📅

Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олджээ

🕔 2019/02/01 21:15 983
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 60 км, аймгийн төвөөс 320 км зайд орших Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг мэдээллээ.
Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах шинэ төрөл зүйлийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ.

Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хагалж, буталж хэрэглэдэг хоол хүнс гол тэжээл нь байжээ.

Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээлийн “стратеги” нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, эволюцийн явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг. Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.

Нэмж сонирхуулахад:

Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ.

Нэмэгт уулын өвөрт олон зууны турш байгаль цаг уурын янз бүрийн өөрчлөлт, эвдрэлд орсон их хонгилууд байх бөгөөд эндээс 1946 онд Оросын нэрт зохиолч, эрдэмтэн, судлаач И.А.Ефремовын удирдсан Орос-Монголын хамтарсан судалгааны анги ирж анхны, хамгийн том, дөрвөн хөлт, өвсөн тэжээлт 30 метр үлэг гүрвэлийг олж Нэмэгт уулын нэрийг оролцуулан Нэмэгтзаурус (Nemegtosaurus) хэмээн нэрлэжээ. Нэмэгтзаурус нь Дунд төрмөлийн эринд одоогоос 250 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт Зауроподын төрөл ажээ. Энэхүү олдвороос хойш Монгол, Орос, Польшийн олон удаагийн экспедицүүд энэ орчинд ажиллаж эртний амьтан ургамал, үлэг гүрвэлийн маш олон олдворуудыг нээн илрүүлсэн нь эдүгээ Орос, Европын болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна.

1993 оноос хойш, 1920-иод оны дундуур Монголын говьд хэд хэдэн удаа ирж үлэг гүрвэлийн томоохон нээлтүүдийг хийж байсан Америкийн байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэнгийн захирал М.Новачекээр удирдуулсан судалгааны анги ирж судалгаа явуулах болсон. Тэд Нэмэгтээс зүүн тийш 30 орчим км зайд орших Гурвантэс, Сэврэй сумын нутгийн зааг Ухаа толгодоос олон сонирхолтой олдворыг олсны нэг нь үүрэн дэх өндгөө даран суусан Овираптор (Oviraptor) хэмээх өнөөгийн шувууны өвөг дээдэс болох гүрвэлийн хэд хэдэн олдвор олжээ.

1923 онд Рой Чепмэн Эндрюсийн шинжилгээний анги Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагаас Овирапторийн анхны олдворыг Протоцератопс (Protoseratops)-ийн үүрний хажуугаас олж түүнд “өндөгний хулгайч” хэмээх нэр өгсөн ажээ. Тэр цагаас хойш палеонтологийн шинжлэх ухаанд 70 жил “өндөгний хулгайч” нэртэй явсан Овирапторын нэр өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм.

2012 онд Америкийн Нью-Йоркийн “Херитейж Аукшин” дуудлага худалдааны төвд Монголын говиос хууль бусаар гарсан байсан Тринозавр Батаар (Tyrannosaurus Bataar) гүрвэлийг худалдаалах гэж байсан нь шуугиан дэгдээсэн бөгөөд тэрхүү олдвор нь Нэмэгтийн хөндийгөөс олдсон болох нь батлагдаж дуудлага худалдааг цуцалсан юм. Улмаар энэхүү үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэн өгсөн билээ. Энэхүү Тринозавр Батаар гүрвэлийг Канадын иргэн, Альбертийн их сургуулийн доктор профессор, палеонтологич Филипп Кари, (Монголд олон удаа ирж Нэмэгтийн орчинд судалгаа хийж байсан бөгөөд монголчууд түүнийг Фил гэж дууддаг) түүний эхнэр Эва Копелус, Америкийн Байгалийн түүхийн музейн палеонтологич М.Норрел, Монголын талаас палеонтологич М.Болорцэцэг нар судлан үзээд Монгол орноос тэр дундаа Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс авсан байна гэдгийг хөдөлгөөнгүй тогтоожээ. Харин “Батаар” гэсэн нэр нь монгол хэлний “баатар” гэсэн үг болохыг Монголын нэрт палеонтологич, доктор Р.Барсболд нотолсон байдаг.

эх сурвалж:
https://novataxa.blogspot.com/2019/02/gobiraptor.htmlскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна