📅

“Цахим Говь HUB” төслийн удирдагч О.Эрдэнэ-Өрнөх: Бид Өмнөговьд STEAM хөтөлбөр хэрэгжүүлнэ.

🕔 2020/03/09 21:06 977
 

-Сайн байна уу. Энэ ѳдрийн мэндийг хүргэе?
Сайн, Сайн байна уу!
- Сүүлийн үед Цахим говь гэж яригдах боллоо. Ямар ажил эхлүүлээд байна вэ?
-Хийж буй ажлаа ярихын өмнө төсөл хэрэгжүүлэгч байгууллагаа товч танилцуулъя.
Залуу, хойч үеийн боловсролд анхаарал хандуулж, тэднийг өөрсдийн үеэс илүү сургах хүсэлтэй залуус нэгдэж Цахим Говь Төрийн бус байгууллага /ТББ/-ыг 2018 онд байгуулсан. Манай ТББ-ын зорилго нь залуучуудын бүтээлч, инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа шийдвэрийг учир шалтгаан, баримтад тулгуурлан гаргах чадвар суулгах, тодорхой асуудалд технокраси, меритокрасийн зарчим мөрддөг болгох замаар тэднийг дэлхийд өрсөлдөх чадамжтай болгох явдал юм. Бидний үнэт зүйлс Ёс зүйтэй, шударга иргэн(1); Учир шалтгаан, логиктой хандлага(2); Багаар ажиллах(3); Зохиогчийн эрхийг хүндэтгэх(4); Туйлшрахгүй, тахин шүтэхгүй(5) зэрэг юм. Манай байгууллагын үйл ажиллагаа нь академик сургалт, код бичих хөтөлбөр, STEAM хөтөлбөр, судалгаа, зайн сургалт хамтын ажиллагаа, номын сан, компьютерийн лаборатори зэрэг чиглэлд байх юм.
Цахим Говь ТББ-аас өөрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Өмнөговийн ирээдүй үе, залуус, сурагчдын техникийн сэтгэлгээгээ нээн хөгжүүлэхэд туслах, өөрийн сонирхлоо эрт илрүүлж, түүндээ нийцсэн мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлэх Цахим Говь HUB буюу төвийг байгуулахаар ажиллаж байна.

- Цахим говь төсөл нь яг ямар онцлогтой вэ?
Төсөл хэрэгжсэнээр код бичих, робот, машин угсрах, гурван хэмжээст хэвлэл, нисэх загвар, пуужин турших буюу зохион бүтээх, цахилгаан хэлхээ угсрах, хөлөгт тоглоом, номын сан, компьютерийн лаборатори бүхий Цахим Говь HUB байгуулна. Төв нь энэ чиглэлд хамгийн орчин үеийн сургалт хөтөлбөр, хэрэгслэл, арга зүй, чиглүүлэгч буюу багш нартай байна.
Төслийн хамгийн чухал онцлог нь STEAM хөтөлбөр хэрэгжүүлэхэд оршино. STEAM гэж юу вэ гэхээр англи хэлний Science, Technology, Engineering, Mathematic, Art гэсэн үгний товчлол. Эдгээр нь монгол хэлний “шинжлэх ухаан, технологи, инженер, математик, урлаг” зэрэг үгний товчлол юм. Харин STEAM хөтөлбөрийн утга агуулгын хувьд “судалгаа-түүнээс үүдсэн шинэ санаа-зохион бүтээх-математик тооцоо-урлагийн цогц” гэж ойлгож болно. Энэхүү хөтөлбөрийн ерөнхий зорилго нь хүүхэд, залуус, оюутнуудыг баригдмал буюу хайрцаглагдсан бус чөлөөт сэтгэлгээтэй болгоход чиглэгдэнэ.
- Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
Цахим Говь HUB төслийн үйл ажиллагаа эхэлснээр Өмнөговь аймагт байгалийн ухаан, инеженер, урлагийн чиглэлд дур сонирхолтой хүүхэд, залууст чөлөө цагаа өнгөрөөх, хичээлийн дараах орчин үеийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ. Энэ чухал үр дүн байх болно. Төслийн хүрээнд дэлхийд туршигдсан олон хэлбэрийн STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энд зөвхөн дэлхийд туршигдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. STEAM хөтөлбөрийг говийн байгаль орчин, уул уурхай, патоник, палентлогийн онцлогийг харгалзсан буюу хослуулан авч үзнэ.
Төсөл нь хүүхэд, залуус өөрийн сонирхсон мэргэжлээ аль болох эрт сонгоход тусална. Мэргэжлээ өөрийн сонирхол дээрээ тулгуурлаж чадвал тухай хүн өндөр амжилт хүрдэг тухай маш олон судалгаа, баримт байдаг. Тэгвэл бидний хувьд Өмнөговь аймгийнхаа залуу, дүү нарыг юунд дуртай болохыг илрүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ингэснээр тэдний цаашдын урт амьдралд өндөр амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ.
- Цахим говь HUB төсөлд ямар хүмүүс хамтран ажиллаж боломжтой вэ?
Төсөлд сурагчид, оюутан, эцэг эх, багш нар, боловсролд анхаарч хөрөнгө оруулдаг хандивлагч талууд оролцох бүрэн боломжтой. Хүүхдээ хичээлийн дараах орчин үеийн хөтөлбөрт хамруулах сонирхолтой эцэг эхчүүд, байгалийн ухаан, мэдээллийн технологи, инженер, урлагийн чиглэлд сонирхолтой хүүхэд, залуус, оюутнууд. Шинэ төрлийн хичээлийн дараах хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой, туршлагатай багш нар. Мөн боловсролын салбарыг шинэчлэх, хөгжүүлэхэд санал нэгддэг хөрөнгө оруулагч, хандивлагч нар манай төсөлд хамрагдах буюу хамтран бололцоотой.

- Цахим говь HUB төслийн санхүүжилтийг ямар байдлаар шийдэж байгаа вэ?
Цахим Говь HUB байгуулах төслийн эхний санхүүжилтийг олон нийтийн сайн дурын мөнгөн ба мөнгөн бус хандиваар бүрдүүлнэ. Төсөл хэрэгжих нэг жилийн хугацаанд санхүүжилтийн хандиваас цугларсан хөрөнгөөр шийдвэрлэнэ. Түүнээс цааш хугацаанд төсөл үйл ажиллагааны орлогоос зардлаа санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Төслийг хэрэгжүүлэгч Цахим Говь ТББ-ын санхүүгийн тайланг улирал бүрээр гаргаж, олон нийтэд ил тод байлгана. Санхүүгийн тайланг хамтрагч байгууллага, иргэд, шаардлагатай бол төслийн хандивлагч руу цахим болон хэвлэмэл байдлаар хүргүүлнэ. Энэ дашрамд боловсролыг хамгийн чухал гэдэгт санал нэгддэг хувь хүн, аж ахуйн нэгж бидэнд хандив өгч, дэмжихийг хүсч буйгаа илэрхийлье.
- Цахим говь төсөлд оролцох хүмүүс хаана хандаж, холбоо барих вэ?
Манай төслийн талаар мэдээллийг www.egobi.mn, “Цахим говь ТББ” нэртэй фэйсбүүк хуудас, 91114192, 91116044 гэсэн утасны дугаараас авч болно.

- Өмнөговийн шилдэг манлайлагч залуусын нэг. Сурч мэдсэн зүйлсээ хэрхэн яаж орон нутагтаа зориулах вэ?

Намайг үнэлсэнд баярлалаа. Миний хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Английн Йоркийн Их сургууль тус тус эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Англид сурч байхад манай сургуульд Их Британийн STEAM хөтөлбөрийн үндэсний төв байсан. Би энэ төвөөр орж, Английн засгийн газраас хүүхэд, залуусын байгалийн ухаан, техник, инженер, мэдээллийн технологи, урлагийн чиглэлд авьяас чадварыг нээх, хөгжүүлэх талаар хийж буй ажил, бодлогын талаар нарийвчлан судалсан юм.
Сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймагт мэдээллийн технологийн чиглэлд танхимын болон зайн сургалт явуулах, STEAM хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Цахим Говь ТББ-ыг санаа нийлсэн залуусын хамт байгуулсан. Одоо бид Цахим Говь HUB төвийг Даланзадгад хотод байгуулахаар ажиллаж байна. Энэхүү төвийг ирэх сард ашиглалтад оруулна.

- Цахим орчин цахим хэрэглээний өнөөгийн түвшин ямар байна. Судалж үзэхэд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ямар байна?
2019 оны 12- сарын байдлаар манай улсад нийт интернэт хэрэглэгчийн тоо 3.2 сая, 4 сая үүрэн холбооны дугаар, 3 сая дата хэрэглэгч, 3.1 сая ухаалаг утас байна. Фэйсбүүкд бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 2.2 сая байгаа. Эдгээрийг нэг хүнд ногдох байдлаар авч үзвэл дэлхийд хамгийн өндөрт орно.
Гэтэл цахим контентийг ашиглаж байгаа байдал маш доогуур үзүүлэлттэй байдаг. Тухайлбал зай сургалтаар дамжуулан суралцах явдал бусад орнуудтай харьцуулахад бараг байхгүй буюу эхлэлийн төдий байдалтай байна.

- Манай Өмнөговьчуудын цахим хэрэглээ хэр түвшинд байх шиг байна?
Миний хувьд энэ талаар нарийвчлан судалсан зүйлгүй байхгүй. Гэхдээ надад хамгийн орчин үеийн утас барьсан мөртөө англи хэлийг яаж сурах вэ гээд надаас асууж байгаа залуусыг хараад гайхдаг. Гарт нь хүн төрөлхтний хамгийн хүчирхэг ололтын нэг байгааг ойлгох хүн цөөн байна. Утсаар өөртөө хэрэгтэй апп суулгаж ашиглаж буй хүнтэй маш ховор таарлаа. Энэ бол ёстой гоомой хандлага.

- Цахимаар ер нь иргэд маань юу олж авах боломж байна. Хий дэмий маш их хугацааг цахим орчинд өнгөрүүлж байгаа юм биш үү гэж хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ.
Би дээр хэллээ. Гар утсаараа дамжуулан маш олон шинэ зүйлийг сурч чадна. Зөвхөн англи хэлний хувьд жишээ болгон хэдэн үг хэлье. Гар утсаа ашиглаад өөртөө англи хэл сурах орчин бүрдүүлж болно. Утсандаа сайн чанартай апп суулгаад англи хэлний сонсох, ярих, бичих, унших чадвараа бүх талаар сайжруулж чадна.

- Улс төрч хүний хувьд одоогийн улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгөхөөр байна.
Монголын улс төрийн нөхцөл яг 30 жилийн өмнөх шиг үймээнтэй, тайван бус нөхцөлд байна. 30 жилийн өмнө иргэд Монгол улсын үндэсний эрх чөлөө, иргэдийн эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл байлаа. Өнөөдөр харин газрын доорх баялагт хэн эзэн суух вэ гэдгийн төлөөх дайн, тэмцэл ил талд өрнөж байна. Энэ дайн, тэмцлээ иргэдэд газрын баялгийг үнэгүй эзэмшүүлэх, иргэдэд хайртай, тэдний сайн сайхны төлөө тэмцэж буй гэсэн багаар халхалж байгааг иргэд зөвөөр ухаарч ойлгоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлье.

Ярилцсанд баярлалааскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна