📅

Энэ сургуульд томилогдож ирсэн багшийн хувьд Улс, аймгийнхаа, тэр дундаа Монгол багшийн нэр хүндийг өндөрт өргөж, хариуцлагатай ажиллаж байгаад буцах юмсан гэж хичээж явна.

🕔 2018/05/18 15:33 793

Гашуун сухайт-Ганц модны боомтод олон монгол иргэд уул уурхай дагаж аж, амьдралаа залгуулахаар, хилийн бүсэд ажил эрхэлж явна. Монгол орны үүдэн босго болсон энэ хилийн зурваст хаа байсан хойд хязгаар Хөвсгөл аймаг, түм түжигнэсэн их хөлийн газар Улаанбаатар хот гээд л хол, ойрын, газар, газрын хүмүүс зорин ирж ажилладаг. Худалдаа, үйлчилгээний газар эрхэлдэг монголчууд, тээврийн жолооч нар, боомтын ажилтан, албан хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдэд нь сурч боловсрох боломжийг Ганц мод сургуулийн зүгээс олгож байна. Тухайлбал Ганц модны цэцэрлэг, сургуульд монгол хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг бөгөөд өнөөдрийн байдлаар 60 гаруй монгол хүүхдүүд энэ сургуульд боловсрол эзэмшдэг.Ганц мод сургууль эдгээр хүүхдүүдэд Монгол улсаас багш нарыг тусгайлан урьж хичээл заалгуулдаг ажээ. Тус сургуульд Өмнөговь аймгаас урилгаар очиж багшилж байгаа Жамъянжавын Дулмаа багшийг зорьж, уулзаж, ярилцлаа.


-Сайн байна уу? Та хэзээнээс Ганц модны сургуульд багшилж байна вэ? Энэ сургуульд яагаад багшлах болов?

-Сайн. Сайн байна уу? Би анх Өмнөговь аймгийн ЗДТГазрын шугамаар, Хил залгаа 2 улсын Боловсролын салбарт хамтарч, харилцан туршлага солилцох хамтын ажиллагааны хүрээнд Ганц модны Монгол сургуульд урилгаар ирж багшилж байна.Монгол сургуульд багшлах багш нарын санал авч байхад материалаа өгч тэнцээд, энэ сургуульд ирэх боломж гарч, ирээд ажиллаж байна даа.

-Ирээд хэр удаан багшилж байна вэ?

-Би Монгол сургуульд ирээд 2 дахь жилдээ багшилж байна.

-Монгол сургуульд сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ боомтод амьдардаг гэсэн үг үү?

-Тиймээ, Ганц модны боомтод 2000 орчим монгол хүмүүс амьдарч байна гэсэн албан бус тоо байдаг. Тиймээс манай сургуульд хил орчмын бүсэд ажиллаж байгаа том тэрэгний жолооч нар, худалдаа үйлчилгээ хийж байгаа хүмүүсийн хүүхдүүд ихэвчлэн суралцдаг. Зарим жолооч нар амьдралын эрхээр ар гэр, үр хүүхдээ аваад ирчихсэн байдаг. Ээж аав нь том машины тээвэрт явдаг. Тэдний хүүхдүүд энэ цэцэрлэг, сургуульд суралцдаг гэсэн үг.

-Хичээлийн хөтөлбөр нь ямар зарчмаар явагддаг вэ? Сургалтын хөтөлбөрт ялгаатай зүйл байна уу?

-Хүүхдүүдээ ахлах, бага гэсэн 2 анги болгож хичээллэдэг. Миний хувьд ахлах ангид Англи хэл, Монгол хэл, Математикийн хичээл заадаг. Бага ангидаа 20 гаруй хүүхэдтэй бол том ангид 15 хүүхэдтэй. Нийтдээ 40-өөд хүүхдэд сургуулийн боловсрол олгож байна. Цэцэрлэгт мөн адил 40 орчим хүүхэд 2 анги болоод сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшиж байна. Манайхаас ялгаатай нэг зүйл нь хүүхдүүд өдрийн турш хичээллэдэг. Үдээс өмнө 08.00-12.00 цаг хүртэл хичээллээд, үдийн хоол, цайндаа ороод, өдрийн 15.00 цаг хүртэл тусгай амралтын өрөөтэй тэндээ амруулаад, үдээс хойш 17.00 цаг хүртэл 2 цагийн хичээл ордог. Бүтэн өдөржин сургалтын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагдаж байдаг. Сургууль хил орчмын бүсэд байрлаж байгаа гэдэг утгаараа хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай.Их эмх цэгцтэй.



-Ирж багшилж байгаа багшид бэрхшээл байна уу?

-Бэрхшээл гэвэл бүх төрлийн хичээлээ багш өөрөө заадаг. Англи хэл, Монгол хэл, Математик гээд бүх л хичээлээ заадаг гэсэн үг. Монголд бол Англи хэлний багш Англи хэлээ, Математикийн багш Математикийн хичээлээ л дагнаж сурагчдад заадаг бол энд бүх хичээлээ багш өөрөө заах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ажлын ачааалалтай байдаг ч энэ нь нэг талаараа багш маш их чадваржиж, хүүхэдтэйгээ адилхан суралцаж, хөгжих боломж болдог. Хятад хэлийг бас давхар суралцаж байна.Багш нар гадаад улс оронд туршлага хуримтлуулж, харилцан судлаж, суралцсаар байна. Эндээс багш нар Өмнөговь аймгийн төв болоод хил залгаа Ханбогд суманд туршлага судлах чиглэлээр хамтарч ажилладаг. Монгол сургуулийн үйл ажиллагаатай жилдээ 1-2 удаа харилцан туршлага судалдаг, сургуулийн үйл ажиллагаатай танилцдаг.

-Энэ сургуульд сурч байгаа хүүхдүүд Монголд сурч байгаад ирсэн хүүхдүүд байна уу? Аль эсвэл шууд энд сургуульд орж байна уу?

-Янз бүр байна. Бүр анхнаас нь цэцэрлэгт сураад 1-р ангид суралцаж байгаа хүүхэд ч байна. Зарим нь сүүлд нэмэгдэж ирсэн хүүхдүүд ч байна. Манай ангийн нэг сурагч л гэхэд 4 дэхь жилдээ суралцаж байгаа бараг л энэ сургуулийн ууган буюу анхны Монгол суралцагч. Ирээд сар болж байгаа сурагч бас байна. 1-р ангиасаа Хятад хэлийг, Монгол хэлтэйгээ зэрэгцүүлээд сурч байгаа хүүхдүүд байна. Хил орчмын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд, тэдний боловсролд нь анхаарч сурах, хөгжих боломж олгож байгаа нь энэ сургуулийн олзуурхууштай, авууштай үйл хэрэг юм. Эцэг эхчүүд ч талархалтай байдаг. Хятад багш нар хятад хэлийг заадаг. Хүүхдүүдэд орчинд нь хятад хэлийг сурах бүрэн боломж олгож байгаа юм.


-Багшийн цалин хангамж ямар байдаг вэ?

-Цалингийн хувьд Монголын багш нарын цалингаас айхтар зөрүүтэй биш.Миний хувьд сургуулийнхаа багш нарын байранд амьдардаг. Сургууль дээрээ өдрийн 3 удаагийн хоолтой. Ямар нэгэн нэмэлт ахуйн зардал гардаггүй. Энэ нь ажиллах таатай нөхцөл болж байгаа юм. Хэзээ ч би Монголд Математикийн хичээл зааж байгаагүй. Харин энд ирээд ахлах ангийн сурагчдад Математикийн хичээл, бусад хичээлийг зааж байна. Багш өөрөө бүх төрлийн хичээл, сургалтаар давхар чадваржиж, хөгжиж байгаа нь залуу багшийн хувьд олзуурхууштай юм гэж бодогддог.

-Ганц модны боомтын Монгол сургуульд ирж багшлахаасаа өмнө хаана багшаар ажиллаж байсан бэ?

-Би Өмнөговь аймгийн 3-р сургуульд багшилж байсан. Ер нь бол миний мэргэжил Түүхийн багш. Түүхийн багшаар багшилж байгаад Улаанбаатар хотод очиж Дээд сургуульд Философийн багшаар багшилж байсан.

-Өөртөө ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?

-Сургууль, цэцэрлэг 2 одоогийн байдлаар хамтдаа нэг байранд үйл ажиллагаа явуулдаг. 1 давхартаа цэцэрлэг, 2-3 давхартаа сургууль байрладаг.Ирэх жилээс сургууль өргөжиж, тусдаа болж Монгол хүүхдүүдэд илүү суралцах боломж олгож, монгол багш нарынхаа тоог ч нэмэгдүүлэх зорилгыг сургуулиас тавьж байна. Энэ сургуульд томилогдож ирсэн багшийн хувьд Улс, аймгийнхаа нэр хүндийг, тэр дундаа Монгол багшийн нэр хүндийг өндөрт өргөж хариуцлагатай ажиллаж байгаад буцах юмсан гэж хичээж явна.3 жилийн хугацаатай ажиллахаас өнөөдрийн байдлаар 2 дахь жилдаа ажиллаж байна.

-Баярлалаа. Амжилт хүсье

-Монгол сургуулийн үйл ажиллагаатай ирж танилцсан та бүхэнд баярлалаа.

Ч. Сумьяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна