📅

“Бид бусдыг л анзаардгаас өөрийгөө хэзээ ч сэхээрдэггүй”

🕔 2018/05/21 21:17 1 629

«СОШИАЛ НАЙЗ». Дугаарын зочноор Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа.

-
Тантай ярилцах гэж байгаадаа баяртай байна.

-За баярлалаа.



-
«Зүрхийг тань дайлья» гэдэг нэртэй маш сайхан ухаарахуйн сургаалийг Өмнөговьчуудад өглөө. Энд ирж амжаагүй хүмүүст тодорхой нэг ойлголт өгөхгүй юу?

-Бидний амьдрал тархинаас зүрх рүү хийх аялал юм. Зүрх байх юм бол аливаа зүйл илүү гэгээлэг зөв байх магадлалтай. Зүрхээ сонсож байж гаргасан шийдвэр бүхэн үнэн байдаг. Зүрх аливааг шүүж, ангилж ялгадаггүй. Сайн ч бай, муу ч бай бүхнийг л багтааж хайрлаж байдаг агуу их энерги. Бид энэ хорвоо дээр ямар нэг зорилготой л ирдэг шүү дээ. Сэтгэл зүрхнээсээ бусдад туслах, тэдний баярлаж байгааг хараад мэдрээд өөртөө маш сайхан сэтгэл ханамжийг авах, бусдад хайр түгээх ийм л эцсийн зорилготой ирдэг. Үүнийг л эрт ухаараасай гэдэг зүйлийг би хүмүүст түгээхийг хүсдэг. Мэдээж ингэж чадаж байгаа олон хүмүүс байгаа.




  Асуудлын эзэн нь та өөрөө

Асуудлын 90 хувь нь Танд өөрт чинь л байдаг юм. Хэт их шуналаас болж ямар нэг зүйлээр байнга дутаж ядуу явна. Уураасаа болж хүнтэй дандаа ам зөрнө. Бусдыг үргэлж шүүмжийн нүдээр харна. Өөрийнхөө сэтгэлд л бүгдийг тааруулах гэнэ. Үргэлж голж шилнэ. Бусдад байнга гомдоллоно. Бусдаас л боллоо гэж дандаа үглэнэ. Аливаа зүйлийг дандаа муугаар нь бодож төсөөлнө. Ямар нэг зүйлд заавал санаа зовж явна. Байгаадаа дандаа сэтгэл дундуур байна. Өөрийгөө хохирогч гэж тооцно. Ямар нэг гоё зүйл тохиолдож байж аз жаргалтай болно гэж байнга юуг ч юм хүлээнэ. Хэт ихийг мөрөөдөөд түүндээ хүрэхгүй болохоор дандаа сэтгэл дундуур амьдарна. Юмнаас амархан залхана. Үргэлж гунигт автана. Муу дадал зуршлаа засахгүй. Өөрийгөө байнга өмөөрнө. Энэ бүх асуудал Таны гадна биш Таны дотор байгаа юм биш үү. Таны асуудал хаана байна. Асуудлыг асаах биш харин уудал. /"Зүрхийг тань дайлья« ухаарахуйн сургаалиас/




-Би тантай сошиалаар ичнээ танил болсон. Таны элсэн дээр сууж байгаа нүдээ аниад зүрхээ чагнаад дуулсан дуу. „Орчлонг хайрлаарай“ -гийн Баасансүрэн гэж олон хүмүүс таныг таньдаг болсон? Би ч бас тэдний нэг.

-Зориудын бэлтгэсэн зүйл бол биш шүү дээ. Улаанбаатараас Хужирт руу хүн хүргэх гээд явж байхдаа замдаа саатаж, бараг 20, 30-аад дуу дуулсан байх тэр хооронд. Тэгээд хоолой ч сөөчихсөн байж билээ. Яахав хүмүүс бичлэг хийгээд надаас зөвшөөрөлгүй аваад олон нийтэд тавьж орхисон юм л даа. Дуу хуур өөрөө хүнийг аз жаргалтай болгодог. Дуугаар хүн ухаарал авах, сэтгэлээ онгойлгох гээд олон ач холбогдолтой. Түүнээс биш зугаа цэнгэл маягаар ашигладаггүй. Хүнд аль болох ухаарал уярал, аз жаргал бэлэглэхийн тулд дуу дуулдаг юмаа би."Орчлонг хайрлаарай« дууны үг өөрөө надад сургааль мэт санагддаг. Орчлонд бүх зүйл багтаж байгаа. Энэ бүхнээ зүрхнээсээ хайрлаж чадвал тэр хүн аз жаргалтай болж чадна.

-Гол утга учир нь л энэ юм л даа хамбаа? Тэгэхээр дууг бол гавьяат С. Батсүх гуай зэрэг алдартнууд дуулаад ард түмэнд хэдийнээ хүргэчихсэн байгаа. Таны дуулснаар яагаад ингэж хүчтэй дэлгэрсэн гэдэг дээр ярихаар яалт ч үгүй л таны зүрх сэтгэлээсээ хайрыг түгээхийг олон түмэнд уриалсан энэ хандлага юм болов уу даа?

-Яахав хэрвээ таны дотор бусдыг гэх сэтгэл байгаа бол, таны дотор хайр буй бол түүнийгээ ажил үйл болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Эх орноо хайрлана гэдэг бол идсэн чихрийн цаасаа хадгалж байгаад хогийн саванд хийхээс эхэлнэ. Маш олон сайхан зүйлсийг уриална гэж аливаа хүн бодож төлөвлөдөг хэдий ч тэр бүрийд түүнийг хэрэгжүүлэх нь ховор байдаг учраас асуудал шүүмжлэл дагуулсаар байдаг. Тийм учраас өөрөөсөө эхэл. Ойлгож байна уу? Өөрөөсөө асуудлыг хай. Эргэн тойрны хайртай дотны, хамт ажилладаг хүмүүстээ хайрыг түгээ. Эерэгээр ханд. Хожим харамсах зүйлгүй л байхын тулд амьдралынхаа алтан хором мөч бүхэнд хайраа түгээж амьдар.


Жинхэнэ өглөг
Бид өгөхдөө чин сэтгэлээсээ өгөх нь ховор. Заавал нэг ашиг харж байж өгөх гэнэ. Би өгч байна, өглөө шүү хараа биз гэж бусдад зарлана. Зурагтаар гарч хэвлэл мэдээллээр өгснөө гайхуулна. Бага чулуугаар их чулуу цохих гэж өгнө. Өгөхгүй бол муугаар хэлнэ гэж нэрээ хамгаалж өгнө. Заримдаа татганаж татганаж жаахан юм дусаасан болно. Өгснийхөө дараа нэхэл дагуул хийж байгаа бол Та ашиг харж өгч. Өгсөн жагсаалт гаргаж суугаа бол Та нэр алдар горилж өгч. Харамсаж байгаа бол харин Та харамлаж өгч. Нэр алдар хүсч өгөх, ашиг горилон өгөх, далд санаа горилж өгөх, харамлаж өгөх, тусалснаараа гайхуулах зэрэг нь бүгдээрээ жинхэнэ өглөг биш. Жинхэнэ өглөг бол ямар ч хариу горьдохгүй чин сэтгэлээсээ туслахыг хэлнэ. Бид ингэж өгч чаддаггүй. Яалт ч үгүй өгөх байдал үүсэхэд хүртэл хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж өгч байгаа тустайгаазууралддаг. Дахиж уулзах үгүй нь эргэлзээтэй танихгүй хүнд өгчихөөр тусаа ор сураггүй явуулчихаж байгаа юм шиг санагдаад таньдаг нэгэндээ тусалж, уулзах болгондоо тусаа эргэж тойрох хүсэл сэтгэлийн гүнд нь байдаг. Тусынхаа араас чаргууцалдаж байгаа бүхэн жинхэнэ өглөг биш. Чин сэтгэлээсээ тусалсан үед тусынхаа араас сураг ажиг тавих гэхгүй зүгээр л чиний дотор хөөр төрөөд л өнгөрдөг юм. /"Зүрхийг тань дайлья« ухаарахуйн сургаалиас/



-Хариу нэхээгүй тус гэж юу вэ? Аз жаргалын жинхэнэ мөн чанар мөн үү? Хүнд туслачихаад сурталчлаад л байдаг тал их бий.

-Хүмүүс тусалж байгаа туслуулж байгаа нь аль аль нь жаахан учир дутагдалтай. Хүмүүсийн тусламжийг авахын тулд „Тэгмээр байна, ингэмээр байна. Тэгэх хэрэгтэй байсан“ гэж гомдоллож шүүмжилж байж олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг болсон. Бусдад тусалж байгаа нь маш жижигхэн зүйл дээр ханддаг. Мундаг том компаний захирал байлаа гэхэд „Би зөндөө буян хийчихдэг. Шинэ жилээр нэг 100 хүүхдэд бэлэг өгөөд баярлуучихдаг юмаа“ гэх зэрэг нь бол буян биш. Тэр хүний хувьд энэ мэт нь дэндүү өчүүхэн зүйл шүү дээ. Энэ бүхнийг хүчилж биш бүр сэтгэл зүрхнээсээ хүсч бусдын тусын тулд хүссэн үедээ хэзээ ч хамаагүй л үйлдэж байх хэрэгтэй. Ингэж байж бусдад очиж буй тус тань буян болно. Тусыг тань утгаараа хүртэл чадсан тэр хүн танд талархах сэтгэлээ илэрхийлэх гээд нүд нь бөлтгөнөөд хэлэх үгээ олохгүй байх тэр агшинг мэдрэх нь өөрөө ямар их аз жаргал вэ гэдгийг олох эхний ээлжинд амаргүй. Өөрөөр хэлбэл бусдын аз жаргалтай байх нь чиний аз жаргал мэт болчихвол тэр гайхамшиг юм.



-Хэд хоногийн өмнө нэг залуутай ярилцаж байхад „Амьдрал минь зүгээр л амар тайван л байвал энэ насны минь аз жаргал юм“ гэж ярилаа. Та буян номын хүн. Энэ утгаараа ч тэр энэ бүхэнд бэлтгэгдсэн байдаг байх. Түүнээс гадна хувь хүн өөрийн сэтгэл зүйн бэлтгэл их нөлөөлдөг байх гэж бодогдлоо. Та ганцаарддаг уу?

-Би ямар нэг бодитой асуудал дээр жишээ ярих дуртай л даа. Ганцаардах бол боломжгүй юм. Бүх зүйл уялдаа холбоотой. Яг үнэндээ хүн ганцаараа л ирсэн. Ганцаараа л явдаг. Хүнтэй хамт суугаад хоол идсэн ч ганцаараа л байдаг юм шүү. Ганцаараа гэдэгтээ итгээд түүнийгээ гуниг зовлон болгоод байгаагаас биш тухайлбал гэгээрэл бол ганцаараа байж нэгсэх үйл явц. Миний дотор бурхан буй болох, миний дотор шувуу нисэх, үүлс нүүх бүхий л оршихуй нэг болох үзэгдэл гэсэн үг. Тэр утгаараа ганцаардах ямар ч боломжгүй. Хүмүүс өөрөө өөрсдийгөө ганцаардуулдаг. Ганцаардах нь гээд ямар нэг зүйл хийж өөрийгөө завгүй мэтээр харагдуулах, утсаа оролдон орчноос хамааралгүй мэт байх гээд өөрөө өөрөөсөө зугатаж эхэлдэг нь ганцаардаж байгаадаа итгээд өөртөө зовлон нэмж байгаагийн жишээ энэ юм. Өөрөө өөртэйгээ байж сурах хэрэгтэй. Ингэхийн тулд ганцаардлын гүн рүү нь ороод үз. Тэгвэл ганцаараа биш гэдгээ ойлгоно.


Бурхантай бүү наймаалц
Бид тэр ажлыг бүтээгээд өгчихөөч, энэ өвчнийг эдгээгээд өгчихөөч гэж Бурхантай дандаа наймаа ярьдаг. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горилолт. Мөргөх нь хүртэл ашиг сонирхол байдаг. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогийн зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан өөрөө чам дээр ирэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтана. Хэдий дүүрэн байх тусам чамд орон зай багасна. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи, хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л Бурханлигийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Зүрхээ гомдол харуусал, хэт их хүсэл мөрөөдлөөр бүү дүүргэ. Бурханд өөрийнхөө зүрхэнд зочлох зай гарган боломж олго. /"Зүрхийг тань дайлья« ухаарахуйн сургаалиас/


-Хүн өөрөө өөрийгөө асуудалд оруулдаг гэдгийг таны яриа баталлаа. Хүн өөрийн гэсэн байр сууриа буй болгохын тулд үнэхээр өөрийгөө зовлонтон болгож байгаа нь өнөөгийн нийгмийн аймшигтай дүр зураг.

-Надад бусдыг шүүх эрх байхгүй л дээ.

-Олон хүн ийм санаа хэлдэг л дээ. Хувиа бодсон сэтгэлгээг халж, эерэг төлөвшлийг буй болгож чадвал энэ бүх асуудал аяндаа арилна гэж. Таны санааг л сонсох гэсэн юм.

-Миний санаа бол би өөртөө байгаа зүрх сэтгэлийг өөрчилж чадахаас биш бусдын бодол хандлагыг өөрчилж хэзээ ч чадахгүй. Өөрөөр хэлбэл би өөрөө өөрөөсөө л эхлэх нь чухал. Чи өөрчлөгдөж байж бусад нь дагаад өөрчлөгдөнө шүү дээ. Бурхан багшийн бүх л сургааль ийм байгаа. Хорвоо ертөнц надтай зохицохгүй, би хорвоо ертөнцтөй зохицож амьдрана гэж. Тэгэхээр бусдыг засах гэж улайрах биш яахав өөрчлөлтөд уриалах нь илүү оновчтой юм. Сэтгэл чинь юу руу урсана түүнтэйгээ л адилхан болдог учраас та өөрөөсөө л эхлээрэй.

-Сайн сайхан бүхэн дэлгэрэг.

-Ерөөл оршиг. Баярлалаа.



С.СУМЬЯА


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна