📅

Хөрш аймгийн хөгжлийн жишиг. Аян замын тэмдэглэл-2.

🕔 2018/09/01 21:55 968

Өмнөговь аймгаас хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд хөрш орны хөгжил дэвшил, ХАА-н салбартай танилцаж, туршлага судлах аялал Агуйн сүм, Сүүний үйлдвэр, Цөлийн цагаан будааны тариалангийн талбайтай танилцахаар аян замдаа гарлаа.


Нар салхины энергийн баялаг эх үүсвэрийг өндөр түвшинд ашигладаг

Дэн Көү Шень хот. 

Бидний аялан байгаа Дэн Көү Шень хот нь шар мөрний тал газар байрладаг. 4167 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Уулархаг, элс ихтэй тэгш талтай. 5 сум балгас, 5 фермтэй. 128,000 хүн амтай. Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 17 үндэстэн амьдардаг. Баянгол балгасанд Засаг захиргаа нь байрладаг. Шар мөрөн нь Дэн Көү Шень хотоор 52 км урсан өнгөрдөг байна. Энэ нутагт том, жижиг нийлсэн 160 гаруй нуур байдаг. Тиймээс Зуун нуурын нутаг гэж нэрлэдэг. Хуучин Баяннуур, Альшаа 2 аймгийг нэгдмэл байхад нийслэл нь байсан газар. Нар, салхины энергийн баялаг эх үүсвэрээ ашиглан үйлдвэрлэл явуулдаг хот. Жилийн нар тусах цаг нь 3300, салхины хурд нь 4,5м. Улсын энергийн төрийн бодлогийг их хэмжээгээр дэмжиж байгаа хотуудыг тэргүүлдэг. Гол гол замуудын зангилаа болсон газар. Энэ хотоор 110 улсын засмал зам, Бээжин-Төвд, Бээжин-Тяньжин чиглэлийн хурдны засмал зам, Бугат-Ланьжоу, Леньхэ-Цэхээгийн төмөр зам Дэн Көү Шениэр дайран өнгөрдөг. Нутгийн гол бүтээгдэхүүн нь ХАА, газар тариалангаас олж буй эцсийн бүтээгдэхүүн. Шийгуа, амтат гуа, сүүн бүтээгдэхүүн, улаан гоёо, шар мөрний мөрөг загас зэргээрээ алдартай.

                      
Баруун хойд Хятадын хамгийн том сүм хийд Агуйн сүмээр зочлохуйд...

Хөрш аймагт бүтээн байгуулалтууд алхам тутам өрнөхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь анзаарагдаж байлаа. Аялал жуулчлалын салбартаа хөрөнгө оруулалт их хийж байгаа нь илт. Тухайлбал бурхан шашны сүм хийдийн туурь, олдвороо орчин цагийн бүтээн байгуулалттай хослуулан жуулчдыг татах нэг үзмэр болгож байгаа олон газрууд байна. Үүний нэг нь Агуйн сүм юм.

Агуйн сүм нь Төвдийн Буддизмын улааны шашин бөгөөд Лашбүрэнгадинлин нэртэй баруун хойд Хятадын хамгийн том сүм хийд юм. Өвөр монголын Улааны шашины цорын ганц газар бөгөөд 12 гол сүмүүдийн нэг гэх.Энэ сүмийн агуйд ирж гэгээрсэн Ловон чимэг бурхан нь бадам лянхуа цэцэгнээс төрсөн гэж домог үлгэрт өгүүлдэг. Баруун газраас ирж муу зүгийн шулам дарж сайн цагийг авчирч, энэ агуйд ирж бясалгал хийж гэгээрсэн бурхан ажээ.

Тус газарт очиход орчин цагийн сүм хийдийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөөр угтлаа. Сүмийг 1798 онд барьжээ. 1500 м-ийн өндөрт байрладаг Төвд маягаар баригдсан Агуйн сүм нь уулын оройд байдаг бөгөөд өгсүүр шатаар нэлээд газрыг туулж байж бид сая агуйд очлоо. Яг л хуучин цагийн дүр төрхөөрөө байх агуйн сүм Монголын эрт цагийн хийдүүд шиг сэтгэгдэл төрүүлэн угтах аж. Манж, Монгол, Төвд, Хятад 4 хэлний Зонхчүн сүм. Гол танхимын эргэн тойрон дахь хадан хясаанд 5 өвөрмөц байгалийн агуй байрлана. Ловон чимэг агуй, Жагир самба агуй, Самба гарав агуй, Дарь эх агуй, Эрдэнэ зуу агуй гээд дор бүрдээ сүсэг бишрэлийн утга учрыг агуулдаг хэмээн сүмийн лам танилцуулж явлаа.

Ловон чимэгийн агуй 300-аад жил болсон. Жил бүрийн 7-р сарын 10 болон 9-р сарын 25-ны өдөр сүмийн найр болж олон газрын жуулчид сүмд очиж мөргөл хийдэг.Тэр дундаа Монголчууд очиж их сүсэглэн залбирдаг гэнэ. Ажил үйлсээ даатгаад чин сэтгэлээс сүслэж чадвал санасан бодсон ажил үйлс бүтдэг гэнэ.

Өндөр хадан дунд байрлах агуйн сүмийг орчин цагийн хэлбэрт оруулж бүтээн байгуулалт хийж байгаа учир хуучин дүр төрх нь алдагдахаас өмнө амжиж очиж мөргөх, ажил үйлсээ даатгах гэсэн сүсэгтэн олны хөлд нэлээд дарагддаг гэнэ. Өндөр өндөр хадан ханандаа маанийн үсэг жирийтэл бичсэн, нууцлагдмал агуйн сүм олон мянган жилийн түүхийг өгүүлэн, сүсэг бишрэл тээсэн хүмүүсийн сэтгэлийн өглөгөөр өнгө сэргэн, үзэмж нэмсээр. Биднийг очих үед бурхан багшийн дүрийг залсан ИХ Дуган барих ажил ид өрнөж байлаа.

Сүм хийдээ сэргээн, шинэ цагийн өнгө төрхтэй хослуулан аялал жуулчлалын бас нэгэн үзэж сонирхох газраа нэмэгдүүлж байгаа Агуйн сүмтэй танилцаад нутгийн малчид үйлдвэрлэгчид хэрхэн хоршиж малын сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийг хөгжүүлж байгаатай танилцахаар аян замдаа гарлаа. 

Monmilk сүүний үйлдвэр малчдын гар дээрээс өдөр бүр

1200 тн сүү авч үйлдвэрлэлээ явуулдаг.


Өвөрмонголд үйлдвэрүүд их хөгжиж байна. Нүүдлийн уламжлалт соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа нь нүднээ илхэн. Малчид үйлдвэрлэгчид хэрхэн хоршиж нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрсдийн улсдаа төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөхүйцээр ажиллаж байгааг үлгэр жишээ үзүүлж байна. Үүний нэг Моnmilk сүүний үйлдвэр. 2003 онд байгуулагдахдаа 5 тэрбум юаны өртөгөөр боссон гэх. Үхэр тэжээдэг малчин айлуудаас сүүгээ гэрээгээр авдаг. Сүүгээ малчдын гар дээрээс авсан даруйдаа 2 цагийн дотор тээвэрлэн авчирч шууд лабораторийн шинжилгээнд оруулдаг байна. Өдөрт 1200 тн сүү авдаг бөгөөд хурааж авсан сүүний дээжээс 106 төрлийн шалгалт, хяналт хийж байж үйлдвэрлэлд оруулж савладаг тухай тус үйлдвэрийн дарга танилцууллаа. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь бүрэн автомат учир хүний гар ажиллагааг бүрэн халжээ. Зөвхөн хайрцаглах хэсэгт л хэдхэн хүн ажиллаж байгаа харагдана. Үйлдвэрийн байр асар том. Үйлдвэрлэлийн явц, шат дамжлага бүрийг шилэн хоргоны цаанаас үзэж сонирхов.

Бүхий л ажиллагаа автоматаар, нэгэн жигдийн хурдаар тасралтгүй ажиллах техникүүд 1 секунд тутамд 6-7 хайрцаг сүү үйлдвэрлэн савлах аж. Сүүний үйлдвэр нийт 306 ажилтантай. Өдөрт 1,200,000 тонн үхрийн сүү хуримтлуулдаг. Тус улсынхаа хамгийн өндөр зэрэглэлийн нэг номерын сүү хэмээн Сүүний үйлдвэрийн дарга танилцууллаа.

Сүүний үйлдвэр 8 салбар сүлжээ дэлгүүрүүдтэй. Монголд тэр дундаа Улаанбаатарт бас зарж борлуулдаг. Гадаадын улс орнуудад сүүний борлуулалтын салбараа ч нээсэн.Өдрөөс өдөрт сүүн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж улам баяжуулсаар, үйлдвэрлэлээ тэлсээр байгаа. 2003 оноос хойш сансрын нисэгчдийн хүнсний хэрэгцээнд сүүгээ нийлүүлж байгаа гэнэ. Мөн Өвөр Монгол, Хятад улсын тамирчдыг тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцход нь үргэлж дэмжиж хамтарч ажилладаг юм байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд салбар бүрт дэмжлэг үзүүлж ажилладаг тухай ярьж байлаа. Аялалын багийнханд сүү, сүүн бүтээгдэхүүний дээжээ түгээсэн бөгөөд малын сүү амтагдсан өтгөн сайхан сүүгээр дайлуулж аян замын дөрөөгөө мялаалгасан бид дараагийн газар руугаа хөдөллөө.

Аялалын багт явж буй салбар бүрийн албан хаагчид замын туршид дуутай хууртай, шүлэг найрагтай, шинэ соргог санаагаа хуваалцаж, нутаг орондоо хэрхэн хэрэгжүүлж болох гээд үзсэн харсан бүхнээ Өмнөговь аймагтаа яаж туршлага болгох талаар зам зуураа хэлэлцэн ярилцсаар явлаа.


Урд орон манайхаас хөдөлмөрлөж байгаа байдлаараа илт давуу байна.

Д. Буянбаатар.

/МЭА-ны Паразитологич их эмч/

Миний хувьд мал эмнэлгийн салбарыг төлөөлж энэ аялалд оролцож байна. Хөрш орон манайхтай адил нүүдлийн соёл иргэншилтэй нь харагдаж байна. Баяннуур аймгийн Хойд хошууны Цог-Өндөр сумын малчдын мал маллагааны арга туршлага нь манайхтай адилхан байна. Гол нь мал маллагаа нь суурин байдалд шилжиж малын бэлчээрээ хашдаг юм байна. Ийм учраас малын өвчлөл байнгын хяналтанд байдаг юм байна гэж ойлгогдлоо. Урд орон манайхаас хөдөлмөрлөж байгаа байдлаараа илт давуу байна. Хаа ч явсан ажил хийхгүй хүн гэж алга. Бүх зүйлийг бага гэлтгүй хийж, хөдөлмөрлөж орлого олж байна. Ургамал ногоо, эрдэнэ шиш, хүнсний ногоо, тэжээлийн ургамал их тариалдаг газар байна. Бүгд л механикжсан үйлдвэртэй. Нар, салхийг өндөр түвшинд ашигладаг юм байна. Цахилгааны эх үүсвэрээ нар, салхи 2-оос авдаг нь их таалагдлаа. Манай Өмнөговийн хувьд нар, салхи аль аль нь байна. Нар салхины энергийн эх үүсвэрийг бүрэн ашиглах боломжтой. Газрын хөрс, уур амьсгал нь адилхан юм. Говьтой бол говьтой, элстэй бол элстэй, мах нь хүртэл манай говийн махнаас ялгагдах зүйлгүй л байна. Бид урд орны хөдөлмөрч хүмүүсээс санаа авч их зүйл хийхээр байна. Мод тарих туршлагыг айл бүр л хашаа хороо, гадна орчноосоо эхлүүлмээр санагдлаа. Манайхан их л залхуу хүмүүс юм даа гэж бодож явлаа.Нүүдлийн МАА эрхэлнэ гэдэг малаа бэлчээрт туучихаад өдөр усандаа ирэх байхдаа гээд бодоод суухыг хэлэхгүй байх. Манайхан ийм л байдал руу шилжсэн. Сүүлийн үед нүүдлийн соёл иргэншлээ хүртэл орхиж байгаа бүрхэг болж байгаа ард түмэн юм даа гэж сэтгэгдэл төрсөн. Энд бол МАА-г үнэхээр зөв хөгжүүлж түүнээсээ ашиг орлого олж малчид иргэд цаашилбал аймаг хотоо хөгжүүлж байгаа нь зөв бодлого санагдлаа. Санаа авууштай зүйл олон харагдаж байна.

Өмнөд хөршийнхөн элсний нүүдэл, цөлжилттэй их шаргуу тэмцэж байна. Засаг төрөөс нь ч их анхаарал хандуулж хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Манайхтай газарзүйн онцлогийн хувьд ойролцоо Баяннуурчууд цөлжилт үүссэн газар нутгаа ногоон байгууламжаар дүүргэхээр ханцуй шамлан хөдөлмөрлөж эхэлжээ.

Хуурайшилт, элс ихтэй газрууддаа Шар мөрнөөсөө суваг шуудуу татаж хиймэл нуур үүсгэж байна. Цөлөрхөг газрууддаа заг тариалж хөндий дүүрэн загийн шугуй ногоорон харагдана. Хаа сайгүй хүний гар хүрч болох бүхий л газартаа мод, цэцэг ногоо тариалж борви бохис хийлгүй арчилж тордож байлаа. Бидний очих цаг хугацаа тариа ногоо боловсрох, ургац хураалтын үе таарсан учраас хаа сайгүй л хөдөлмөрийн үр шимээ хүртэхээр ногоогоо хурааж, зарж борлуулж, ажил ид буцалж байлаа.



Цөлд цагаан будаа тариалж эхний ургацаа авчээ.

Хөндий дүүрэн ногоорон байгаа энэ талбай бол цагаан будааны тариалалтын талбай. Жилийн өмнө л энэ хөндий дүүрэн элсэн цөл байсан гэхэд итгэмээргүй.

Хөрш орны Засгийн газраас нь нэг бодлого барьж байгаа нь цөлжилтийг улам нэмэгдэхийг зүгээр харж суух биш энэ их элсэрхэг газар нутгийг яаж ашиглах, шар шороо, элсний нүүдлийг зогсоох, тогтоон барих тал дээр онцгой анхаарч байгаа гэнэ. Иймээс элсэн дээр будаа тарих төслийг хэрэгжүүлэхээр Цөлийн цагаан будааны туршилтын сууринг байгуулжээ. Бид элсэн цөлд хэрхэн будаа тариалж байгаатай танилцлаа.
   Ийм элсэнд будаа тариалж байна.                           Цагаан будааны тариалалтын талбай.

2017 оны 4 сард тус төсөл эхэлсэн. 5 сарын сүүлээр будааны үрийг усанд суулгажээ. Одоогийн байдлаар туршилт амжилттай явагдаж ургац сайн ургажээ. 10 сард ургацаа хураах гэнэ. Нэг сарын хугацаанд элсэн цөлийн талбайг тэгшилж, Шар мөрний уснаас газар доогуур суваг шуудуу татаж, ус шингээж нөөцлөх, чийгээ барих нарийн технологитой усан талбайг бүтээн байгуулжээ. Ус чийггүй элсэн талбайд холоос ус татаж авч байгаа учраас усыг нөөцлөх, чийгээ барих нарийн технологитой аргыг ашиглаж байна.  Шар элс, сайрыг хольж агаар нэвтрүүлдэг, амьсгалдаг, ус шингээдэг тоосгыг өөрсдөө үйлдвэрлэн тариалалтын талбайдаа дэвсэж усан талбайг бүтээн байгуулжээ. Энэ тоосго нь усанд хэмнэлттэй, усыг үр ашигтай зарцуулдаг, чийгээ сайн хадгалдаг байна.

Тариалангийн талбайд дэвссэн чийг хадгалах хавтан.

115 тонн цагаан будааны үрийг хөндий дүүрэн суулгасан байна. 1 мү газраас 400-500 гр цагаан будааны ургац авдаг. 1 мү газрын цэвэр ашиг нь 8000-9000 юань буюу Монгол мөнгөөр тооцвол 3 сая гаран төгрөг юм. Энэхүү цагаан будааны туршилтын төслийг Улсаас нь дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж, Бээжингээс тусгай мэргэжилтнүүд урьж авчирч эзгүй цөл нутгийг цагаан будааны тариалангийн бүс болгохоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Тариалалт амжилттай болж будаа тариалахын зэрэгцээгээр загас үржүүлгийн газар байгуулан ажиллаж байгаагаа бидэнд үзүүллээ. Эзгүй элсэн талд будаа ургуулж, тэр ч байтугай загас, нугас, галуу шувуу үржүүлж байгаа нь үнэхээр сонирхол татам. Загас үржүүлэх газраа энэ жил шинээр нэмж байгуулсан төдийгүй элсийг ашиглаж жимс, жимсгэнэ ургуулахаар зэхэж байна. Мөн энэ бүхнийгээ цогцоор нь хөгжүүлж аялал жуулчлалын газар болгож элсийг орлого болгож эдийн засгийн үр ашгийг нь хүртэнэ хэмээн Төслийг хариуцсан дарга итгэл дүүрэн ярьж байна. 6 эгнээ тусгай цөөрөмд дүүрэн загастай. Будаагаа зарж орлого олохын хажуугаар загасаа хүртэл зах зээлд борлуулж өчнөөн юанийн цэвэр ашигтай ажилладаг байна.  Элсэн дээр юуг ч бий болгож, бүтээж болдог жишээ энэ ажгуу.

            Загас үржүүлгийн газар
Манай аймгийн Баян-Овоо, Ханбогд сумтай залгаа орших энэ нутагт элсэн дээр будаа тариалж арвин ургац авч байгаа авууштай туршлага байна. Газарзүйн онцлог байдал, уур амьсгал ижилхэн манай аймагт ч мөн адил энэ туршлагыг нэвтрүүлж өөрсдийн хэрэгцээгээ хангах цагаан будаа тариалах бүрэн боломж байгаа гэдгийг энэ суурин бэлхэнээ харуулна. Цөлжилт, тоосжилт гээд зүгээр ярьж суух биш элсийг ашиглаж яаж орлоготой болох вэ? гэдгийг бодлого болгож, бодитоор хэрэгжүүлмээр...

-Аялалынхаа 2-р хэсгийг энд хүргээд өндөрлөе. Дараагийн тэмдэглэлээрээ Нар, салхины энергийг хэрхэн ашиглаж байгаа болон ХАА, газар тариаланг эрчимтэй хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг танилцуулах болно.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна