📅

Өөрийн гэсэн үзэл бодлоор нийгэмдээ идэвхтэй байхыг хичээдэг.

🕔 2018/05/15 00:12 2 253

“СОШИАЛ НАЙЗ” иргэний үг. Дугаарын зочноор А.Маань уригдлаа.


-Өвөрмөц утгатай яриа өрнүүлэх гэж байна. Хоёулаа танилцья. Хаанахын харьяат билээ?

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум. Төвдөө төрж өссөн. Унаган иргэн.

-Анх нэр чинь өвөрмөц санагдаж билээ. МААНЬ гээд. Бурхны номын нэршил үү дээ? Яагаад ийм нэртэй болсон юм бэ?

-Бурхны маань гэсэн утгаасаа аваад л нэр минь их утга учиртай. Хүмүүстэй танилцаад нэрээ хэлэхээр заавал эргээд айн? гэж асуудаг.

-Би бас асуусан.

-Тийм. Та ч бас давтаад асуусан. Эхээс төрөхөд Улаанхүү гэж нэр өгч л дээ. Бие муутай. Бараг л үхээд сэхсэн гэхэд хилсдэхгүй. 14 хоног ухаангүй сэхээнд байжээ. Тэгээд нэг мундаг хувилгаан хүн надад Маань гэх нэрийг өгч амьд явах тавилан хайрласан гэдэг. Миний нэр Монгол Улсын хүн амын бүртгэлд ч ганцхан бий.

-Аав ээжийгээ танилцуулахгүй юу? Яахын аргагүй агуу монгол ухааны хүч, арга домоор үрээ авч үлдсэн гэр бүл байнаа.

-Сүүлийн гурван жилээс Гурвантэс суманд ажиллаж амьдарч байна. Аавыг маань Алтанзул гэдэг. Гурвантэс сумын харьяат. Ээж минь Баяндалай сумын харьяат Нарантогтох. Бид гэр бүлээрээ хувийн бизнес эрхэлдэг. Миний бие аав ээжийнхээ олгосон хүмүүжлээр амьдралыг үргэлж зөв талаас нь харж, зөв тийшээ зорилго мөрөөдлөө чиглүүлж явдаг. Энэ нь миний бахархал юм даа. Ижий аавдаа баярлалаа. Хүү нь дандаа сайхан руу тэмүүлж явна. Одоо ч гэсэн хүн бүрийн сайхан бүхний төлөө, олон хүнд туслаад явахад мэдлэг оюунаа зориулж яваа нь миний эцэг эхийн буян юм шүү. Өөрийн гэсэн үзэл бодлоор нийгэмдээ идэвхтэй байхыг хичээдэг залуусын л нэг.

-Чи миний анхны зочин. Бас бид сошиал найз шүү дээ. Яагаад ийм нэр ярилцлагадаа өгсөн юм гэж асуухгүй юу? Анхны дугаар учраас уншигчид маань мэдээлэл багатай бий лдээ.

-Та бид хоёр нүүр номоор холбогдон танилцсан. Манай ажил буюу бидний зорилго бол олон нийтийн сүлжээнд хэн хамгийн идэвхтэй эерэг сэтгэлгээтэй, зүрхний боловсролтой хандаж байна. Тэдгээр хүмүүстэй холбогдон баг болж явдаг. Эндээс эхлэлтэй болов уу? Тантай санаандгүй холбогдон ярилцлаганд тань уригдлаа. Яг ямар зорилготой, юуны тухай нэвтрүүлэг юм бэ?

-Сошиалд сөрөг үлгэр дуурайлал дэндүү давамгайлах болжээ. Үргэлж нэг нэгнээ үгүйсгэх хандлага. Бай нь зөв байсан буруу байсан огтын хамаагүй. Тэр нь жирийн иргэний үзэл бодол нэрээр халхлагдсан. Гэтэл хачир дээрээ эгэл жирийн ард хэзээ ч тэр их хэл ам, хэрүүл тэмцлийг хүсдэггүй. Хийж ч чаддаггүй шүү дээ.

-Тийм ш дээ

-Ардын нэрийг барьсан хэрүүл өдөгчид чухамдаа хэн нэг хүний гар хөл, ашиг сонирхлын эзэд байдаг. Тал талдаа хуваагдаад хоорондоо хэлцэхэд голд нь талцал оршиж, өчүүхэн гол цэгт нь өнөө муу хэнд ч харьяалалгүй ард түмэн хэнд итгэхээ мэдэхгүй, зөв мэдээллээ авч амжихгүй, “толгой угаалт”-д өртөж хохирдог. Бич иргэн. Чи ч иргэн. Бид ч бас автдаг ш дээ үнэндээ. Энэ бүхий л хандлагыг эерэг болгохын төлөө иргэний үг буюу “СОШИАЛ НАЙЗ” ярилцлагын булангаа нээсэн юм. Өөрөөр хэлбэл талцлын гүүр болж иргэд минь аль нэг тал руу нь битгий үсрээрэй. Эв нэгдэл, эерэг сэтгэл хаана байна? Тэнд л итгэлийн сэжмээ үлдээгээрэй л гэсэн зорилгоор иргэн бүрийн санааг олон нийтэд уриалах гэсэн юм. Өөр юу хийж чадах вэ? Миний хийж чадах юм энэ л байлаа.

-Сайхан санагдаж байна. Намайг энд урьсан явдалд баярлалаа

-Зүрхний боловсрол гэдэг зүйлийг яриад өнгөрлөө. Чухам ямар хэлбэрийн боловсрол гэсэн үг байна. Хүмүүс өндөр боловсрол эзэмшихийн хэрээр амин хувиа улам л боддог энэ сэтгэлгээнээсээ салж чадахгүй болж байна?

-Таны ярилцлагын зорилго надад маш их таалагдаж байна. Ажлын хамт олны маань явуулж буй үйл ажиллагааны чиглэл ч гэсэн яг энэ төрөлд шууд хамааралтай. Би “Очир Ерөнхийлөгч” группийн Бизнес боловсролын академийн менежер ажилтай. Ажлын шугамаараа нутагтаа ирээд олон залуусыг нэгтгэж, маш хурдтайгаар өөрчлөлтийг хийж, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэлгээний тал дээр илүү эрч хүчтэйгээр хувьсал хийхийг зорьж байгаа. Хүний гурван амьдрал гэж байдаг шүү дээ. Хувийн, гэр бүлийн, нийгмийн амьдралаа тухайн хүн бүгдийг нь эерэг хандлагатай болгож чадвал тэр улс аяндаа хөгжиж эхэлдэг гэнэ.

-Арга зам нь юу вэ?

-Төгс аз жаргалтай амьдралыг л моодонд оруулахыг уриална.

-Зүгээр л өөртөө сэтгэл ханамжтай байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Юунд ч санаа зовохгүй өөрийгөө аз жаргалтай байлгана. Нэгэн үе бид байр машин, хувцас хунар гээд бүхий л хэрэгцээгээр моодорхож явдаг байсан бол хөгжил дэвшлийн энэ эрин зуунд зөвхөн ярих хэлэх, мэддэг байх бус чаддаг байхыг эрмэлзэж эхэлсэн. Монголчууд бүх асуудлаамэдэхгүй нь биш мэдэж байна. Харин чаддаг нь үнэхээр цөөхөн юм гэдэг дүгнэлт. Улмаар тэднийг чаддаг байхад туслах нь бидний зорилго юм. Ямар ч амбицгүйгээр нийгэмд эерэг сэтгэлгээг л түгээдэг болчихвол аз жаргалтай амьдралыг буй болгох боломжтой.

-Чамд асуудал гарч магадгүй гэж эмээж байна. Хүмүүс одоо юунд ч итгэхээ байж дээ. Дөжирчихсөн. Иймэрхүү зүйл хаа сайгүй ярьж л байдаг. Эерэг сайхан сэтгэл, бие биенээ хайрлахыг мянга уриалаад бараг сэтгэл хөдөлгөхөө байжээ. Учир нь ийм зүйл ярьсан бүхний ард ихэвчлэн ашиг сонирхол, эх орончийн дүртэй хууран мэхлэгчид л байдаг шүү дээ? Яг яаж энэ итгэл үнэмшлийг бий болгох вэ? Чиний хувьд?

-Итгэл хамгийн үнэтэй. Өнөөдөр энэ зүйлээ яагаад уландаа гишгих болсон юм бэ? Хүн бүр итгэх итгэлээ гээх тусам үүний үнэ цэнэ улам алдагдаж байгаа юм. Тэгэхээр бид үнэн сэтгэлийн угаас хүнд хүрч үйлчилж байж, энэ бүхнийг сэргээж чадна. Дайсандаа ч гэсэн эерэгээр хандья. Зүрх сэтгэлээсээ аливаад хандах нь бидний гол зорилго. Үзэл бодлоосоо гажаагүй хэн бүхэн бидэнтэй хэзээд хамтарч сайхан бүхнийг түгээсээр байх болно гэж үргэлж итгэдэг.

-Гоо сайханч гэл үү? Яг ямар ажил хийдгээ сонирхуулаач?

-БимэргэжлийнMake-up artist.Мөн гоо сайхны болон эрүүл мэндийн зөвлөх ажилтай. Монголчууд эсийн буюу далд өлсгөлөнд нэрвэгдсэн. Ямар ч гуйлгачин хүн байсан хогийн функер ухаад юм олоод идчихэж байна. Тэгэхээр ил өлсгөлөн гэж алга. Эсийн болон далд өлсгөлөнгөөс аврахын тулд л баг хамт олонтойгоо идэвхийлэн ажиллаж байна. Эрүүл мэнд, гоо сайхны боловсрол өөрийгөө хүндлэхээс эхэлнэ. Өөрийгөө хүндэлж чадна гэдэг зүрхний боловсол. Өөртөө хайртай байж бусдыг хайрлана гэсэн үг. Бусдыг өөрчлөх гээд гомдол шүүмжлэл болж байснаас өөрийгөө эхлээд өөрчилчих л дөө.

-Боловсролоор бус, мэдлэгээрээ ч биш. Мэдрэмжээрээ сайхан амьдрахыг уриалсан пост бичсэн байсан. Нөгөө зүрхний боловсрол гэдэг зүйлтэй чинь хамаатай байх?

-Мэдлэг, ухаан хоёр эрс тэс өөр ойлголтууд.

-Тийм гэж үү?

-Тийм.

-Хоорондоо уялдаа холбоо бол байна биз дээ?

-Холбоотой. Гэхдээ газар тэнгэр шиг л. Хүмүүс нэг гэж үздэг ч хоорондоо өөр. Мэдлэгийг хүн олж авахдаа хэн нэгэн багшаар заалгадаг бол ухааныг хаанаас олж авдаг вэ? Ерөөсөө л бидний өв ёсны хөгжил, хүмүүжлээс эхлэлтэй. Бидний аав ээж, эмээ өвөө бидэнд ухааныг өвлүүлдэг. Гэтэл одоо эсрэгээрээ энэ уламжлал алдагдаж, мэдлэгийг чухалчилдаг болсон нь нийгмийн сэтгэл зүй доголдож, хүмүүсийн нөгөө зүрхний боловсрол буюу ухаан гэдэг зүйл алдагдаад нэг нэгнийхээ мууг нь үзэх гэсэн сөрөг бүхэн газар авч, өөрт нь таалагдахгүй л зүйл гарлаа л бол шууд олон нийтэд цацаж тайтгардаг зэрэг маш таагүй хандлагууд бий болж байгаа нь эхний жишээ л дээ. Тэгэхээр ухаан мэдлэгээр хязгаарлагдахгүй. Мэдлэггүй ч байсан ухаан хүн бүрт бий. Таны зүрх сэтгэлд оршдог. Түүнийг л зүрхний боловсол гэж хэлдэг. Та энэ ухаанд үр хүүхдээ хүртэл багаас нь эхлэн төлөвшүүлээрэй. Чингэвээс одоо асуудал болоод байгаа талцал, амиа хичээх, амбицтай болох гээд нийгмийн сөрөг бүхэн аяндаа шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. Швейд орны сайн талыг нь шингээсэн чиг хандлагаар өөрчлөлт хийхийг зорьж байна. Арай дөхөм, үр өгөөжөө ч өгч байна. Энэ орон яг л манай улс шиг жилийн 4 улиралтай. Дэлхийд дугаар нэг эко орон шүү дээ. Бүх бүтээгдэхүүний 80 хувь нь эко буюу цэвэр байгалийн гаралтай. Үндэстнээсээ аваад улс орны бодлого нь ард иргэдийнхээ эрүүл мэнд, гоо сайхны өв тэгш сайхан амьдралынх нь төлөө чиглэсэн байдаг. Хууль нь ч тэр л чиглэлд үйлчилдэг.

-Ингээд ярихаарл цээжээ дэлдэнэ ш дээ. Нэг хэсэг нь. Хөх толботой тэнгэрийн Монголчуудад хаа байсан Швейдийн хөрсийг буулгах гэлээ гээд л?

-Монголчууд Монголоороо байна. Махаа идээд явна гэж ярина ш дээ. Хэн ч л тэгж ярина. Гэвч өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар хэр байгаа билээ? Гол нь бидний эрүүл мэндийн амьдрал, хэв маяг, үр дүн ямар байгаа билээ? Хүн бүрийн хийдэг ажил, хэлдэг үг, үйлдэл. Үр дүн нь сайн байна уу тааруу байна уу? Энэ л хангалттай хариулт. Түлхүүр нь.

-Бодох л ёстой юм байна.

-Эрүүл мэндийн өндөр боловсролтой, агуу эко орны сайн талыг авах л хэрэгтэй.


-Маань? Чи тэнд тодорхой хугацаанд суралцсан юм байна. Нэг жишээ яриач?

-Хуулийн нэг жижигхээн заалтад жишээ татья. Та 8 нас хүрээгүй хүүхдээ Бямба гаригаас бусад өдөрт чихэр идүүлж байгаад баригдах юм бол маш өндөр хуулийн хариуцлага хүлээнэ. Тэнд тухайн хүүхдийн эрүүл мэнд, гоо сайхныг анхаарч, эрдэс шим тэжээлтэй хоол хүнсээр тэжээж өсгөдөг тусгай нийгэмлэг байгууллага байдаг бөгөөд тэр газар хүүхдийг нь хурааж аваад яг жолооны эрх хасч байгаа адил эцэг эх байх эрхийг нь 1 юм уу 2 жилээр хасдаг. Тэгээд хариуцлага алдсан эцэг эх тухайн байгууллага буюу хүүхдэд 200 метрээс дотогш ойртохыг хориглодог байна. Мэдээж чихэр өгөхгүй тэр хүүхдийг өсгөнө гэдэг энэ орны эрүүл мэнд гоо сайхан руу чиглэсэн бодлогын маш том давуу тал. Энэ хуулиа зөрчдөг хүн байдаггүй. Та бид 2 ах дүү байсан ч хамаагүй хүүхэддээ чихэр л өгсөн бол нэгнийгээ мэдээлэх үүрэгтэй.

-Дүгнэлт нь юу болж таарах нь уу?

-Залуус бид энэ л нийгмийнхээ хойч үе. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил бидний гарт ш дээ. Тэгэхээр өнөөдөр бид эрүүл мэнд, гоо сайхан байх асуудлыг өөр хэн нэгнээс, аль нэг дарга удирдлагаас биш өөрсдөө үүнийг буй болгон олж авах боломж байна. Иргэн эрүүл байвал эх орон эрүүлжнэ. Нэг зүйлийг хүн бүр санаж яваасай гэж уриалмаар байна. Та эхээс төрөхдөө ихэр төрдөг. Хүн байх хүсэл мөрөөдөлтэйгээ хүн бүр ихэр төрсөн байдаг гэнэ. Хүсэл мөрөөдлөө танин мэдэж амжаагүй учраас л зорилгоосоо тэс өөрөөр яваад байгаа юмаа. Танин мэдэхийн тулд амьдар. Таниж мэдэх бүр төгс аз жаргал тайвширлыг та олно.

-Хүсэл мөрөөдөл гэснээс хүмүүс өөрийнхөө дурласан мөрөөдлийн ажлаа хэзээ ч хийдэггүй юм шиг санагддаг. Амьдралд илүү хүрэлцэхүйц мөнгө их олох ажил хийж, хамаг авьяас билгээ тэнд мохоож, өөрийгөө эвдэлж эвдэлчихээд насны бөгсөнд хобби сонирхлоороо дуртай зүйлээ хийгээд амьдрана гэж ярьдаг. Улс орны хөгжил удаашралтай байдгийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой байх гэж би боддог. Тухайлбал чи одоо хэдэн настай вэ? Яг энэ хийж байгаа ажил нь мөрөөдлийн чинь ажил мөн үү?

-Би 26 настай. Ийм залуугаараа төгс аз жаргалтай амьдралын нууцыг ойлгоод бусдад түгээгээд явж байгаадаа өөрийгөө азтайд тооцож байна. Өөрийгөө танин мэдэж, өөрийгөө олж авсан энэ гайхалтай зам мөрөө би эцэг эх өвөг дээдсийнхээ буян гэж боддог. Та энэ хорвоо дэлхийд аз жаргалыг л мэдрэх гэж яваа болохоос ямар нэг ажлын төлөө морь нохой мэт зүтгээд биеэ бараад дуусгах гэж биш шүү. Далай ламын хэлсэн нэг үгийг эргэн санья. Хүмүүс насан туршдаа ажлын төлөө мөнгө олж хамаг л эрүүл мэнд, гоо сайхнаа алддаг. Тэгээд олсон мөнгөө алдагдаж орхисон эрүүл мэнд гоо үзэсгэлэнгээ олж авахын тулд зарцуулдаг. Тэгээд эцэст нь үхэхгүй юм шиг амьдарчихаад амьдраагүй юм шиг үхдэг гэж. Харамсалтай байгаа биз. Өөр сэтгэлгээг бий болгож, эерэгээр өөдрөгөөр сэтгэл зүрхнээс хандаж амьдрья. Ийм байхад болохгүй бүтэхгүй зүйл огт байхгүй. Хүсэл нь байвал арга нь олдоно.

-Ярилцсанд баярлалаа. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

С.Сумьяа


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна