛ" СЭДЭВТ БҮТЭЭЛД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.Байгаль орчны салбараас Өнө эртнээс Төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.
Тахь адууг нутагшуулах багийн гишүүдээр:
Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Намхайн Банди,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал,“Олон улсын тахь групп”-ын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Очирын Доржраа,Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор Пэрэнлэйн Галрагчаа,Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Оюунсайханы Ганбаатар нар ажилласан юм.




































































































