📅

"Сэврэй" гэдэг маань уг нь "Сэври" гэсэн үг гэдэг.

🕔 2018/05/15 10:13 1 770
Тэртээх бэлд нь айл амьтан зусдаг энэ уулыг нутгийнхан маань "Хатан Сэврэй" хайрхан гэж хүндлэн биширч явдаг. Ер нь бол "Сэврэй" гэдэг маань уг нь "Сэври" гэсэн үг гэдэг. Сэври уулнаас маань зүүн тийш залгаад дээр үед Хатуугийн хяр гэдэг байсан гэлцдэг Зөөлөнгийн нуруу оршдог. Эрт цагт манай нутагт махчин амьтад ихэд олширч мал, хүнд халдах болсоноос лам нар хуралдаад Ирвэс нэртэй байсан энэ уулыг араас нь уншиж Сэври, Хатуугийн хярыг Зөөлөнгийн нуруу гэдэг болсон домогтой.

Харин Сэври уулнаас цаана харагдах, нүүрэн хэсэг нь цагаан алаг, үргэлжилсэн уулыг Гилбэнтийн нуруу гэдэг. Гилбэнт гэдэг нь Гялбаант гэсэн үгнээс гаралтай, дээр үед маш их бороо орж тасралтгүй аянга цахилгаан бууж гялбаж байдгаас Гялбаант гэж нэрлэсэн нь яваандаа Гилбэнт болсон гэж манай нутгийн нэрт сэтгүүлч, "Нэмэгтээс Прага хүртэлх элдэв учрал" номоор амьдралын түүхээ урнаар илтгэн үлдээсэн Ванчиндорж гуай бичсэн байдаг. Харин түүний цаана, Монголдоо төдийгүй дэлхийд алдартай, агуу их Нэмэгт уул дүнхийж байна. Нэмэгтийн өврийн Их, бага хонгилууд нь манай говийг дэлхийд алдаршуулсан үлэмж биет Тарбозавр, Нугасан хошуут гэх мэт аварга үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг өнөөг хүртэл хадгалсаар байгаа гайхамшигт нутаг билээ. Нэмэгт уулын цаана, бас алдарт Алтана уул бий. Эдгээр нурууд нь Монгол орны хамгийн том нурууны нэг, Алтайн нурууны үргэлжлэл гэж ихэнх хүмүүс боддог ч тогтоцын хувьд, өрнөөс дорно зүг буюу баруунаас зүүн тийш хөндлөн тогтсон, амьтан, ургамал, биологийн төрөл зүйлийн хувьд ихээхэн өвөрмөц зэрэг олон шинж чанараараа, тэртээх баруун өмнө зүгт орших Хятадын Тянь-шань буюу Тэнгэр уулын салбар уулс хэмээн Оросын эрдэмтэд тодорхойлсон нь үнэн гэж би боддог билээ.
Үнэхээр л одоо дэлхийд нэн ховордсон, хамгийн том муур Цоохор ирвэс - Snow Leopard- Uncia uncia энд олноороо амьдардаг. Нутаг усны маань бахархал болсон уулынхаа савдаг болсон Цоохор ирвэсээ сумын маань ИТХурал тогтоол гаргаж Сумынхаа Бахархалт амьтан болгосон билээ.

Цаст уулын Цагаан бар- Цоохор ирвэс. Байгаль орчны тогтвортой байдлын индикатор, Дэлхийд Нэн ховор, устаж болзошгүй, Монгол улсын "Улаан ном"-нд бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Сэврэй сумын "Бахархалт амьтан", Идэш тэжээлийн суваргын оройд байршигч, Өндөр уулын эзэн, Цоохор ирвэс- Snow leopard- Uncia uncia- гаа амьдрах орчинтой нь хайрлан хамгаалцгаая.
Х. Түмэндэлгэрскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна