📅

Д. Чандмань: Газрын доорх усыг уул уурхайд маш ихээр буюу жилдээ 20 сая шоо метрээр нь ашиглаж байна

🕔 2019/11/07 15:36 1 115

Говьд хамгийн үнэ цэнэтэй зүйл ус. Өмнийн говьд уул уурхай эрчимжихийн хэрээр усны хомсдолын харанга дэлдсээр. Усны талаар 40 гаруй жил дагнан судалж буй Монгол улсын зөвлөх инженер, доктор, профессор Д. Чандманьтай уул уурхайн ус ашиглалтын талаар ярилцлаа.


-Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудын усны хэрэглээ улам нэмэгдэж байна. Мөн уул уурхайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа хүн амын ундны ус ашиглалт ч нэмэгдсээр л. Говийн уурхайнуудын гүний ус ашиглалтын өнөөгийн байдлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Говийн уурхайнууд бүгд газрын доорх гүний ус ашиглаж байгаа. Зарим нь ерөнхийдөө цэнгэг ус ашигладаг. Тиймээс говийн газрын доорх усыг хэмнэлттэй ашиглуулах асуудлууд ихээр яригдаж байгаа.  Ус уул уурхайн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй.  Нэг тонн нүүрс угаах, баяжуулахад боловсруулах аргаас хамаарч 3.4-4.5 шоо метр, нүүрс шингэрүүлэхэд 10.0 шоо метр, зэс уусган баяжуулахад 3.5 шоо метр, зэс молибден хөвүүлэн баяжуулахад 4.1 шоо метр, алтыг уусган ба угаан баяжуулахад 3.0-4.0 шоо метр, төмрийг нойтон соронзон баяжуулахад 3.4 шоо метр ус тус тус хэрэглэдэг бол цагаан алт ба зэс үйлдвэрлэх төхөөрөмжийг хөргөх зэргээр уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат дамжлага бүрт ус хамгийн их зарцуулагддаг. Түүнчлэн зам болон хаягдал овоолгын тоос шороог дарахад ихээхэн хэмжээний ус зарцуулдаг. Уурхайн захиргаа, ажилчдын хотхоны унд ахуйд болон угаалгын зориулалтаар усыг ашиглахаас гадна цахилгаан, дулаан зэрэг уурхайн дэд бүтцийн байгууламжид усыг ихээхэн хэмжээгээр ашигладаг. Оюутолгой, Энержи ресурс ХХК-иуд сүүлийн үед ашиглаж байгаа усаа 90% орчмыг нь буцаагаад ашиглаж байгаа сайн талтай ч  ус нь хүрэлцэхгүй учраас цаанаасаа нөхөн сэргээлтээр дахиад л авч байдаг.

-Уул уурхайн компаниудын ус ашиглалтыг тоон баримтаар дурдвал нэлээд том тоо гарах байх?

-Тийм ээ, Компани бүрээр тоо баримт байдаг. Өмнийн говийн уул уурхайн бүс нутгуудад ажиллаж байгаа уурхайнуудын хувьд ашигт малтмалын төрөл, ордын хэмжээ, төслийн үе шат зэргээс хамаарч ус ашиглалтын байдал харилцан адилгүй байгаа юм.  Сүүлийн 3 жилийн дундаж гээд харах юм бол “Оюутолгой” ХХК 14,5 сая шоо метр усыг жилд ашигласан гэсэн тоо гарсан. Үйлдвэрийнхээ процессоос хамаарч жил бүр өөр тоо гарч байгаа. Зөвхөн “Энержи ресурс” ХХК  гэхэд 3,3 сая шоометр ус жилд ашиглаж байгаа. Нарийн Сухайтын бүлэг ордууд арай бага ашиглаж байгаа хэдий ч энэ жилээс нэмэгдсэн. “Саус гоби сэндс”, МАК ХХК-дын угаах үйлдвэрүүд ашиглалтад ороод явж байгаа. Тэгэхээр 1 тонн нүүрсийг бараг 10-аад тонн усаар угаах учир энэ тоо нэмэгдээд л байгаа гэсэн үг. Сүүлийн 3 жилийн дунджаар “Саус Гоби Сэнд” ХХК жилд 450-500 орчим мянган шоометр/жил, “Чинхуа мак”, “Нарийн сухайт”, “МАК” ХХК 250 мянга гаруй шоометр/жил, “Өсөх зоос” ХХК 120-130 мянган шоометр/жил, Ноён уулын  “Терра энержи” ХХК дунджаар 500 орчим мянган шоометр/жил ус хэрэглэдэг. Нарийн Сухайтын бүлэг ордод ажиллаж байгаа 1 компани дунджаар 500 мянган шоометр/жил ус хэрэглэдэг гэж ойлгож болно. Миний мэдэхээр 7-8 компани одоо ашиглалт явуулж байгаа. Дунджаар 1 нь 500 мянган шоометр/жил ус хэрэглэдэг гэж тооцоход 4 сая орчим шоометр ус жилд хэрэглэж байгаа юмӨчнөөн сая шоометр-ээр нь хэрэглээд байхаар олон жил нөхөн сэргээгддэг газрын доорх усны хувьд их том тоо л доо.

-Уул уурхай улам эрчимжихийн хэрээр усны хэрэглээ ч дагаж секунд тутам нэмэгдэж байна. Яг энэ эрчмээр явбал усны нөөц дуусах тухай ч яригдаад эхэлсэн?

- Яг энэ эрчмээрээ нэмэгдээд явах юм бол үндсэндээ 2040 он гэхэд газрын доорх усны нөөцийн хэмжээ одоо байгаа боломжит нөөцийн хэмжээ, ашиглаж байгаа ашиглалтаасаа давах боломжтой гэсэн тооцоолол судалгааг бид гаргасан.  Сүүлийн 10 гаруй жил Монгол улсын уул уурхайн салбар болон нийт эдийн засагт Өмнөговь аймагт байршилтай Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайтын бүлэг ордууд буюу ашигт малтмалын том төслүүд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Цаашид уул уурхайн төслүүд өргөжих, шинэ төслүүд нэмэгдэх, тэдгээр нь урт хугацаанд экологи, нийгэм, эдийн засгийн тэнцвэрийг хадгалан тогтвортой хэрэгжихэд усны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэр усны ашиглалтыг багасгах, усны тогтвортой менежментийн асуудал амин чухал болох нь эргэлзээгүй юм. Судалгаагаар Таван толгойн бүсэд төлөвлөсөн төслүүд бүрэн хэрэгжих тохиолдолд буюу усны дунд ба өндөр эрэлттэй хувилбараар тооцоход 2040 онд уурхайн төслийн ус ашиглах нийт хэрэгцээ ба усны нөөцийн хооронд 33-60 хувийн буюу  6.21-18.85 сая м3/жил хэмжээний зөрүү үүсч, одоогоор тогтоогдоод байгаа газрын доорх усны нөөцөөр хангах боломжгүй болох эрсдэл нүүрлэж байгаа юм. Гэхдээ говийн бүсэд газрын доорх ус ашиглаж уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг хязгаарлая гээд Өмнөговь аймгийн ИТХ-аас хоногт 100 шоо метрээс их ус ашигладаг үйлдвэрүүдийг хориглох тогтоол гаргачихсан шүү дээ. Уг нь баримталж чадвал усгүй болох аюул болохгүй л байх. Гэвч цаашид эрчимтэй ус ашиглалт нэмэгдвэл тийм зүйл гарна.


-Уул уурхайн үйл ажиллагаа нь усны чанарт нөлөөлж, бохирдол хэр их үүсгэдэг вэ?

-Ус бохирдуулсны нөхөн төлбөр тооцох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ жил батлагдсан. Энэ асуудал яригдахгүй их олон жил болсон. 2012 онд хууль гараад 7 жил хэрэгжээгүй явсаар 2019 оноос УИХ-аар батлагдаад холбогдох журам дүрмүүд нь гараад явж байгаа. Ус бохирдох бүрд цэвэр усны нөөц дундарч байдаг.Ус бохирдсоноор усны физик, хими, биологийн шинж чанар өөрчлөгдөж,  усны амьд организмд сөрөг нөлөө үзүүлнэ. Усны тухай хууль-д “ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ гэж тодорхой заасан байгаа.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-д  хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус, ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр ногдуулна...гэж заасан.  Энэ заалтуудыг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр ногдуулна. Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал гарсан түүний дагуу тооцож, төлбөр ногдуулах ажил 2020 оноос эрчимтэй явагдах болно. Яагаад гэвэл говийн нөхцөлд газрын доорх усны нөөц дундарч, бохирдож байгаатай холбоотой ус бохирдлын үйл ажиллагааг багасгах тийм ажил явагдах хэрэгтэй.

-Уул уурхайн усны ашиглалт нь ямар ашигт малтмалыг боловсруулахаас хамаараад янз бүр байдаг? Тухайлбал зэс, нүүрс, алт гэх мэт. Нүүрс угаахад хамгийн их ус ашиглаж байгаа гэж ярьдаг?

-Ашигт малтмалын төрлөөс хамаараад өөр өөр. Хамгийн их ашиглаж байгаа нь нүүрс угаах. 1 тонн нүүрсийг шингэрүүлэхэд 10 тонн ус хэрэглэж байна. 1 тонн нүүрсийг угааж баяжуулахад боловсрох аргаасаа хамаараад 3,5 болон 4,5 гэх мэт янз бүр байна. Нүүрс угаах баяжуулахад 3.5-4.5, Зэс баяжуулахад 4.5, алтыг уусган баяжуулах буюу угаахад 3-4 тонн ус хэрэглэж байна.

-Говийн гүний усыг уурхайд ихээр ашиглаж байна гэж ярьдаг ч яг хэдий  хэмжээгээр ашиглаж байгаад хяналт тавьж чадаж байна уу?

-Наадах  чинь  их чухал асуудал. Говийн бүсэд усны сав газар байгуулагдахад ус байхгүй газар энэ хэрэгтэй юм уу гэдэг асуудал яригдаж байсан. Одоо харин хамгийн хэрэгтэй гэдгийг дээр, дооргүй ойлгочхоод байна.

Газрын доорх усыг уул уурхайд маш ихээр буюу жилдээ 20 сая шоо метрээр нь ашиглаж байна. Хамгийн бага уурхай гэхэд 500 мянган шоо метр ус жилд ашигладаг. Үүнээс гадна цаг уурын өөрчлөлттэй холбоотой газрын доорх усны нөөц хомстож байна. Уурхайн худгууд усгүй болж байна. Энгийн худгууд ширгэж, малчид усны гачаалд орж эхэлсэн. Тэмээ услаад хангадаг байсан худаг одоо байчихлаа ч гэдэг юм уу олон асуудлууд байдаг. Энэ асуудлуудыг үндэслэлтэй шийдвэрлэхийн тулд яах вэ гэхээр энэ ус ашиглаж байгаа уул уурхайн компаниудад газрын доорх усыг ямар хэмжээтэй ашиглаж байна. Үнэхээр байгаа нөөцөөс нь илүү сороод авч байгаа юм биш биз. Ер нь түвшин яаж доошилж байна. Бохирдож байна уу, үгүй юу гэдэг дээр хяналттай болгосон. Сав газрууд бий болсноор говийн бүсийн гурван сав газарт 189 мониторингийн цэг бий болсон. Өөрөөр хэлбэл уул уурхайтай газруудад усны хяналтыг бий болгосон. Тухайлбал; Оюутолгой дээр өөрийн нь хяналтын цэгийн хажууд БОАЖЯ, Сав газрууд очиж хянадаг мониторингийн цэгтэй. Үүнд уул уурхай ямар ч хамааралгүй. Яагаад гэвэл уул уурхайн компанийн хөрөнгөөр байгуулаагүй. Дэлхийн банкны хөрөнгөөр Засгийн газраас 189 цооног бий болгосон. Уул уурхайд соруулж байгаа худгийн дэргэд яг урсгалынх нь доор нарийхан цооногийг адилхан гүнд хийгээд дотор нь төхөөрөмж байрлуулсан. Жишээ нь: Гүний усыг 150 м-ээс сорж, татаж байгаа бол тэр гүнд нь мэдэрдэг төхөөрөмж тавьж байгаа юм. Тэр төхөөрөмж юу мэдрэх вэ? гэхээр усны түвшин ямархуу хэмжээнд хэлбэлзэж дээшээ, доошоо болж байна гэдгийг заана. Тэр заалтын дагуу 24 цагт 4 удаа мэдээлэл авч байгаа. Өөрөөр хэлбэл 6 цагийн зайтайгаар мэдээлэл авахаар тааруулж тавьсан. Автомат төхөөрөмж нь:

1. Усны түвшин

2. Агаарын даралт

3. Усны температур

4. Усны хүчиллэг, шүлтлэг шинж чанар буюу бохирдол

5. Усны эрдэс, цахилгаан дамжуулах чадвар гэсэн 5 үзүүлэлтийг 6 цагийн зайтайгаар тасралтгүй авч байна. Тэр мэдээллийг сав газрын нөхдүүд улиралд нэг удаа очиж авдаг. Нэг км-ын радиус бүс дотор автоматаар авдаг хүлээн авах төхөөрөмж байгаа юм. Зөөврийн компьютертой цооногийнхоо дэргэд очиход л мэдээлэл орж ирдэг. Уг нь тэрийг сар болгон ч авч болох ч хүлээж авдаг төхөөрөмж нь цөөхөн учраас сав газрууд нь өөрсдөө л очиж авдаг. Тухайн сумын байгаль орчныхон авдаг болгож болох байх яваандаа. Битүүмжлэлтэй учраас тэрэнд хэн ч халдахгүйгээс гадна худлаа мэдээлэл гарахгүй. Тийм байдлаар хяналт тавьдаг болсон. Өдөр, сар, жилээр нь усны хэрэглээний буюу түвшингийн өөрчлөлтийн график гарна.

-Ер нь манай аймагт ус ашиглалтаас жилдээ хэдэн төгрөг ордог вэ? Усны тухай хуулийн дагуу усны төлбөрийн 35% нь эргээд нөөцийг хамгаалахад зарцуулагдаж чадаж байна уу?

-Энэ хамгийн чухал асуудал. Төлбөрийн асуудал бүс болгонд бий. Алтайн Өвөр Говийн сав газар тодорхой коэффициенттой. Говийн сав газар хамгийн өндөр коэффициентоор үржүүлдэг. Алтайн Өвөр Говийн сав газрын доорх гүний усны экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 метр куб ус нь 4433 төгрөг байдаг. Эрдэмтдийн тогтоосон тооцоолол байгаа юм. Итгэлцүүр нь 1,4 гээд хамгийн том. Өөрөөр хэлбэл хангайн бүсэд 1 гэж байхад говьд 1,4 дахин их байна гэсэн үг. Хангайн бүсэд экологи эдийн засгийн үнэлгээ 1000-аас доош байдаг бол говийн бүсэд 4 дахин их байна аа гэсэн үг. Энэ томьёогоор бодоод ашиглаж байгаа усанд нь тусгай төлбөр ногдуулна. Сав газрын гидрогеологиуд хийж байгаа гол ажил энэ.

Уурхайнууд ашиглах усны хэмжээгээ жил бүр батлуулж байгаа. БОЯамаар батлуулсан төлөвлөгөөгөөр хэчнээн метр куб ус ашиглах уу гэж дүгнэлт гаргадаг. Хэчнээн тонн нүүрс олборлохоос хамааруулаад 1тонн тутамд тогтоож гаргаж өгдөг. Ус ашиглалтын төлбөр цэвэр аймгийн төсөвт ордог мөнгө л дөө. Ус ашиглах зөвшөөрлийг дүгнэлтийг үндэслэж олгоод гэрээг нь сав газрын захиргаанууд хийдэг. Өмнөговь аймгийн хэмжээнд ус ашиглалтын төлбөрт жилдээ 18 тэрбум орчим төгрөг төсөвт орж байгаа. Ихэнх нь Оюутолгойгоос орж байна. Таван толгойн болон Нарийн Сухайтын бүлэг орд нийлээд төлбөрөө төлөөд явж байна. Уурхайнуудаас ус ашиглалтынхаа мөнгийг авч чадаж байгаа гэсэн үг. Энэ мөнгөний 35% нь эргээд усны үйл ажиллагаа, нөхөн сэргээхэд зарцуулах хуультай. Харамсалтай нь миний харж байгаагаар бүрэн дүүрэн хэрэгждэггүй л ажил байгаа юм. Хэрэгжүүлье гэсэн саналыг Сав газрын захиргаанууд аймгуудын төсөв хэлэлцэхээс өмнө саналаа өгдөг. Булгийн эхийг хаших дээр жаахан мөнгө сумуудад хуваарилдаг юм байна лээ. Өөр дорвитой зүйл хийгддэггүй. Тэр 35%-ийг тооцох юм бол 20-иод тэрбум төгрөг авч байгаа Өмнөговь аймгийн хувьд бараг 7 тэрбум орчим төгрөг нь эргээд зарцуулагдах ёстой. Гэвч бүрэн дүүрэн зарцуулагдахгүй байна. Улсын хэмжээнд хамгийн муу биелж байгаа хууль тэр болов уу гэж боддог. Сүүлийн үед Өмнөговьд хөв байгуулъя гэсэн саналууд яригдаж байгаа. Одоо бараг төсөвт суугдаж байгаа байх. Хур борооны усыг хуримтлуулаад хиймэл нуур үүсгэнэ гэсэн үг. Тийм ажлуудыг л их хийх юм бол жинхэнэ усныхаа эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна гэж ойлгох ёстой. Энэ ажил муу байдаг.

-Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниуд усыг хэмнэлттэй ашиглах тал дээр анхаарал хандуулж байгаа зүйл байна уу? Уул уурхайд хаягдал усыг дахин эргүүлж ашиглах тал дээр ямар байдаг вэ?

-Монгол улсын уул уурхайн салбарт ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ба ахуйн бохир усыг цэвэршүүлэх, уул уурхайн үйлдвэрлэл ба бусад хэрэгцээт зориулалтаар эргүүлэн ашиглах хэмжээг нэмэгдүүлэх замаар цэвэр ус ашиглалтын хэмжээг бууруулах, ялангуяа Өмнийн говийн бүс нутаг дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой газрын доорх усны нөөцийн ашиглалтыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн ба эдийн засгийн бус хөшүүргүүдийг бодитоор буй болгох, уул уурхайн компаниудын усны менежментийн бодлого, эрх зүйн орчныг өөрчлөх, оновчтой шийдэл гаргах асуудал тулгамдаж байна.

- Нэгэнт говийн бүс нутагт газрын доорх усыг ашиглаж  байгаа учраас нөөцийг хомстуулахгүй байх, ашиглаж байгаа усаа 100% эргүүлж  ашиглах хэрэгтэй. Оюутолгой, Энержи ресурс ХХК-иуд эргүүлж ашиглаж байгаа. Технологи нь сайн учраас. Ус дахин ашиглалт хамгийн чухал асуудал. Цаашдаа хяналт шалгалт энэ дээр л сайн явагдах хэрэгтэй. Улсаас ч хамааралтай юм их байх шиг байгаа юм. Яагаад гэвэл саарал усаа эргүүлж ашиглах стандарт нь гараагүй гэдэг зүйл яригддаг юм билээ.


-Газрын доорх гүний усаа ашиглаад л байх уу. Хангайгаас ус татах асуудал олон жил яригдаж байгаа ч энэ ажил хийгдэхгүй л байна. Юун дээр гацаад байна гэж та хардаг вэ?

-Яаралтай хийх ёстой ажил. Мөнгө, улс төр 2 дээр л гацаж байна. Усныхаа нөөцийг гамная гэсэн уриалга гаргасан орнууд хиймэл нуур, цөөрөм байгуулж тэрнийхээ усыг ашиглаж байна. Манайх шиг газрын доорх усаа хүн амдаа ч, уул уурхайдаа ч, мал аж ахуйдаа ч ашиглаад байдаг орон дэлхий дээр өөр бараг байхгүй байх. Дэлхий нийтийн жишгийг авч үзвэл ихэнх орнууд газрын доорх усны нөөцийн 20%, газрын дээрх усны нөөцийн 80%-ийг ашиглаж байгаа юм. Харин манайд эсрэгээрээ. Монгол улс газрын доорх усны нөөцийн 80%, гадаргынхаа усны 20%-ыг ашигладаг орон. Борооны ус хур тунадасны усыг хуримтлуулж ашиглан олон нуур байгуулах юм бол байгаль экологид ч сэргэлт болж маш олон сайн үр дүн бий болно. Үүнийг дагаад ан амьтан, усны шувууд ирж орчинд эерэг нөлөө бий болно. Бороо хурын ус жилдээ нэг ирээд жаахан гамшиг учруулаад л урсаад өнгөрдөг. Манайх өндөр уулын бүсэд оршдог орон учраас ихэнх ус нь хойшоо хойд мөсөн далай руу нэг хэсэг нь Номхон далай руу явчхаж байгаа юм. Монголын хойд талын ус бүгд хойшоогоо Сэлэнгэ мөрөнд цутгаад л Байгаль далайд ороод цаашаа хойд мөсөн далай руу явчхаж байгаа юм. Усны нөөцийг ямар ч ашиглалтгүйгээр гадагш нь гаргаж байгаа орон манайхаас өөр байхгүй. Зүүн талын голууд бүгд цаашаа Амар мөрнөөр дамжаад Номхон далай руу очиж байгаа. Маш олон далан хиймэл нууруудыг өндөр уулынхаа бүсэд бий болгох ёстой. Улс орны хөгжлийн бодлого үүнд л чиглэх хэрэгтэй. Гадны орнууд ихэнх нь далан байгуулж ус тогтоодог. Тэр усаа газар тариалан, МАА, аялал жуулчлалдаа ашигладаг. Япон улс хүн амынхаа усан хангамжид ч ашиглаж байна. Манайд ийм жишээ нэг ч байхгүй. Социализмын үед хийсэн хэдэн нуур бий. Хамгийн сүүлд зах зээл гарснаас хойш Гэгээн нуур, Тайширын усан цахилгаан станц байгуулах гэж нуур хийсэн. Маш их хэл ам дагуулж байсан. Одоо түүн шиг сайхан юм байхгүй гээд хүмүүс очиж үздэг болсон байна. Дөргөний усан цахилгаан станц гээд Чоно харайх гол дээр нэг бий. Хуурай уур амьсгалтай, өргөн уудам нутагтай усны хомстолтой манай орны хувьд хоёрхон том нуур нь энэ. Дунд зэрэгт тооцогдох нь миний 1980 онд техникийн шийдлийг гаргаж, нарийвчилсан судалгааг нь хийсэн Хаяагийн нуур Говь-Алтай аймгийн Цогт суманд байх Төгрөгийн гол, Сагсайн гол дээр бий. Хүн дээгүүр нь алхаад гарчихдаг жижиг 2 горхийг уулан дотор боогоод 3 сая метр куб ус хуримтлуулдаг нуур байгуулсан. 36 м өндөртэй шороон далан хийгээд 200 гаруй метр урттай хавцал дээрээс боож байгуулсан, одоо байж л байна. Мал амьтан ундалдаг. 1000 га-д нь тариа тариалж байсан. Тийм юмыг л маш олон хийх ёстой байсан. Монгол улс хийхгүй л байгаа юм. Хамгийн чухал юмаа л хийхгүй байгаа хэрэг.

 Манайханд буруу ойлголт байдаг. Орхон голоос ус  татна гэхээр говь уруу голоо явуулчихна гэж ойлгож бослого зарлаад байгаа. Хүмүүст тийм ойлголт өгчихсөн. Гэтэл Орхон голын уснаас дусал ч авахгүй юм шүү дээ. Зөвхөн борооны усыг хуримтлуулж нуур тогтооно. Хаана тогтоох вэ гэхээр гол дээр хөндлөн далан барьж тогтоогоод нам дор газар гол уруугаа цутгах юм. Том нуур бий болгоод л цугларсан тэр хурын усаа говь уруу явуулбал Оюутолгойн хэрэгцээг хангаад зогсохгүй замд нь байгаа бүх аймаг сумуудын хэрэгцээг хангачих байхгүй юу. Тэр бол заавал хийх ёстой ажил. Олон жил ярьж, судалж байгаа ч хийхгүй л байгаа юм. Оюутолгойн гэрээ хийхэд л засаг төрийн хүмүүс маань ухаантай бөгөөд эх орноо боддог бол усны асуудал алт, зэсээс чухал асуудал. Тиймээс хангайн бүсэд том нуур хийж борооны усыг хуримтлуулж энэ ажлыг эхлээд хийх байсан. Говьд усны асуудлыг эхэлж шийдэж байж хөрөнгө оруулалтын гэрээгээ хийнэ гэж анхнаасаа ийм байр суурьтай хандах байсан байх. Гэвч тэгээгүй. Анх 870 литр/секундийн нөөц баталж өгсөн. Одоо 1000 гарсан сураг байсан яагаад нэмэгдсэнийг мэдэхгүй. Тиймээс газрын доорх усаа ашиглуулаад үйлдвэрлэл эхлүүлж байгаа нь туйлын харалган алсын бодлогогүй зүйл хийсэн. Энэ тухай бид зөндөө ярьдаг.

-Та бол усны талаар сүүлийн 40 гаруй жил дагнан судалж, говьд усны хэрэглээний бодит нөхцөл байдал ямар түвшинд хүрээд байгааг хамгийн сайн мэдэх хүний нэг. Говьд алтнаас ч үнэ цэнэтэй эрдэнэ болсон усаа бид хэрхэн хайрлан хамгаалж үлдэх вэ?

- Би 40-д жил усны салбарт ажилласны сүүлийн 20-д жил говьд ажилласан. 1980 оноос говийн бүсээр голдуу ажиллаж, сүүлийн 5 жил Өмнөговьд тогтмол суурьшилтай ажиллаж бүх уурхайнуудаар орж практик дээр нь харлаа. Онол, практик хоёрыг хослуулж, амьдрал дээр нь асуудлыг бодитоор харахыг оролдож яваа судлаач. Говийн бүсэд стратегийн ордууд нээгдчихсэн ажиллаж байна. Нэгэнт улс орон эдийн засгаа сайжруулахын тулд хийхээс аргагүй зүйл байх. Улсын эдийн засгийг нуруундаа үүрээд явж байгаа Оюутолгой, Таван толгой, Нарийнсухайтын бүлэг ордууд зөвхөн Өмнөговьд л байна. Уурхай ч, уурхайн бүс нутгийн хүн ам ч ахуйн хэрэглээндээ усыг ихээр ашиглаж байна. Гэхдээ уул уурхай л ус ашиглаад байна гэвэл өрөөсгөл ойлголт. Ногоон байгууламж бий болгох гэх мэтээр усны хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байна. Нэгэнт стратегийн ордуудаа түшиглэж улс хөгжинө гэдэг бодитой учраас усны хэрэглээ бол нэмэгдэж таараа. Тиймээс эрдэмтэд урьдчилаад прогноз хийчихсэн. Дэлхийн банкны дэргэдэх 2030 усны нөөцийн бүлэгт бидний нөхөд судалгаа гаргаж өгөхдөө дэлгэрэнгүй дүгнэлт өгсөн байгаа. Түүнд 2030 оноос говийн бүсийн усны нөөц аюулд хүрэх нөхцөл бий болсныг дохио болгож тоо, графикаар харуулсан. Тэрийг хүмүүс энд тэнд их ашиглаж ярьдаг. Тийм болох магадлал өндөр. Засаг төрийн бодлогоор энэ аюулын харанга дэлдсэн усны асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Ялангуяа говиос сонгогдсон гишүүд онцгойлон асуудал болгож ажиллах хэрэгтэй. Хангайн бүсэд нуур байгуулж, Орхон төслийг шуурхай эхлүүлж говийнхоо уурхай руу татаж оруулах хэрэгтэй. Энэ нь Таван толгой, Оюутолгой 2-ыг дамнуулаад усны хэрэгцээг бороо хурын усаар ч шийдэх боломж байгаа. Нэн даруй хийх хэрэгтэй. Тэр төсөл хэрэгжүүлэхэд дор хаяж 5-10 жилийн хугацаа орно. Судалж байгаа гэдэг ч бодитой зүйл харагдахгүй л байгаа. Наад захын хугацаагаар 3 жил судална. Дараагаар нь 1 жил зураг төслийг нь хийж байтал 4 жил болно. Эрчимтэй барилаа гэхэд 5 жилээс наашгүй. Ингэхлээр 10 жилээс наашгүй дүр зураг харагдаад байгаа юм. Оюутолгой бараг 70-80 жил, Таван толгойн бүлэг орд 100 жил ашиглана гээд байгаа биз дээ. Тэр хооронд ухдагаа ухаад, явдаг нь яваад, 30 жил ч ашиглаад дуусах ч юм уу бид мэдэхгүй шүү дээ. Үүнийг шийдэх юм бол говийн усны асуудал, цаашилбал говийг цөлжилтөөс хамгаалах бүх асуудлыг шийднэ. Маш олон хүн ярьдаг ч урагшлахгүй байна. Тэрийг л бидний хойч үе хийх хэрэгтэй. 20 жил хүлээмээргүй байна. Энэ асуудлыг шийдэхгүйгээр явбал 100 жилийн дараах говь эмгэнэлд орно. Миний хувьд Дэлхийн банкны төслийн буянаар говийн бүсийн бүх уурхайнуудыг усны хяналттай болгож заавар зөвлөмжийг боловсруулж өгөхөд гар бие оролцлоо. Тэр хяналт хангалттай биш цаашид нэмэх шаардлагатай. Яагаад гэвэл ус ашиглаж байгаа цооног бүрийн дэргэд хяналт байх ёстой. Нарийн Сухайтын бүлэг ордод гэхэд 10-хан л цооног байгаа шүү дээ. Хангалттай биш. Тоог нь 20 болгож өсгөх хэрэгтэй. Хяналтын цооног хэр олон байна тэр хэмжээгээр үнэн бодитой мэдээлэл гарна. Хур тунадас илүү ордог, байгалийн нөхцөл нь бүрдсэн хангайн бүсдээ том нуур хийгээд говь уруугаа л ус татах ажлыг маш яаралтай хийх хэрэгтэй. Тэгэх л юм бол говь сайхан болно.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ч. Сумъяа




скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна