ЗАР
Ногоон хѳгжил-Эрүүл хүнс
Хүн амыг экологийн цэвэр хүнсний ногоогоор хангах, говь нутагтаа ногоон хөгжлийг бүтээхэд тариаланчид ногоочдын үүрэг оролцоо туйлын чухал. Хүнсний аюулгүй байдал асар ихээр хөндөгдөж байгаа энэ нийгэмд эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн хамгийн их үнэ цэнэтэй. Энэ л үнэ цэнэтэй баялгийг говь нутагтаа бүтээлцэж яваа хүмүүс бол газар тариалан эрхлэгчид, хүнсний ногоо тариалагчид юм. Өмнөговь аймгийн хэмжээнд ногоон хөгжлийг бүтээлцэж яваа хөдөлмөрч тариаланчид олон бий.
Даланзадгад хотын зүүн хойд тал Хаяагийн гол, Өнчийн зоо хавиар мод тарьж, газар тариалан эрхэлж, говь нутгийнхаа цөлжилтийг бууруулах, аймгийнхаа хүн амыг хүнсний эрүүл ногоогоор хангах үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа олон тариаланчид байдаг. Даланзадгадын ойчид Хаяагийн голд 100 гаруй га талбайн 40 гаруйд нь мод бут, жимс жимсгэнийг тариалж байна. Агаарын бохирдлыг цэвэршүүлэх, тоосжилтыг багасгахад мод тарих нь онцгой ач холбогдолтой. Газар тариалан эрхлэгч иргэд ойн зурвас байгуулахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд жимс жимсгэнийн модыг түлхүү тариалах болжээ. Алим, интоор, чавга, чацаргана, үхрийн нүд зэрэг жимсийг говийн хөрсөнд тариалж ургац авч өрхийн хэрэглээгээ хангаад зогсохгүй захиалгаар худалдаалдаг байна.
Хаяагийн гол, Өнчийн зоо хавиар мод тарихын зэрэгцээ хүлэмж байгуулж, хүнсний ногоо тариалдаг олон айл өрхүүд байна. Чацарганы суулгацыг тариалж, туршиж, туршлагажсаар. Өргөстэй болон өргөсгүй соортуудыг сонгон тариалдаг болж. Намар чацарганаа хурааж Үдийн цайн хөтөлбөрт ч нийлүүлдэг тариаланчид байна.
Говийн хөрсөнд алим, интоор, чацаргана, чавга зэрэг жимсний мод тариалж үр жимсийг нь аваад эхэлчихжээ. Мөн цөлжилтийг бууруулахаар шар хуайс, улиас, хайлаас зэрэг мод тарихын зэрэгцээ гоёлын ховор моднуудыг нутагшуулан тариалдаг.
Нутгийн хөрсөнд ургасан ямар ч химийн бордоогүй цэвэр хүнсний ногоогоо Өмнөговийн ард иргэд нөөцөлж, даршилж өвлийн бэлтгэлээ базааж байна.
Даланзадгадын зүүн хойд талаар газар тариалан эрхэлж, ойн зурвас байгуулан мод тарьж байгаа иргэдэд тог цахилгааны асуудал тулгамдсан асуудал байдаг. Модоо услахдаа 7 хоногт 20 литр бензин зарцуулах нь энүүхэнд асуудал. Эдгээр тариаланчид тог цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг орон нутагт хүсдэг ч төдийлөн ажил хэрэг болохгүй байгаа тухай ярьж байна.
Далангийн ногооны талбайд 200 гаруй ногоочид зундаа хүнсний ногоо тариалж намрын налгар өдрүүдэд шинэ ургацаа авч дэлгүүр лангуунууд Далангийн ногоогоор дүүрэн. Далангийн ногоочдод усны асуудал хамгийн их тулгамддаг ч энэ талбайг түшиглэн олон айл өрх хүнсний ногоо тариалж намрын налгар өдрүүдэд ургац хураалтаа эхлүүлжээ.
Говийн ногоочид сүүлийн жилүүдэд сармисыг түлхүү тариалж байна. Говьд ургуулсан сармис хангайн аймгуудад эрэлт ихтэй байдаг байна. 1кг сармисыг 25000 төгрөгөөр зах зээлд худалдаалдаг гэнэ.
Амт, чанар сайтай улаан лооль, өргөст хэмх, сонгино, сармис, манжингаа далангийн ногоочид хураагаад зах зээлд аль хэдийнээ борлуулаад эхэлсэн. Энэ жил аймагт бороо хур багатайгаас ургацын гарцад багагүй нөлөөлжээ. Гэсэн хэдий ч ногоочдын бүтэн зуны хөдөлмөрийн үр шимээр бий болсон химийн ямар ч бордоогүй, цэвэр ногоон хүнс хэрэглэгчиддээ хүрсээр. Хашаандаа хүлэмжид ногоо тариалж гэр бүлийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа олон айл байдаг. Эрүүл ногоогоо хүнсэндээ хэрэглэж, өвлийн хэрэгцээгээ ханган илүү гарсныг нь зах зээлд гаргаж борлуулдаг үлгэр жишээ айлууд олон.
Худалдааны төвүүд болон гадаа талбайд ногоочид ургацынхаа дээжийг түмэн олондоо түгээж эхэлжээ. Булганы помидор, шинэ ургацаас гадна Манлай сумын шийгуа, амтат шийгуанууд худалдаалагдаж байна.
Орон нутгийн зүгээс ѳвлийн хүлэмж байгуулах ажлыг цогцоор нь хийвэл Ѳмнѳговьчууд шинэ ургацын ногоог ѳдѳр бүр хэрэглэх боломж байна.Тариалсан ногоогоо эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд худалдаалж, үйлдвэрлэлийг дэмжиж брэнд бүтээгдэхүүн бий болгох ч боломж бий.
Мѳн Далангийн услалтын системийг дуслын системд шилжүүлвэл ургацын гарцад их нѳлѳѳлѳх, усны гачигдлаас сэргийлэх зэрэг олон ач холбргдолтой. Говийн хөрсөнд тариалсан ургамал ногоо бүхэн шимээ өгч, ажилсаг хөдөлмөрч ард түмний гараар тарьсан бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай.