📅

Б. Бурмаа:“Утаагүй түлш”-ний нүүрсний машин манай нутгийг хөөрхийлөлтэй болголоо.

🕔 2019/10/06 16:37 832

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Б.Бурмаагийнх эцэг өвгөдөөс үе уламжлан шүтэж ирсэн “Хонгор” хайрханаа түшиж 30 гаруй жил мал маллаж, эрдэнэт сүргээ өсгөн буй говийн малчин айл. Тайван амгалан тал нутагт нь уул уурхай эрчимжихийн хэрээр сөрөг нөлөөллийг амсаж буй уугуул малчдын нэг.

 Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчдын нэг Б.Бурмаатай ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу? Танайх Цэций нутагтаа хэдэн жил мал маллаж байна вэ?

-Сайхаан, сайхан намаржиж байна уу? Гучаад жил мал маллаж энэ сайхан нутагт амьдарч байна. Манай нутаг өвс ургамал, үржил шим сайтай, тал хээр хосолсон сайхан нутаг. Нутгийн иргэд голдуухан бог малаа ерөнхийдөө маллаж, амьдарцгааж байна. Манайх ѳндөр ашиг шимтэй учраас үхрийг л голчилж өсгөж байгаа.

-Цогтцэций сумын нутагт томоохон уурхайнууд ажиллаж байна. Уул уурхайн олборлолт, тээвэрлэлт уугуул малчдын ахуй амьдрал, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монголын 3 том уурхай манай энд ажиллаж байна. Хамгийн анх орон нутгийн Таван толгой, 50 гаруй жилийн түүхтэй ууган уурхай ажиллаж байхад амгалан тайван байдаг байсан. 2009-2010 оноос Энержи ресурс, Эрдэнэс тавантолгой компаниуд гарч ирж хүн амын нягтаршил их болж, техник машины хөдөлгөөн ихсэж, түүнээс эхэлж л уул уурхайн сөрөг нөлөөллийг нутгийн малчид амсаж эхэлсэн. Уул уурхайнхаа буянд улс орон сайхан л хөгжиж байна. Эерэг талаас нь эхэлж ярихад хүмүүс ажилтай, орлоготой болсон. Зөв ашиглаж чадвал улс орон, ард түмэнд ач тустай санагддаг. Гэвч зөв зохистой ашиглахгүй, хамаагүй зөөж, тээвэрлэж, буруу бодлого явуулсны улмаас бэлчээр, байгаль дэлхийгээ сүйтгэж байгаад маш их харамсдаг. Хүмүүс бид чинь эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж л дээр нь амьдрах учиртай.

-Усны асуудал говийн ард түмний сэтгэлийг эмзэглүүлэх болсон. Ялангуяа малчид усны хомсдол нүүрлээд байгаа, мал услах ч усгүй болж байгаа тухай их ярих болж.

-Тийм ээ, Манай нутагт усны хомсдол аль эрт үүсчихсэн. Усны түвшин доошилсон. Малчид бид газрын гүнээс ус татаж уурхайд ашигласнаас болсон гэж үздэг. Худаг нь ундаргагүй болж шавхагдаж усгүй болсон малчид хэдэн км явж ундны усаа зөөвөрлөж байна. Бороо хур ч орох нь багассан. Улаан нуур гэж манай нутгийн нуур жил бүр их устай, үүл их татдаг. Түүнийгээ ч дагаад байгаль зохицуулж бороо хур их ордог байсан. Гэтэл одоо усгүй. Ноднин жил л жаахан бороо орсон. Энэ жил хур бороо гэхээр юм орсонгүй намартай золголоо. Шавхагддаггүй байсан худаг шавхагдаад усны ундарга муудчихсан.


-Малчдад хамгийн их тулгамдаж байгаа ямар асуудал байдаг вэ?

-Мэдээж ус, бэлчээр. Бэлчээр их талхлагдаж байна. Энэ нутагт үе улиран нутаглаж, өвөг дээдсээс тахиж шүтэж хайрлаж хамгаалж ирсэн Хонгор хайрхан гээд овооны маань зүүн талаар Улаанбаатарын утаагүй түлшний нүүрсний машинууд замбараагүй явдаг. Зам нь ингэж таардаг. Хонгор хайрханы хойд хөндий тэр чигээрээ тоос түйрэн. Олон машин явснаас болж бэлчээрт асар их нөлөөлсөн. Улаанбаатар хотын “Утаагүй түлш” үйлдвэрлэх нүүрсний машин энэ газар нутгийг хөөрхийлөлтэй болголоо. Өдөрт 100 машин явна гээд хавар хурал дээр ярьж байхад малчид маш их эсэргүүцсэн. Замыг нь эхэлж тавь. Тэгэхгүй бол бэлчээр хэцүүднэ. Цогт-Цэций сумын баруун талаар зам явах учраас тоосжилт их болж, хүн амьтан амьдрах нөхцөлгүй болно гэж багийн Иргэдийн Нийтийн Хурал дээрээ малчид хэл үг болж, бичиг тоот өгсөн ч малчдын үгийг тоогоогүй. Эргэж хариу ирээгүй л нүүрсээ зөөгөөд эхэлсэн. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хөөцөлдөж, явуулахгүй талаас нь ярьж хөөцөлдсөн л гэсэн. Түүнийг ч тоогоогүй шиг байгаа юм. Ерөөсөө л нүүрсийг явуул, хориг саад тавьж болохгүй гэж л дээрээсээ шийдсэн. “Утаагүй түлш”-ний нүүрсний зам Хонгор овооны зүүн талаар баруун хойшоо Ханангийн антены хойгуур явах ёстой. Замынх нь трассыг Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн байгаль орчны газар, нутгийн малчид нийлж тогтоосон. Тэр замаараа жолооч нар явдаг ч зам эвдэрч явах аргагүй болсон гээд замбараагүй явдаг болсон. Зам том машинд талхлагдаж бургиа үүсчихсэн. 100 м хүрэхгүй газарт, гэрийн урдуур хойгуур 2-3 зэрэг явж тоосон дунд л амьдарч байна. 1 км хүрэхгүй газар хэчнээн зам явж байгааг мэдэхгүй. Сүүлийн үед худаг дээр мал ус ууж байх үед том машин худгийн хажуугаар гарч тоос түйрэнгээр дарж байна. Тоос түйрэн нь худаг руу орж ирдэг. Тэр усыг нь л мал ууж байна шүү дээ.

Жолооч нар өөрсдөө дур зоргоороо зам гаргаж явдаг. Манай суманд Замын цагдаагийн газар ажиллаж байна. Энэ замбараагүй явж байгаа машинуудаа журамлачих юм бол хэн торгуулаад байя гэх вэ дээ. Замаараа л явах байх. Зохицуулалт хийхгүй болохоор үнэхээр замбараагүй явж байна.

Малчид үүсээд байгаа энэ асуудлаа орон нутагтаа тавьдаг уу?

-Орон нутагт энэ асуудлаа тавьдаг ч байдал хэвээрээ л байдаг. Малчдын зүгээс жолооч нарт хэлж анхааруулдаг ч зам хэцүү болсон тул ингэж явахаас өөр аргагүй гэж хариулдаг. Багийн хурлаараа ярьдаг, хэлдэг, шүүмжилдэг ч нэмэр алга аа. Уул уурхайн компаниудад машин тэргээ замбараатай явуул, зохицуулалт хий гэж шаардлага тавьдаг ч тоодоггүй.

-Уул уурхайн бүс нутагт тоосжилт улам л нэмэгдэж байгаль орчны доройтол их байна. Ялангуяа энэ бүсэд амьдарч байгаа хүмүүс эрүүл орчинд, амар тайван амьдрах нөхцөл байхгүй болжээ.

-Мал бэлчих, хүн амьдрах аргагүй л болж байна. Мал байтугай малчин хүн амар тайван суух аргагүй болсон. Хөндий дүүрэн мал бэлчиж байдаг байсан. Одоо хөндий дүүрэн зам. Тэр чигээрээ битүү тоос, шороо. Битүү тоосон дунд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод л амьдарч байна. Манайхтай ойрхон туслан гүйцэтгэгч компанийн кемпүүд буучихсан. Тоос түйрэн босгоод энэ хавьд эрүүл газаргүй л болж байна. Хавар бүр хүнд болдог. Энэ хавар л гэхэд ноолуур тушаахад л тоостой түйрэнтэй байна гээд гологдсон. Ноолуурын үнэ тэнгэрт хадаж 100 мянган төгрөг гарчихсан байхад үнэ хүргэж өгч чадахгүй наад зах нь эдийн засгийн хувьд хохирч байна. Мал бүүдийсэн л өнгөтэй байдаг. Тоос түйрэн болчихсон өрөвдөлтэй. Малын гэдэс дотор,уушги авах юм байхгүй. Хар өнгийн юм л байдаг.


-Сааль сүү, цагаан идээгээ боловсруулж чадаж байна уу?

-Малчин айл чинь цагаан идээгээ гэр дээрээ нар салхинд ил боловсруулж хатаадаг. Гэтэл манай энд тийм арга байхгүй. Замын тоос түйрэн булчихдаг. Аргагүйн эрхэнд цагаан идээгээ бүтээдэг. Нар салхи үзүүлэхгүй байнга бүтээчихлээр амтанд нь нөлөөлчихдөг. Ийм л аргагүй байдалд хүрч байна. Манайх жилдээ 30-аад мянган литр сүү сааж, цагаан идээгээ боловсруулдаг айл. Энэ жил сүү саалиа боловсруулахад асар хүндрэлтэй байна.

-Замд мал дайрсан байхтай таарлаа. Малын хохирол гардаг уу?

-Нүүрсний том машинууд мал их дайрдаг. 10-аад бага мал, 3 үхрээ дайруулсан. Бүдүүн сайхан эр үхрээ дайруулсан. Дөнгөж тугалласан байсан нялх тугалтай үнээг маань энүүхэн Хонгорын овооны зүүн талд дайраад алчихсан байсан. Дайруулсан үнээний хажууд тугал нь сахиад л өрөвдөлтэй хэвтэж байсан. Мөр замыг нь үзэхэд дандаа л том машины мөр байдаг. Шалаанзны урд гуперийн хар хэсэг нь бутраад хэвтэж байдаг.



-Малаа дайруулсан малчид хохирлоо барагдуулж, шийдвэрлүүлдэг үү?

-Хохирлоо гаргуулж авч чаддаггүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдэг ч малаа харж байхгүй яасан юм гээд бидний хохь болоод л үлддэг. Танай малыг хэн, яагаад дайрав гэж асуудлыг шийдвэрлэх талаас нь ханддаг юм байхгүй шүү дээ.

-Уул уурхайн компаниуд нөлөөлөлд өртсөн малчдын асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Манайх Эрдэнэс тавантолгойн нөлөөлөлд орсон. “Эрдэнэс таван толгой” ХХК энэ жилээс малчидтай уулзаж нөлөөллийн бүсийн айлууд гэж тогтоогоод явсан. Нөлөөллийн бүсийн айл гээд ноднин манай худгийг төсөв хөрөнгө гаргаж янзалж өгсөн. Худаг яг зам дээр таардаг болохоор тоос түйрэн их дайрдаг. Худгийн таг авахад л дээгүүр нь тоосон бүрхүүл өрөм шиг тогтсон байдаг байсан.

Олон жилийн үерийн ус орсон онгорхой худгийг янзалж, сайхан цэвэрлэж, хүн хүч нэгдэж байж засварлаж өгсөнд баярлаж байдаг. Худгийн байшин барьж битүүлж өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК малчдын аливаа хүсэлтийг удаахан ч гэсэн шийдвэрлэж өгдөг.

-Уул уурхайд хариуцлагатай байх гэдэг зүйлийг их ярьдаг ч яг олборлолт, тээвэрлэлт явуулж буй бүс нутгийн бодит хөрсөн дээр буухгүй л байх шиг. Малчин хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

Хариуцлагатай уул уурхай гэж худлаа ярих биш. Тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зам гэдэг дэд бүтэцгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй. Замаа эхэлж тавих хэрэгтэй. Энэ олон замбараагүй шалаанз машин их цувснаас болж аваар осол их гарч байна. Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явсан зам их эвдэрч байна.

Малчид замаа эхэлж тавь л гэж шаардах байна. Манай нутгийн энэ их баялаг урагшаа, хойшоо гарч байна. Энэ их хөрөнгө мөнгө хайшаа ордог юм.Зам засахдаа яагаад зарцуулж, зориулж болдоггүй юм. Бидний хувьд энэ машинуудыг зогсоогоод замыг нь эхэлж тавиулж л байж явуулахгүй бол болохгүй гэж үзэж байгаа. Ингэж задгай явбал бид бэлчээргүй болно. Цөлжилт үүснэ. Эрүүл мэндээрээ хохирно. Хамгийн гол нь энэ сайхан байгаль дэлхий, нутаг бэлчээр, говь маань дахин сэргэхгүйгээр цөлжлөө. Энэ их нүүрс, энэ их баялгийг зөв зохистой ашиглаж, байгалиа хайрлаж хамгаалсан цагт л хариуцлагатай уул уурхай гэж ярих нь зөв байх.

Ярилцсанд баярлалаа.


Ч.Сумъяа

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна