📅

ӨМНӨД ХӨРШИД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-2

🕔 2018/06/05 12:53 1 387

/Хоёрдугаар хэсэг/

Панда баавгайны өлгий нутаг Сычуан муж



Аяллын хоёрдугаар багийн 25 сэтгүүлч Бээжин хотоос орон нутгийн нислэгээр 3 цаг гаруй нисэж, Хятадын баруун өмнөд зүгт орших Сычуан мужийн төв Чэндү хотод буулаа.

2008 онд аймшигт газар хөдлөлтөөр дэлхий нийтийг цочирдуулсан Сычуан муж нь 486 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн оршдог. Тус муж нь 21 хот, 183 сум, дүүрэгтэй, 91 сая хүн амтай. Байгалийн хий, занарын хийн нөөц элбэгтэй. Хятадын хамгийн том усан цахилгаан станц, автомашин, мотоцикль, цэрэг армийн техник хэрэгслийн үйлдвэрүүдтэй аж үйлдвэрийн томоохон төв юм. Инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд амжилт олж байгаа гэнэ. Эдийн засгийн хувьд ихээхэн үүрэгтэй бүс нутаг юм байна. 2017 онд Сычуан мужийн эдийн засгийн нийт хэмжээ 3.8 их наяд юаньд хүрч, энэ үзүүлэлтээрээ Хятад улсдаа зургаадугаарт жагссан, баруун өмнөд бүс нутгийн худалдаа, ложистикийн төв муж юм.

Мөн уламжлалт газар тариалан эрхлэхийн зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Хятадын үндэсний бэлэг тэмдэг Панда баавгайн өлгий нутаг Эмэй хайрхан, Лэшан уул нь ЮНЕСКО-гийн байгалийн болон соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг юм.
Сычуан мужийн төв Чэндү хот нь 2300 жилийн түүхтэй Хятадын эртний хотуудын нэг.  Бүс нутгийн санхүү, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, олон улсын худалдаа, технологи, гадаад валют, улс хоорондын тээвэр харилцаа холбооны нэгдсэн төв билээ. БНХАУ-ын дарга Ши Жинпиний “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх, Хөх мөрний стратегийн чухал бүс нутаг болгон хөгжүүлж байна. Хойд америк, Европ, Номхон далай, Ази, Африкийн томоохон хотуудыг хамарсан олон улсын болон бүс нутгийн байнгын 105 шууд нислэгтэй.








Хятадын хамгийн үзэсгэлэнт 10 тосгоны нэг Чин Гангшү


Өнгө өнгийн цэцэгс алаглан, хиймэл нуур, цөөрөм цэнхэрлэн долгиолж, хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй амарч зугаалахад тохиромжтой үнэхээрийн амар амгалангийн орон аж. Сэтгэл зүтгэлээ нэгтгэвэл ямар их амжилтанд хүрдгийн тод жишээ Чин Гангшү тосгон юм. Чэндү хотоос 16 км-ын зайд орших, ердөө 2.4 км квадрат газар нутагтай, 2500 гаруй иргэнтэй энэ жижигхэн тосгоны иргэд зөвхөн газар тариалан эрхэлж, ядуухан аж төрдөг байв. Нутгийн иргэд, орон нутгийн компаниуд хамтран “Чин Гангшү” нэртэй компани байгуулсан байна. 2012 оноос газрын реформ хийж, 216 мү /15мү=1га/ газраа суурьшлын бүс болгон өөрсдөдөө үлдээн, 269 мү газрыг зах зээлд худалдан эдийн засгийн эргэлтэд оруулснаар 197 сая юанийг бүрдүүлжээ. Мөн банкнаас 140 сая юанийн зээл авч, Засгийн газраас 2.2 сая юанийн дэмжлэг үзүүлсэн байна.





Тэд “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлснээр нэг жилийн дотор тосгоныхоо бүтцийг өөрчлөн шинэчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ ажлын гараагаа эхлүүлсэн байна. Мөн байгалиа онгон төрхөөр нь хадгалж үлдсэн нь тэдний хамгийн том давуу тал болов. Үзэсгэлэнт байгальдаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилга өрнүүлж, 2015 оноос бүтээн байгуулалтын ажилдаа оржээ. Чин Гангшү тосгоныхон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж байна.

2012 онд Чин Гангшү тосгоны нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 14000 юань байсан бол өнөөдөр 26 мянган юан болон нэмэгджээ. Ирэх таван жилд 40000 юаньд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

2017 онд 500 мянга гаруй жуулчин хүлээн авч, 45 сая юанийн орлого олжээ. Харин 2018 оны цагаан сараас хойш 1 сая орчим жуулчин хүлээж аваад байна. Тосгоныхон жуулчдад зориулсан мэдээллийн төв байгуулж, тэндээ мэдээлэл өгөхийн зэрэгцээ уран бичлэг, тосгоны эмэгтэйчүүдийн урласан торгон утсан хатгамалыг худалдан борлуулдаг.




Чин Гангшү тосгонд өдрийн зоог барихаар хотын төв болон ойр орчмоос иргэд олноороо ирдэг. 2015 онд CCTV телевизээс Хятадын 10 шилдэг тосгоны нэгээр зарласан. Мөн 2017 онд аялал жуулчлалын 4А зэрэглэлийн тосгон болж чаджээ.

Төрийн зөв бодлого, байгалийн сайхан, ард иргэдийн хамтын хүч, Сычуан мужийн амтат хоолоор гадаад дотоодын жуулчдыг өдрөөс өдөрт татаж, өрнүүн хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон нь Чин Гангшү тосгоны хамгийн том бахархал юм.




Эко хүнс үйлдвэрлэлээрээ алдартай Доубан үйлдвэр


Манай багийнхан Чэндү хотын баруун Андэ хотод орших Сычуаны Доубан үйлдвэрээр зочиллоо. 1688 онд Чин улсын эзэн хаан Канг Шигийн үед үүсгэн байгуулагдсан 330 жилийн түүхтэй хоол амтлагчны үйлдвэр. Тус үйлдвэр нь Хятадын соёлын биет бус өвд тооцогддог. Доубан үйлдвэр 10 га газарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 450 ажилтантай. Бэлэн бүтээгдэхүүн гаргах нийт хугацаа дунджаар 6 жил болдог байна. Сайн чанарын вааран торхонд хатаалт 3 жил, хутгалт 3 жил болдог хэмээн үйлдвэрийн технологич бидэнд танилцуулсан юм.



Доубан үйлдвэр нь хүнсний үйлдвэрлэлийн стандартаараа улсдаа тэргүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, Сингапур, АНУ, Канад, Австрали, Их Британи, Нидерланд, Герман, Франц, Бразил, Чили, ОХУ зэрэг дэлхийн 80 гаруй оронд экспортолдог. Тус үйлдвэрийн хамгийн үнэтэй амтлагч 1 кг нь 500 юань бол хамгийн хямд нь 10 юаниар борлуулдаг гэнэ.



Тус үйлдвэр нь бүс нутагт тариалсан буурцаг, нарийн ногоог түүхий эдээр ашиглаж, экологийн аргаар ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.



Дараагийн дугаартаа Чэндү хотын Ши Ши дунд сургуулийн талаар танилцуулна.


Үргэлжлэл бий...

                                                          Сэтгүүлч, ХМТА С. Номинцэцэг.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна