"Сэтгүүлчид хөрш орноор" тэмдэглэл
Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Сэтгүүлчид, гэрэл зурагчид уран бүтээлчдийн 17 хүний бүрэлдхүүнтэй баг Баяннуур аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, томоохон үйлдвэрүүд, ХМБайгууллагуудтай танилцаж туршлага судлахаар хөрш орныг зорилоо.Гашуун сухайтын боомтоор саадгүй нэвтэрсэн биднийг Баяннуур хотын Засгийн ордон болон Суртал ухуулгын хэлтэс, мэргэжил нэгт нөхөд маань угтан авч цааш аян замдаа хөдөллөө. Аяллын багийнхан Халиут хотод үдлээд Үеэн хотыг зорилоо.
Бидний мөнхийн хөрш Баяннуур сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа дэд бүтэц, ХАА, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өнгөт металлийн боловсруулалтаа улам чанаржуулж байгаа нь үнэхээр авууштай. Аялал жуулчлал, чөлөөт амралтын бүсийг байгуулахад чиглэсэн шинэчлэлд төмөр зам, хурдны зам, нисэх онгоц, ус ашиглалт, орон нутгийн засаг захиргаа, эрчим хүч, мэдээ мэдээлэл, харилцаа холбоог хурдасгах 5 үндсэн суурьд тулгуурлан нээлттэй, шинэлэг, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэхэд маш их хөрөнгө хаяж хөгжлийг хурдасгаж буй бодлого нь алхам тутам харагдана.
Сүүлийн жилүүдэд Баяннуур хот эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийн зах зээлд алдаршиж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн том органик сүүний үйлдвэрийн бааз төдийгүй Өвөр монголын хамгийн их тариалангийн талбайд наран цэцэг ургуулдаг бүс нутаг болжээ. Улаан лооль тариалалтаараа улсдаа 2-рт ордог. Сүүлийн жилүүдэд Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хөдөө нутаг төдийгүй хүн амьдрахад хамгийн таатай бүс нутгаар тодорчээ. Эрүүл хүнсний ногоо, мах, сүүгээрээ дэлхийд үнэлэгдэж эхэлж байгаа гээд хөгжлийн сайхан мэдээллийг сонссоор зорьсон газартаа бид хүрсэн юм.
Бидэнд зориулан тусгай хөтөлбөр гаргаж, тав тухаар хангаж сэтгэл гаргаж бүтээн байгуулалтаа үзүүлэх аж. Гурил, мах, хүнсний үйлдвэрүүдтэй танилцах хөтөлбөрийн дагуу Үеэн дэхь Бортохойн тариалах соёлын хүрээлэнтэй эхэлж танилцлаа.
Баяннуур бол Хатан голын сав газар, Монь хэмээх сүрлэг уулын бэлд говирхог хөрстэй газар оршдог. Бүх хятадын газар нутгаас Бортохой хэмээх энэ сав газар эрт дээр үеэсээ л тариа ногоо тарьж ирсэн үржил шимтэй нутаг. Нүүдэлчин, тариачид хамтдаа суурьшиж, хослож ирсэн. Тариа будааны ургалт гарц маш сайн. Тиймдээ ч газар тариалангийн алтан бүс гэж нэрлэгддэг юм билээ. Сүүлийн жилүүдэд амт чанар сайтай, цэвэр экологийн, нутгийн бренд бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийд үнэлэгдэж байгаа нь энэ нутгийн ус, хөрс, үржил шимтэй газар нутагтай холбоотой гэнэ.
Наранцэцэг, амтат гуа, алиман лийр, улаан лооль, нохойн хошуу, хар самар зэрэг дээд зэргийн чанар сайтай бүтээгдэхүүн ургадаг. Баяннуурын амтат гау, шийгуа бүр ч алдартай.
Үеэн дэхь энэхүү Бортохойн тариалах соёлын хүрээлэн нь Баяннуур хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй томоохон төсөл. Энэхүү хүрээлэнг хотын захиргаанаас орон нутгийн ААНэгж, иргэдийн оролцоотойгоор байгуулжээ. 733 га талбай газар 3 удаагийн томоохон хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийж дуусгасан. Бортохойн түүх соёлын хүрээлэн, Бортохойн тариалах соёлын музей, шинэ ургацын жимс,ногооны өөртөө үйлчлэх төв, Бортохойн тариалах соёлын туршилтын бүс, Бортохойн иргэний соёлын тосгон, ресторан, усан парк, Хатанголын соёлын хүрээлэн, Ван шан орчин үеийн тариалах тосгон зэрэг тус тусдаа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой 9 хүрээлэнгүүдээс бүрддэг.
ХАА-г хөгжүүлэх жишиг хүрээлэн нь 3 тасагтай. Үр, тариа тарих, Халуун бүс нутгийн жимс ногоо тариалах, экологийн бүтээгдэхүүний тасагтай.Энэ хүрээлэнд оронгуут л Баяннуурын хөрсөнд тариалсан нутгийн бренд бүтээгдэхүүнүүдээ дэлгэх үзүүлсэн байна. Гадаадад экспортлодог болон дотоодын зах зээлд худалдаалдаг бүтээгдэхүүн нь хайрцаг савны өнгөөр ялгаатай. Органик цэвэр гэдгээрээ алдаршсан бүтээгдэхүүнүүд ажээ.
Тариалах соёлын хүрээлэнд танхим дүүрэн ногоон орчин. Гадаа хүйтэрч өвс ногоо гандаж байхад энэ дотор навч ургамал дэлгэрэн мөнхийн зунаараа байх нь сэтгэл сэргэм үзэмжтэй.Хаашаа л харна жимс ногооны цэцэг, ургамлыг жирийтэл нь тарьж ургуулжээ.
Халуун оронд ургадаг жимс, ургамал, модыг тариалсан нь өвөрмөц содон. Кактус, банана, лимон зэрэг төдийлөн өргөн дэлгэр тариалаад байдаггүй ховор жимс ч энд харагдах нь сонирхол татна.
Мөн хятаддаа маш өндөр үнэтэй сандал ширээ хийдэг мод, ургамал гээд олон зүйлийн ургамлыг үрслүүлэн, судлаж, шилдэг сортыг нь тариалдаг байна. Гол нь энэ хүрээлэнгээ гадна дотноос ирсэн жуулчдад үзүүлдэг гэсэн. ХАА-ын жишиг паркыг өмнөд хөрш түлхүү хөгжүүлж байна. Ялангуяа олон төрлийн сортын ургамал ногоог туршин судлаж, тариалж өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлж байгаа арга туршлагаас суралцах хэрэгтэй санагдана.
Нарны эрчим хүчийг ашиглаж өвлийн цагт ч шинэ ногоогоор тасрахгүй ногоон орчинг бий болгох энэ арга туршлага манайд үнэхээр хэрэгцээтэй. Өмнөд хөршийнхөн мод ургамал тариалж, арчилж тордох тал дээрээ хол хөгжижээ.Халуун орны ургамлыг хүртэл манайхтай цаг уур адилхан нөхцөлд нутагшуулан тариалж дотоод, гадаадын зах зээлд гаргаж орлого олж, орон нутгаа хөгжүүлж байна.
Бидний дараагийн танилцсан газар бол түүхэн музей.
Бортохойн 2400 гаруй жилийн түүх соёлыг харуулсан хийд сүм дуган хэлбэрийн хоёр том барилгатай. Музейд эрт цагаас тариа тариалж аж төрж ирсэн түүх соёлын эд өлгийн дурсгалт зүйлсээ орчин цагийн хөшөө баримал, ахуй орчинтой нь дүрсэлж музейн үзмэрээ баяжуулсан нь үзэж буй хүнд сонирхолтой.
Эрт болон орчин цагийн түүхэн хөгжлийн өв дурсгал, үзмэрийг хадгалсан 2 том барилга бүхий музей нь Баяннуурчууд нөр их хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шимээр энэ цагийн хөгжилд хүрчээ гэдгийг түүхийн олдвор бүр өгүүлэх ажээ.
Бидний дараагийн очсон газар бол Өвөрмонголын нэртэй гурилын үйлдвэр байлаа.Жо Фэн нэртэй. Баяннуур аймгийн бас нэгэн бренд бүтээгдэхүүн бол Бортохойн буудайн гурил. Дээд зэргийн чанартай улаан буудай нь Хятад улсын гурилын үйлдвэрүүдийн чанар сайтай гол түүхий эд болдог.
Баяннуур хот 300 гаруй гурил боловсруулах үйлдвэртэй. Жилд дунджаар 1 сая орчим тонн улаан буудайг боловсруулдаг.
Жилд 80 гаруй тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай 30 гаруй гурилын компанитай гэнэ. Бидний очсон гурилын үйлдвэр Баяннуурын тэргүүний үйлдвэр юм.
Энэ үйлдвэр Бортохойн гурилаараа алдартай. Сайн чанарын уураг, цавуулгын агууламж өндөртэй байдаг учраас Хятадын хүнсний мэргэжилтнүүд Таван зүйлийн чанар хангасан дээд зэргийн чанар сайтай улаан буудай гэж өргөмжилдөг ажээ.
Энэ үйлдэр 2006 онд байгуулагдсан. ӨМӨЗОрны ядуурлыг бууруулах хөтөлбөрт хувь нэмрээ оруулж хүнсний аюулгүй байдлыг дээдэлж ажилладаг.Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нутгийн тариачидаа дэмжиж, тэдний орлогыг нэмэгдүүлдэг тухай үйлдвэрийнхэн мэдээлэл өгч байв.
Бидэнд үйлдвэрлэлийн явц болон бүтээгдэхүүний дээжээсээ амтлуулж тариалалтын видео танилцуулгаа сонирхууллаа. Бортохойн гурилаар хийсэн цэвцийсэн цагаан мантуу, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймонгууд, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдийг танхим дүүрэн дэлгэн үзүүлжээ
Улаан буудайн дээд зэргийн гурил, ширхэгтэй гурил, гоймон гээд 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Хөх хот, Бээжин, Шанхай, Гуанжоу гэсэн том том хотод зарагддаг байна.
Тусгай мэргэжилтнүүд, судалгааны хүрээлэнтэй хамтран Бортохойн буудайн төрөл зүйлийг шинэчлэх төвийг байгуулж жил бүрийн хаврын тариалангийн чанар сайтай буудай тэр дундаа Бортохойн орон нутгийн онцлог бүхий буудайг сонгон тариалдаг. Буудайг уг үндэснээс нь сортыг нь сайжруулж, шинэ технологийг нэвтрүүлж ажилладаг. Мөн Олон улсын гурил үйлдвэрлэх жишиг стандартыг нэвтрүүлж энэ салбартаа олон анхдагч зүйлийг санаачилж бренд болгожээ.
Бортохойн буудай өөрийн гэсэн онцлогтой.Улсдаа өндөр зэрэглэлтэй. Бортохойн гурил хятаддаа ч нэртэй.Учир нь газар хөрс, агаар энэ гурилын сайхан амтыг бий болгохын хамт буудай тарих маш нарийн уламжлалт арга ч энэ амтыг бий болгодог. Харин сүүлийн жилүүдэд буудайг уламжлалт нарийн аргаар тариалдаг хүн их цөөхөн болж байгаа нь бас бэрхшээл үүсгэж байгааг үйлдвэрийнхэн ярьж байна. Үүнээс үүдэн зөвхөн захиалгаар буудай тариалж гурилаа үйлдвэрлэх болжээ.
Бид Өвөр монгол төдийгүй Хятаддаа алдартай “Цао Юань Хун Бао” Хүнсний компанид зочилов.
Баяннуур аймаг 4 улирлын турш махны чиглэлийн хонийг тогтмол үржүүлэн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг. 2,4 сая малтай. Жилдээ талыг нь хүнсэнд хэрэглэдэг.
Энэхүү хүнсний компани 1999 онд байгуулагдсан. Хонь үржүүлгийн Аж Ахуй, Махны үйлдвэр, Мал нядалгааны газар, Мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулж, борлуулдаг цогц үйлдвэрлэлтэй. Бидэнд танилцуулсан Махны үйлдвэр өдөрт 3000 мал нядлах хүчин чадалтай маш том үйлдвэр. Одоогийн байдлаар өдөрт 1500-2000, жилд 1.5 сая толгой мал нядалдаг тухай үйлдвэрийн зүгээс танилцуулсан.
Мал нядалгааны газар гэхээр л манайхны бой, нядалгааны цэг санаанд орж хэцүүхэн үнэртэй байхдаа гэж бодож орсон маань эсрэгээ аж. Ямар ч үнэргүй, маш цэвэрхэн орчинд цагаан халадтай ажилчид шилэн хоргоны цаана зогсоо зайгүй хөдөлмөрлөсөн дүр зураг угтлаа. Малыг Муслимын уламжлалт аргаар нядалдаг нь манайхаас өөр. Малыг нядалгааны газар оруулж төхөөрсөн цагаас эхлэн нүд ирмэхийн төдийд л автомат болон гар ажиллагаагаар олон дамжлага дамжуулан эцсийн бүтээгдэхүүн болгож савлаж пакетлана.
Үйлдвэрлэл асар богино хугацаанд явагддаг ажил буцалсан газар аж. Малыг төхөөрөх, арьсыг нь автоматаар хуулах, гэдэс дотрыг нь гаргаж тусгай хэсэг рүү зөөвөрлөх, гулууз эвдэх, мах шулах гэээд дамжлага бүр дээр хариуцсан ажилтантай.
Булчирхайг нь түүж, яс, махаар нь жижиглэх, ангилах, цул мах хаа гуяар нь ялгах, эвдэх, шулах, хайрцаглах, хаяг шошго наах гээд л нэлээн хэсэг дамжлагын дараа гологдол байгаа эсэх чанарыг шалгаж эцсийн бүтээгдэхүүн болгож сүлжээ дэлгүүрүүд, гадны 80 гаруй оронд түгээдэг байна. Төв ази, Зүүн өмнөд ази, Хонконг руу мах экспортлодог.
Ажилчдын хувцас маш цэвэрхэн цус шүүсны бохир зүйл огт харагдахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахидаг болох нь илт. Маханд бохир оруулахгүй байх үүднээс бээлий, амны хаалт, тусгай гутал хувцас өмсөнө. Ажилчиддаа байгууллагын зүгээс байр хоолоор хангадаг. Ихэнх ажилчид эндээ суурьшиж ажилладаг гэнэ. Мах шулагч, эвдэгч нь өндөр цалинтай.Мах шулагч нь хормын төдийд малын яс, махыг нэг нэгээр нь салгах нь ажилдаа үнэхээр гаршсан төдийгүй харахад гайхмаар.
Өвөрмонголд малын бэлчээр хомс учир малыг хашиж, суурин фермерийг их хөгжүүлж байна. Энэ компани л гэхэд хажуудаа хонь, хурга үржүүлэх сууринтай. Манайхны сүүл томтой хонины хажууд махны чиглэлийн хонь нь жижигхэн годон сүүлтэй ч бие нь өсгөлүүн. Манайхан хонь ямаагаа нас бие гүйцээж хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл урагшаа 3 сартайд нь зах зээлд гаргадаг. Гэхдээ махны чиглэлийн хурга нь харахад нас бие гүйцсэн хонь шахуу том биетэй, 180 хоногт л 30 кг болдог байна.
Мах нь амт чанар сайтай, хонины үнэр багатай, шинэ соргог, хальс өөх багатай тул захиалагч маш олонтой, эрэлт ихтэй. Борлуулалт нь жил бүр 30%-иар өсөж байгаа гэнэ.
Энэ үйлдвэр бүс нутагтаа хонины ААхуй, хурганы бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн стандартыг бий болгох суурийг тавьсан.Мах, сүүний чиглэлээр хонио өсгөдөг. Хонио хэрхэн эрүүл өсгөж, фермерийн аж ахуйгаас хэрэглэгчдэд хүргэх вэ? гэдэгт маш их анхаарал хандуулж ажилладаг. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг дээд зэргээр сахидаг.Малын тэжээл ургамлаа өөрсдөө тариалж, тэжээлийг маш нарийн тааруулдаг.
Хамгийн гол нь малын өвчинг маш нарийн хянадаг байна.Энд дэлгэн тавьсан зүйлс бол тус компаниас зах зээлд гаргаж байгаа нэрийн бүтээгдэхүүнүүд.
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь амттайгаас гадна сав баглаа боодол сайтай. Хөрш улс маань тэр дундаа Баяннуур аймаг газар тариалан, ХАА-ын салбараа түлхүү хөгжүүлж дэлхийд тэргүүлсэн эко бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Ялангуяа мах сүүний үйлдвэр эрчимтэй хөгжиж орон нутаг бүс нутагтаа эдийн засгийн үр өгөөжөө өгч нэр хүнд нь өссөөр байна.
Баяннуур аймаг нь газар нутгийн хувьд манайхтай ойролцоо учир малын махны амт бараг ялгаагүй. Хил залгаа аймаг Махны үйлдвэрийг цогц бодлогоор хөгжүүлж малын махаар Хятадын энэ том зах зээлийг хангаад зогсохгүй дэлхийн 80 гаруй оронд мах нийлүүлж байгаа энэ арга туршлагыг манай аймаг нарийн судлаж, санаа авч, байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглавал боломж дүүрэн байгааг харьцуулан бодож явлаа.
Хүнсний үйлдвэр, Гурилын үйлдвэр, ХАА-н жишиг хүрээлэнтэй танилцсан аялалаа энд хүргээд өндөрлөж байна.Ч. Сумъяа