📅

Ерөөлч С. Мөнхжаргал: Говь нутаг эрт цагаасаа л алдартай ерөөлчдийг төрүүлсэн өлгий нутаг

🕔 2020/04/29 15:46 1 148

Монголын Ерөөлийн үндэс суурь говь нутгаас үүсэлтэй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоох болсон. Эрт үеэс уламжлагдан  ирсэн аман Ерөөл эдүгээ цагт улам баяжигдан түмэн олондоо хүрсээр байна. Өмнөговь аймагтаа төдийгүй улсдаа цэцэн цэлмэг үг, ерөөлөөрөө алдаршсан хүн бол Монгол улсын Тэргүүн зэргийн өргөмжлөлт ерөөлч, МУСТА Сугирын Мөнхжаргал гуай юм.

С. Мөнхжаргал гуай ирээдүй хойч үе залуусыг Монголын уламжлалт Ерөөлөөс суралцахыг уриалга болгож байна.


-Ерөөлийг говь нутгаас үүсэлтэй гэж эрдэмтэн судлаачид их ярьдаг. Тиймээс олон алдартай ерөөлчид төрсөн байх?

-Монголчууд үгийн арвин их сантай. Энэ сан хөмрөгийг өвлөн авч, цэцлэн хэлж ирсэн дээр үеийн ахмад ерөөлч, магтаалч, суу билэгт авьяастнууд олон байсан. Ерөөлийн ихэнх төрөл нь манай говь нутаг талдаа байдаг. Өмнөговь аймаг нь Төрийн хан хуурч МУАЖ Ц. Цэрэндорж гуай,  МУ-ын анхны Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Оргой гуай, цэцэн Банзрагч гээд алдартай ерөөлчид төрүүлсэн өлгий нутаг. Энэ сайхан өв соёлыг тасалдуулж болохгүй. Өмнөговь аймгийн ард түмэнд үлдсэн том ген юм. Хэдэн үеэрээ өвлөгдөн хөгжүүлээд үүгээрээ улс дэлхийдээ гайхагдаад явж байгаа. Монгол улс сүүлийн үед өв соёл, ёс заншлаа их эрхэмлэж байгаа нь бахархалтай санагдаж байна.

-Ерөөл хэлж буй хүний эрхэмлэх зүйл юу вэ?

-Монгол ерөөлч хүн нэн тэргүүнд өөрийн ариун цэврийг маш сайн сахисан байх ёстой. Үс гэзэг, гар хуруугаа угааж, хумсаа авч, хувцсаа цэвэрхэн өмсөж хүндэтгэлтэй хандаж байх шаардлагатай. Дараа нь хадаг барих ёсыг эрхэмлэх ёстой. Ерөөлчид аягатай сүү, хадаг зүүн гар дээр ирдэг. Ирсэн сүү, хадгийг нар зөв тойруулан баруун гар дээрээ тавиад зүүн гар талруу хадагны уртыг унжуулж ерөөлөө хэлдэг. Ерөөлийг хэлэхдээ хадагны амыг нэг хэсэг нимгэн талыг дээд талд нь битүүд нугалагдсан талыг урагш нь харуулдаг. Нэг ёсондоо хадагны ам тухайн айл руу буюу гэрийн эзэн рүү харж байх жишээтэй. Ерөөлч хүн дээл хувцсаа ёс журмынх нь дагуу бүрэн өмссөн байх хэрэгтэй. Дээлийн товчноосоо эхлэн бүрэн товчилсон байх ёстой. Энэ нь би бүрэн бүтэн хүн гэж өөрийгөө танилцуулж тэр айлыг цаашид бүрэн бүтэн, элбэг дэлбэг, сайн сайхан яваасай гэж бэлэгшээж байгаа утгатай.

-Ерөөл хэлж байгаа хүн цээрлэх зүйл байдаг уу?

-Ерөөл хэлж байгаа хүн хадаг сэгсэрдэггүй. Энэ нь дээр үеэс уламжлагдаж хэдэн үедээ яригдаж  ирсэн соёл. Хадаг сэгсрэх нь хадаг цочоож байна гэж үздэг. Маш буруу. Хадаг барьж байхдаа сэгсрэхгүйгээр гарын эрхий хурууг дарсан байдалтайгаар барьж ерөөл хэлдэг.  

-Ерөөл хэлэх үед зарим нэг анхаарах зүйл байдаг байх?

-Ер нь ерөөл хэлж байгаа хүн хаана ерөөл хэлж байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг.  Найр, тоглолтын тайз, хамт олны дунд зогсоод хэлэх нэг өөр байдаг. Цээжийг урагш тэмүүлсэн маягтай. Үгийг хурдасгах, зөөлрүүлэх, өндөрсгөх зэрэг темпээр ерөөлийн хэлдэг. Ерөөл хэлээд дуусахтай зэрэг “Ерөөл бат сайхан оршиг ээ” гэж хурайлдаг. Зарим ерөөлчид ерөөл хэлчхээд өөрөө хурайлчихдаг. Үүнийг би буруу гэж үздэг. Яагаад гэвэл сайн сайхан явах болтугай гээд ерөөлийн үгс хэлэхтэй зэрэг тэр хүний хэлсэн ерөөлийг тухайн айл тогтоож авах гэж “Ерөөл бат оршиг ээ гэж” хурайлж олон түмэн найрчид тогтоож авах ёстой. Гэтэл өөрөө хурайлчихвал хэлсэн ерөөлөө буцааж өөрөө татаад авчихсан мэт харагдаж байгаа юм. Аман зохиол судлаачид, Шинжлэх ухаанчид, эрдэмтэн докторуудтай энэ талаар ярьж үзэхэд их зөв асуудал гэж дэмждэг. Ерөөл бол шашны зан үйлтэй зайлшгүй холбоотой зүйл. Зарим зан үйл дээр шууд ерөөлөөр эхлүүл гэж хэлдэг юм байна лээ.

-Хүмүүс мэдвэл зохих, уламжлагдаж ирсэн ямар ерөөлүүд байдаг вэ?

Ерөөл бол хүчтэй. Манайд уламжлагдаж ирсэн ерөөлүүд бий. Орчин цагаа дагаж Байшингийн ерөөл сүүлийн үед их хэлэх болсон.  Гүүний үрсний ерөөл, даахь үргээх ёс, шинэ гэрийн ерөөлүүд байна. Говь талдаа Гүүний үрс гаргах ерөөл гэж нутгийн ерөөл байдаг. Энэ 4 ерөөлийг сурах хэрэгтэй.  Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ерөөл. Ерөөлүүдийг зарим хүн хольж хутгах зүйл анзаарагддаг. Жишээ нь: Хуримын ерөөл, Гэрийн ерөөлөөс тусдаа байдаг.

-Ерөөл урт байх нь сайхан уу, Товч тодорхой байх ёстой юу?

-Урт ерөөлийг сайханд тооцдоггүй. Хүмүүсийг залхаадаг. 8 мөрт дотор хэчнээн ч зүйлийг багтааж болдог. Аливаа юмсыг хураангуйлаад багтаагаад явчихдаг. 2019 онд болсон Азийн урлагийн их наадамд Өмнөговь аймаг 9 минутад 17 зан үйлийг багтааж оролцож байсан. Тэгэхэд нэг аймаг 27 минутад нэг л зан үйлийг багтааж үзүүлж байсан. Тиймээс сунжруулах шаардлагагүй. Гол зүйлээ онож ерөөвөл ерөөл сайхан болдог.

-Ерөөлийн хадаг гэж тусдаа байдаг уу?

Хадгийг урт байх нь зүйтэй гэж би боддог. Богино хадаг ерөөл хэлэхэд нөлөөлдөг. Ялангуяа тайзан дээр гараад ерөөл хэлэхэд хадгандаа баригдаад цээжээ хавчаад байдаг. Том хадагтай бол сунагар тэнгэр зогсож ерөөлөө хэлдэг. Тиймээс цээж тавиу, хүн өөрийгөө бариад байдаггүй. 2019 оноос хадгийг уртасгах талаас зорьж ажиллаж хүмүүст хэлж ярьж явдаг. Одоо харин 5м-ийн хадагтай хүн манай аймагт нэлээд хэд болсон байна лээ. Ерөөлч магтаалчдын улсын уралдаан Өмнөговь аймагт зохиогдоход ганц манай аймаг төдийгүй Монгол улсын шилдэг ерөөлч магтаалчид ирж оролцсон. Энэ уралдааны Тэргүүн байранд орсон хүмүүс 5м-ын урттай хадгаар шагнагдсан. Тэр худгаа бариад ерөөж байгаа нь сайхан санагддаг. Ер нь урт хадаг бариад ерөөж байгаа хүн их сайхан харагддаг даа. Богино хадаг мултарч уначих гээд байдаг. Хадгаа алдахгүйн тулд сэгсрээд байгаа харагддаг.

-Залуу үеийнхэн, ерөөл сонирхдог хүмүүст хандаж юуг захих вэ?

-Монгол уламжлалт ерөөлөө хүн бүр уншиж судалж цээжилж байгаасай. Ялангуяа хүүхэд залуучууд энэ сайхан уламжлалаа хадгалж яваасай гэж боддог доо.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна