📅

ТЭМЭЭН СОЁЛ УРАЛДААНЫ ХОЛБОО ДЭЛХИЙД ТЭМЭЭДЭЭ СУРТАЛЧИЛНА

🕔 2020/05/01 20:47 693

Өмнөговь аймаг нь Монгол улсад төдийгүй Дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг юм.
Манай аймгаас тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, Хүүхэний Гомбосүрэн, Далайн Хамар нарын МУ-ын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, хойч үе бидэндээ бахархан дуурсагдаж байна. Мөн Хүрмэн сумын тэмээчин Монгол улсын гавьяат малчин Гаажидын Бүд гуай түмэн олонтойгоо 1000 тэмээний баяраа тэмдэглэж, улс даяар алдар нэрээ цуурайтуулсан билээ.
Өмнөговь аймгаас хөдөө аж ахуйн салбарын олон арван шилдэг эрдэмтэн судлаачид төрөн гарснаас тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулж, үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Дэлхий дээрх нийт тэмээний 90 хувийг ганц бөхт, 10-хан хувийг хос бөх тэмээ эзэлдэг. Тэгвэл ховорт тооцогдох хос бөхт тэмээний цөм нь Монгол улс юм. Монгол улс 1950-аад онд хамгийн олон буюу 900 мянган тэмээтэй байв. Гэвч 1990 оноос тэмээний тоо толгой эрчимтэй хорогдсоор 2005 онд 254.2 мянга болтол цөөрсөн байв.
Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар ирсэн. Өмнөговь аймгийн "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-ны тэргүүн Х.Түмэндэлгэр хэсэг нөхдийн хамтаар 1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь, улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент болж чаджээ.
Эдгээр уралдаан тэмцээнийг гадаадын олон жуулчид зорин ирж үзэхээс гадна дэлхийн хэмжээний томоохон агентлагууд сурвалжилдаг болсон нь аялал жуулчлалын хөгжилд төдийгүй эх орноо дэлхийд таниулахад томоохон хувь нэмрээ оруулж байна.
Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа "Тэмээ хамгаалах сан"-г байгуулж, Өмнөговь аймгийн тэмээчдийнхээ бойжуулсан ботго бүрт мөнгөн урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь малчдын дунд "Ботгоны мөнгө" хэмээн алдаршиж, тэмээний тоо толгойн өсөлтөнд бодитой хувь нэмрээ оруулсан билээ. Улс даяараа тэмээ хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, тэмээчдийг алдаршуулах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, харилцан туршлагаа солилцон, идэвхтэй ажилласаны үр дүнд жил ирэх бүр тэмээн сүрэг маань өссөөр 2018 оны жилийн эцсийн тооллогоор 459.7 мянгад хүрлээ.
Өмнөговь аймаг 152.3 мянган тэмээгээр улсдаа тэргүүлж байна.
2015 онд нэг ижил зорилго бүхий "Тэмээ хамгаалах сан" болон "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-нууд нэгдэж, "Тэмээн соёл уралдааны холбоо"-г үүсгэн байгуулсан билээ. Холбооны тэргүүнээр Р.Сэддорж, гүйцэтгэх захирлаар Н.Ариунсанаа нар ажиллаж байна. Тус холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн хоёр бөхт тэмээгээ дэлхийд сурталчлах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. 2015 онд Монгол улсын Засгийн газар "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь тэмээн соёлыг дэлхийд таниулах томоохон ажил болжээ.
2016 онд Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бүртгүүлэв.
Мөн тус холбооны Тэргүүн Р.Сэддорж дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцсоноор Монгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон Улсын Тэмээн Уралдааны Холбоог үүсгэн байгуулагч орны нэг болсон байна.
Дэлхий дээрх нэг бөхт болон хоёр бөхт тэмээг хамгаалах холбоодын эгнээнд Монгол улсаа нэгтгэж чадсан нь тус холбооны хамт олны түүхэн бахархалт амжилт юм.
Өвөг дээдсийн минь мах, сүү, ноос, арьс ширийг нь амьдрал ахуйдаа хэрэглэж, уналга эдэлгээний зориулалтаар адгуулан өсгөдөг байсан хоёр бөхт тэмээ маань өнөөдөр спорт, аялал жуулчлалын салбарынхны анхаарлыг татан, дэлхийд гайхагдаж эхэлсэн нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ.
2019 оны 12-р сарын 14, 15-ны өдрүүдэд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан" өмнийн цэнхэр говь нутагт анх удаа зохион байгуулагдав. Даланзадгад суманд зохин байгуулагдсан тус уралдаанд тэмээгээрээ алдартай говийн аймгуудаас гадна алс баруун Завхан, тэртээх зүүн хязгаарын Дорнод зэрэг 8 аймгийн тэмээчид 400 орчим шилмэл тэмээтэйгээ ирж оролцсон билээ. Улсын аварга шалгаруулах уралдааны үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 120 гаруй тэмээчид туршлагаа солилцов.
2020 оны 1 сарын 2-18-ны өдрүүдэд Сауди арабын нийслэл Рияд хотноо болсон Олон улсын тэмээн холбооны салбар холбоо болох Олон Улсын тэмээн полоны холбоог үүсгэн байгуулах түүхэн хуралд Гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа оролцов.
Саудын араб улс нь 1972 онд 160 мянга гаруй тэмээтэй байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 453 мянга болж өсчээ. Дэлхийд хамгийн олон тэмээтэй улс 2018 оны байдлаар Чад улс 7,7 сая, Сомали улс 7,2 сая тэмээн сүргээр дэлхийд тэргүүлж байна. Африкийн орнууд, араб 1 бөхтэй тэмээтэй бол Монгол, Хятад, Казахстан гэсэн цөөхөн оронд 2 бөхтэй тэмээ байдаг. Ирэх жил Олон улсын тэмээний баярт Монгол улс тэмээн поло болон эмнэг хангал тэмээ сургах гэсэн 2 төрөлд оролцохоор хэлэлцэн баталжээ.
Тэнэгэр говийн тэнхээт хүлэг тэмээн сүргээ хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхийд таниулах, алдаршуулах нөр их үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа "Тэмээн соёл уралдааны холбоо"-ны хамт олон манай сониноор дамжуулан “Их говийн эрдэнэ болсон тэмээн сүрэг маань түм бумаар өсөн үржиж, тэмээчдийн маань алдар суу, сүлд хийморь мөнхөд бадрах болтугай” хэмээн мэндчиллээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна