📅

"БАЯНЗАГИЙН СУУРИН"

🕔 2020/05/29 22:23 707
Баянзагийн неолитын үеийн суурин Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршино. Энэ газрыг мөн Шавар ус, Тэмээн шавар ч гэж нэрлэх нь бий.

Анх 1923 онд АНУ-ын Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Төв Азийн экспедицийн палеонтологич В.Гранжер илрүүлэн олжээ. Уг дурсгалын зарим талбайг 1925 онд Н.Нельсон малтан судалсны зэрэгцээ 15000 гаруй чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон байна.

1949, 1960 онд Зөвлөлтийн археологич А.П.Окладников тэргүүтэй археологичид үзэж, гүймэг хайгуул хийсэн. 1971-1972 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан судалгааны анги Баянзагийн сууринд хайгуул судалгаа хийж, олон тооны чулуун зэвсгийн зүйл болон ваарын хэлтэрхийнүүдийг түүвэрлэн, сорьц цооног малтан судлаж хөрсний давхарга зүйг нарийвчлан судалсан байна. 1985 онд МЗТХСЭ Баянзагт хайгуул хийж 1169 чулуун зэвсэг, 105 ваар савны хагархай түүвэрлэжээ. 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судлаачид хайгуул хийж чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнийг түүвэрлэжээ.

Баянзагаас олон мянган чулуун зэвсгийн дурсгал болон ваарны хагархай олдсоноос хамгийн олон тоогоор янз бүрийн хэлбэр хэмжээтэй бичил ялтас цуулах зориулалт бүхий үлдэц илэрчээ.
Зэвсгийн зүйлсээс сумны зэв, зуулга ир, хутган ялтас, хусуур зонхилох хувийг эзлэх бөгөөд жадны үзүүрч тааралддаг. Шавар ваар савны хагархайгаас харахад зэрэгцээ болон шугаман, долгио, сараачсан хээтэй байна. Баянзагт оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байсан нь олдсон багаж зэвсгээс тодорхой харагддаг. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоёл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ёроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхэлж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм.

А.П.Окладников Байгал орчмоос олддог ваар савны олдвортой харьцуулан Исаков-Серовын үе буюу НТӨ IV-III мянганы үед холбон үзэж байв. Харин 2007 онд АНУ-ын судлаач Л.Янз 1925 онд Н.Нельсоны цуглуулсан ваар савнуудын хагархайнуудад он цаг тогтоох шинжилгээ хийж хамгийн эртдээ 5000 гаруй жилийн өмнөх үед холбогдохыг тогтоожээ. (Я.Цэрэндагва)

МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна