ӨМНӨД ХӨРШИД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ.
/Нэгдүгээр хэсэг/
Хятадад аялах болсон учгийг тайлахуйд
БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жинпин 2014 онд Монгол улсад айлчлах үеэрээ Монголын 50 сэтгүүлчийг жил бүр өөрийн эх орондоо урьж, улсынхаа төрийн бодлого, хөгжил дэвшил, ард түмний аж амьдралтай танилцуулах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичиг 2015оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны 6-р сарын 20-26-ны өдрүүдэд дөрөв дэх ээлжийн 50 сэтгүүлч өмнөд хөршийг зорьсон юм. Энэ удаагийн айлчлалын онцлог нь БНХАУ-ын ядуурлаас гаргах төрийн бодлого, хэрэгжилттэй танилцаж, сурвалжлах байлаа. Сэтгүүлчдийн багийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг нар ахалж, төвийн телевиз, радио, сонин, сайт болон Орхон, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн сэтгүүлчид бүрэлдэхүүнд нь багтсан юм.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот 3000 жилийн түүхтэй, 21 сая оршин суугчтай. Тус хотод жилд дунджаар 290 гаруй сая жуулчин ирдэг. Бээжингийн “Капитал” Олон улсын нисэх буудал гэхэд жилдээ 96 сая зорчигчдод үйлчилдэг юм байна.
Малгай унам өндөр барилгууд сүндэрлэж, давхар давхар гүүр, автозамууд сүлжилдэн, хараа булаам зүйл зүйлийн модод ногоорч, өнгө ялдам сарнай цэцэгс алаглан, түм түжигнэж бум бужигнасан өнөөгийн Бээжингийн дүр төрх.
Биднийг Бээжин хотод БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх газрын дарга болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзаж, тус газрын дарга хатагтай Су Гуохиа мэдээлэл өглөө. БНХАУ нь 1,3 тэрбум хүн амтай бөгөөд 30 гаруй жилийн өмнө буюу 1986 онд Төрийн зөвлөлийн дэргэд Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх агентлагийг байгуулж, энэ хугацаанд Дэлхийн банкны дэмжлэгээр 800 гаруй сая иргэнийг ядуурлаас гаргажээ. Тус агентлаг 46 байгууллагатай хамтран ядуурлыг бууруулах чиглэлээр бодлого тодорхойлж, төсөв боловсруулдаг. 2012 оноос хойш 2021 он гэхэд улс даяараа ядуурлаас гарах зорилт тавьж,зургаан жилийн хугацаанд зөв зүйтэй бодлого баримталсны хүчинд тус улсын 89 сая иргэн ядуурлаас ангижирсан байна. Сүүлийн таван жилд 60 сая иргэн буюу жилд 12 сая иргэн ядуурлаас бүрэн ангижирч чаджээ. Ядуурлыг бууруулахын тулд төрөөс 240 тэрбум юанийн жижиг дунд үйлдвэрийн зээлийн санг үүсгэж, ард иргэдийнхээ ажлын онцлогт тохируулан 3 жилийн хугацаатай 50 мянга орчим юанийн хүүгүй зээлийг олгосон байна.
Тосгон бүрийн амьжиргааны түвшин харилцан адилгүй. Тухайлбал энгийн тосгоны өрхийн дундаж орлого 18000 юань бол ядууралтай нь 3000-5000 юань байдаг ажээ. 2011 оноос эхлэн тэтгэвэрийн насныханд үндсэн тэтгэвэр дээр нь сар бүр 60-80 юанийн халамж олгодог болжээ. Байгаль хамгаалах ажилд хөдөлмөрийн чадвар сул, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдийг оролцуулснаар сарын орлого нь 3000 юаниар нэмэгджээ.
Хатагтай Су Гуохиагийн хэлснээр БНХАУ-д 30 сая ядуу иргэн үлдсэн бөгөөд ойрын 3 жилд ядуурлаас бүрэн ангижрах боломжтой гэж үзэж байна.
Тус улсын удирдлагууд ард иргэдээ тэтгэмжид найдаж суух биш харин хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүсээ хөгжүүлж, хөдөлмөрлүүлж, бүх нийтийн хүчээр ядуурлаас гарах бодлого баримталсан байна. Тодруулбал төрийн байгууллагаас эхлээд төр болон хувийн хэвшлийн компаниуд, ард иргэдтэйгээ хамтран ядууралгүй улс болохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан, хүчээ нэгтгэн ажиллаж байна.
Бид Apple, Google, Microsoft-ийн дараа Дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг, мэдээлэл технологийн томоохон компани болох Алибаба группийн Бээжин дахь төв оффиссоор зочиллоо.
Тус групп 1999 онд байгуулагдсан бөгөөд 2014 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, эхний өдрөө хувьцааны зах зээлийн үнэ нь 230 тэрбум ам.долларт хүрчээ. Тус группийн Олон нийттэй харилцах хэлтсийн Орон нутаг, Засгийн газар хариуцсан ахлах менежер Ричард Чан компанийн үйл ажиллагааг танилцуулж, товч мэдээлэл өглөө. Алибаба групп нийт 40 мянган ажилтантай бөгөөд Бээжингийн салбарт 10 мянга нь ажилладаг. Тус групп 2014 оноос ядуурлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлыг хийж эхэлсэн байна. “Цахим арилжаа”-ны аргаар “Шоргоолжны үйлчилгээ”, лизинг, каргоны үйлчилгээ, “Үүлэн бодлого”, “Хөдөө орон нутгийн үүлэн тархи” зэрэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Хөдөө орон нутгийн иргэдэд Таобао дээр хэрхэн арилжаа хийж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах талаар сургалт явуулдаг. Мөн тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, борлуулдаг. Эко хүнсийг газар дээрээс нь худалдан авч, зах зээлд борлуулж байна. Таобао нь 29 мужийн 700 суманд 1000 үйлчилгээний төв байгуулжээ.
Алибаба групп 2017 оноос “Ядуурлаас гаргах сан” байгуулж 10 тэрбум юанийг ядуу иргэдийн амьжиргааг тэтгэж, жижиг бизнесийг дэмжихэд зарцуулжээ. Тус групп “Эрүүл мэнд, соёл иргэншил” төслөө тун удахгүй эхлүүлэхээр болжээ. Мөн 2018 оны 6-р сард Шанхайд салбараа нээх юм байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ядуурлыг бууруулах үйлсэд манлайлж байна
Бидний дараагийн танилцсан газар БНХАУ-ын Барилгын материал групп ХХК/CNBM/ нь дэлхийн цементийн зах зээлийн 15 хувийг эзэлж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор лед дэлгэц, нарны энерги мэдэрдэг шилнүүд, ухаалаг гар утасны шилэн наалт, шилэн хавтан, шилэн мяндсан утас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Мөн Дэлхий дээрх хамгийн том цахилгаан сэнсний үйлдвэр юм байна. Дэлхийн 15 улсад салбар үйлдвэрээ байгуулсан бөгөөд АНУ, БНСУ, Канад зэрэг 40 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог томоохон компани юм. Тус компани дотоодынхоо иргэдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй, хөгжиж буй болон ядуу буурай орнуудад ч энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.
2014 онд Ши Жинпин даргыг Монгол Улсад айлчлах үеэр тус групп Монгол Улсад албан ёсны охин компани “Мөнхийн баян гал” ХХК-ийг нээж, манай улсын иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж, дэмжлэг олгох олон ажил хийснийг компанийн удирдлагууд бидэнд танилцуулсан юм.
Бидний Бээжингийн аялал өндөрлөж, Хятадын баруун өмнөд хязгаарт орших Сычуан, Гүйжөү мужтай танилцахаар хоёр багт хуваагдан Эйр Чайна компанийн орон нутгийн нислэгээр хөөрлөө.
/Үргэлжлэл бий/
Сэтгүүлч, ХМТА С. Номинцэцэг