ЗАР
УЛСЫНХАА ХУУЛЬ ДҮРМИЙГ ЧАНАД МѲРДДѲГ ХЯТДУУД
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерѳнхий консулын газраас зохион байгуулсан Консулын тойргийн аймгуудын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамруулсан аяллыг саяхан зохион байгууллаа. Бээжин-ЧанШа хотын хөгжил, өнгө үзэмж, ногоон байгууламж, зарим томоохон үйлдвэрүүдтэй танилцсан уг аялалд Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Замын-Үүдийн хэвлэлийн ажилтан, сэтгүүлч, хэлмэрчийн нийлсэн 13 хүн оролцсон юм.
Бээжин хот.
25 сая хүнтэй. 6 сая машинтай. Бөмбөрцгийн хамгийн олон хүнтэй Хятад улсын нийслэл. Нэлхийсэн бүгчим агаар, онгоцны буудлаас угтсан ч олон сая хүний амьдрах таатай орчин, нийгмийн харилцааг бий болгоход жинтэй бодлого барьдаг нь авто зам, явган хүний зам, барилга байгууламж, үйлчилгээний газруудаас илт мэдрэгдэнэ. Манай улсын нийт хүн амыг 4,2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүн амтай Бээжин хотын иргэд соёл, улсынхаа хууль дүрмийг чандлан сахидаг нь илт.
Зам, талбай, цэцэрлэгт хүрээлэнг дагуулж мод олноор тарьсан нь хотын өнгө үзэмжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах гол эх үүсвэр болжээ.
20 жилийн өмнөөс Бээжин хот салхи ихтэй, түүнийг дагасан шороон шуурга гардаг байсныг зогсоохын тулд удирдлагууд нь мод тарих хөдөлгөөн өрнүүлсээр өнөөг хүртэл тус хот их хэмжээний ногоон байгууламжтай болжээ.
Тарьсан модоо ургуулж, арчлах, олон модтой болох бодлого нь өвөрмөц. Жил бүр хувийн хэвшлийн компаниудын дунд тендер зарлаж, тодорхой тооны мод тарьж эхний 2 жил амжилттай ургуулах үүрэг өгнө. Дээрх хугацаанд амьдарч чадсан нэг модыг Засгийн газар нь гурван модны үнээр худалдаж авдаг. Урд хөршийн ногоон байгууламжийн нууц нь энэ бололтой.
The summer place de буюу И хэ юань нэртэй хятадын хаад амарч алжаалаа тайлдаг байсан цэцэрлэгт хүрээлэн Бээжин хотыг зорьсон Дотоод гадаадын жуулчдын заавал очдог газрын нэг. Олон зуун жилийн өмнөх хаад, хатдынхаа хамт энэ газарт ирж амардаг байсан цэцэрлэгт хүрээлэнг жуулчдад зориулан тохижуулж, засварласан нь эдийн засагтаа багагүй хэмжээний төсөв хуримтлуулдаг ажээ. Нэгэн томоохон нуурыг тойрсон цэцэрлэгт хүрээлэн дотор үзэж харах зүйл барагдашгүй. Чулуугаар тойруулан хашсан загастай жижиг цөөрөм, зүлгийг ногооруулж модоор тойруулан тарьсан хашаануудын хажуугаар домгийн амьтдын дүрс бүхий хөшөө гээд жуулчдын зураг авхуулах бүхий л фоныг бий болгожээ. Мэдээж хятадын үндэсний бэлгэ тэмдгийг илэрхийлсэн бэлэг дурсгалын дэлгүүрүүд үй түмээрээ.
Кун Фу бол эртний хятадын бие хамгаалах урлаг. Одоо ч энэ урлагаар хичээллэдэг олон сая хүн бий. Энэхүү алдартай тулааны урлагийн домгийг харуулсан хөгжимт драмын жүжгийн Бээжингийн Улаан театрт үзэв.
Театрын хөгжим, техник гэрэлтүүлэг, тайз засал, тайзны солигдол, жүжигчдийн чадварыг харахад тэрбум гаруй хүнээс шигшигдсэн уран бүтээлчид яах аргагүй мөн байлаа.
Иргэдийнхээ амьжиргааг хэрхэн сайжруулах тал дээр төрийн бодлого хүчтэй үйлчилдэг тухай урд хөршид сурч, амьдарч байсан олон залуус ярьж байсан.
БНХАУ жилд 60 сая хүнийг ядуурлаас гаргах зорилт тавьдаг гэнэ. Энэ зорилтын үр дүн амжилт авчирч байгааг гурван жилийн дараах Бээжин хотын иргэдийн худалдан авалт, олон нийтийн газруудын үйлчилгээ, өнгө үзэмж бэлээхэн гэрчилнэ лээ.
“Урдах юмаа хийгээд, түүндээ мэргэшээд явж болдог нийгэмд амьдрах сан. Бидэнд дахиад улстөрчид хэрэггүй, Сайн мэргэжилтнүүд л хэрэгтэй” гэж нэгэн жиргээч цахим ертөнцөд оруулсан байр суурь энд утгаараа хэрэгждэг шиг санагдав. Тэд зөвхөн өмнөх ажлаа л сайн хийж, улам мэргэшин чадваржиж буйг Кун Фу-ийн домог жүжгийг амилуулсан хятадын уран бүтээлчид харуулчхав.
Аль ч газрын ажилчид нь ийм аж. Тэд өмнөхөө л яс хийнэ. Магадгүй энэ нь хятадын хурдацтай хөгжлийн нэг хөшүүрэг ч байж магад.
Олон зуун сая иргэдийнхээ амьдрах хамгийн таатай нийгмийг бий болгох бодлого боловсруулдаг нь БНХАУ-ын ѳдрѳѳс ѳдѳрт хүчирхэгжсээр буйн гол хѳшүүрэг гэмээр.
Тиэн Ан Мэн-ы талбай
Тиэн Ан Мэны талбай, Хориотой хотыг Бээжинд очсон хүн бүр үздэг. Ийшээ аялал жуулчлалын үеэр өдөр бүр нэг сая хүн зорьж очдог гэнэ. Талбайг үзэхээр очсон хүн бүр аяллын багт багтаагүй л бол биеийн байцаалтаа заавал шалгуулж орно. Тэр дараалал өдөр бүр уртаас урт үргэлжилж харагдсан.
Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Ирэх намар түүхт ойгоо тэмдэглэх хятадчууд их удирдагчийнхаа талбайг засварлаж, ёслолын буудлагын бэлтгэлээ базааж, үе үе нүргэлсэн их чимээ Бээжингийн төвд сонсогдоно.
Тиэн АнмМнн-ы талбайн хажууд Хориотой хот бий. Энэ хотыг 14 жилийн турш барьжээ. Эртний хятадын хаад, хатад энд амьдарч, улсын хэргийг захирч байсан түүхтэй. Хориотой хот руу орох урсгал нэг. Асар том газрыг хамарсан энэ хот 8 өргөө, 4 ордон, мөн баруун, зүүн талдаа тус бүр 6 ордон нэг том цэцэрлэгтэй. Энэ хотын асар том хашаан дотроос гарахгүй амьдарч болох тийм орчин, тааламжит нөхцөл бүрдүүлжээ.
Дээрх газруудаар явж байгаа жуулчид хог хаях нь эрс бага. Хэд алхаад л хогийн сав байрлуулсан харагдана. Зарим жижиг хогийг тусгай тэрэгтэй хүн жуулчдын дундуур явж, зориулалтын хавчаараар уйгагүй түүж харагдана.
Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн.
Бээжингийн зуны 29-р олимпын наадамд зориулан барьсан Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн 25 мянган га газрыг хамран сүндэрлэжээ. Шувууны үүр мэт хэлбэртэй харагдаг учраас ийн нэрлэгдсэн. 91 мянган суудалтай баригдсан уг байгууламжийн суудлыг олимпын наадам дууссаны дараа 80 мянга болгож, 11 мянган суудлыг авсан гэнэ. Бээжинд ирсэн жуулчдын сонирхох дуртай байгууламж. Асар том орон зай бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн дотор хоёр том дэлгэц байрлуулж, 29-р олимпын видео мэдээлэл гарна.
Гадна талд нь Бээжингийн олимпод медаль авсан бүх тамирчдын нэрсийг чулуун самбар дээр сийлжээ. Цэнгэлдэхийн эргэн тойрон мөн л ногоон байгууламжаар хучигдсан нь хотын тохижилтод мод сөөг, ямар чухал болохыг илтгэнэ. Тэр хавийн зам талбай дээд зэргийн тохилог илүү чанартайгаар баригдсан мэт.
Шувууны Үүр цэнгэлдэх хүрээлэн баригдсан газарт урьд нь иргэдийн хороолол байсан гэнэ. Эх оронд нь зуны олимп болохыг тохиолдуулан хятадын Засгийн газар оршин суугчдад багагүй хэмжээний мөнгө төлж газрыг чөлөөлснөөр асар том цэнгэлдэх хүрээлэнг босгосон байна.
Хятадын орчин үеийн архитектурын гайхамшиг хэмээгдэж буй энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн загвар дэлхийн өнцөг булан бүрийн архитекторуудын нүдийг булаасаар буй. Онцгой загвартай болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг.
Цэнгэлдэх хүрээлэн хоёр гол байгууламжаас тогтсон бөгөөд үзэгчдийн талбай нь асар том аяга хэлбэртэй, ган хүрээгээр шувууны үүр мэт бүрхсэн аж.
Шувууны Үүр цэнгэлдэх хүрээлэнг барихад дэлхийн бетон үйлдвэрлэлийн 54,7 хувь, гангын үйлдвэрлэлийн 36,1 хувийг ашигласан гэдэг тооцоо бий.
Энэ утгаараа уг цэнгэлдэх хүрээлэн Зууны Шилдэг бүтээн байгуулалтыг тэргүүлсээр байгаа билээ.
SANY групп
Барилга, уул уурхайн машин механизм үйлдвэрлэгч SANY групп БНХАУ-ад нэгдүгээрт, дэлхийд эхний 5-д бичигддэг. Тус компани 1989 онд байгуулагджээ. Уул уурхайд ашигладаг бүх төрлийн машин механизм үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг уг групп хятаддаа 27 үйлдвэртэй. Дэлхийн 50 улс дахь төлөөлөгчийн газраар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг.Тус групп өнгөрсөн онд 80 тэрбум юанын ашигтай ажилласан бол энэ оны хагас жилийн байдлаар борлуулалт нь 60 орчим хувиар даваад байгаа ажээ.
2011 онд SANY групп Форбес сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн их хөрөнгөтэй, баян чинээлэг компаниудын жагсаалтыг тэргүүлжээ.
Бээжин, Шанхай хотын өндөр барилгууд болон дэлхийн хамгийн өндөр барилга Дубай хот дахь Бурж Халиба-г барихад SANY группийнмеханизмыг ашигласан тухай группийн танилцуулгад бичигдсэн байв.
Бээжин хотод тус группийн барьсан SANY-ийн гудам байдаг. Хятадын аль нэг хотоос гараагаа эхэлж, амжилттай яваа бизнесийн салбарынхан тухайн хотдоо компанийнхаа нэрэмжит гудамжийг барьдаг уламжлалтай юм байна.
SANY группын ЧанШа хот дахь үйлдвэртэй нь бид танилцсан юм.
Чанша хот.
Хятадын HUNAN мужийн нийслэл. Бээжин хотоос 1480 километрт оршдог. 7,5 сая хүн амтай, хятадын өмнөд хэсэгт оршдог халуун уур амьсгалтай бүс нутаг.
Эндэхийн амьжиргааны түвшин нэлээд өндөр. Халуун ногоог их хэмжээгээр хэрэглэж байж, зуны улирлын жирийн үед +38 градус давж халдаг халууныг тэсвэрлэдэг.
Энэ мужид хятадын удирдагч Мао Зэ Дуны асар том чулуун хөшөө бий. Учир нь тэрээр энд төрж өсжээ. Тиймээс Чанша хотынхон Мао Зэ Дунаар бахархаж, хотынхоо нэрийн хуудсыг болгожээ. Мао Зэ Дун өмхий дүүпүүнд дуртай байсан учир энэ хотынхон уг дүүпүүтэй хоолыг нутгийн брэнд хоол болгосон аж.
Чанша хот дахь Жүржин арал дээр хятадын агуу удирдагчийн дээрх хөшөө бий. Энэ арал дээр жүрж тариалдаг, түүнчлэн арлын хэлбэр жүржтэй төстэй учраас ингэж нэрлэсэн гэнэ.
Арлын хэсгийг жуулчдад зориулан ногоон байгууламжаар бүрхүүлж, төрөл бүрийн сарнай цэцгийн хүрээлэнгээр чимсэн харагдана. Энэ арлын болон хятадын хотуудын ногоон байгууламжууд байнгын усалгаатай.Тарьсан модод, цэцэрлэг дундаа тойргоор цацаж усалдаг усалгааны төхөөрөмж суурилуулж, тодорхой хугацаа тутамд төхөөрөмжөөс ус олгойдон эргэн тойрны модоо усалдаг автомат системтэй.
Аяллын төгсгөлд бид ЧанШа хотын номын хүрээлэнтэй танилцсан. Номын хүрээлэнгийн орчныг ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л боломжоор хангасан зам, талбай, сандал, чулуун ширээ, цөөрмөөр тохижуулсан байлаа. Энэ хүрээлэнд 1000 жилийн настай томоос том мод ч бий. ЧанШа хотод үзвэл зохих гол газруудын нэг.
Ийнхүү агуу түүхт хятад орноор хийсэн аяллын тэмдэглэлээ өндөрлөж байна.
Аялалд хамрагдах боломж олгосон БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерѳнхий консулын газар, Сүхбаатар аймгийн ЗДТГ-т талархал илэрхийлье.
Д.УЛААНАА