ЗАР
ХҮРМЭНЧҮҮД ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭН ХӨГЖИЖ БАЙНА

Биднийг сумын Засаг дарга Б.Ганболд хүлээн авч сум орон нутгийн үүх түүх, бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. Сумын ИТХ-ын даргаар С.Эрдэнэбаяр ажиллаж байна.
Хүрмэнчүүд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ш.Баянбатад итгэл хүлээлгэн хоёр дахь удаагаа сонгожээ. ИТХ-ын Төлөөлөгч Ш.Баянбат нь сумын удирдлага болон ард иргэддээ намчирхлыг халж, эв эеийг эрхэмлэн, нэг зүгт харж сум орон нутгаа хөгжүүлэхийг уриалснаар намчирхал талцалгүй сум болж чаджээ.
Хүрмэнчүүд сайхан хаваржиж, сумандаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа гэнэ. Мал сүрэг нь таван төрөл дээр өсөж, 170 мянга орчим тоо толгойд хүрч, өнтэй сайхан хаваржиж байна.

Тус суманд малчдын хүүхдүүд ая тухтай сурч боловсрох 50 хүүхдийн дотуур байр саяхан ашиглалтад оржээ. Мөн энэ онд 320 хүүхдийн сургууль баригдахаар болсон байна.
Сумын соёл спортын цогцолбороор орж сонирхлоо. Хүрмэнчүүдийн урлаг спортын бүхий л арга хэмжээ энэ төвд болдог гэнэ. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий бялдаржуулах төвийг байгуулжээ. Сумын удирдлагууд Соёлын төвийг тусад нь байгуулахаар газраа сонгоод зураг төсөв гаргуулахаар төсөвт суулгаад байгаа юм байна.
Энэ төвийн жижигхэн өрөөнд сумын үүх түүхийг харуулсан цомхон музей байгуулжээ. Ирсэн гийчдэд сумынхаа түүхийг танилцуулах зорилготой тус музей одоогийн байдлаар 180 гаруй үзмэртэй бөгөөд цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Музейд Хүрмэн сумаас төрсөн алдартан гавьяатнуудын мэдээлэл байлаа. Хөдөлмөрийн баатар, ууган гавьяат механикжуулагч Ц.Шатар, Худалдааны гавьяат ажилтан Ц.Агваан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор Х.Бадамсүрэн, гавьяат нэгдэлчин Х.Сандуйжав, гавьяат багш доктор Н.Батсүх, гавьяат нисгэгч Т.Сугир, гавьяат эдийн засагч Д.Бямбаа, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цэцэгмаа, гавьяат малчин Г.Бүд, Монгол улсын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн НАХЯ-ны орлогч сайд генерал Ш.Цэрэвсамба, төрийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, шинэ үндсэн хууль батлалцсан депутат Б.Зандраа, Д.Сайнхүү, Х.Бадамсүрэн, Монгол улсын начин О.Пүрэв, Б.Шоовдор, Ш.Дарханбат, Улсын сайн малчин С.Адьяагэндэн, Р.Баянчулуун, аварга малчин Л.Түмэн-Өлзий, Г.Батчулуун, Д.Энхтуяа зэрэг алдартнуудаараа Хүрмэнчүүд бахардаг .
Бид сумын Ахмадын өргөөгөөр орж, ахмадуудтай уулзлаа.

Хүрмэн сумын ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлэх 18-р цэцэрлэгээр бид орлоо. Тус цэцэрлэгт их засвар хийгдэж, дулааны шугамыг засварлажээ. Мөн хүнсний агуулахын байрыг барьж, гал тогооны тоног төхөөрөмж, тоглоом хэрэгслээ шинэчилсэн байна. Тус цэцэрлэг Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн бэлэглэсэн номоор “Би Би Би” номын сан байгуулжээ.
Тус сумын Засаг даргаас тулгамдсан асуудлыг тодруулахад малчдын амьжиргааны гол эх үүсвэр ноолуурын үнэ ханш муу байгааг хэллээ. Мөн Цагаандэл уул-Өлзий боомт нээх Засгийн газрын тогтоолыг нутгийн ард иргэд малчид эрс эсэргүүцэж байгааг дуулгав. Хүрмэн сумын ард иргэд эмзэг хөрстэй, цэнгэг ус ховор, Монголд төдийгүй дэлхийд нэн ховор ан амьтан, ургамалтай бүс нутагтаа гуравдагч боомт нээх нь Өмнөговьчуудад ашиггүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус сумын ихэнх нутгаар улаан, цагаан гоёо, цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс, алтан болон мөнх харгана, загасгал, ортууз, заг, хайлаас зэрэг 180 гаруй төрлийн ургамал бут сөөг ургадаг. Дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт зэрэг ан амьтад, ёл, хойлог гэх мэтийн олон төрлийн шувуу амьдардаг.
Хүрмэн сум цагаан, шар алт, нүүрс, давс хужир, шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг баялагтай. 2008 онд тус сум уул уурхайн 80 гаруй лицензтэй байв. Жил бүр лицензийг цөөлснөөр одоогийн байдлаар ашиглалтын 8, хайгуулын 12 лицензтэй болсон байна.
Даян сэцэн Хааны өлгий нутаг Хүрмэн сумын ажилсаг ард түмэн эв эеийг эрхэмлэн хөгжсөөр байна.