📅

А. Баяржаргал: Өмнөговь аймаг цоохор ирвэсийн тоо толгойгоор улсдаа дээгүүрт ордог. Чухал амьдрах орчинг хадгалж байдаг аймаг

🕔 2019/03/03 11:56 647

Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд нэн ховордсон цоохор ирвэсийн хэдхэн тоо толгой Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тостын нуруунд идээшсэн.Цоохор ирвэс бол өндөр уулын эко системийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан.Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгаа гэсэн үг.Харамсалтай нь хүний буруутай үйлдэл, уул уурхай зэргээс шалтгаалж ирвэсийн амьдрах орчин хумигдсаар.Өдөр ирэх бүр ховордож буй “уулын эзэн” гэгдэх цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан яваа “Ирвэс хамгаалах сан”-гийн Гүйцэтгэх захирал А. Баяржаргалтай ярилцлаа.

-“Ирвэс хамгаалах сан” байгуулагдаад багагүй хугацаа болжээ. Манай нутгийнхан ч сайн мэддэг болсон. Сангийнхаа ажил үйлсээс хуваалцана уу?

-“Ирвэс хамгаалах сан” 2007 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Монгол орны цоохор ирвэсийн судалгаа шинжилгээний ажлыг явуулах, нутгийн иргэдийг цоохор ирвэс хамгаалах ажилд татан оролцуулах гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол орны 7 аймгийн 17 сумын малчид, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нартай хамтарч ажиллаж байна. Бид 2006 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахад нэлээд хүч чармайлтаа гаргаж ажилласан. Тусгай хамгаалалттай газар болсон цагаас хойш тухайн газрын менежментийн механизмыг бий болгох тэнд ажиллах байгаль хамгаалагчийн чадавхийг дээшлүүлж дэмжих ажлуудыг хийж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Гурвантэсийн ЗДТГ-тай хамтарч тусгай хамгаалалттай газрын бизнес төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөөг бий болгох ажлыг хэд хэдэн үе шаттай хийж байна.

-“Ирвэс хамгаалах сан” цоохор ирвэсийг хамгаалалтанд авсан цагаас хойш өнөөдрийн байдлаар тоо толгой нь хэд хүрч байна?

-Монгол орон даяар цоохор ирвэсийн судалгааг эрдэмтэд судлаж байна. Тойм тоогоорМонгол оронд 1000-1200 байгаа гэсэн тоо гаргасан. 2009 оноос цоохор ирвэсийн цогц судалгааг Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд явуулснаар тухайн орон нутагт нарийвчлан тогтоож чадсан. Өмнөговь аймаг цоохор ирвэсийн тоо толгойгоор улсдаа дээгүүрт ордог. Чухал амьдрах орчинг хадгалж байдаг аймаг юм. Нутгийн иргэдийн дунд мэдээлэл сурталчилгааг түлхүү өгөх, цоохор ирвэсэнд бариулсан малын нөхөн төлбөрийг өгөх арга механизмыг гаргаж ирэх нь чухал байдаг. Малаа хамгаалахын тулд цоохор ирвэсэнд урхи хавх тавих, айлгаж цочоож буу шийдэм гаргах зэргээр зэрлэг амьтан хохироох явдал байсаар байгаа. Гэхдээ малчдад учирсан хохирлыг нөхөн төлдөг болсон тул малчид эргээд энэ ховор амьтнаа хамгаалж зохицон амьдарч сурч байна.

-Ирвэс хамгаалах ажилд тань хүндрэл бэрхшээл мэдээж байдаг байх. Хамгийн гол бэрхшээлтэй асуудал юу байна вэ?

-Бэрхшээлтэй асуудал байлгүй ляахав. Цоохор ирвэсийн нийт газар нутгийн дөнгөж 18% нь хамгаалалтанд орсон байдаг. Тост, Тосон бумбын нуруу шинээр хамгаалалтанд орж ирсэн нь энэ 18 гэсэн тоог нэлээд хэмжээгээр ихэсгэнэ. Бэрхшээлтэй асуудал гэвэл Монгол орон даяараа уул уурхай хурдацтай хөгжиж байгаа нь олон сөрөг зүйлийг бий болгож байна. Нэг талаараа тогтвортойгоор цаашаа хөгжих гэж байгаа бол эдийн засгийн хөгжлөөсөө гадна зэрлэг амьтан нь хаана байх, хаана нь уул уурхайгаа хөгжүүлж болох, хаана нь зэрлэг амьтнаа хадгалан хамгаалж болох вэ гэдэг тал дээр цогц бодлого явуулах нь зүйтэй. Хурдацтай хөгжиж байгаа энэ үед аль аль тал нь хурдацтай ажиллаж чухал газар нутгаа тодорхойлох нь чухал.

-Манай аймаг цоохор ирвэс байгаа энэ газар нутгийн давуу талаа аялал жуулчлалтай хослуулах боломж хэр байна?

- Нутгийн иргэдээ түшиглэн тухайн газар нутагт хөгжүүлэх ёстой асуудал. Тост, Тосон бумбын нуруунд цаашдаа эдийн засгийн хувьд тогтвортой хамгаалалтаа явуулахын тулд аялал жуучлалыг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй. Цоохор ирвэсийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож сурталчлах нь зайлшгүй чухал асуудал болж байгаа.

-Танай байгууллага Өмнөговь аймагтай хэр хамтын ажиллагаатай байдаг вэ?

-Бидний хамтын ажиллагаа маш сайн. 2003 оноос аймгийн удирдлагуудтай хамтарч ажилласаны хүчинд тусгай хамгаалалтанд авсан. Нэгэнт бий болгосон хамтын ажиллагаан дээрээ цаашдаа улам илүү нягтарч хамтран ажиллаж, зөв голдрилд нь оруулж явуулах нь хамгийн чухал.

-Цоохор ирвэс үзэх гэсэн гадаадын жуулчид та бүхэнд хэр хандаж байна.Жуулчдад ирвэс үзүүлэх боломж байдаг уу?

-Ирвэс үзэхсэн гэж хүмүүс их сонирхдог. Дотоодын аялал жуулчлалын байгууллагуудаас хүртэл цоохор ирвэс үзүүлэх боломж хэр байна гэдэг санал хүсэлтийг бидэнд тавьж байна. Гэхдээ бид зайлшгүй хөгжих ёстой зүйл гэж ойлгуулаад, харин цаг хугацааны хувьд арай болоогүй юм болов уу гэдэг хариултыг өгдөг. Аажмаар аяндаа хөгжөөд менежментийн төлөвлөгөөнд нь ороод явах л ёстой асуудал.

-Танай үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаан дээр суурилж явагддаг байх?

-Тэгэлгүй яахав, Аливаа байгаль хамгаалах ажил нутгийн иргэд дээр түшиглэж явах ёстой. 2002 оноос хойш Гурвантэс сумын иргэдтэй хамтарч ажиллаж мэдээлэл сурталчилгаа түгээж, тэдний өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх тал дээр хөшүүүрэг болсон ажлууд хийсэн. Цоохор ирвэсийн мэдээллийг хүргэх, нөхөн төлбөрийн асуудлуудыг ярилцах, шийдэх журмаар олон жил хамтарч ажиллаж ирсэн. Иргэд цоохор ирвэстэй хэрхэн зохицон амьдрах вэ? гэдгээ мэдээд, сонсоод, тэрийгээ хэрэгжүүлээд явж байгаа. Гурвантэс суманд өнөөдрийн байдлаар цоохор ирвэсэнд бариулсан малын даатгалын хөтөлбөр 10 дахь жилдээ явж байна. Энэ хөтөлбөрөөр малчид өөрсдийн сангаа бүрдүүлээд тэндээсээ ирвэсэнд бариулсан малынхаа нөхөн төлбөрийг төлүүлээд явж байна. Нөгөө талаар нөхөрлөлүүдийн идэвхитэй байгаль хамгаалагч нар цоохор ирвэсийн судалгааг хийгээд оролцоод явж байдаг. Манай бас нэг хөтөлбөр бол Ирвэс интерпрайс гээд олон жил үйл ажиллагаа явуулж байна. Ирвэстэй нутгийн малчин эмэгтэйчүүдийн гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүнүүдийг нь зарж борлуулах, тэр орлого нь эргээд малчдад ирж байх тогтолцоотой ийм хөтөлбөр байгаа. Мөн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд Цоохор ирвэс-Эко зусланд зун болгон 5-10 хоног, 2 ээлжээр амрааж, Тост, Тосон бумбын нуруунд амралт, танин мэдэхүйн ажлууд хийгддэг. Ирээдүй хойч үедээ цоохор ирвэсийг таниулах, нутгийнхаа унаган байгалийг танин мэддэг хойч ирээдүйг бий болгох зорилготой хөтөлбөрүүд явагдаж байна.

-“Ирвэс хамгаалах сан” цаашид баримталж байгаа гол ажлуудаасаа хуваалцана уу?

-Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд хамгаалалт судалгааны ажлуудыг олон талт цогцоор нь явуулахыг хичээж сүүлийн 10 жилд ажиллалаа. Нэг төрлийн үйл ажиллагаа явуулснаас олон талт цогцоор нь явуулбал хамгаалалтын ажил маань үр дүнтэй болох юм болов уу гээд туршилтын журмаар хэрэгжүүлж үзлээ. Монгол оронд цоохор ирвэс Алтайн нуруугаа, говийн уулсаа дагаж тархсан байдаг учраас далайцтай ажиллах хэрэгцээ шаардлага байна. Тиймээс үйл ажиллагаагаа улам тэлж ажиллана.

-Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд тань улам их амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Ерөөл бат оршиг ээ.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна