Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243
Хүний гавьяат эмч Б.Эрдэнэбилэг: Хараа муутай хүн эргээд ертөнцийг тод, томруунаар харах шиг сайхан зүйл үгүй
Монгол Улсын Хүний гавьяат эмч, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, нүдний эмч Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагаа “Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж явдаг” хэмээн эхлүүлсэн юм.
– Та өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өнөөдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдсандаа туйлын их баярлаж байна даа. Энэ бол миний гэр бүл, хамт олны хамтын үр дүн гэж бодож байна. Эмнэлгийн эмч, ажилчид нойр хоолоо мартаж, идэвх зүтгэлтэй, мэргэжилдээ үнэнч ажиллаж, ард иргэдээ хамгаалж байгаад талархаад баршгүй.
-Анх нүдний нарийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? Яагаад заавал нүдний эмчээр ажиллах болов?
-Би сургуулиа 1978 онд төгсөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 6 жил ажилласан. Тэр үеэс нүдний нарийн мэргэжлийн эмчээр ажиллахаар шийдэж, өдгөө 43 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа хурдан өнгөрдөг юм байна. Би одоог хүртэл нүдний эмч болоход асар их нөлөө үзүүлсэн багш нартаа баярлаж явдаг. Мөн миний гэр бүлийн хүн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон, хувийн хэвшлийн эмч, ажилчид бүгдэд нь маш их талархаж явдаг. Нутгийн олондоо аз жаргал, эрүүл энхийг хүсье.
-Эмчийн мэргэжлийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Хүнийг эмчилнэ, эрүүл болгоно гэдэг бол эмч хүний гол зорилго байдаг. Өвчиндөө шаналсан, ядарсан хүмүүст эрүүл энхийг авчирч, баяр баясгаланг бэлэглэж байдаг тийм сайхан мэргэжил. Би үүгээрээ үргэлж бахархаж явдаг. Хараа муутай хүн эргээд ертөнцийг тод, томруунаар харах шиг сайхан зүйл үгүй. Энэ бол тэр хүнд маш том аз жаргал. Хэдэн хүн ертөнцийг тод, гэрэлтэйгээр харж байна тэр хэмжээгээр би сэтгэлдээ баярлаж, талархаж явдаг даа.
Нүд бол бүгдийг тольдох мэлмий. Тэр ч утгаараа маш эмзэг эрхтэн. Монгол Улсад нүдний үзлэг, оношилгооны салбар харьцангуй сайн хөгжиж байгаад эмч хүнийхээ хувьд баярлаж явдаг. Сүүлийн үед гадаад, дотоодод энэ чиглэлээр төгссөн залуучууд олширч, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь сайшаалтай. Анх сургуулиа төгсөөд нүдний эмчилгээ оношилгооны талаар өөрийнхөө чадах чинээгээр бүх зүйлийг судалж, сурч байсан. Одоо бол тэр үетэй харьцуулшгүй сайхан болсон байна.
– Нүд бол маш чухал эрхтэн. Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд дэлгэцийн хамааралтай болох, хараа муудах асуудал харьцангуй их боллоо. Эмч хүний хувьд үүн дээр зөвөлгөө өгөхгүй юу?
-Бид интернэт, ухаалаг гар утас, техник технологийн эрин үед амьдарч бана. Үүнтэй холбогдуулан хүүхдийн нүдний хараа муудах явдал маш их боллоо. Байнгын ойрын хараатай, цаг наргүй утас ширтэх нь хүүхэд гэлтгүй бүх насны хүмүүсийн нүднй хараа нь муудах гол хүчин зүйл болж байна. Үүнээс сэргийлэхийн тулд харааны эрүүл ахуй ялангуяа тодорхой хугацаанд утастай харьцах, эцэг эхчүүд анхаарах зэрэг анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж. Presedent.mn]]>
-Манай уншигчдад өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу?
Би Өмнөговь аймгийн Даланзадгад хотын унаган хүүхэд л дээ. Миний ээжийг О.Нарантуяа гэдэг. ЗХ-ний 167-р ангид Номын санчаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай аавыг Э. Бямбаа гэдэг. Бас л ЗХ-ний 167-р ангид Захирагчийн жолооч хийж байгаад одоо гавьяаны амралтад гарсан. Айлын том хүү. Даланзадгадын 6-р багт төрж, тоглож өссөн.
Үзмээ багштай Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн дөө. Ер нь Газарзүйн дугуйланд их сонирхолтой хүүхэд байлаа. 2002 онд Улсын Газарзүйн олимпиадад амжилттай оролцож Газарчин дээд сургуульд урилгаар суралцах эрх авч суралцсан. Үнэгүй сурах гэдэг тухайн үед ховор боломж. Урилгаар сургуульд суралцах болоход манай гэрийнхэн, ээж аав их баярлаж байж билээ. Эдийн засаг хэцүү, төрийн албан хаагчийн цалин бага, олон дүү нартай айлын хүүхэд оюутан болоод явахад сургалтын төлбөр мэдээж хүнд байлгүй яахав. Сургалтын эрх авахад ээж минь их баярлаж билээ. Сургуульдаа суралцаж Аялал жуулчлалын мэргэжлийг эзэмшээд нутагтаа ирж энэ салбартаа 18 жил ажиллажээ.
-Аялал жуулчлалын салбарыг нутагтаа хөгжүүлэх гэж зүтгэж яваа ийм л залуу харагдаад байдаг л даа. Өмнөговь аймаг аялал жуулчлалаа гол хөгжил болгох ёстой. Залуучууд тэр бүрийд зориглоод орохгүй нарийн салбар гэж боддог. Энэ салбарт уламжлал болсон эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулж гадны жуулчдыг Өмнөговь руу татах ямар ажлуудыг хийж байна вэ?
-Аялал жуулчлалын салбар өөрөө дэлхий нийтэд тэргүүлэх салбар болоод явж байдаг. Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч 3 салбарын 1 болоод яваад байгаа. Өмнөговь аймгийн төсөв бүрдүүлдэг данс руу аялал жуулчлалын мөнгө гэж ордоггүй учраас аймагт аялал жуулчлал бага хүртээмжтэй юм шиг харагдаад байдаг. Гэтэл аялал жуулчлал нөгөө утгаараа иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байдаг салбар. Дансанд нь биш гар дээр нь бэлэн мөнгөний орлогыг нэмэгдүүлж байдаг. Оюутолгойн ч юм уу Өмнөговийн уурхайн салбарт нэг хашаанд 200 магадгүй 2000 ч юм уу хүн нэг дор ажиллаж байгаа болохоор том харагдаад байдаг. Гэтэл Өмнөговь аймагт ирж байгаа 1 жуулчин байгальд хор хөнөөл учруулахгүй хирнээ цаанаа 300 хүнийг цалинжуулж байдаг. Улаанбаатараас Өмнөговь хүртэл нисгэгч, жолооч, хаалгач, колонк, тогооч, буудал, бааз, дэлгүүрээр үйлчлүүлэхэд 1 жуулчныг дагаж 300 хүний ажлын байр бий болж байдаг. 100 жуулчин ирнэ гэдэг 300 мянган хүний амьдралд хэрэгтэй мөнгөн урсгалыг бий болгох ийм том салбар учраас эдийн засагтаа хэрэгтэй гэж дэлхий харчхаад онцолж байна. Дэлхийн хэмжээнд 3 хүн тутмын 1 нь аялал жуулчлалын салбарт хамааралтай байдаг. Монгол улсын хэмжээнд ажил хийдэг 10 хүн тутмын 1 нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байдаг. Ингээд тооцохоор аялал жуулчлалын хүний нөөц өргөн цар хүрээтэй. Аялал жуулчлалын салбар гэхээр зөвхөн жуулчин аваад явж байгаа хөтөч, баазыг гэж ойлгоод байдаг. Гэтэл яг хамаарлыг харах юм бол жолооч, менежер, колонкийн түгээгчийг хүртэл хамруулсан өргөн цар хүрээтэй салбар.
-Энэ салбарт тууштай ажиллаж байгаа залуу хүний хувьд Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Хөгжил гээд та асууж байна. Хөгжлийг тодорхойлохдоо миний хувийн бодлоор бол энэ байгаагаараа л байгаасай гэж боддог. Азийн цагаан бар гэж дэлхийд тодотгоход сайхан монгол гэртэйгээ л байсан шүү дээ. Нүүдэлчин ахуй соёл нь хадгалагдаж, бидний соёл алдагдахгүй байж гэмээнэ бид бренд болж явах юм. Тэгэхгүй бид хэв маягаа алдаж өндөр хөгжилтэй орны өндөр байшингуудыг бариад эхэлбэл бидний хэв маяг алдагдах юм.
Бид чинээлэг маш сайхан орчинд амьдарч байгаа хэв загварыг алдчихгүй юмсан гэж боддог. Европыг яагаад хөгшин гэдэг вэ гэхээр тэд ерөөсөө шинэчлэл хийх боломжгүй болтлоо бүтээн байгуулалт хийчихсэн. Ерөөсөө л насан туршдаа нэг барилгад амьдрахаар барьчихсан, яав ч засвар хийх боломжгүй болчихсон. Тэнд хавар болгон ургах ургамал ургахаа больчихсон. Тийм болоод хүчилтөрөгч тэнд байхаа больчихсон. Би жуулчинд явж байхдаа Германы дэлхийд №1 ган бөмбөлгийн компанийн захиралтай 18 хоног Монголын говиор тойрч аялуулсан. Аялал дуусахын орой надад цалин гэж бэлэг өглөө. 18 хоног 3 сая төгрөг болох юм байна гээд баярлаад бодож байтал бараг 30-аад сая төгрөг өгдөг байгаа. Тэр хүнд юу ч биш л дээ. Гэхдээ тэр хүн надад нэг л юм хэлсэн. “Чи битгий хөгжөөрэй. Яг энэ байгаагаараа л бай. Хацар чинь улаан бол улаан, нүүр чинь бор бол энэ царайгаараа л бай, байшинд битгий амьдар” гэж хэлэхэд намайг өдөөд байна уу даа, ямар хэцүү юм дээ гэж дотроо би бодож байсан. Гэвч одоо бодоход үнэхээр үнэн гэдгийг ойлгосон. Тэр хүн хэлэхдээ “Бид байгаа юмаа гоё болгох гэж янзалсаар байгаад бүх юмаа устгачихсан. Жуулчид Монголд ирээд газарт ургаж байгаа энэ хүмүүл таана, онгон дагшин байгалийг л харж үзэж мэдрэхийг хүсэж байна. Хэдий их мөнгийг бүтээх гээд байгалиа устгачихсан” гэж ярьж байсан. Үүнийг бодоход хөгжил гэдгийг өндөр байшингаар төсөөлөхгүй. Байгаа хэв маягаа алдагдуулахгүй авч явна гэдэг бид өөрсдөө хөгжсөний шинж юм. Скандинавын орнууд, Швейцар, Мадагаскар арлууд зэрэг хүмүүсийн очих дуртай газар амьдралынхаа хэв маягийг алдаагүй, дэлхийн аялал жуулчлалын бренд болтлоо хөгжчихөөд байна. Бид баян гүрний эдийн засаг нь буурай хүмүүстээ зориулсан өндөр өндөр байшинг хөгжил гэж хараад байдаг. Үнэтэй том машин унаад зам бэлчээрээ сүйтгээд байх нь хөгжил мөн үү. Бид тал дээрээ таван ханатай гэртэйгээ морь,тэмээгээ унаад нүүдэлчин ахуйгаа хадгалах нь хөгжил. Мэдээж хашаандаа сайхан хаус барилгүй л яахав, эдлэн газартай сайхан тохижсон байхыг би хөгжил гэж харж байгаа юм. АНУ-д ажиллая л гээд байдаг тэнд очоод ажиллаж амьдраад үзсэн хүн Монгол л гоё юм байна гээд буцаад ирчихдэг. Тод илрэл нь ковидийн үед харагдлаа шүү дээ.
-Өвлийн эвент арга хэмжээнүүдийг олон жил зохион байгуулж байна.Ялангуяа Тэмээний баяр гадны жуулчдын зорьж ирж үздэг гол баяр болчихлоо шүү дээ. Хэдэн оноос зохиож эхлэв? Эвент арга хэмжээг зохион байгуулдаг болсноор ямар давуу талууд бий болсон бэ?
-Жуулчид өвөл ирдэггүй байсан. Өмнөговийн бренд бол тэмээ. Аймгийн лого, Оюутолгойн лого дээр ч тэмээ байдаг. Гэтэл тэмээний ашиг шимийг манайхан сайн мэдэхгүй байна. Ингэний сүү дэлхий дээр ямар үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гэдгийг удахгүй Өмнөговьчууддаа зарлана. Энэ чиглэлд түлхүү ажил хийж байна. 2015 оноос хойш “Ингэний сүү бол алт” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. “Монгол тэмээ алт” гэсэн хөтөлбөрийг 2002 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа. Өвлийн эвентийг зохиох хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл бол тэмээ байсан. Говийнхны тэмээний соёл агуу өргөн соёл байдаг. Тэмээний баярыг 2002 онд Х. Түмэндэлгэр ахтайгаа хамтарч анхлан зохион байгуулж байгаад 2005 оноос хойш гардан зохион байгуулж ирсэн. Энэ баярыг зохион байгуулахдаа төрөөс нэг ч төгрөг авч үзээгүй. Гаднаас ирж байгаа жуулчдад такс авч түүгээр шагналын сангаа босгож явж байна. Сүүлийн 2-3 жил Аялал жуулчлалын яам өвлийн эвент арга хэмжээг анхаарч эхэллээ. Өмнөговь аймаг бас анхаарч эхэлж 3-5 сая төгрөг өгснөөр шагналын сангаа зузаатгаж явж байна даа. Тэмээний баяр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, тэр баярт ирсэн 100 тэмээчин тэмээгээ маллаж байгаагийнхаа төлөө орлого олоод буцдаг механизмыг бий болгосон.Булган суманд Тэмээний баярын 3 өдрийн арга хэмжээ болоход 100 орчим сая төгрөгийг үлдээчхээд явдаг. Хүнийхээ гар дээр буюу Доржид 500, Дулмаад 200, колонкт 1 сая, дэлгүүрүүдэд 2 сая гээд тооцохоор чамгүй мөнгө. 2-хон өдрийн арга хэмжээ зохион байгуулахад сум дотроо 100 сая төгрөг олно гэдэг бол аялал жуулчлалын эдийн засгийн өгөөж нь тэр юм. Сумын дэлгүүрийн худалдан авалтад ч нөлөөлдөг. Дэлгүүрийн эзний бараа сонголтод ч нөлөөлж тэд жуулчинд зориулсан бараагаа ч бэлдчихдэг болсон. Тэмээгээ унахаа байчихсан, тохош, бурантаг хийхээ байчихсан байсан. Энэ мартагдсан соёлыг Тэмээний баяр хийснээр сэргээж байна. Бурантгаа хийж байна, тохмоо янзалж, тэмээгээ гоёж, дээлээ ижилсүүлж, хүрэм хантааз гоёл чимэглэлүүд улам л сайхан болгож байна. Анх тэмээний баяр зохион байгуулах гээд явж байхад хом шат олдохгүй байсан шүү дээ. Одоо айл болгоны л гадаа байдаг болсон. Энхбаатар гээд Булганы малчных гэхэд Тэмээний баярын үеэр 5-6 сая төгрөг олж байгаа нь малчдад маш том урам юм.
-Өмнөговьд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх ажил маш их бий. Гэхдээ Аялал жуулчлал чиглэлд цөөхөн хүн л зүтгээд байгаа харагддаг. Аялал жуулчлалаа түшиглэж Өмнөговь яаж хөгжих ёстой юм бэ?
-Жолооч нар, жуулчны баазынхан малчид тэмээчид, орчуулагч гээд бүгд тусалж байж ажил маань урагштай байна. Цөөхөн хүн зүтгээд байгаа юм шиг харагддаг л даа. Гэхдээ маш олон хүн аялал жуулчлалын төлөө зүтгэдэг. Ирээдүйд Өмнөговь аймаг аялал жуулчлалаасаа илүү их орлого олно гэдэгт бат итгэлтэй байдаг. Жишээ нь: Марс төсөл гээд маш том төсөл байна. Тус төслийн кемп байгуулах гуравхан газрыг дэлхий дээр сонгосны 2 нь Монголд байдаг.Түүний нэг нь Өмнөговьд байна. Гурвантэсийн их хонгил Хэрмэн цав бол Марс гарагийн гадаргуу, агаарын температуртай яг адилхан. Энд Марс гараг руу аялах гэж байгаа хүн одоогийн тооцоогоор 3200 доллар төлөөд заавал 7 хонох ёстой. Тэнд 7 хоносны дараа Марс гараг руу явна. Бас Марс гараг руу очсон юм шиг мэдрэмж авахын тулд заавал энд ирнэ.
Нөгөөтээгүүр дэлхий дээр хамгийн эрэлттэй хүн их үздэг музей бол Палеонтологийн музей байдаг. Манай Монгол улс тэр дундаа Өмнөговь аймаг палеонтологийн асар их ач холбогдолтой газар. Энэ хүрээнд Баян-загийн орчимд Өмнөговь аймгийн Өрхийн орлого хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжиж бүтээн байгуулалт хийгдсэн. Баян загийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцож бүтээн байгуулалцсан. Энд байгуулсан Музейг үзсэн жуулчид сэтгэл хангалуун буцаж байгаа. Жуулчид сэтгэл хангалуун буцаж байна аа гэдэг чинь дараагийн жуулчид ирнэ ээ гэсэн үг. Аялал жуулчлал их гэрэл гэгээтэй харагдаж байна. Өнгөрсөн онд орон нутгаас аялал жуулчлалын тоймтой шийдвэрүүдийг гаргаж дэмжлэг үзүүлсэн. Хонгорын голд 200 орчим сая, Баян загт 400 орчим сая, Шар цавт 700 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтууд хийгдсэн. Өмнөговь аймгийн удирдлагын түвшин миний ажиллаж байгаа Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоог үнэлээд бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа. Аймгийн БОАЖГ-ын дарга Б. Пүрэвтулга, Мэргэжилтэн Бурмаа нартайгаа маш ойлголцож хамтарч ажиллаж чаддагийн үр дүнд энэ салбар маань их гоё болж байна л даа.
Жуулчдын гол урсгал Өмнөговь руу ирж байна. Гэтэл зочдоо яаж угтахаас эхлүүлээд тухайн улсын соёл харилцаа хэмжигддэг. Аялал жуулчлалын угтах үйлчилгээний соёлд Өмнөговьчуудаа сургахаар сүүлийн жилүүдэд нэлээд ач холбогдол өгч байгаа харагддаг
Тийм ээ, Аймагтаа Зочлох үйлчилгээний сургалтыг 2 дахь жилдээ хийж байна. Зочлох үйлчилгээ гэхээр хүн болгон зөвхөн аялал жуулчлалын юм гэж хараад байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Тухайн аймгийн бренд, олон нийтэд сурталчлах дэлхийн тавцанд гаргах хандлага юм. Өмнөговь аймагт дэлхийн хаанаас ч, хэн ч ирж болно. Тэгэхээр Өмнөговь аймгийн имиж нь ямар байх юм, үүнийгээ тодорхойлох сургалт юм. Тогооч, зөөгч, бартендер, бариста, харилцаа хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хүний мэдэх ёстой 10 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй сургаж байна. Монголдоо олон жил энэ чиглэлд амжилттай ажиллаж байгаа цол зэрэгтэй багш нар заадаг.Доктор багш, мастер тогооч нар сургалт явуулдаг. Хүн бүр л сайхан кофе найруулаад сурчих юмсан, коктейл хийгээд сурчих юмсан гээд тэрийгээ Улаанбаатар хотод л очиж сурна гэж ойлгоод бодоод яваад байдаг. Өмнөговьд авчирсан хойно нь Улаанбаатараас муу заах байх гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл тийм биш Улаанбаатар хотод байгаа сургалтаас илүү чанарлаг сургалт болдог. Хотод зөвхөн 2 өдрийн сургалт 450 мянга байдаг. Өөрсдөө материалаа авч очдог. Харин манай сургалт ямар ч үнэгүй, бүх материалыг нь үнэгүй бэлдээд өгдөг.
Ховорхон боломж олгох сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулах гээд 78 орчим сая төгрөгийн төсвийг өөрөө босгоод сургалтыг зохион байгуулж байгаа маань аялал жуулчлалын их урсгалд Өмнөговьчуудаа бэлэн байлгах гэж л хичээж байгаа нэг ажил маань юм даа. Аялал жуулчлал хүссэн хүсээгүй ирээдүйд бренд болтлоо хөгжинө. Өмнөговьд одоо ирж байгаа жуулчид 10 дахин өсөөд орж ирэхэд манайхан зочин аваад, угтаад сурчихсан, кофе найруулаад сурчихсан, жолооч нь сайхан үйлчилдэг болсон байх нь л чухал юм.
-Ажил амьдралдаа гол зарчмаа болгож явдаг зүйлээ хуваалцана уу?
-Манай ээж хэлдэг юм. “Олонтой яваарай” гэж. Олонтой явахад зарим нэгийг нь гомдоочих гээд заримыг нь хэт баярлуулчих гээд байдаг. Олны дунд доошоо орчихгүй, дээшээ гарчихгүй, ноён нуруутай, зөв боловсон явах юмсан гэж боддог. Нэг алдаа гаргасан ч уучилчих хэмжээний найз нөхөдтэй, хүн гомдоочихгүй юмсан гэж бодож явдаг.
Залуу хүний хувьд нутаг орноо хөгжүүлэх ажлаа өөрийнхөө ажиллаж байгаа салбараасаа эхлүүлж байна. Нутаг орны хөгжлийг авч явахын тулд цаашдаа Өмнөговийн залуус юун дээр нэгдэх ёстой вэ?
-Манай аймагт уул уурхай гээд том “данхраад” байдаг. Шинэлэг технологитой л юм чинь залуучууд тийшээ ажиллах нь зөв. Гэхдээ Өмнөговьд үлдэх үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж энэ чиглэл рүү ороосой гэж боддог. Ялангуяа хөрш улсаас ямар ч тоног төхөөрөмж ороод ирж байна. Лаазтай коланы лаазыг ч бид хийх боломжтой. Заавал Улаанбаатар хот руу гоё газар зорих биш Өмнөговьдоо гоё газрыг бий болгох хэрэгтэй.
Боловсролыг заавал гадаадад биш Өмнөговьдоо сураад нутгаа хөгжүүлэхийн тулд залуучууд хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой. Өмнөговь гэхээр муухай, Улаанбаатар хот гэхээр л гоё харагдаад байдаг. Тэр биш. Өмнөговь гоё хот цаашаа гэдэг ойлголтыг л авах ёстой байх. Том уурхайнуудад ажиллалгүй л яахав. Гэхдээ Өмнөговийнхоо хөгжлийг Саудын Араб шиг баян хот болгохын тулд байшин барилгуудыг барихдаа ч гэсэн загварт нь анхаарах хэрэгтэй. Яагаад дандаа Оросыг дуурайж дөрвөлжин байшин барих ёстой юм. Усан оргилуур говьд хийхэд юуг нь анхаарах ёстой зэргээр олон улсын стандартыг Өмнөговь руугаа шингээж байх ёстой. Хөгширсөн Европын стил биш шинээр хөгжиж байгаа хотыг босгох ёстой. Манай залуучууд хөгжиж байна гээд дарга нарыгаа ч юмуу, ах нарыгаа ч дуурайдаг юм уу үнэтэй машин, хувцас, хөрөнгө сонирхож байна. Үүний оронд бат бөх гэр бүлтэй, нутаг гэсэн амьтай байгаасай гэж боддог. Өмнөговийнхон шиг нэгнийгээ жоохон доош нь хийгээд байдаг газар байдаггүй санагддаг. Нутгаараа гэсэн жалга дов байхаас нутаг дотроо жалга дов байж болохгүй санагддаг.
-Сонгуульт ажлаасаа хуваалцвал?
Оюутан цагаасаа л аливаа зүйлд идэвхтэй оролцож ирсэн. “Газарчин” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, Оюутны дотуур байрны дарга, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн тодотголтой би чинь. Сүүлд харин Монголын тэмээн соёл уралдааны холбооны менежер, Дэлхийн Тэмээн соёл уралдааны холбооны гишүүн, Азийн тэмээн соёл уралдааны холбоог үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн Аялал жуулчлал холбоог үүсгэн байгуулагч, гишүүн, гүйцэтгэх захирал гээд энэ чиглэлд идэвхийлэн ажиллаж байна даа.
-Дэлхийн тэмээн соёл гэснээс Өмнөговийн тэмээн соёлыг дэлгэрүүлж байгаа та бүхний ажил дэлхийн тавцанд гарч байгаа сайхан мэдээнүүд дуулдах болсон?
-Тэмээний уралдаан, баяруудыг Өмнөговь аймагтаа нэлээд хэдэн жил амжилттай зохион байгуулахаар зорьж яваа бидний ажил амжилттай байна аа. Тэмээний соёлыг хөгжүүлж ирсэн мундаг ах нараараа бахархаж явдаг. Тэмээний баярууддаа хүндэтгэн урьдаг. “Тэмээ хамгаалах сан”-г үүсгэн байгуулсан Ажнай хэмээх Д. Бат-Эрдэнэ ах, Тэмээн полог хөгжүүлж байсан Оюунбаатар ах, Тэмээн аялал жуулчлалыг хөгжүүлж, Түмэн тэмээн баярыг эхлүүлж байсан Х. Түмэндэлгэр ах, Тэмээн соёл уралдааны холбоог үргэлжлүүлж маш өндөр цар хүрээтэй авч явж байгаа Р. Сэддорж ах, Номгон сумын харьяат Г. Хоролмаа гээд буурын бохиор докторын зэргийг Япон улсад хамгаалаад ирсэн эгч гээд олон хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд тэмээн соёлыг дэлхийд хүргэх ажил маш амжилттай явж байна. Тэмээний талаар сэтгэлээсээ л ажил хийгээд явж байсан надад нэг өдөр Киргиз улсаас урилга ирлээ. Азийн тэмээн холбоог байгуулъя, Монголыг төлөөлж ирнэ үү гэсэн утгатай. Тэгээд энэ сайхан үйл явдалд оролцож Монголын говийн тэмээгээ сурталчлах боломж ирсэн. Тэр үйл ажиллагаанд мэдээлэл солилцож байхад тэд нарын хажууд манай Монгол тэмээний талаар их юм хийсэн байна шүү. Тэгээд тэр холбоог үүсгэн байгуулагч анхны гэрч болсон. 2019 онд Саудын Араб улсад болсон дэлхийн холбоог байгуулах хуралд Монголоос очиж оролцож дэлхийн 80 гаруй орны 200-д хүн оролцож Монголын тэмээний талаар тэргүүн эгнээнд сууж санал бодлоо хэлсэн. Дубай тэмээ рүүгээ их анхаардаг. Энэ улсад болсон хуралд Тэргүүн Р. Сэддорж оролцсон.Дэлхийд тэмээний талаар ямар нэгэн арга хэмжээ болоход удирдах зөвлөлийн 22 хүнд мэдээлэл нь ирдэг болсны нэгэнд Монголоос багтаж байгаадаа баяртай байдаг.
Дэлхий дээр 3 төрлийн тэмээ байдаг. Нийт 25 сая тэмээ бий. 21 сая нь нэг бөхтэй тэмээ, 2 саяыг нь лам гөрөөс гэж ярьдаг урт хүзүүтэй тэмээ, үлдсэн сая гаруй хувийг 2 бөхтэй тэмээ эзэлдэг. 2 бөхтэй тэмээний үндсэн 60% нь Монголд байдаг. Монголд байдаг нийт тэмээний 80 гаруй хувь нь Өмнөговь аймагт байдаг. Энэ жил Тэмээний баяраа нэлээд өндөр түвшинд зохион байгуулах гэж байсан боловч ковидоос шалтгаалж болсонгүй. Тэмээгээ үнэ цэнэтэй болгох, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэх ажлуудыг цаашдаа хийнэ ээ.
Амжилт хүсье.Ярилцсанд баярлалаа
-Ѳѳрийгѳѳ дэлгэрэнгүй танилцуулаач. Залуус хот суурин газар ѳндѳр цалинтай ажил сонирхдог хандлага байдаг.Ѳѳрийн чинь хувьд эсрэгээрээ санагдлаа.Яагаад Багийн дарга хийх болсон бэ?
-Сайн байна уу Намайг Цогтын Дэнээдорж гэдэг.Би Даланзадгад хотод төрсөн Аав маань Ноён сумын уугуул. Ээж Булган сумын иргэн. Ажилчин ангийн гэрт айлын том хүү болон өсч өндийж 1-р 10 жилийн сургууль төгсөөд 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Улс Төр Судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалавр, 2017 онд Улаанбаатарын их сургуулийг Төрийн захиргааны удирдлагаар магистр зэрэг хамгаалсан. 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний туслах, 2016 оноос Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газар Их-Уулын 6 дугаар багийн иргэдээсээ сонгогдон 4 дэх жилдээ Багийн засаг даргаар ажиллаж байна.Одоо Даланзадгад суманд эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
2010-2016 он хүртэл Улаанбаатар хотод 6 жил амьдарсан. Надад Улаанбаатарт аль ч төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу гэвэл байсан. Мөн миний хувьд 2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн их сургуульд суралцахаар сургуулийнхаа урилгаар виз мэдүүлсэн боловч тухайн үед виз гараагүй юм. Яг энэ үед толгойд олон зүйл эргэлдэж эргэлт буцалтгүй Өмнөговьдоо амьдрахаар шийдсэн. Энэ нутгийн залуу үе нь бид юм бол мэдлэг боловсролтой залуус нь нутагтаа ажиллаж амьдрахгүй юм бол, залуу үе нь бүтээлцэж оролцохгүй юм бол ХӨГЖИЛ гэдэг зүйл их хол харагдсан. Багийн засаг даргын сонгууль болж багийн ард түмний итгэлээр Багийн дарга болсон доо.
Багийн даргын ажлын онцлог нь юу вэ? Бусад дарга нар шиг цалин хангамж унаа машин байдаг уу? Багийн даргаар ажиллаад олж авсан мэдлэг туршлага юу байна. Ойлгож ухаарсан зүйлсээ яриач?
Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг л Багийн даргын ажил онцлог ихтэй. Багийн дарга болсноос хойш сэтгэл зүйч болсон мэт санагдсан, олон арван асуудалтай иргэд маань сэтгэлээ хуваалцана. Гол нь тэднийгээ сонсох нь маш чухал шүү дээ. Гэр бүлийн асуудалтай иргэдтэй ч уулзана. Нөхөртэй нь аль эсвэл эхнэртэй нь чин сэтгэлээсээ ярилцаж амьдралынх нь бэрхшээл бүрийг хуваалцаж ойлгуулахыг зорино.
Айл өрхөөрөө явж иргэдийн санал бодлыг сонсон төр иргэний гүүр болж, уламжилсан асуудлыг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ. 18 нас хүрсэн залуусаа цэрэгт явуулж цэрэг татлагын ажил зохион байгуулна. Нийтийн цэвэрлэгээ явуулах, гудамж хогтой байвал багийн даргын асуудал болох тул айл өрхүүдээ шахаж шаардана, нэг айл хог шатаалаа гэхэд л багийн дарга очиж уулзах л хэрэгтэй болно. Мөн архи дарс уусан нэгэн агсан согтуу тавихаас эхлээд асуудал үүсгэсэн ч л очно гэх мэтээр ёстой л мянган мэргэжлийн ажлыг Багийн дарга нар л хийдэг гэж би боддог. Манай баг 60 гаруй малчин өрхтэй. Тиймээс жил бүр малаа тоолж, отор нүүдэл, бэлчээрийн асуудал, малчдын маань ахуй амьдрал ямар байгаа талаар тэднийг эргэж тойрч байнгын хамтран ажилладаг. Ер нь багийн даргын ажил их онцлогтой. Тухайн хүнээс сэтгэл шаарддаг ажил шүү дээ. За мөн гамшиг аюул ослын онцгой үед бэлэн байдалд байхаас аваад л ажил их бий. Мэдээж хууль журмын дагуу ажлын чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийг зорьж байна.
Уул уурхай ч юм уу бизнесийн байгууллагын цалин хангамжаас мэдээж хэд дахин бага, албаны унаа машин байхгүй ээ. Хөдөө багийн дарга нар маань мотоциклтой байдаг. Байгууллагаас сардаа 30 литр бензин талон өгдөг. Багийнхаа 2 ажилтантай 10 литрээр хуваагаад хэрэглэчихдэг юм.
Багийн даргаар ажиллаад олж авсан мэдлэг туршлага юу байна гэж та асуулаа. Миний хувьд чамлахааргүй их зүйл байна. Харилцаа хамгийн чүхал. Өдөрт дунджаар 30-40 хүнтэй шууд харилцдаг. Иргэд багаас авах төрийн үйлчилгээгээ хүндрэл чирэгдэлгүй сэтгэл хангалуун аваад гарах хэрэгтэй гэж боддог. Тиймээс харилцаанаас л эхэлдэг дээ. За тэгээд магтуулна, загнуулна гээд л залуу хүн хүнээс үг сонсож сурах хэрэгтэй гэж боддог.
Багийн дарга төсөв баталдаг ямар нэг шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй хүн биш л дээ. Эдгээр зүйл хязгаарлагдмал. 1 ширхэг цаас, бал авсан ч Тамгын газраасаа шаардах хуудас бичүүлж авдаг.
Багийн дарга болоод мэдлэг гэхээсээ илүүтэй маш их туршлага хуримтлуулж байгаа гэж боддог юм. Хийж байгаа ажлаасаа эрч хүч авч, дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн сайхан шүү. Өдөр бүр л ажил маань урагштай бүтэмжтэй байдаг.
-Ардчилсан намын үүрийн дарга бас хийдэг гэсэн, намын ажил амжилттай байна уу. Танай 6-р багийг Ардчилсан нам орон нутгийн эрх барьж байхдаа “Шинэ Даланзадгад” гээд л мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэн эхлүүлж байсан санагдах юм. Одоо харин хэрхэн өргөжин тэлж байна?
Даланзадгад сумын Ардчилсан намын 6 дугаар үүрийн даргын ажил аваад мөн л 4 жил болж байна. Би Ардчилсан намд 10-р ангиа төгсөөд өөрийн итгэл үнэмшлээрээ гишүүнээр элсэж байсан. Үүрийн дарга, Багийн даргын ажил ялгаа байхгүй мөн л иргэдийнхээ төлөө ажиллана. Намын гишүүн гэхээрээ огт өөр хүн болчихгүй шүү дээ адилхан л ард иргэд,
6 дугаар багийн иргэд Ардчилалд итгэл хүлээлгэсэн ард түмэн шүү дээ. Тиймээс манай багаас сонгогдсон төлөөлөгчид итгэлийг нь алдаагүй байхаа гэж бодож байна. 6 дугаар баг байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд Шинэ Даланзадгад, Шинэ суурьшлын бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд нэлээд ажлыг хийж бүтээсэн нь ард иргэдийн нүдэнд ил тод харагдаж байгаа байхаа. Ардчилсан нам бага төсвөөр их бүтээн байгуулалт хийсэн бас санаачилсан гэж боддог. Манай багийн 70% нь залуучууд байдаг тиймээс залуучуудын баг гэж хэлж болно.
6 дугаар баг, Шинэ Даланзадгад гээд тэр үед зоригтойгоор шинэ суурьшилын бүсийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлж бүтээсэн. 2016 онд багийн даргын ажлыг авахад 6 дугаар баг 2900 хүн амтай байсан бол өргөжин тэлж 5200 иргэдтэй Өмнөговь аймгийн хамгийн том баг болсон. Аймгийнхаа 1 сумтай харьцуулахад том, илүү олон хүн амтай гэсэн үг. Тэгэхээр өргөжин тэлж байна гэж ойлгож болно.
-Багийн засаг даргаар ажиллах хугацаанд гаргасан амжилт, багийн иргэдийн оролцсон арга хэмжээ, шагнал зэргээсээ манай уншигчидтай хуваалцана уу. Мөн багтаа олон ажил санаачилж ажиллаж байгаа чинь цахим орчинд харагддаг. Санаачилсан ажлууд хэдэн хувьтай байна?
Ямар нэгэн ажил хийж байгаа бол нэр төртэй, бүтэн гүйцэд, алдаа дутагдалгүй хийчих юмсан гэж боддог. Манай баг 4 жилийн хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан. Энэ амжилтыг Даланзадгад гэхгүй бүх 14 сумдууд иргэд олон нийт мэдэж байгаа байх аа.
Даланзадгад сумын залуучуудын урлаг, спортын их наадмын Аварга баг, 2017, 2019 онд Өмнөговь аймгийн залуучуудын урлаг, спортын их наадмын Аварга баг, Ерөнхий Сайдын нэрэмжит Спортын наадмын Аварга баг, “Монголын Нууц Товчоо” хэн сайн мэдэх вэ? Тэмцээний Аварга баг, Ахмадын “Бидний хүч” уралдааны Аварга баг, Аймгийн Нийтийн Бүжгийн 3-р байр, Аймгийн Шагай наадгай тэмцээний 2-р байр, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Шилдэг баг, Иргэдийн Нийтийн Хурал, Ахмадын хөдөлгөөн гимнастикийн Аварга баг, Зуун буудалт даамны аймгийн Аварга баг, Ахмадын буухиа тэмцээний Аварга баг, Аймгийн ИТХ-с зохион байгуулсан ШИНЭ БАГ төслийн шилдэг гудамж 1, 2, 4-р байр, ШИНЭ БАГ төслийн шилдэг орон сууц 2, 3-р байр, Нар Зөвийн Эх Орон баярын жагсаалын Шилдэг баг шагнал хүрсэн гээд дурдвал Өмнөговь аймгаас зохион байгуулсан төсөл, уралдаан тэмцээнд манай багийн иргэд манлайлан оролцдог.
Хамгийн чухал нь иргэдийн маань идэвх оролцоо дан ганц залуучууд гэж яривал өрөөсгөл ойлголт болно. Манай багийн ахмадууд, дунд үеийнхэн маань аливаа үйл ажиллагаанд аймагтаа тэргүүлэн, идэвх оролцоо сайтай байдаг шүү дээ. Би ер нь багийн иргэд ээ, хамт олноо магтах ч дуртай шүү/ инээв/
Ганц уралдаан тэмцээн гэхгүй олон төсөл, санал санаачилга гаргаж төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлээд явж байна.Өмнөговь аймагтаа анх удаа Багийн төв дээрээ Номын сан байгуулж иргэдээ дэмжсэн ажил хийсэнд иргэд маань талархалтай хүлээж авсан. Одоо тус Номын сангаар өдөрт 10 хүн, сардаа 300-400 хүн тогтмол үйлчлүүлж байна. Саяхан багийн залуучууд маань санаачлан номын сангаа өргөтгөн ”co working space” дундын оффисыг нээж, нээлтээ хийлээ.
Аймгийн Иргэдийн Хурлаас зохион байгуулсан Шинэ баг төсөлд 2 жил дараалан оролцож иргэд маань гудамжаараа нийлж орчноо тохижуулан гудамжиндаа сайхан амьдарч байна. Энэ уралдааны хүрээнд Жаал-Уул хороололд аймагтаа анх удаа “Автомашингүй хүүхдэд ээлтэй гудамж” бий болгож иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн том ажил болсон. Бид энэ гудамжиндаа Хүүхдийн баяраа хийж хүүхдүүд машингүй гудамжиндаа чөлөөтэй тоглож нааддаг болсон.
Цахим орчин, Фэйсбүүкд “Хашаандаа сайхан амьдаръя Өмнөговь” группийг байгуулж одоо групп маань 4095 гишүүнтэй болсон байна. Дан ганц баг гэхгүй аймгийнхаа иргэдийг хашаандаа хэрхэн сайхан амьдарч байгаа талаар телевизийн нэвтрүүлэг санаачлан хийж байна.
Даланзадгад сумын залуустайгаа нэгдэн нийлж “Хөгжлийн Түүчээ Бүтээлч Залуус”НҮТББ байгуулж нийлээд олон ажил санаачлан хийсэн. Залуус бид ярихаасаа илүү хийж бүтээхийг чухалчилж, залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэгээр нэмэх зорилгоор 2019 онд иргэд олон нийтийн хандив тусламжаар хийх “Эв Нэгдэл” талбай нэртэй төслийг эхлүүлж зураг төслөө батлуулан ажиллаж хандиваа цуглуулж эхэлсэн. Энэ талбай нь Залуусын эв нэгдлийн илэрхийлэл болсон задгай театр бүхий бүтээн байгуулалт болж соёл урлагийн арга хэмжээ, хурал уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. 1 жилийн хугацаанд 200 гаруй иргэд, аж ахуй нэгж байгууллага болон өөр аймаг, Улаанбаатар хот, гадаадад байгаа Өмнөговь аймгийн иргэд маань төслийг дэмжиж хандив туслалцаа үзүүлсээр байна. Одоогийн байдлаар эв нэгдэл талбайн ажил 70%-тай явагдаж байна. 2020 оны 9 сардаа багтаан дуусгахаар багийн залуучууд шаргуу ажиллаж байгаа.
Энэ олон амжилт бүтээн байгуулалтыг хамтдаа хийж хэрэгжүүлж биднийг дэмжин ажилладаг багийн нийт ард иргэддээ “БАЯРЛАЛАА” гэж хэлмээр байна.
-Иргэд багийн даргадаа л эхлээд асуудлаа ярьдаг гэж та түрүүнд хэллээ шүү дээ. Ирсэн хүн бүхний хүсэл сонирхлыг гүйцэлдүүлнэ гэж байхгүй байх. Гэхдээ л аль болох зохицуулах гээд гүйж явдаг болов уу гэж бодогдлоо. Иргэдийнхээ асуудал, өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдэж ирэв?
Иргэд маань орон гэрийн асуудал ярьж, гэр хүсч орж ирэх нь олон. Дулаан цэвэр, бохир ус хэзээ манай гудамжаар орж ирэх вэ?, хог дүүрсэн ачихгүй байна яах вэ гээд л бүх асуудлаа багийн даргатаа л хэлдэг гэж би бас түрүүнд хэлсэн шүү дээ. Багийн дарга энэ олон асуудлыг шууд шийдчихэж чадахгүй л дээ. Гэхдээ л иргэддээ заавал хариулт өгч, гаргалгаа гаргаж, бичиг тоот дамжуулж хийх ажлаа л хийнэ дээ. Бүхнийг болгож бүтээхийн төлөө л явна. Ер нь аймаг, сумаас зарласан төсөл, тэтгэлэг, тэтгэмж зэрэг иргэдэд хэрэгтэй зүйлийг олон хүнд хүргэж өмнөөс нь төслийг нь бичиж материалыг нь бүрдүүлнэ шүү дээ энэ л сэтгэл байх л даа гэхдээ манай багийн иргэд амьжиргаатай аль хэдийнээ л оролцсон, болсон шүү дарга баярлалаа гээд л явж байдаг.
-6-р багт шилжилт хөдөлгөөн хэр хурдацтай байна вэ? Шинээр төв сууринд ирж амьдарч байгаа иргэд айл өрх олон байна уу?
Тийм ээ, Олон байлгүй яахав. Шинэ суурьшлын бүсийн 1,2,3,4,5,6-р байр, эко хотхон 1,2-р байр, Говийн бараа 1-р байр, “Баянбулаг” хороолол, Нисэх, Малчин, Хужирт хороололд шинээр шилжин ирсэн иргэдийн 50% багтаа бүртгүүлж шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэд амьдарч байна. Энэ бүх иргэд маань албан ёсоор багтаа шилжээд ирвэл 6 дугаар баг 7000 гаруй хүн амтай баг болно. Дагаад сургуулийн цэцэрлэг нийгмийн хэрэгцээ шаардлага гарч ирнэ дээ.
-Танай багийн иргэдийн амьжиргааны түвшин ямар байна?
Даланзадгад сумынхаа бусад 7 багтай харьцуулахад амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд харьцангуй бага гэхдээ түвшин доогуур айл өрх байлгүй л яахав. Хүнс тэжээлийн талон, халамж, тэтгэмж авдаг гэдэг ч юм уу Багийн даргын байнгын хамтарч ажилладаг айл өрхүүд байгаа.
-Цаашид 6-р багаа ямар төлөвлөлттэй, ямар орчинтой болгоно гэж хүсдэг вэ?
Улсын хөгжил багаас, Иргэн баян бол Улс баян гэж үг байдаг шүү дээ. Мэдээж гудамж болгоноор нь дулаан, цэвэр бохир ус явсан, хашаандаа нүхэн жорлонгүй, гудамж нь хоггүй эрүүл аюулгүй орчинтой баг байгаасай гэж хүсдэг. Тийм болгоно гэж хичээж зүтгэж явна даа. Гэхдээ энэ бол бүтэхгүй мөрөөдлийн зүйл биш. Хамтдаа бүтээх цаг хугацаа бидэнд байна.
Төрийн ажлыг анхан шатнаас нь эхлэн хийж дадлага туршлага хуримтлуулан амжилттай ажиллаж байгаад нь баяр хүргэж амжилт хүсье.
Баярлалаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. ИТХ-ын төлөөлөгчөөс гадна ямар ажил эрхэлж байна вэ?
Одоо бол орон нутагтаа суурин байна. Тодорхой хэмжээнд хувийн ажил өрнүүлэн, мөн Батмөнх Даян Цэцэн Хааныг алдаршуулах нийгэмлэгийг байгуулан түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд цаг заваа зориулж байна даа.
-Та ИТХ-д олон удаа сонгогдон ажиллаж байжээ. Төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны талаар хамгийн туршлагатай хүмүүсийн л нэг гэж ойлгож байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх Цогтцэций сумаас сонгогдож байсан. Тухайн үед нийгмийн нэлээд өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан цаг үе байлаа. Миний бие Ардчилсан намаасаа үндсэндээ ганцаараа төлөөлөгчөөр сонгогдсон байсан юм. Тэр үеийн ИТХ-ын дарга А.Үрчээ даргын маань санаачилгаар сөрөг хүчний төлөөлөгчийг тэргүүлэгчид оруулах нь зүйтэй гэж үзэн намайг тэргүүлэгчээр ажиллуулж байсан түүхтэй. Ер нь тэр цагаас хойш 4 удаа сонгогдохдоо 2 бүрэн эрхийн хугацаанд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдэд бүхэлдээ 16 жил гар бие оролцжээ.
-Сүүлийн үед үүсээд байгаа Өмнөговь аймгийн ИТХ-ын нөхцөл байдалд та ямар байр суурьтай байна вэ?
Энэ удаагийн хурал бол үнэндээ үнэмлэхүй олонх нь МАН-ынхан болсон. Анхдугаар хуралдаанаас хойш л хууль бус хурал гэж яригдаж явсаар өнөөг хүрч байна. Ардчилсан нам бас тийм ч цөөнх биш. Ер нь бол миний бие аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байх үед АН-аас 22 МАН-аас 11, МАХН-аас 1 байхад бид бас тэргүүлэгчдийг тооны харьцаанд нь барьж ажиллах ёстой гэж үзэн 7:4 –ийн харьцаатай /МАН-аас 4 төлөөгч гэсэн үг шүү дээ/ ажиллаж аймаг орон нутгийн хөгжлийн асуудалд сөрөг намынхаа төлөөллүүдийг үг дууг сонсож, тодорхой түвшинд гаргаж байгаа шийдвэрүүд нь хамтынх гэж хэлж болохоор байсан. Аймгийн төсвийн орлого ч тэр л үеэс өмнөхөө бодвол нааштай болжээ. Үүнд мэдээж орон нутгийн өмчтэй Тавантолгой ХК-ийн оролцоо маш чухал шүү дээ. Зарим жилүүдэд аймгийн төсвийн орлогын 70 гаруй хувийн Тавантолгой ХК-ийн ногдол ашгаас аймагт олгогдож, аймаг орон нутгийн хөгжил, дэд бүтэц, нийгмийн сайн сайхан, айл өрхүүдийн амьдралын төлөө олон ажлуудыг хийж явжээ. Сүүлийн үед төсвийн орлого бол нэн таатай байна. Үнэхээр боломжтой нөхцөлд эрх баригчид ажиллаж байгаа ч гэсэн тодорхой алсын хараатай бодлого дутмаг байна даа. Сайн сайхан ажлууд бас байнаа байна. Тухайлбал манай намын үед хэрэгжиж эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэх, шинэ Даланзадгад суурьшлын бүс, музей, театрын барилга гэх зэргээр амжилттай сайн явагдаж байгаа ажлууд байна. Гэсэн хэдий ч зах зээлийн харилцааны гол хэмжүүр валютын ханш өссөнтэй ч холбоотой зарим ажлууд хөрөнгө дутуу, дахин хөрөнгө зарцуулахаар харагдаж байгаа зүйлс ч мөн байна. Сүүлийн үед бол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ирц бүрдээгүй хуралдсан асуудал бол яах аргагүй анхаарал татсан сэдэв юм.
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х. Сугир хууль биелүүлэхийг шаардсан төлөөлөгч, иргэд, хэвлэл мэдээллийнхнийг цагдаад өгч байна. Та найман жил ИТХ-ын дарга хийж байхдаа үнэнийг хэлж, шүүмжилсэн хүмүүсийг шүүх цагдаад өгч байв уу?
Би өөрөө ард иргэддээ “Нутгийн хишиг” хүртээсэн гэж л шалгагдаж явлаа. Тухайн үеийн аймгийн засаг дарга Б.Бадраа бүр ч их шалгагдаж байсан. Нутгийн иргэддээ давуу боломж бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн нутгийнхаа баялгаас тэгш хүртээх мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нутгийн хишгийг амжилттай хэрэгжүүлснийхээ төлөө сөрөг хүчний тавьсан асуудлаар шалгагдаж явсан уу гэхээс бид дарга гэдэг байр сууринаас үг хэлсэн үнэнийг хэлсэн иргэдээ шүүх цагдаад өгч явсан түүх байхгүй. Хүмүүстэй ойлголцож ажиллаж явлаа.
-Аймгийн төсвийн орлого нэн таатай цаг үед МАН эрх барьж байна гэж та хэлсэн, хэрэв Ардчилсан нам энэ үед засаглах эрхээ үргэлжлүүлж байсан бол өнөөдөр манай аймаг ямар түвшинд байх байсан бол?
Ямар ч байсан бидний мөрийн хөтөлбөр дамнуулан тавьж байсан Даланзадгад хотоо Монгол Улсын дөрөв дэх том хот болгох хөтөлбөр амжилттай биелэх байсан. Мэдээж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол нь дэд бүтэц, зам харилцаа, худалдаа үйлчилгээ, мөн зөөлөн дэд бүтэц болох боловсролын чанарын асуудал, олон улсын харилцаа аялал жуулчлал зэрэгт нэлээд өөрчлөлт гарах байсан. Өнөөдрийн байдлаас харахад гаднаас орж ирж байгаа валютын нөөцийн асуудалд зөв зүйтэй хандаж ард иргэд болоод аялагч жуулчдын хувь хамгийн таатай орчныг бүрдүүлэн алсын хараатай бодлого хэрэгжүүлэн ажиллах байсан гэж хардаг. Нөгөө талаар баруун сумдын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж, зам харилцааг ч иргэдийн төлөө тэдний амьжиргаанд нөлөөлөхүйцээр тавьж, Баяндалай, Ноён, Сэврэй, Булган, Гурвантэс зэрэг бүх сумдын иргэдийн хувьд зам харилцаа бүрэн шийдэгдсэн он жилүүд байх байсан юм. Ер нь хөрөнгө их шаардагдах томоохон ажлууд дээр зориг шаарддаг л даа. Бид УИХ-ын гишүүдтэйгээ хамтран Өмнөговь аймгийнхаа түүхэн хөгжлийн явцад хамгийн зоримог шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байсан юм. Гэтэл өнгөрсөн 4 жил аравхан километр зам тавилаа. Энэ жил 10 километр тавина гэж байгаа боловч хэзээ тавигдах нь мэдэхгүй. Байгаль орчны хувьд нэлээд өөрчлөлт гарах байсан биднийг эрх авч байхад тусгай хамгаалалтай газар нутаг 42 хувьтай л байсан. Бид ажил аваад байгаль хамгаалах бодлого тууштай баримталж ажилласны хувьд 57 хувийг нь аймгийнхаа орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч байв. Хамгийн гол нь иргэдийн маань амьжиргаанд бодит алхмууд хийгдэх байсан байхдаа гэж харж байна. Гол нь ард түмний амьдрал сайжирч, өрх гэрийн орлого нэмэгдэх таатай нөхцөлийг л бүрдүүлэх чухал юм.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.
-Сайхан хаваржиж байна уу? Хүрмэн суманд мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?
-Энэ жил Хүрмэн суманд өвөлжилт, хаваржилт сайхан байна. Урьд жилүүдийг бодвол отор нүүдэлгүй, дулаахан, өнтэй өвөлжиж хавартай золголоо. Нийт малын 90% төллөж, малчдын ажил өрнөсөн сайхан хавар болж байна.
-Таны хувьд сумынхаа ард иргэдийн итгэл хүндлэлийг хүлээн 8 жил Засаг даргаар ажиллаж байна. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-2008-2012 онд сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байлаа. 2013 оноос сумын Засаг даргаар томилогдон 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сум орон нутгийнхаа нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин,нөхцөлийг бүрдүүлэх, малчин түмнийхээ МАА эрхлэхэд дэм үзүүлэх, төрийн засгийн шийдвэрийг хүргэх бодлогыг барьж ажиллалаа. Хүрмэн сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дэвжиж, бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үе үеийн орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтраад сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр сайхан хамтарч ажилласны үр дүнд Хүрмэн сумын төрийн байгуулагууд болон ААН, иргэд аятай тухтай орчин нөхцөлд ажиллаж, амьдрах нөхцөлүүдийг бүрдүүлж ажиллаж байна.
-Тухайлбал ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ?
СӨБэзэмшиж буй хүүхэд багачуудын хүмүүжих орчин нөхцөлийг сайжруулах үүднээс 80 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Хүүхдүүд маань шинэ, тохилог орчин нөхцөлд СӨБ-ыг авч байна. Соёл спортын цогцолбор буюу соёлын төвийнхөө барилга байгууламжийг шинэчлэх ажлууд хийгдлээ. ЕБС-ын 50 хүүхдийн дотуур байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулаад хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон. Энэ жил төрийн албан хаагчийн 10 айлын орон сууц, 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулахаар аймгийн үндсэн чиглэлд тусгуулж ажлууд эхнээсээ явж байна. Сүүлийн жилүүдэд барилга байгууламж нэмэгдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний салбарыг шинэчлэх өргөтгөх, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээг өргөтгөх ажлуудыг хийхээр зураг төсөвт тусгагдсан. 2,6 км-ын цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад иргэд гэртээ халуун, хүйтэн ус хэрэглэж, дотроо 00,душтэй болж тохижсоор байна. Төв суурин газрын иргэдийн нэгэн адилаар сум орон нутагтаа таатай амьдрах орчин нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Соёл спортын цогцолбор төв 2008 оны 12-р сарын 31-нд ашиглалтад орсон. Өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгөөр их засвар хийгдсэн. Спорт талруугаа давамгайлсан ийм барилга. Ирэх жил Урлагийн заал, бүжгийн заал, орон нутаг судлах музей зэргийг багтаасан зураг төсөвт суулгаад нэмж барилга барих төлөвлөгөөтэй байгаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн дотуур байрны шинэ барилга ашиглалтад орсон. Хөл хорионы улмаас хүүхдүүд орж амжаагүй байна. 1-р сард дуусаж ашиглалтад хүлээн авсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилтууд хийгдэхээр тендер нь зарлагдсан. Гадна тохижилтын ажлыг Говийн оюу хөгжлийн сангаар хийлгэхээр төсөв саналаа хүргүүлсэн байгаа. Хүүхдүүд тав тухтай орчинд дотуур байраар хангагдах боломж бүрдсэн.
-Одоогийн сургууль хэдэн хүүхэдтэй вэ?
-Одоогийн сургууль 130-аад хүүхэдтэй. Яагаад 320 хүүхдийн сургууль барих гээд байгаа юм бэ гэсэн асуудал яригддаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг ч бий. Нөгөөтээгүүр олон алдар цуутнууд төрөн гарсан энэ сургуульд суралцагчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 130 гаруй Хүрмэн сумын хүүхдүүд суралцаж байна. Эхний ээлжид шинэ сургуулийнхаа сурах орчин нөхцөлийг сайжруулж, багш нарынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, эцэг эхчүүд шахаж шаардаж энэ хүүхдүүдээ сумандаа сургах асуудлыг шат шатандаа хийгдэнэ. Тиймээс 300 орчим хүүхэд сурч боловсрох боломж байгаа.
-Боловсон хүчний хүрэлцээ хэр байдаг вэ?
-Сүүлийн үед төгсөж ирсэн залуучууд 1-2 жил ажиллаад шилждэг. Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа залуучууд байгаа. Хөдөө орон нутаг ялангуяа суманд ирж ажиллах сонирхолгүй байна. Төгсөөд сумандаа ирж ажиллуулах нөхцөлөөр шаардлагатай байгаа мэргэжлээр сургах, гэрээ хийж сургалтын төлбөрийг төлөх гээд дэмжлэг байдаг. Суралцаж ирээд ажиллаад явж байгаа залуучууд байна. Орон нутагт боловсон хүчний асуудал хүнд болж байна.
-Сумын хувьд мэдээж тулгамдсан асуудлууд байгаа байх? Ялангуяа МАА-д түшиглэн хөгжиж байгаа сумын хувьд малчдад шийдвэрлэх ямар асуудал байна вэ?
-Сум орон нутгийн хувьд асуудал харьцангуй гайгүй байна. Малчдаараа явж байхад мал төллөлт сайн. Цаг сайхан байна гэж ярьж байна. Хамгийн гол асуудал ноос ноолуурын асуудал ярьж байна. Ноолуур үнэгүйдэж байна. Ноднин суманд 1кг ноолуурын үнэ 120.000 төгрөг байсан. Одоо 20000 төгрөг гэж байгаа ч энэ ханшаар авч байгаа хүн алга байна. Малчдын ганц хүсэн хүлээж байгаа зүйл ноолуурын үнэ. Суманд энэ асуудлаа тавьдаг ч бидний зүгээс ноолуурын үнэлгээг шийдэх боломжгүй учраас төрөөс гарах тогтоол шийдвэрийг танилцуулж байна.
-Хүрмэн сум хэчнээн хүн амтай вэ? МАА-гаа түшиглэсэн сум учраас малчид руугаа чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?
- Хүрмэн сум одоогийн байдлаар 1560 хүн амтай. 170.000 гаруй толгой малтай. Түүхэндээ байгаагүйгээр мал өссөн. Сүүлийн жилүүдэд цаг хүнд, отор нүүдэл их байсан. Манай сумын малчид Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгууд руу алсын отор нүүдэлд их явсан. Өөрийн аймгийн 7 суманд ч отор нүүдлээр их явсан. Энэ хугацаанд оторт яваа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулж ажилласан. Сумын зүгээс тухайн сумын удирдлагуудтай уулзах, тэндээ аятай тухтай намаржих, зусах асуудлыг ярьж хөөрч байсан. Түүнчлэн манай сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Баянбат малчдаа дэмжиж гарын бэлэг хүргүүлэх, уулзах зэргээр хамтарч ажилласан.Байгал цаг уурын хүндрэл бэрхшээл байсан хэдий ч малчдын маань хөдөлмөр зүтгэлийн үр шимээр мал их өсөж байна. Үүнийг дагаад малчдын ахуй амьдрал дээшилж байна. Сүргийн бүтцийн хувьд ямаа зонхилж байна. Нийт хүн амын 70-80% нь МАА эрхэлдэг.
-Хүрмэн сум Батмөнх даян хааны өлгий нутаг. Төр нийгмийн зүтгэлтэн, алдар цуутнууд олноор төрөн гарсан сум. Сумынхаа бахархлаас хуваалцаач?
-Нутгийн бахархал гэвэл Монгол төрийг хамгийн олон жил буюу 37 жил төр барьсан Батмөнх даян сэцэн хааны өлгий нутаг. Их хааныхаа үүх түүхээр Хүрмэнчүүд бахархдаг. Ийм л сайхан түүхтэй нутгийн зон олон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд төрийн тахилгат сайхан хайрханаар тодруулсан Хошуу овоо Хүрмэн сумын нутаг дэвсгэрт байдаг. Сайн Ноён Хан аймгийн Балдан засгийн хошууны 300 гаруй жилийн түүхтэй Хошуу туг энэ сум орон нутагт хадгалагдаж байдаг. Ийм үүх түүхтэй алдар гавьяатны өлгий нутаг даа. Энэ сайхан хүмүүсээрээ Хүрмэнчүүд бахархаж, үлдээсэн өв уламжлалаар төлөвшиж, хүмүүжиж яваа ийм сайхан ард түмэн.
2014 онд Баятмөнх даян сэцэн хааны мэлмий гийсний 550 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ойн хүрээнд төрсөн нутаг Хүрмэн сумынхан энэ түүхэн хүнийхээ өргөөг бий болгох, дурсгалын хөшөөг сумын захиргааныхаа урд залж ирээдүй хойчдоо таниулах сайхан үйл явдал болсон. 2013 онд сумын 90 жилийн түүхэн ойгоор Хүндэтгэлийн өргөө гэж байгуулж 2014 онд Батмөнх даян сэцэн хааны өргөө болгож тохижуулсан. 2009 онд аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Хүрмэн сумынхаа 9 гайхамшгийг тодруулсан. Энэ өргөөндөө Хүрмэн сумын гайхамшигтай байгаль, газар орон, түүхийг агуулсан эд өлгийн зүйлсийг хүндэтгэн байрлуулсан. Өргөө голдоо 9 хөлт цагаан тугтай. Голын туг нь Сайн Ноён хан аймгийн Балдан засгийн хошууны туг. 300 гаруй жилийн түүхтэй Хошуу тугийг 2011 онд нутагтаа залсан юм. Балдан засгийн хошуунд харьяалагдаж байсан тухайн үеийн баруун сумдын удирдлагууд ирж Баяндалай Хүрмэн сумын зааг Чандмань хайрхан дээр Тугаа цэнгүүлж ёслол төгөлдөр хүлээж авсан юм. Энэ гал голомтод байлгахыг зорьдог. Сумын тэгш ой болон, томоохон тэмдэглэлт ойн үед гаргадаг. Сумын 9 гайхамшгийннэг болж энэ өргөөнд хадгалагдаж байна
.
-Бусад сумдыг бодвол уул уурхайгүй тайван сум хэдий ч Цагаан дэл боомтын асуудал яригдах болсон. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Тиймээ, Манай сум харьцангуй тайван сум. Одоогоос 10-аад жилийн өмнө анх аялал жуулчлалын чиглэлээр боомт нээх тухай асуудал яригдаж эхэлж байсан.Намжмал явж байгаад 2019 оны 11-р сараас асуудал хурц яригдах болсон. Хил боомтын асуудалд малчид иргэд эсэргүүцэж байгаа. Аймгийн удирдлагууддаа малчдаасаа гарч байгаа санал хүсэлтийг уламжилсан. Хил боомтыг эсэргүүцсэн нийгэмд үйлчлэх ТББ-ууд ч ирсэн. Гэвч энэ боомтын асуудал шийдэгдээгүй. Одоохондоо зогссон байна. Сум орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл өгсөн гэж буруу ташаа яригддаг. Одоогийн байдлаар 2 сараас хойш намжмал байна. Засгийн Газартай Үлэмж ХХК гэрээ байгуулсан юм билээ. Тэр компани үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ сумын Засаг даргаас БОҮнэлгээ хийлгэж, газрын зөвшөөрлүүд авах ёстой. Энэ бүхэнд сумаас зөвшөөрөл өгөөгүй учир зогссон байдалтай байна. Иргэд 3-дагч боомт буюу шинэ боомт хэрэггүй гэдэг асуудал их ярьж байгаа. Орон нутгийн удирдлагууд ч нэг санаа бодолтой байдаг. Хүрмэн суманд одоогийн байдлаар 8 ААН ашиглалт, 12 ААН хайгуул хийж байгаа. 2008 онд намайг ИХ-ын даргаар томилогдон ажиллах үед Хүрмэн сум 80 гаруй лицензийн талбайтай байсан. 50-иад хайгуулийн лицензийг цуцалсан. Хойшид ч гэсэн цөөлж, уул уурхайгүй, лицензгүй сум болох асуудлыг иргэд маань ч тавьж байна.Сум ч энэ бодлогыг барьж ажиллана гэж боддог.
-Зарим сумдад намчирхал, талцал байдаг. Сумын удирдлагуудын зүгээс аймаг орон нутаг, ИТХ-ын төлөөлөгч нартайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?
- Ажил явуулхад дарамт шахалт ажиглагддаггүй. Манай сум харьцангуй тайван сум.Хүрмэн суманд 2016 оны сонгуулийн дараагаар Аймгийн ИТХ-ынтөлөөлөгчөөр Ш.Баянбат сонгогдож орж ирсэн. ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат Хүрмэнчүүд талцаад намчирхаад байдаг зүйлээ больж, нэг бодол санаатай нэгдэж, Хүрмэн гэдэг нэг л намтай байвал хүн ард нь амгалан тайван амьдарч, эв нэгдэлтэй хөгжиж дэвжинэ гэдэг уриалгыг гаргасан.Тиймдээ ч сүүлийн 12 жилд Хүрмэнчүүд хүлээн зөвшөөрч, намчирхал, хуваагдал байхгүй эв нэгдэлтэй хамтран ажиллаад явж байна. Хүрмэн сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Баянбат 2 бүрэн эрхийн хугацаанд буюу 8 жил аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг аймгийн үндсэн чиглэлд суулгаж, төлөөлөгчийн эрхийн хүрээнд асуудлуудыг их нааштайгаар шийдэж байдагт Хүрмэнчүүд бахархаж дэмжиж байдаг.
-Сайн байна уу та. Сайхан хаваржиж байна уу. Энэ цаг мөчид өрнүүлж буй ажил, сонин сайхнаасаа хуваалцана уу?
Сайн байна уу. Сайхан хаваржиж байна аа. Энэ хаврыг мал аж ахуйдаа анхаарал хандуулан ажиллаж байна даа. Дэлхий нийтийг хамарсан аймшигт халдвар гараад жаахан түгшүүртэй л байна даа. Мөн түүний хажуугаар суманд маань галзуу өвчин гараад амаргүй л байна. Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгой уурхай үйл ажиллагаагаа явуулж, Таван толгойн экспорт дамжин өнгөрч, Гашуун сухайт боомтоор БНХАУ-тай гадаад харилцаагаар улс орон маань холбогдож байгаа тул нутаг орныхонд маань сэтгэл санааны хувьд хүндхэн л хавар болж байна. Энэ бүгдийн талаар холбогдох хүмүүстэй нь санал солилцож, цахимаар саналаа илэрхийллээ. Төр засгаас гарсан шийдвэрүүдийг дэмжиж, хэрэгжүүлж, заримд нь шүүмжлэлтэй хандан ажиллаж байна даа.
- Ханбогд сумын Засаг даргаар нэлээдгүй хугацаанд ажилласан. Танай сум ер нь таныг ажиллаж байх хугацаанд хөгжил болоод ард иргэдийн ахуй амьдралын түвшин хэр болов?
Ханбогд сумынхаа засаг даргаар 2 удаагийн эрхийн хугацаанд нийтдээ 7 жил орчим ажиллалаа. Энэ хугацаанд оновчтой зөв шийдвэрүүдийг гаргаж, амин чухал асуудлуудыг 1-рт эрэмбэлэн, энэ чухал бүтээн байгуулалтуудыг эхний ээлжид санхүүжүүлж, байгуулж ажиллахыг хүсэж ирсэн. Гэвч энэ бүгдийг төгс шийдэх цаг хугацаа, хөрөнгө санхүү, болон бусад олон хүчин зүйл дутмаг байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ нутгийн хөдөлмөрч ард түмэн, эвсэг бүтээлч хамт олны хүчин чармайлт, дээд удирдлагуудын оновчтой шийдвэр зэргийн үр дүнд Шинэ Ханбогдын эх суурийг тавьж чадсан.
-Одоо Ханбогд нутаг маань мэдэхгүй хүн байхгүй нэрээ цуурайтуулсан сум боллоо. Гэвч тулгамдаж байгаа асуудал мэдээж байгаа байх. Цэгцэлж амжаагүй ажил хэр их байна?
Цэгцэлж амжаагүй ажил бүтээснээсээ их байгаа. Учир нь хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйн дээр улс орны болоод бүс нутгийн хөгжил хурдтай явж байгаа тул түүнээс хоцрохгүйн тулд асар ихийг хийх хэрэгцээ байгаа юм. Мөн өмнөх хийсэн ажлуудад шинэчлэл, засвар, бодлого төлөвлөлтдөө формат хийх шаардлага ч их байдаг. Ер нь хийе л гэж санаачлах юм бол асар их ажил төлөвлөгддөг. Харин ирсэн өдрийг өнгөрөөгөөд ирэх өдрийг хүлээгээд байвал хөгжлөөсөө асар их хоцорсон гэдгээ сүүлд нь л ухаарах байх. Тийм учраас би бол довтолгож байх л дуртай хүн. Ингэж л ажиллаж чадвал иргэдийнхээ амьдрах орчиныг сайжруулж чадах ёстой гэж үздэг дээ.
-Таны хувьд Галба нутгийн зон олныхоо итгэлийг хүлээсэн, төрд тэднийгээ төлөөлсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэгэхээр төлөөлөгч хүнийхээ хувьд сумандаа олон асуудлыг шийдвэрлэн ажиллаж ирсэн байх?
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Би төлөөлөгчийн хувьд нэг л зарчмыг баримталж ажиллахыг хүсдэг. Тойргийнхоо нэн хэрэгцээтэй төсөв санхүү, хөрөнгө оруулалтыг сайн суулгуулж өгөх , үүнийгээ аймгийн хэмжээний нэгдсэн бодлогод уялдуулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчиныг бүрдүүлэхэд л онцгой анхаарахыг хүсч ажилладаг. Харин зарим төлөөлөгчид шиг тууз хяргах, бэлэг хэвийг боов тараах, худлаа үнэн хэрэгтэй хэрэггүй шагналаар бусдыг хуурахыг үзэн яддаг. Үнэн юм үнэн л байх хэрэгтэй. Бусдаар башир аргаар дахин сонгогдох нь миний алсын зорилго биш.
- Оюутолгойтой сум орон нутгаа хамтран ажиллах тал дээр нь та ямар байр сууриндаа бат зогсдог байв?
“ОюуТолгой” компанийн хувьд зарим зүйлд сайн хамтран ажиллаж байгаа юм. Бүүр зарим тохиолдолд орон нутгийг удирдлагаас ч илүү санаачилга гаргах нь бий. За мөн зарим салбарт, зарим онц чухал ажил дээр огт оролцохгүй нь ч бий. Үүнийг л дэмжих байх гэсэн чухал асуудлуудыг огт анхаарахгүй байх үе ч бас байгаа. Жишээ нь: Дэлхий нийтийг айлгасан энэ томуугийн үед баяжмал нь явж л байх жишээтэй. Би үүнийг Монгол хүнээс илүү баяжмал нь, тэр компанийн ашиг нь илүү гэж үзэж байна гэж харж байгаа. Мөн мах сүүний худалдан авалт ханган нийлүүлэлтэд ч сэтгэл дундуур л явдаг юм.
Гэх мэт оноотой алдаатай асуудлууд олон л байна. Аливаа асуудал том байх тусмаа алдаа оноо нь тийм л байдаг хойно баланслагдаад л явах байх даа. Гол нь Монголын Засгийн Газрын шийдвэр, хөрөнгө оруулалтын гэрээ мэт нь л луужин нь шүү дээ
- Таныг мал аж ахуй эрхэлдэг гэж дуулсан хичнээн толгой малтай вэ. Малын буян ашиг шим бол ойлгомжтой. Тэгэхээр та мал аж ахуйгаа өргөжүүлэх тал дээр яаж ажиллаж байна?
Мал дагавал ам тостоно гэдэг юм. Би 200 шахуу малтай. Нэг мал өөрөө л нэг үйлдвэр шүү дээ. Оюутолгойгоо ухсаар байгаад нэг л өдөр энэ уурхайн нөөц дуусаж, төрд төлдөг татвар тэглэнэ. Харин миний хэдэн мал бол намайг болон бусдыг тэжээгээд төрдөө татвараа төлөөд өсөөд л байна хэзээ ч шавхагдахгүй юм. Гол нь менежмент сайтай зөв ажиллах нь л чухал. Дээрээс нь нэмж хэлэхэд миний үйлдвэр / мал/ дахин дахин нэг үйлдвэрийг бий болгоод л байна гэсэн үг. Тийм болохоор мал аж ахуйдаа их хайртай. Олон ч айл өрхийг улаан, цагаан хүнсээр тэжээж амь амьжиргааг нь дэмждэг юм.
-Тэмээн сүргээрээ алдартай нутаг шүү дээ тэмээчдийн маань ахуй амьдрал ямархуу байна вэ?
Тэмээн сүргийн хувьд Галбын говийн улаан үүлдэр бол 2 бөхт тэмээний дээд нь ёстой л түүний дээр хөх тэнгэр л байгаа байх. Би энэ тэмээг битгий уралдуулах гэж удам цусыг нь бохирдуулаасай гэж боддог. Энэ бол гайхалтай мал. Галбын говь тэмээ 2 салшгүй хүйн холбоотой. Тэмээг хамгаалах өсгөхийн тулд энэ говийн экосистемийг онцгой анхаарч хамгаалах ёстой.
Энд бас гавилууд хэвшлийн хонь байна. Үүнийг омог болгохын төлөө эрдэмтэдтэй хамтраад ажиллаж байна. За энэ 2 бол энэ нутгийн үндсэн баялаг нь эдгээрийг ардын селекцийн аргаар бий болгосон өвөг дээдэс маань түүний автор нь эцэг нь юм даа.
- Газар нутаг, бэлчээр ургамлын гарц танай суманд ямархуу байдалтай байгаа вэ. Мал аж ахуйг хөгжүүлэх ирээдүй ямар байна?
Зөвхөн малын амьдрах орчноос илүүтэй байгаль зэрлэг ан амьтны амьдрах орчин их доройтож, бас хязгаарлагдмал болж байна. Мөн малын тоо толгой олон болж байгаатай холбоотой даац хүндэрч байна даа. Энэ бол говь шүү дээ. Хуурай ширүүн уур амьсгалтай учир газрын гарц муу байна. Дээрээс нь байгаль цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн сөрөг үр дагавар их нөлөөлж байна.
- Та бас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын салбарыг хариуцаж байлаа. Танай сум аялал жуулчлал хөгжүүлэх боломж нь хэр вэ. Гадаад дотоодын жуулчид нэмэгдэж байгаа юу?
Аялал жуулчлалын орчин байна. Хөгжих боломж ч байна. Археологи, палентологи, түүх соёлын дурсгалт газрууд хангалттай байна. Энд ганц л юм дутаж бна. Орон нутгийн, төр засгийн бодлого маш их дутаж байна гэж би үздэг. Тэдэнд сэтгэл ч алга. Тийм болохоор энэ салбарт хөрөнгө хуваарилахгүй байгаа юм. Ердөө л товчхондоо бодлого байвал бусад нь байна гэсэн үг. Жуулчид ч ирэх сонирхол их байна.
- Ханбогд нутгаа нэг сайхан магтаач та. Нутаг усаа магтах сайхан шүү дээ?
Ханбогд нутаг минь хамгийн сайхан. Энэ сумынхаа түүхэн хөгжлийн он жилүүдэд өөрийн хувь нэмрээ оруулж явснаараа бахархаад баршгүй. Өгөөж арвин нутаг минь эх орныхоо эдийн засаг, хүн амыг тэжээн тэтгэж явна шүү дээ. Хөдөлмөрч бүтээлч хүний дээд болсон нутгийн ахан дүүс маань ч гэсэн сэтгэлийн сайхнаар бүхнийг даван туулж өнөөг хүргэж байна. Би нутгаараа, ард түмнээрээ бахархан омогшиж явдаг. Гагцхүү зөв хөгжлийг л зөв чиглүүлж явах учиртай юм.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Та бүхэнд мөн баярлалаа. Уншигч олны маань мэлмий тунгалаг байг ээ.
]]>-Өөрийгөө танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул. Энд төрж өссөн. 2002 онд 3-р сургуулийн дүүргэсэн. МУИС-ын Хятад хэлний ангид суралцаж 2007 онд Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа жирийн нэг залуу.
-Хөнгөн атлетикаар хичээллэж амжилт гаргаж байсан тамирчин хүн. Хэдэн оноос хөнгөн атлетикаар хичээллэж, ямар амжилт гаргаж байв?
-Анх 6-р ангид Хөнгөн атлетикийн секцэд орж байсан. Миний анхны багш минь С. Түвшинбаяр л даа. Багшийнхаа удирдлага дор хөнгөний спортоор шаргуу хичээллэж 1999 оноос хойш улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Хамгийн анхны амжилт гэвэл 1999 оны 7 сард болсон Монголын бүх ард түмний 10-р спартикиадын хөнгөн атлетикийн төрөлд 4х4, 4х400м зайд уралдаж Мөнгө, Хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилтдаа өөрөө маш их урамшиж 1999-2012 онуудад бэлтгэл сургуулилтаа байнга хийж ирсэн. Миний зорилго бол МУ-ын рекорд амжилтыг эвдэх, цол зэрэгтэй том тамирчин болох багийн мөрөөдөлтэй хүүхэд байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж спортод орсон. Хүн зорилго тавиад тэр зорилгодоо тууштай байвал амжилт гардаг гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. Хамгийн анхны томоохон амжилт гэвэл 2000 онд ОХУ-д болсон Саха, Якут хотод болсон Азийн хүүхдийн 2-р наадам юм. Азийн 13 орны өсвөр үеийн тамирчид оролцсон томоохон тэмцээнд Өмнөговь аймгаас 9 тамирчин оролцож байсан. Энэ тэмцээнд 4х100, 4х400м зайд Алт, Мөнгөн медаль хүртэж байсан үе маань хамгийн сайхан мөч. Өмнөговь аймгаас очиж оролцсон 4 найз маань 4х400м зайд уралдаж Монгол улсын залуучуудын дээд амжилтыг 3 минут 29,89 секундээр тогтоож байсан. Одоо 20 жил болсон хэдий ч энэ амжилт эвдэгдээгүй байгаа. Энэ тэмцээн надад их урам зориг өгсөн дөө. 2006 онд Катар улсын Доха хотод болсон Азийн Зуны спортын анхдугаар наадамд оролцож байлаа. Азидаа л олимп гэсэн үг. Тэр тэмцээнд 400м зайд уралдаж Өмнөговь аймаг тэр дундаа Монгол улсаа төлөөлөн оролцож хувийнхаа амжилтыг ахиулж байсан. Улсын аварга шалгаруулах, олон улсын тэмцээнээс нийтдээ 40 гаруй медаль хүртсэн. Сүүлд Бүх ард түмний 14-р спартикиадад оролцсон цагаас хойш том тэмцээн уралдаанд ороогүй.
-Анагаахын салбарт ороод энэ чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Спортын хүн Анагаахын салбар руу яагаад хөтлөгдөх болов?
-Өнгөрсөн намраас хотод АУИС-д суралцаад явж байна. Эхнэр маань Эм зүйч мэргэжилтэй. Даланзадгад хотод Эмийн сан ажиллуулдаг. Гэр бүлийнхээ хүнд дэмжлэг үзүүлж энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Өмнөговь аймагт Эм зүйч мэргэжилтэй хүн дутагдалтай байдаг юм билээ. Эрүүл байна гэдэг хүн болгонд хамаатай асуудал болоод байна. Тиймээс хүн болгонд нөлөөлж байгаа салбар учраас энэ салбарт орж мэдлэгээ ахиулъя гэсэн зорилготой орсон.
-Үндэсний бөхийн дүйз хөтөлдөг сонирхолтой хоббитой. Яагаад бөхийн дүйз хөтлөх болсон бэ?
Монгол бөхийн орон. Бөх сонирхдоггүй Монгол эр хүн ховор. Манай аав цэргийн хүн л дээ. ЗХ-ний 167-р ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Үндэсний бөх их үздэг. Аав маань телевизээр бөх гарвал л үзэг дэвтэр бариад суучихдаг хүн. Аавын үлгэр дуурайлал намайг нэг мэдэхэд л бөх сонирхдог болгосон. Багаасаа л аавынхаа энэ сонирхлыг харж өссөн болохоор өөрийн эрхгүй л татагдаж орсон доо.
-Хэдэн оноос дүйз хөтөлж эхлэв?
-Би 1996 оноос хойш үндэсний бөхийн дүйзийг хөтөлж эхэлсэн. Хамгийн анх 1995 оны 12 сараас 3-р ангийн сурагч байхдаа Бөхийн барилдааныг бичиж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй 25 жил бичиж байна. Заалны барилдаан, улсын наадам, даншиг наадмууд, улсын цолтой бөхчүүд оролцсон томоохон барилдааныг бичдэг. Жилдээ 30-40 барилдаан тогтмол болдог. Тэрийг алдалгүй бичдэг. Монгол телевизээс өөр суваг гардаггүй байх үед цөөхөн барилдаан гардаг байсан. Тиймээс Бөх, Таван цагираг сонин захиалж уншдаг байлаа. Тэндээс бөхийн барилдаануудын талаар мэдээлэл их уншдаг. 1995 оноос хойш цуглуулсан энэ сонины архивыг одоо ч хадгалж байдаг. Одоо мэдээллийн бүх суваг нээлттэй болсон учраас бичихэд амар болсон. Нийтдээ 7 дэвтэр байгаа. Хүмүүс их сонирхож үздэг.
-Өөр сонирхолтой цуглуулга бий юу?
-Бөхтэй холбоотой ном их цуглуулдаг. МУ-ын хэмжээнд бөхтэй холбоотой 600 гаруй ном байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Бүгдийг нь цуглуулах гэхээс чухлыг нь цуглуулдаг. Бөхчүүдийн ярилцлага, фото зураг, марк, сонины хайчилбар зэргийг цуглуулдаг.
-Энэ жилийн сар шинийн барилдаан болоогүй.Энэ жилийн сар шинийн барилдааны дүйз хөтлөлтөө тасалдуулчихсан уу?
Цагаан сарын бөхийн барилдаан Битүүний өдөр болоод өнгөрдөг. Хүмүүс маш их үздэг. Барилдаанаа үзээд сар шинээр ярих юмтай шинэлдэг. Ер нь 1963 оноос Цагаан сарын барилдаан зохиогдож эхэлсэн түүхтэй юм билээ. 1963-2019 оныг хүртэл тасралтгүй болж байсан барилдаан энэ жил тасарсан. Битүүнд барилдаан болохгүй учир бөхөө их үгүйлцгээсэн. Миний хувьд бүх барилдааныг багцлаад мэдээлэл байдлаар нийтэлбэл хүмүүс сонирхож магадгүй гээд цагаан сарын барилдааны цуврал мэдээлэл бэлтгэсэн. Барилдааны онцлог, оноолт, шагнал, шалгарсан шилдэг бөх зэргийн мэдээллийг нэгтгээд Gobimedia.mn сайтад цувралаар нийтэлсэн.
-Залуустаа хандаж хэлэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе?
-Гар утас, технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн дунд хөдөлгөөний дутагдал их байна. Ялангуяа хүүхэд залуучууд спортоор хичээллэх идэвх муу байна уу гэж хардаг. Гүйлтийн спорт бүх спортын хаан нь. Тиймээс гүйлтийн спортоор олон хүн хичээллээсэй гэж боддог. Нийтийн биеийн тамир ч гэж их ярих болсон. Өглөө эртлэн босоод эрүүл агаарт дугуй унаж, гүйж байгаарай гэж уриалах байна даа.
Ярилцсанд баярлалаа.