Л.Батчулуун: Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдэд 16 жил гар бие оролцжээ
Өмнөговь аймгийн ИТХ -ын даргаар олон жил ажилласан хүн бол Лхачингийн Батчулуун юм. Тэрээр Өмнөговь аймгийн ИТХ-д дөрөв дэх удаа сонгогдож ард иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байна. Тэр дундаа ИТХ-ын тэргүүлэгчээр 4 удаа сонгогдоод орон нутгийнхаа хөгжлийн төлөөх бүхий л шийдвэрт гар бие оролцож байгаа юм. Бид энэ удаагийн ярилцлагынхаа хойморт түүнийг урьж цаг үеийн байдлаар ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. ИТХ-ын төлөөлөгчөөс гадна ямар ажил эрхэлж байна вэ?
Одоо бол орон нутагтаа суурин байна. Тодорхой хэмжээнд хувийн ажил өрнүүлэн, мөн Батмөнх Даян Цэцэн Хааныг алдаршуулах нийгэмлэгийг байгуулан түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд цаг заваа зориулж байна даа.
-Та ИТХ-д олон удаа сонгогдон ажиллаж байжээ. Төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны талаар хамгийн туршлагатай хүмүүсийн л нэг гэж ойлгож байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх Цогтцэций сумаас сонгогдож байсан. Тухайн үед нийгмийн нэлээд өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан цаг үе байлаа. Миний бие Ардчилсан намаасаа үндсэндээ ганцаараа төлөөлөгчөөр сонгогдсон байсан юм. Тэр үеийн ИТХ-ын дарга А.Үрчээ даргын маань санаачилгаар сөрөг хүчний төлөөлөгчийг тэргүүлэгчид оруулах нь зүйтэй гэж үзэн намайг тэргүүлэгчээр ажиллуулж байсан түүхтэй. Ер нь тэр цагаас хойш 4 удаа сонгогдохдоо 2 бүрэн эрхийн хугацаанд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдэд бүхэлдээ 16 жил гар бие оролцжээ.
-Сүүлийн үед үүсээд байгаа Өмнөговь аймгийн ИТХ-ын нөхцөл байдалд та ямар байр суурьтай байна вэ?
Энэ удаагийн хурал бол үнэндээ үнэмлэхүй олонх нь МАН-ынхан болсон. Анхдугаар хуралдаанаас хойш л хууль бус хурал гэж яригдаж явсаар өнөөг хүрч байна. Ардчилсан нам бас тийм ч цөөнх биш. Ер нь бол миний бие аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байх үед АН-аас 22 МАН-аас 11, МАХН-аас 1 байхад бид бас тэргүүлэгчдийг тооны харьцаанд нь барьж ажиллах ёстой гэж үзэн 7:4 –ийн харьцаатай /МАН-аас 4 төлөөгч гэсэн үг шүү дээ/ ажиллаж аймаг орон нутгийн хөгжлийн асуудалд сөрөг намынхаа төлөөллүүдийг үг дууг сонсож, тодорхой түвшинд гаргаж байгаа шийдвэрүүд нь хамтынх гэж хэлж болохоор байсан. Аймгийн төсвийн орлого ч тэр л үеэс өмнөхөө бодвол нааштай болжээ. Үүнд мэдээж орон нутгийн өмчтэй Тавантолгой ХК-ийн оролцоо маш чухал шүү дээ. Зарим жилүүдэд аймгийн төсвийн орлогын 70 гаруй хувийн Тавантолгой ХК-ийн ногдол ашгаас аймагт олгогдож, аймаг орон нутгийн хөгжил, дэд бүтэц, нийгмийн сайн сайхан, айл өрхүүдийн амьдралын төлөө олон ажлуудыг хийж явжээ. Сүүлийн үед төсвийн орлого бол нэн таатай байна. Үнэхээр боломжтой нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа ч гэсэн тодорхой алсын хараатай бодлого дутмаг байна даа. Сайн сайхан ажлууд бас байнаа байна. Тухайлбал манай намын үед хэрэгжиж эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэх, шинэ Даланзадгад суурьшлын бүс, музей, театрын барилга гэх зэргээр амжилттай сайн явагдаж байгаа ажлууд байна. Гэсэн хэдий ч зах зээлийн харилцааны гол хэмжүүр валютын ханш өссөнтэй ч холбоотой зарим ажлууд хөрөнгө дутуу, дахин хөрөнгө зарцуулахаар харагдаж байгаа зүйлс ч мөн байна. Сүүлийн үед бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ирц бүрдээгүй хуралдсан асуудал бол яах аргагүй анхаарал татсан сэдэв юм.
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х. Сугир хууль биелүүлэхийг шаардсан төлөөлөгч, иргэд, хэвлэл мэдээллийнхнийг цагдаад өгч байна. Та найман жил ИТХ-ын дарга хийж байхдаа үнэнийг хэлж, шүүмжилсэн хүмүүсийг шүүх цагдаад өгч байв уу?
Би өөрөө ард иргэддээ “Нутгийн хишиг” хүртээсэн гэж л шалгагдаж явлаа. Тухайн үеийн аймгийн засаг дарга Б.Бадраа бүр ч их шалгагдаж байсан. Нутгийн иргэддээ давуу боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн нутгийнхаа баялгаас тэгш хүртээх мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нутгийн хишгийг амжилттай хэрэгжүүлснийхээ төлөө сөрөг хүчний тавьсан асуудлаар шалгагдаж явсан уу гэхээс бид дарга гэдэг байр сууринаас үг хэлсэн үнэнийг хэлсэн иргэдээ шүүх цагдаад өгч явсан түүх байхгүй. Хүмүүстэй ойлголцож ажиллаж явлаа.
-Аймгийн төсвийн орлого нэн таатай цаг үед МАН эрх барьж байна гэж та хэлсэн, хэрэв Ардчилсан нам энэ үед засаглах эрхээ үргэлжлүүлж байсан бол өнөөдөр манай аймаг ямар түвшинд байх байсан бол?
Ямар ч байсан бидний мөрийн хөтөлбөр дамнуулан тавьж байсан Даланзадгад хотоо Монгол Улсын дөрөв дэх том хот болгох хөтөлбөр амжилттай биелэх байсан. Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь дэд бүтэц, зам харилцаа, худалдаа үйлчилгээ, мөн зөөлөн дэд бүтэц болох боловсролын чанарын асуудал, олон улсын харилцаа аялал жуулчлал зэрэгт нэлээд өөрчлөлт гарах байсан. Өнөөдрийн байдлаас харахад гаднаас орж ирж байгаа валютын нөөцийн асуудалд зөв зүйтэй хандаж ард иргэд болоод аялагч жуулчдын хувь хамгийн таатай орчныг бүрдүүлэн алсын хараатай бодлого хэрэгжүүлэн ажиллах байсан гэж хардаг. Нөгөө талаар баруун сумдын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж, зам харилцааг ч иргэдийн төлөө тэдний амьжиргаанд нөлөөлөхүйцээр тавьж, Баяндалай, Ноён, Сэврэй, Булган, Гурвантэс зэрэг бүх сумдын иргэдийн хувьд зам харилцаа бүрэн шийдэгдсэн он жилүүд байх байсан юм. Ер нь хөрөнгө их шаардагдах томоохон ажлууд дээр зориг шаарддаг л даа. Бид УИХ-ын гишүүдтэйгээ хамтран Өмнөговь аймгийнхаа түүхэн хөгжлийн явцад хамгийн зоримог шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байсан юм. Гэтэл өнгөрсөн 4 жил аравхан километр зам тавилаа. Энэ жил 10 километр тавина гэж байгаа боловч хэзээ тавигдах нь мэдэхгүй. Байгаль орчны хувьд нэлээд өөрчлөлт гарах байсан биднийг эрх авч байхад тусгай хамгаалалтай газар нутаг 42 хувьтай л байсан. Бид ажил аваад байгаль хамгаалах бодлого тууштай баримталж ажилласны хувьд 57 хувийг нь аймгийнхаа орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч байв. Хамгийн гол нь иргэдийн маань амьжиргаанд бодит алхмууд хийгдэх байсан байхдаа гэж харж байна. Гол нь ард түмний амьдрал сайжирч, өрх гэрийн орлого нэмэгдэх таатай нөхцөлийг л бүрдүүлэх чухал юм.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.