📅

"Дакар-2019"-д Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, ах дүү Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар улсынхаа нэрийг цуурайтууллаа

🕔 2019/01/18 18:07 1 038

Авто спортын олимп гэгддэг "Дакар ралли" 2019 оны нэгдүгээр сарын 06-наас 17−ны өдрүүдэд Перу улсад зохион байгуулагдан өндөрлөж байна. 41 дэх удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш нийт 5000 км зам тууллаа. Энэ жилийн хувьд уралдаан бүхэлдээ зөвхөн 70 хувь нь элсэн дээр явагдаж буйгаараа онцлог.

Харин манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт 3 тамирчин буюу UTV ангилалд 100 хувь Монголчууд багаа бүрдүүлэн анх удаа хүчээ сорин уралдлаа.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт нар SXS ангилалд, CAN-AM брэндийн машинаар, 413 дугаартай оролцлоо.

Харин мотоциклийн төрөлд Н.Лхамаа YAMAHA брэндийн мотоциклоор, 120 дугаартай оролцсон.

Дакар раллид тэмцээний арван гарааны дараа амжилттай барианд орж ирэх нь ялалтын дайтай агшин гэдгийг барианд орж ирэн баярын нулимс барьж ядан байгаа тамирчдын сэтгэл хөдлөлөөс харж болно. Учир нь бартаа, саад ихтэй амаргүй уралдааны бүтэн 10 гарааг дуусгаж чадалгүй дундаас нь өндөрлүүлсэн тамирчин арваар тоологдохгүй.

Энэ удаагийн Дакар раллид Азиас Хятад, Япон, Солонгос, Монгол гэсэн дөрвөн орны тамирчин өрсөлдлөө.


Манай хоёр тамирчны тухайд есөн өдрийн гарааны дараах байдлаар "Ядралт бага байна. Дахин 5 өдөр уралдсан ч хүч байна" гэж ярьж байсан юм.

ОУХМ Ө.Бямбацогт  "Баярлалаа, өглөөний сэрүүнд гарсан. Машин халсангүй, ямар ч асуудал гарсангүй. Гэхдээ л 100 км гэж хэлж болохооргүй бүх бартаа саадыг багтаасан байна. 90 хувь нь элс гэсэн аргагүй юм байна. Фиш фиш зөндөө орж ирж байна. Хад чулуу, жалган дундуур их явж байна. Зарим нэг оролцогчил элсэн дундуур явна гээд хийгээ сулласан учраас замын дунд хэсэгт дугуйгаа хагалчих гээд явж чадахгүй байлаа. Бид хоёрын хувьд дундаж дугуйн хийтэй явсан болохоор аль аль замыг туулаад барианд орж ирлээ. Арын өрсөлдөгч ойрхон байсан. Сайн явлаа. Зорьсон зорилго биеллээ"

ОУХМ Ө.Бямбадэлгэр "Баярлалаа. Өнөөдөр уралдааны зам бага байлаа. Гайгүй сэрүүхэнд гоё явлаа. Сэтгэл өндөр байна. Хоёр дахь удаагаа Дакарт "Finish" хийж байна. Энэ удаа Монгол Улсаасаа 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээрээ жижиг боловч баг бүрдүүлэн оролцлоо. Хүмүүст үзүүлэх ёстой зүйлсээ үзүүлэн түрүүчийн Дакарт явсан дутуу өгсөн алдаагаа засаад дараа дараагийн монголынхоо Дакарт уралдах хүсэлтэй байгаа тамирчдадаа бүх мэдээллийг газар дээрээс нь өглөө. Үүний маань үр дүн өнөөдөр гарч байна. Бид хоёр хичээлээ. Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсан. Биднээс илүү амжилт гаргах залуус олон байгаа гэж найдаж байна. Тэд бүгдээрээ ирж бидний гаргасан мөрөөр дараа дараагийн тамирчид маань Дакарт ирж уралдаарай гэж хэлмээр байна. 10 өдрийн турш өдөр шөнөгүй нойроо хасан биднийг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүйгээр уралдахыг зорьж хичээж байлаа. Та бүхнийхээ өгсөн эрч хүчээр тэмцээнээ мундаг дуусгалаа.

Дараа дараагийн тэмцээнд оролцох бодол байна. Болж өгвөл жил бүр Дакарт ирж уралдах сонирхол байна.

Хамгийн гол нь дүүтэйгээ нэг баг болон амжилт гаргасандаа баяртай байна. Дакар хүнд хэцүү замыг туулсан ард нь гарсан гэдгээрээ баярлаад уйлмаар байна. Гэхдээ Монгол эр хүн уйлж болохгүй шүү дээ"

Тамирчид Тундрагаар 12 мянган км замыг туулан Дакар раллид оролцсон юм. Тэд хоёрдугаар сарын 25-ны өглөө эх орондоо ирнэ.

Эх сурвалж:Дакар ралли-2019

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна