📅

ХЭҮК-ын тайланд Өмнөговь аймгийн Малын ба ундны усны хүрэлцээнд тулгарч байгаа асуудлыг хөнджээ

🕔 2020/09/03 15:33 517

Өмнөговь аймагт 2008 оноос хойш хийгдсэн хэд хэдэн судалгаагаар уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 оноос одоогийн тогтоосон газрын доорх их гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл байгааг тооцоолсон байдаг. Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Өмнөговь аймагт Малын ба ундны усны хүрэлцээний талаар гаргасан үнэлгээг дурдвал: Энэ бүс нутагт хамгийн их ус ашиглаж буй Энержи Ресурс компанийн Нүүрс угаах үйлдвэрийн газрын доорх ус ашиглалт, түүний орчмын усны хүртээмжид үзүүлж буй нөлөөллийн талаарх мэдээлэл дутмаг байгааг онцолжээ.Түүнчлэн ухсан хонхор, нүх, овоолго, олборлолт зэрэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас Улаан нуурын орчим 22 сайрын 10 сайрын ус хурах талбай эвдрэлд өртөж, Цанхийн уурхайн хөрсний овоолго Улаан нуурын уурхайн талаас ирэх тэжээгдлийн урсцыг хааж шууд нөлөөлсөн гэж үнэлжээ.

Эрдэнэс Тавантолгой компани нөлөөллийн бүс дэх малчдын худгийн усны түвшин, усны чанарын хяналт шинжилгээ хийдэг боловч хэмжилт хийх тогтсон цаг байдаггүй, иргэдийн оролцоо байхгүй, иргэдэд эргэж мэдээлэл өгдөггүйг тайланд дурджээ.

Түүнчлэн Тавантолгойн бүлэг ордын орчимд нутаглаж буй малчдын хувьд худгийн ус нь малаа бүрэн услахад хүрэлцэхгүй шавхардаг, ус нь дундарч ширгэсэн учраас шинээр худаг гаргах хэрэгтэй болдог, худаг шавхарч ус хүрэлцэхгүй байгаа Баруун Нарангийн уурхайн гүний худгаас малаа услах шаардлагатай болдог зэрэг бэрхшээлүүдийг дурджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Өмнөговь аймгийн зүүн бүсийн ихэнх сумдын хувьд худгийн тоо нэмэгдсэн бол Цогтцэций сумын хэмжээнд малчдын худгийн тоо сүүлийн жилүүдэд огцом буурсан байна. Малчдын энгийн уурхайн худгууд 2012 онд 160 орчим байсан бол энэ тоо улам багассаар байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журамд заасны дагуу Тавантолгойн бүлэг уурхайнуудын төлж буй ус ашигласны төлбөрийн зохих хэсэг зориулалтын дагуу буюу Тавантолгойн уурхайн нөлөөллийн бүс нутагт хийгдсэн ажил, цаашдын төлөвлөлтийн талаарх ил тод мэдээлэл алга байгааг онцгойлон анхаарах шаардлагатайг тайланд хавсаргажээ.

Тиймээс цаашид анхаарч, авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргаж аймаг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна