📅

“БОТГОНЫ МӨНГӨ” БУЮУ ТЭМЭЭН СҮРГЭЭ ӨСГӨХ БОДЛОГО

🕔 2021/02/24 15:51 917
Дэлхийд ховорт тооцогдох хоёр бөхт тэмээний цөм нутаг нь Монгол улс юм. Тэр дундаа Өмнөговь аймаг сүрлэг сайхан тэмээний өлгий нутаг.

1990-ээд оны үед Өмнөговь аймгийн тэмээн сүргийн тоо толгой цөөрч, зах зээлийн шуурганд хайр найргүй өртөн, жил ирэх бүр эрчимтэй хорогдох болсон. Энэ л цаг үед малчид, тэмээчид дэлхийд ховордоод байгаа 2 бөхт тэмээний удам устах аюул нүүрлэснийг хурал, уулзалт бүрийд асуудал болгож, бодлогын түвшний ажил шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд, төр засгаасаа хүсэх болсон.

Тухайн үед Өмнөговьчуудаа төрд төлөөлөн сонгогдсон УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ малчдын санал хүсэлтийг ажил хэрэг болгож тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэн өсгөн үржүүлж, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэмээ хамгаалах сан"-г 2004 онд байгуулсан байдаг.

Энэхүү сангаараа дамжуулан “Тэмээний ноос” хөтөлбөр хэрэгжүүлж, Тэмээчдэд ботгоны мөнгө олгох, Хамгийн олон тэмээтэй сум, тэмээгээ төлөөр нь өсгөсөн Тэргүүний сумыг шалгаруулж “Мөнгөн буур”, “Мөнгөн ботго” шагнал олгох зэрэг тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ.

Говийн чимэг болсон тэмээн сүргээ өсгөх буухиаг Ханбогд сум манлайлж үүрд хадгалагдах цул мөнгөөр бүтээгдсэн “Мөнгөн буур”-аар шагнуулж байв.

Малчдын хэлж заншсанаар Ботгоны мөнгө олгосны үр дүнд сумдууд тэмээгээ тухайн үед 1000-3000 тоо толгойд хүргэн өсгөж 2007 он гэхэд өмнөх гурван жилтэй харьцуулахад аймгийн тэмээн сүргийн тоо 105%-иар өссөн амжилтыг гаргаж чадсан.

Бодит үр дүнд хүрсэн энэхүү санаачлага орон нутгийн бодлого болж аймгийн ИТХ-ын тогтоолоор “Төлөөр өссөн тэмээ тутамд мөнгөн урамшуулал” олгох журмыг батлан хэрэгжүүлж 2013-2014 онд л гэхэд 87 сая төгрөгийг 15 сумын 3200 малчин өрхөд олгосон байдаг.

Шинэ төрсөн ботго бүрийн тоогоор тэмээчдэд 1000 төгрөг олгодог энэ санаачлага бусад аймаг, суманд ч жишиг болсон юм.
Ботго бүрийн амийг мөнгөөр даатгаж, тэмээчдээ урамшуулж ажилласан нь тэмээ өсөхөд ихээхэн түлхэц болсон төдийгүй тэмээн сүргээ төлөөр өсгөсөн малчид ч хөдөлмөрийн үр шимээ хүртэж эхэлсэн юм.

Малчид тэмээчид, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнгээр Өмнөговьчууд Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан омгийн тэмээгээ үүлдрээр баталгаажуулж, сүрлэг сайхан тэмээгээ дэлхийд сурталчлахаар “Монгол тэмээ-999” түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Геннисийн номонд бүртгүүлсэн зэргээр бахархалт он жилүүдийг туулсаар байна.

Эхлэл суурь нь зөв тавигдсан ажил цаг хугацааны эрхээр улам тодрон үнэ цэнтэй болдгийн жишгээр тэмээчдэдээ урам хайрлаж ажилласны үр дүнд говийн тэмээ дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх их гараанд хүрч чадсан юм.

Говь нутгийн хатуу ширүүн уур амьсгалд халуунд нь халж хүйтэнд нь хөрч ирсэн малчид тэмээчид болон нутгийн иргэдийнхээ санал, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр олон жилийн турш хөрөнгө хүч хаяж, бодлого боловсруулж, малчдаа дэмжиж, орон нутагтайгаа хамтарч ажилласны үр дүнд зах зээлийн шуурганд хайр найргүй хорогдож тоо толгой нь цөөрч байсан тэмээ өсөх болсон нь “Тэмээ хамгаалах сан”-гийн ажил үйлсийн бодит үр дүнгийн илрэл юм.

“Тэмээ хамгаалах сан” өдгөө “Тэмээн соёл уралдааны холбоо”-той үйлс, зорилго нэгдэж тэмээн соёлоо дэлхийд таниулах, ашиг шимийг нь сайжруулах, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэхээр зорьж явна.

Тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэл, малчид тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүргийн тоо толгой өдгөө 166.8 мянгад хүрч улсдаа тэргүүлсээр байна.

Тэмээ өсөхийн хэрээр амьдын үнэлэмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний ноос, ингэний сүүгээр орон нутагтаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх,өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд зайлшгүй шаардлагатай болж байна. Иймээс тэмээний ашиг шим, чанарыг тодорхойлох, халдварт болон халдварт бус малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, судлах, тэмээний мал эмнэлгийн цогц лаборатори ажиллуулж, нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ Өмнөговь аймагтай хамтарч ажиллахаар зорьж явна.

Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 2 бөхт тэмээний ашиг шим физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор Тэмээний төрөлжсөн эмнэлгийг Өмнөговь аймаг улсдаа анх удаа байгуулан ажиллахаар болжээ.

Говь нутгийн бахархал болсон сүрлэг сайхан тэмээд минь түм бумаар өсөж, тэмээгээрээ гоёсон тэнүүн уужуу говьчууд ашиг шимийг нь хүртэж, дэлхийд алдартай нутгийн бренд бүтээгдэхүүнүүд төрөн гарах цаг ойрхон байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна