📅

Б.Батаа: Өмнөговь аймгийн хүүхдүүд инженер, техник, үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүд эзэмшвэл ирээд үнэ цэнэтэй ажилтан болно

🕔 2019/04/19 21:00 1 115


Сүүлчийн хичээлийн хонхны дуу дөхөх тусам сургууль төгсөгчдийн хувьд ирээдүйд ямар мэргэжлийг эзэмших вэ? гэдэг чухал сонголтын өмнө очдог. Мэргэжлээ зөв сонгож гэмээнэ ирээдүйн амьдралаа тодорхойлно. Энэ л цаг үед төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар аргазүйн зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа Боловсрол судлаач Б. Батаа багштай цөөн хором ярилцлаа. Тэрээр “Өмнөговь аймгийн хувьд анзаараад харж байхад байгалийн ухааны хичээлүүдээр мэргэжлээ сонгож байгаа нь нийгмийн ухаантай харьцуулахад цөөн байна. Энэ нь бодлогоор харвал энэ аймагт боловсролын сургалт дээр байгалийн ухааны сургалтын чанар алдагдсан байна гэсэн үг. Хүүхэд нийгмийн ухааныг сонгодог нь дуртай гэж сонгохоосоо илүү байгалийн ухаандаа муудсан үедээ сонгох бололцоотой болохоор хэлбийсэн үр дүн гарч байна уу гэж би хувьдаа харж байна” хэмээн ярилцлагадаа дурдсаныг манай аймгийн Боловсролын салбарынхан анхаарна буйзаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнөговь аймагт урилгаар хүрэлцэн ирж төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тал дээр сонирхолтой зөвлөмж, лекц тавьж байна.Мэргэжлээ сонгох чухал мөч дээр ирээд байгаа сурагчид юун дээр хамгийн их анхаарах ёстой вэ?

-10-12-р ангийн хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар Капитрон банк санаачлаад цэгцтэй ойлголт мэдээлэл, аргазүйн зөвлөмжийг өгөх үйл ажиллагаанд урилгаар ирж оролцлоо. “Миний мөрөөдөл-Миний ирээдүй” сэдвээр мэргэжил сонголтоо яаж хийдэг, ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгож амжилтад хүрдэг  талаар зөвлөмж, лекц яриаг хийлээ.Мэргэжил гэдэг нь хүүхдийн хувьд ирээдүйд юу хийж бүтээдэг хүн болох юм бэ? гэдгийг тодорхойлдог. Нэг талаасаа энэ нь аль болох эрт өөрийгөө таниад хүсэл мөрөөдөлдөө нийцсэн ажлыг сонговол тэр нь бүтээмжтэй иргэн байхад нь нөлөөлөх юм гэсэн үг. Нөгөө талаас нэгэнт сонгосон мэргэжлээрээ сурахын тулд мэргэжлийн сургуульд сурах шаардлага хангасан байх ёстой. Энэ нь нэлээд эртнээс өөрийгөө тодорхойлж, тэр чиглэлээр бэлдэж хөгжүүлэх хөгжлийн үе байдаг. Энэ 2-ыг нэгтгэж хараагүйгээс хүүхэд “Мөрөөдөл талаас нь сонгосон юм. Гэхдээ орж чадсангүй. Орлоо ч гэсэн хүссэн сургуульдаа орж чадахгүй байна. Төгсөж гараад ажлын байран дээр тэр хүн сонгогдохоор тийм чадвартай хүн болж чадсан уу” гэдэг асуудалтай тулгардаг. Энэ бүхний ард хүүхдийн анзаарч хардаггүй нэг зүйл байдаг. Өөрийнхөө төрөлх хувь хүний онцлог дээр тулгуурлаж сонголтоо хийж чадаж байна уу? Гэдэг асуудал тулгардаг. Эцэг эхчүүд манай хүүхэд ийм гэдгийг танихад хэцүү.Энэ нь мэргэжлийн хүн тэр дундаа сэтгэлзүйн чиглэлийн хүмүүсийн зөвлөгөө, тест, сорилуудыг бөглөж гарч ирдэг зүйл. Мэргэжил сонголтыг онолын үндэслэлтэй судалгаа, чиг баримжаатайгаар хийх нь хүүхдийн амьдралд зөв сонголт хийхэд нь зөвөөр нөлөөлөх, нөгөө талаас мэдлэг шаардсан ийм ажиллагаа юм.

-Мэргэжил сонголтыг эрт сонгох чиглэлээр ЕБС-уудад тусгай хичээл орж байгаа хэдий ч хүүхдүүд ашиглаж чадаж байна уу?

-ЕБС-ууд 10-р ангиас эхлээд сонголтын хичээлтэй болсон байгаа.Гол нь мэргэжлийн чиг баримжаагаа барьж тэр хичээлээ гүнзгийрүүлж, уралдаан шалгалтад бэлдэж сурах ёстой юм. Эрхзүйн хүрээнд суурь нь тавигдчихсан. Харин хүүхдүүд үүнийг ойлгож мэргэжил сонголттойгоо уялдуулж сонголтоо хийж чадаж байна уу? гэдэг асуудал тавигдана. Хэзээ сонгох ёстой вэ? гэвэл аль болох эрт  л сонго гэж би хэлнэ. Гэхдээ мэргэжлийг энэ мэргэжил юмаа гэж сонгох нь эрт тодорхойлогддоггүй. Гол нь аль талбар юм бэ гэдэг чиглэлээ тодорхойлдог. Судлаач болно гэвэл судалгааны чиглэлээ эртхэн барина. Инженер гэвэл салбараар нь тооцно. Учир нь дотроо маш олон салбарлаж нарийссан байгаа. Эхлээд талбараа сонгох хэрэгтэй. Дараа нь сайн бодож байгаад мэргэжлээ сонгох хэрэгтэй.

-Мэргэжил сонгоход юун дээр их алдаж байна вэ?

-Эхний бодох ёстой зүйл нь төрөлхийн онцлог юу юм бэ? гэдгийг хүүхэд нэлээд бодох хэрэгтэй. 2.Эзэмшсэн чадварууд юу билээ. 3. Нийгэмд гараад эрэлт хэрэгцээ ямар байна гэдгийг бодох хэрэгтэй. Хүүхэд өөрийн хүсэл сонирхол онцлогоо мэдвэл мэргэжлээ зөв сонгож байгаа харагдаж байна. Гол нь мэргэжлийн хичээлээр сонголт хийгээд явъя гэхээр эзэмшсэн мэдлэг чадвар нэлээд дутмаг харагдаад байдаг. Өмнөговь аймгийн хувьд анзаараад харж байхад байгалийн ухааны хичээлүүдээр мэргэжлээ сонгож байгаа нь нийгмийн ухаантай харьцуулахад цөөн байна л даа. Энэ нь бодлогоор харвал энэ аймагт боловсролын сургалт дээр байгалийн ухааны сургалтын чанар алдагдсан байна гэсэн үг. Хүүхэд нийгмийн ухааныг сонгодог нь дуртай гэж сонгохоосоо илүү байгалийн ухаандаа муудсан үедээ сонгох бололцоотой болохоор хэлбийсэн үр дүн гарч байна уу гэж би хувьдаа харж байна. Мэргэжил сонголт гэдэг нь сургалтын чанар, хүүхдийн өөрийгөө ойлгох ойлголт, эцэг эхийн цаг үеэ мэдрэх мэдрэмжээс хамаардаг. Эцэг эхчүүд хүүхэддээ их зөв зөвлөх хэрэгтэй. Сурах, боловсрол, тэр дундаа ямар мэргэжил эзэмшвэл миний хүүхдэд тохирох вэ? гэдгийг сайн тооцох хэрэгтэй.Зарим эцэг эхчүүд “Ийм мэргэжилтэй болгоно ч гэх юм уу эсвэл Би ийм мэргэжилтэй болно гэж бодож байсан чадаагүй чамайг эзэмшүүлнэ ч гэдэг юмуу. Айлд нэг эмч байх ёстой” гэдгээр нь чиглүүлэх гээд байдаг. Энэ чиглэл бол дутуу дулимаг тооцож байна гэсэн үг. Эцсийн сонголтыг хүүхдийн мөрөөдөл шийддэг байх ёстой.

Манай аймаг уул уурхай их хөгжиж байна. Аймгийн онцлогоо дагаад уул уурхайд хүмүүс их ажиллах болсон. Энэ нь мэргэжил сонголтод ч бас нөлөөлж байх шиг байна?

Тийм ээ, Энэ аймагт ямар ААН, үйлдвэрлэлийн бааз байна түүнд тулгуурласан ажлын байр байгааг харж байна. Мэргэжлээ эзэмшихдээ ажлын байраа бодно. Эргээд төгсөөд ирэхэд ажилтай, орлого өндөр байхын тулд ямар салбарт эрэлт хэрэгцээ байгааг мэдэрнэ гэсэн үг. Тэр үүднээс Өмнөговь аймгийн хүүхдүүд илүү инженер, техник, үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүд эзэмшвэл ирээд үнэ цэнэтэй ажилтан болно гэдгээ мэдрэх хэрэгтэй. Аймгийн бодлого талаасаа ч дэмжиж өгч байгаа байх, хүүхэд ч ирээдүйгээ бодож өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Өмнөговь аймагт нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлүүдийн төгссөн тоо бол нийлүүлэлтэд ихэдсэн байна гэж тайланд хэлж байсан. Ийм үед илүү олон хүнтэй өрсөлдөж байж ажлын байр олно гэсэн үг. Тиймээс сонголтоо бод. Ямар мэргэжил ирээдүйд баталгаатай ажлын байр, амьдрал ахуй бий болгож өгөх юм бэ гэж. Хүний мэргэжил сонгоход бодох ёстой хүчин зүйл мөн.

-Өнөө цагт дэлхий дахинд хамгийн эрэлтэй ямар мэргэжил байна вэ?

-Дэлхий хаашаа явж байна гэдгийг харах хэрэгтэй. Монголын хэмжээнд орон нутгийн онцлогтой ажлын байрны өөрчлөлтүүд байна. Дэлхийд ажлын байр нэлээд өөр болж байна. Технологи шаардсан, мэдээллийн технологи, ШУ-ны судалгааны ажлууд, инженер техникийн ажлуудын тоо ихсэж байна.  Боловсрол мэдлэг бага шаардсан техникээр орлуулж болох бололцоотой ажлын байрны тоо багасаж байна. Үйлдвэрийн ажилчны тоо дэлхий даяар багасаж байна гэж үзэж байна. Үйлдвэрт роботууд их ажиллаж байна. Судалгаа бүтээх тэр талын ажлууд их хийвэл  ажлын байр их олдоцтой байна.

-Өмнөговь аймагт үүсээд байгаа уул уурхай дагасан байгаль орчны доройтолтой холбоотой байгаль хамгаалагч болох сонирхолтой хүүхэд бас их байгаа нь илтгэл сонсоод сууж байхад анзаарагдлаа?

-Мэргэжил сонголтод уламжлалт хандлага ахуй талаас их хардаг байлаа. Миний цалин ямар байх, ажлын байр баталгаатай юу гээд. Дэлхийд тэрийг тооцохоос гадна ер нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа асуудал юу юм, нөгөөтэйгүүр би юу хийж, бүтээж өөрөө таашаал авах зэргээр ажлын байр сонгох хандлага их харагдаж байна. Өмнөговь аймагт байгаа нэг асуудал бол экологийн тэнцвэрийн асуудал байна. Байгаль хамгааллыг хүүхэд бодож тэмүүлж байгаа нь сайн хэрэг. Энэ талаас нь харвал хүүхдүүд өөрийгөө бодохоос гадна нийгмээ бодож байвал илүү бүтээх чадвартай ажлын байртай байхад сайнаар нөлөөлдөг. Би үүнийг сайн хандлага гэж үзнэ.

-Мэргэжлээ сонгож байгаа хүүхэд өөрийн төрөлх шинж чанарыг яаж тодорхойлох вэ? Би ямар шинж чанартай вэ гэдгээ яаж мэдэх вэ?

-Тэрийг 1-рт эцэг эх анзаарч болно. Өөрөө боловсролтой, хүүхдээ их анзаарч хардаг эцэг эх хүүхдээ багаас нь ажиглаад “Миний хүүхэд ийм онцлогтой юм байна, ийм мэргэжлийн ажил их таарна” гэж хэлдэг. 2-рт багш ажиглаж байгаад “Чи ийм хэв шинжийн хүүхэд учир ийм төрлийн мэргэжил сонговол их зүгээр шүү” гэж зөвлөдөг.Гэхдээ хамгийн найдвартай арга бол сэтгэлзүйн тест бөглөх юм. Хувийн хэв шинжийг тодорхойлдог олон тест байдаг.Энэ чиглэлийн тестийн төвүүд Монголд төлбөртэйгөөр гарч ирж байна. Хэрвээ Англи хэл дээр бөглөж чадна гэвэл үнэгүй  тестүүд ч байдаг. Тэрийг бөглөөд өөрийнхөө төрөлх онцлог шинжийг мэдээд түүнд тулгуурласан мэргэжлийн онцлогуудыг баримжаалж харвал их сайн. Гол нь тэр тестүүд дээр энэ хүн ямар төрлийн ажил хийвэл илүү  амжилтанд хүрэх юм бэ гэдгийг илрүүлдэг. Хэрвээ түүнээс зөрсөн ажлын байр сонговол өөрөө ажилдаа дуртай байх ч гэсэн бүтээмж нь өндөр байдаггүй. Тиймээс өөрийнхөө төрөлх шинжид тулгуурласан ажил сонговол бүтээмж өндөртэй, үнэ цэнэтэй ажилтан байна гэсэн үг. Хүн өөрийнхөө мөрөөдөл, сонирхлыг одоо эзэмшсэн мэдлэг чадварын төвшин, төрөлх хэв шинж гэсэн энэ 3 чанарыг хангасан мэргэжлийг сонговол  хамгийн сайн сонголт болно гэсэн үг.

-Сургалт, хөтөлбөр хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгож ирээдүйгээ илүү тодоор харахад нь чухлаар нөлөөлсөн байх? Таны хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ хөтөлбөрийг Капитрон банк өнгөрсөн онд явуулахаар төлөвлөж ярилцсан.Би их сайхан зүйл болох нь гэж нааштайгаар хүлээж авсан. Хийсэн ажил, хүүхдүүдийн бүтээлийг хараад сэтгэл их дүүрэн байгаа.Хэрэгтэй санаачлага болж үр дүн нь гарсан байна. Хүүхдүүд маань энэ хөтөлбөр санаачлагын хүрээнд мэргэжил сонголтынхоо талаар дахин дахин гүнзгий хүрээнд эргэцүүлэл хийсэн байна.Мэргэжил гэж юу билээ. Бид яаж сонголтоо хийх билээ гэж эрэл хайгуул, судалгаа хийсэн байна. Эссэ уралдаанаас харахад хүүхдүүд маань ойлгосныгоо бичгээр болоод илтгэлээр сайн илэрхийлж чадаж байна. Хамгийн сайхан зүйл нь  бусдынхаа хийсэн ажлыг хүүхдүүд унших, илтгэлийг нь сонсох замаар бусдаас суралцах зүйл явагдлаа. Энэ хийсэн ажлын үр дүнг хараад Капитрон банкинд их талархаж байна. Энэ ажлыг тогтмол ажил болгоосой.  Ер нь манай сургуулиудад мэргэжил сонголтын агуулгаар ийм ажил явуулах нь үнэхээр хэрэгцээтэй байгаа зүйл. Боловсрол судлаач хүний хувьд энэ салбарын хүний хувьд их сайн ажил байна гэж дүгнэнэ.

Ярилцсанд баярлалаа

Ч. Сумъяа  



скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна