ЗАР
.МАНДАХБАЯРЫН НАЙРУУЛСАН ЖҮЖИГ БУЮУ ӨМНИЙН ГОВЬД БОЛСОН “ТАВИЛТТАЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Монгол Улс. Эрдэс баялагийн ордоороо дэлхийд гайхагдаж, тэр хэрээрээ олны анхаарлын төвд байсаар ирсэн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсны дараагаар уул уурхайн салбараас орж ирэх үр өгөөж нь асар их гэдгийг монголчууд ухамсарласан гэж болно. Тиймдээ ч уул уурхайн салбарыг дэмжиж ажиллахад төрөөс ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст Монгол Улсын эдийн засгийн орлогийн 70 орчим хувийг эрдэс баялагийн салбар дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл уул уурхайгүйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямархуу байр байдалтай байх вэ. Та төсөөлөөд үз дээ. Сайн талаас нь гэх үү, эсвэл иргэдийн хүсэн хүлээдэг хүлээлтийн өнцгөөс хариулбал, байгаль орчноо ухахгүй байх сайн талтай. Гэхдээ олон мянган залуус ажлын байргүй болно. Дагаад олон мянган өрх орлогогүй болно. Хамгийн гол нь энэ бүх эрсдэлийг бүрэн хэмжээнд нөхөх хэмжээний “хөдөлгөгч хүч” бидэнд байхгүй гэдэг нь чухам үнэн юм.
Энэ ч утгаараа инфляц Монгол Улсыг тэр чигт нь бүрхэж, магад дахин сэхэхээргүй хэмжээнд ч хүргэж мэднэ. Тиймээс л дэлхий нийтийн хэмжээнд уул уурхайг ашиглах ёстой юм байна. Гэхдээ хариуцлагатай, нээлттэй, ил тод замналаар хөгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд буй. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны хамгийн том бэрхшээл бол нутгийн иргэд болоод төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хоорондын үл ойлголцлын асуудал аль ч цагийн үед байсаар иржээ. Бүр тодруулбал, Канад, Австрали зэрэг улсад байгаль орчныг нөхөн сэргээх асуудал хурцаар тавигдаж байх тэр үед иргэдийн байгалиа гэх сэтгэлийг ашиглах этгээдүүд цөөнгүй байсаар иржээ.
“Чоно борооноор” гэдэг шиг ашиг хонжоо олохыг санаархсан этгээдүүд иргэдэд “Байгалиа хамгаалахад тань тусална. Та бүхэн биднийг дэмж. Уул уурхайг эсэргүүцэх хэрэгтэй” гэж сэнхрүүлэх бол өөрсдийн бэлтгэсэн “армидаа” “Эсрэг талыг юу ч хэлүүлж болохгүй. Үг бүхнийг нь эсэргүүц. Нутгийн иргэдийг турхир” хэмээн зааварладаг байна.
Тэгвэл яг энэ процессийг баталсан нэгэн арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 29-нд болсон юм. Тодруулбал, Өмнө говь аймагт Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, МАК, Мөнх ноён суварга, Дунь юань, Олон овоот гоулд, Зөв зүг, Чинхуа-МАК-Нарийн сухайт, Саус гоби сэндс, зэрэг компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Тэр дундаа тус аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад холбогдох асуудал олны анхаарлыг татсаар өнөөг хүрчээ. “Орчимд” гэж онцолж хэлсэн нь их учиртай. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллагаас Тост, Тосон бумын нурууны экосистемд аюул нүүрлэсэн эсэх, мөн “Сауд гоби коал транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэг нээлттэй болно хэмээж хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн ч харамсалтай нь төлөвлөсний дагуу болсонгүй. Учир юу гэвээс, ашигт малтмалын олборлолт хийдэг компаниудын үйл ажиллагаа нь говь нутгийн экосистемд сөргөөр нөлөөлж буй эсэхийг “тогтоох” зорилготой байсан уг хэлэлцүүлэг хэт нэг талыг барьсан байдалтай болсон юм. Угтаа бол Гурван тэс суман дахь тусгай хамгаалалттай бүсийн гадна талд Нарийнсухайтын бүлэг ордод хамаарах найман уурхай, харин тусгай хамгаалалтын бүс дотор Баатарван, Жавхлант орд гэсэн хоёр уурхай үйл ажиллагаа явуулж байна. Дээрхээс гадна тус бүс нутагт дахин таван уурхай үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох байгууллагаас зөвшөөрлөө авч өнөө, маргаашгүй ажлаа эхлэхээр болжээ. Яг энэ цаг үед “Сауд гоби коал транс” компанийн Баянтэсийн уурхайн үйл ажиллагааг “шүүхээр” дээрх хэлэлцүүлгийг зохиосон нь цаанаа ихээхэн эрх ашиг нуугдаж буйг гэрчилсэн юм.
Хэлэлцүүлгийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их шижир баялаг компанийн хувьцаа эзэмшигч Х.Мандахбаяр зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат зэрэг нэр бүхий хүмүүс л оролцов.
Харин дээр нэр дурдсан уул уурхайн компаниудаас зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн захирал Д.Буянбат оролцсон юм. Яагаад бусад компанийн төлөөлөл болон мэргэжлийн хяналтын төлөөлөл байхгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр тодруулахад “Мэргэжлийн хяналтын байцаагч, дарга нарыг дуудсан боловч оролцох боломжгүй гэсэн. Харин Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанийн асуудлыг дараа ярих тул хойш тавьсан” гэдэг утга бүхий хариултыг ард түмний дундаас төрсөн “баатар” гэж цоллогдоод буй Х.Мандахбаяр өгсөн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийн өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдсан асуудал тэр дундаа Гурван тэс суман дахь тусгай хамгаалалтын зурваст хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг талаар илтгэл тавихад оролцогчдын зүгээс дургүйлхэж, “Энэ асуудал чухал биш. Харин “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох нь чухал байна” гэдэг шаардлагыг дор бүрнээ тавьсан юм.
Угтаа бол Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 21.15 хувийг улсын тусгай хамгаалалтад, 16.24 хувийг аймгийн, 22.22 хувийг сумын тусгай хамгаалалтад авсан бол 7.23 хувийг ойн сан, усан сан бүхий газар нутагт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, тус аймгийн нийт 66.84 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад авсан нь бас чиг чамлахааргүй тоо. Нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэдийн болон иргэнийн нийгмийн төлөөллийн зүгээс үйл ажиллагааг зогсоох ёстой гэж үзэж, шаардаж буй “Сауд гоби коал транс” компанийн эзэмшлийн талбай нь дээрх тусгай хамгаалалттай зурвасын гадна оршиж буй аж.
Харин “Сауд гоби коал транс” компанийн захирал Д.Буянбат олборлолтын үйл ажиллагааг хариуцлагатай хийж байгаа бөгөөд нутгийн иргэдтэй харилцан ойлголцох замаар нөхөн олговор олгох зэргээр хамтарч ажиллаж байгааг танилцуулсан. Гэтэл оролцогч болон зохион байгуулагчдын зүгээс мөн л эсэргүүцэж, “Энэ нэг их сонин зүйл биш” гэдэг байдлаар хандсан нь анхаарал эрхгүй татсан юм.
Эндээс л Тост, тосон бумын нурууны орчимд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөл бүгд оролцох байх, түүгээр ч зогсохгүй тус нутгийн экосистемд нөлөөлж буй хүчин зүйлийг цогцоор нь ярилцаж, талуудын байр суурийг сонсох байх гэж бодсон найдвар талаар болсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр уг арга хэмжээг зохион байгуулсан Х.Мандахбаярыг шантааж хийх замаар мөнгө нэхсэн гэдэг яриа гарсан. Гэвч тэрбээр үүнийг эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хэрвээ уул уурхайн компаниуд хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан, эсвэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуульд заасны дагуу хариуцлага нэхнэ” гэдгийг онцолсон бол УИХ-н гишүүн Л.Энхболд “Энэ тэмцэл хэн нэгний улс төрд орох гэсэн хүслийнх нь нэг шат бол би дэмжихгүй. Харин ч эсэргүүцэх болно” гэдгийг мөн онцолсон юм. Хэлэлцүүлэгт зохион байгуулагч талын хүмүүс олноор оролцож буй нь илт болох нь ажиглагдсан.
Учир нь хэт нэг талыг барьсан, нөгөөтэйгүүр, тусгай хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компаниас илүүтэй тусгай хамгаалалтын газрын зурвасаас гадна талд үйл ажиллагаа явуулж буй дотоодын хөрөнгө оруулалттай компанийг онцолсон нь ингэж хардахад хүргэсэн юм.
Харин үнэхээр нутаг орноо гэж санаа зовоод ирсэн иргэд цөөнгүй байсан. Тэд “Уул уурхайг хариуцлагатай байлгах ёстой. Тусгай хамгаалалтайн бүсэд хятадын хоёр ч компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ганцхан компанийг онцлох нь зүйд нийцэхгүй. Дээр нь дахиад таван компани үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна гэж Засаг дарга хэллээ. Хэрвээ энэ үнэн бол нийт бүх компаниудыг ярих ёстой. Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас авлаг татварын нэгээхэн хэсгийг орон нутагт үлдээх ёстой. Гэтэл улсын төсөвт шууд татдаг нь иргэдийг бухимдуулж байна. Уул уурхайн салбараас Өмнөговьд их мөнгө ордог. Үүнийх нь үр шимийг өмнийн говьчууд хүртэж буй нь үнэн. Бидний амьдрал сүүлийн жилүүдэд эрс дээшилсэн. Гэхдээ нийт массаа бодвол орлогын хуваарилалтыг тэгш болгох нь зүйтэй. Тэгвэл хувийн хэвшил болон иргэдийн ойлголцол нэг мөр шийдэгдэнэ” гэсэн юм.
Тиймээс хэрвээ Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж үзэж буй бол тус газарт үйл ажиллагаа явуулдаг бүх уул уурхайн компаниудыг зогсоох ёстой. Зөвхөн хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг өмөөрч, хайцаалан дотоодын хөрөнгө оруулалттай компанийг алагчилж, гадуурхах нь муухай юм биш үү гэдгийг Х.Мандахбаяраас асууя.
Г.Алимаа