📅

Галбын гурван хийдийн соёлын үнэт өвийг сэргээн, хамгаалсаар...

🕔 2020/04/07 11:29 1 183
Галбын говийн Дэмчог, Эрээт, Цагаан толгойн гурван хийдийг Говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж байжээ. Газрын дээдийг сонгон бүтээсэн энэ хийдүүд хатуу цагийн шуурганд шавхуурдуулж, түймэрдэн шатаагдаж, эвдэн сүйтгэгдсэн хэдий ч балгас туурь нь домог сэрээж, түүх өгүүлэн оршсоор байна. Нутгийн иргэд энэхүү хийдүүдээ сэргээн босгох засварлах үйлсэд хөрөнгө хандив босгож, аялагч жуулчид, мөргөлчдийн сүслэн залбирдаг ариун дагшин газраа хайрлан хамгаалсаар. Түүхэн бүтээлүүд эргэж сэргэхдээ ямар их хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэл, цаг хугацаа хөрөнгө мөнгөөр бий болдгийг чандмань эрдэнэ мэт орших 3 хийдийн энэ цагийн түүх харуулсаар байна.

Соёлын үнэт ѳв дурсгалаа орон нутаг, нутгийн иргэд хамгаалж, сэргээх ажлуудыг үе шаттай хийсээр байна.
Тухайлбал: -2003 онд Оюутолгой төслөөс 108000 ам доллар шийдвэрлэсний дагуу Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Пүрэвбат Дэмчогийн хийдийн голын өндөр суваргыг бүтээжээ.
-2008 онд Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д. Бат-Эрдэнэ Дэмчог төсөл санаачлан санхүүжүүлж Чойнхор чодин буюу Номын хүрд эргүүлсний их суварга, Лхавчодин буюу Тийн ялсны их суваргыг, Ханбогд сумын Уужим-Од компанийн захирал Б. Эрдэнэ-Очир Намжил чодин буюу Тийн ялсны их суваргыг, Ханбогд сумын бизнесмен Х. Эрдэнэбилэг Ёндон чодин буюу Эв эеийн их суваргыг, Ханбогд сумын бизнесмен Н. Амарбаясгалан Нянда чодин буюу Гаслангаас нөхөцсөний их суваргыг, Ханбогд сумын бизнесмен Т. Насан-Иш Бадамбумбын чодин буюу Лянхуа цэцэг цогцолсны их суваргыг, Ханбогд сумын малчин Г. Мягмар Жанчив чодин буюу Бодь их цагаан суваргыг, Ханбогд сумын бизнесмен МУ-ын мэргэн М. Дэлгэрсүрэн Чоймборол чодин буюу Рид хувилгааны их цагаан суваргыг бүтээн босгожээ.
-2009 онд Ажнай корпорацийн ерөнхийлөгч Д. Бат-Эрдэнэ ээжтэй бүхэн мөргөн залбирч, эхийнхээ өмнө хийсэн алдаа бүхнээ наманчилдаг Хажидын их цагаан суваргыг бүтээлгэн Бадамлянхуа цэцгийн дэлбээг сэлбэн өндөрлүүлж урлуулсан байна. Мөн 2011 оны Намрын адаг сарын 22-нд Дэмчогийн хийдэд ахмадуудыг урин ирүүлж анхны Дэмчогийн чого буяны хурлыг хийжээ. Түүнчлэн 2011 онд Дэмчог бурхныг Дээд амгалант буюу Дэмчогийн хийдийн дугантай нь бүтээн босгож анхны аравнай өргөв. Дэмчогийн хийдээ сэргээн босгосны энэхүү нээлтэд ахмадууд, хол ойрын мөргөлчид 5000 гаруй хүн зон ирж оролцсон нь Галбын гурван хийдэд анхны олон мөргөлчид цугларсан түүх байлаа.
Соёлын ѳвийг хамгаалан хадгалж авч үлдэж гэмээнэ он цаг улиран одохын хэрээр үнэ цэнэ нь улам тодорч байдаг.Тиймээс байгалийн нар салхи, хур бороонд аандаа элэгдэж байгаа үнэт ѳв дурсгалуудад хамгаалалт хийх асуудал хамгийн чухал. 2012 онд Ажнай корпорациас олон жилийн хур борооны усанд урсаж намссан Дэмчогийн хийдийн үүд, халаалтын хоёр янданг хамгаалж Шилэн вакуум хамгаалалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж соёлын үнэт өвийг олон улсын хамгаалалтын жишгээр хамгаалжээ.

2013 онд Дэмчог бурхны дэргэд байдаг Язгуурын таван бурхныг, ноён хутагтын хамт Зэндмэнэ суварга компанийн урчуудаар бүтээлгэж Дэмчогийн дуган доторх бурхдаа зургаагаар нэмсэн юм.2015 онд Ажнай корпорациас Бурхан багшийг 2 шавьтай нь босоо байдлаар зэсээр урлан алтдуулан бүтээлгэж Дэмчог бурхныхаа оройд залжээ.2018 онд мөн Ажнай корпорац, Платинум ланд ХХК, нутгийн иргэдийн хандив хөрөнгөөр Галбын гурван хийдийн нэг болох Эрээтийн хийдэд хаднаас урган өөрөө бүтсэн Цаст Түвдийн орны оройн чимэг, монгол эцгийн хүү Богдзонхавад шинээр дуган барьж байгаль түүхийн хосгүй бүтээлийг хамгаалалтад авчээ.


Ѳнгѳрѳгч онд соёлын үнэт ѳвийн сэргээн босголтын ажлууд ч ѳрнѳсѳн юм. 2019 онд Намтар дуулах дацан хэмээх задгай театр шинээр баригдлаа. Эдүгээгээс 100 жилийн өмнө 7-р ноён хутагт Агваанлувсандамбийжанцан Намтар дуулах дацан буюу Задгай театрын барилгыг бариулж, 1920 онд Равжаа хутагтын Саран хөхөө намтрыг 16 хоног тоглуулж байжээ. Энэ ариун дагшин газрын 100 жилийн ой, Өмнөговь аймгийн Соёлыг дэмжих жил, Ханбогд сумын 95 жилийн ойгоор театрыг сэргээн босгож, барих үйлсэд Ажнай корпорац анхны санхүүжилтийг олгож нутгийн иргэд, компани, бизнесменүүдийн сэтгэлийн өглөгөөр бүтээн босгожээ.


Түүнчлэн Галбын гурван хийдийнхээ түүх соёлыг хамгаалах, үр хойчдоо өвлүүлж, аялал жуулчлал хөгжих бүхий л боломжийг бүрдүүлэхээр 16 жилийн туршид сэргээн босгох үйлсийг дэг жаягийн дагуу, домог түүхийг улбаалж цогцлоосоор байгаа эрхэм хүн бол Ханбогд сумын даргаар олон жил ажиллаж ирсэн Д. Буянтогтох гуай юм.

Задгай театр баригдсанаар Галбын гурван хийдэд тус бүр нэг барилга сэргээн босч байгаа юм. Өмнөговьчууд соёлын үнэт өвөө сэргээн хамгаалж, эх байгалиа аргадан шүтэж, эгэлгүй түүхээрээ бахархсаар байна. Ийнхүү Галбын говийн гурван хийдийн түүх цадиг тодрохын хэрээр байгалийн хүч, эрчим энерги нэмэгдэж уул ус сэргэн, уламжлал соёл түгэн дэлгэрсээр байна.

ХҮНИЙ ИД ШИДЭЭС ГАЗРЫН ИД ШИД НЬ НОЁЛСОН
ХҮН ШИДТЭЙ ТӨРӨХ ХЭРЭГГҮЙ ЭНД ИРЭЭД Л ШИДИЙГ ОЛЖ БОЛОХ ГАЗАР
ГАЗРЫН ХӨРСӨН ДЭЭРЭЭ БАЙХГҮЙ ЭМИЙН УРГАМАЛГҮЙ
ГАЗРЫН ХӨРСӨН ДООРОО БАЙХГҮЙ ЭРДЭНЭСГҮЙ ҮНЭХЭЭР ДАГШИН ОРОН... гэж хутагтын айлдсан ерөөлийн хүч Дэмчогийн хийдийг зорин ирсэн хэн бүхний үйлс, буян заяаг тэтгэх болтугай.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна