Жарууд хошуу нь Бар зургийн өлгий нутаг
Уул ус, үзэсгэлэнт байгаль жигдэрсэн Жарууд хошуунд аяны дөрөө мулталлаа.
Жарууд нь Зарчигууд, Урианхантай холбоотой овог бөгөөд X зууны үеэр Онон мөрөн, Бурхан Халдун хавиар нутаглаж байсан эртний овог аймаг юм.XVI зууны үед бие даасан томоохон отог болж, Батмөнх Даян хааны үед Халх түмний нэгэн отог болж яваад сүүлдээ Алчуболдын харьяан дахь Өвөр Халхын бүрэлдэхүүнд багтаж, зүүн өмнө зүгт нүүдэллэн Мүгдэн хотын араар нутаглав. Тухайн үед Жарууд аймаг 5000 цэрэгтэй хүчирхэг аймаг байжээ. 1628 онд Манжийг дагаж Жаруудыг зүүн, баруун хоёр хошуу болгон хуваан, хошуу ноён нь төрийн бэйл, дархан бэйлийн хэргэм хүртэж байсан түүхтэй.
Энэ хошуу нь үндэсний бар зураг, ардын урлаг, үлгэр туульсаараа улсдаа алдаршжээ.
Бид бар зургийн урлангаар орж, зураач урчуудын бүтээл туурвих үйл явцыг сурвалжилж, тэдний бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Жарууд бар зураг нь 1950-аад онд үүсэн хөгжиж, 1980 оны 10-р сард бар зургийн судалгааны нийгэмлэг байгуулагдсан түүхтэй.
Жарууд хошуунаас 300 гаруй бар зураг зураач төрөн гарсан байна. Одоо 100 гаруй зураач бар зургаа зуран, уран бүтээлээ туурвиж байгаа гэнэ. БНХАУ-ын хотууд болон АНУ, ОХУ, Япон, Монгол, Канад, Тайланд зэрэг дэлхийн улс орнуудад Жарууд бар зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байв.
Бар зураг нь маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд нарийн зохиомж бүхий дүр дүрслэлийг барлан сийлдэг маш нарийн ажиллагаатай, ур ухаан, авьяас билиг, нөр их хүч хөдөлмөр шингэж бүтдэг болохыг урлантай танилцах явцдаа мэдэж авлаа.