📅

Хямд нүүрсээр өнтэй өвөлжүүлнэ

🕔 2018/11/25 16:27 990

Таван Толгой бүлэг ордын хамгийн бага талбайд үйл ажиллагаа явуулж байгаа ч орон нутаг, улс эх орондоо өгөөж буянаа харамгүй хүртээсээр байгаа ууган уурхай бол Орон нутгийн өмчит буюу ард түмний ярьдагаар Жижиг таван толгой юм. Таван Толгой уурхай сүүлийн 10 гаруй жил орон нутгийн ард иргэддээ хямдралтай нүүрсийг олгож ирсэн. Дотоодын борлуулалтаа эхлүүлж айл өрх, албан байгууллагууддаа хямдралтай үнээр нүүрс олгож буй цаг үеийг тохиолдуулан Таван толгой уурхайг зорилоо. Нүүрсний хямдралын хугацаа, уурхайн аман дээрх борлуулалтын үнэ зэргээс гадна нүүрсний цэгт хэрхэн ачилт хийдэг, иргэдэд ирж байгаа нүүрсний чанар,ачилтын үйл явц зэргийг газар дээрээс нь сурвалжлахыг зорьж байгаа нь энэ.


Таван толгой ордын хэмжээнд адилхан л үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудаас дотоодын зах зээлд нүүрс худалдан борлуулж, ард түмнийхээ амьдралд дэм болдог гэдгээрээ Таван толгой уурхай илт давуу ялгардаг. Хөрсөн доорх баялаг болох нүүрсийг бусад компаниуд дан ганц гадагшаа зөөдөг бол жижиг таван толгой нутгийн иргэд төдийгүй зэргэлдээ аймгийнхандаа хамгийн хямд үнээр нүүрсээ түгээж нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлаж ард түмэндээ өгөөжээ хүртээсээр байна.

"Таван толгой" ХК жил бүр дотоодын нүүрс хэрэглэгчиддээ уламжлал ёсоор Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан уурхайн ам нөхцөлөөр 1 тонн нүүрсний үнийг 12000+1200/НӨАТ/=13200 төгрөгөөр 12 сарын 15-ны өдрийг дуустал хямдруулан борлуулж эхэлжээ.

Даланзадгадчууддаа нүүрсний хямдралаа ойртуулах үүднээс аймгийн төвд 2-ч цэг ажиллуулан уурхайгаас тасралтгүй нүүрсээр хангаж байна.Нүүрсний хангалтыг тодорхой хуваарийн дагуу хийдэг бөгөөд гол нь нүүрс түгээх цэгүүдээс цаг үеийн мэдээллээ аваад нэмж нүүрсээр хангадаг байна. Энэ жилээс дотоодын нүүрс борлуулалтаа чирэгдэлгүй байлгах зорилгоор тодорхой арга хэмжээ авч ажилласанаар аюулгүй ажиллагаа болон шуурхай байдал сайжирчээ.

Уурхайн 8-р амнаас дотоодын борлуулалтын нүүрсээ олгодог.Уурхайн аман дээр очиход хэд хэдэн портер, ачааны машин оччихсон нүүрс авч байлаа. Нүүрсээ ямар ч дамжлагагүйгээр уурхайн амнаас шууд борлуулдаг юм байна. Гэхдээ компанийн дотоод журмаар ачилт хяналтын дор явагддаг. Уурхайн аман дээр 1 тонн нүүрсийг өнөөдрийн байдлаар 13200 буюу НӨАТ багтсан үнээр борлуулж байна.

Таван Толгой уурхай Дотоодын нүүрсээ энэ жил 90000 тонныг олборлон борлуулахаар ажиллаж байна. Уурхайд 1 тонн нүүрс дунджаар 40000 төгрөгийн өөрийн өртөгтэйгөөр олборлон борлуулдаг.Харин нүүрсний хямдралаар иргэдэд 1 тонн тутамд 25000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байна.Нэг жилийн хугацаанд борлуулсан нүүрс, хөнгөлөлтийн тооцоо нь 2 орчим тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлтийг дотоодын худалдан авалтанд зарцуулж байгааг уурхайн эдийн засагч мэдээллээ.


Яг энэ нүүрсний аман дээрээс цэгүүд рүү нүүрс ачигддаг байна. Ард иргэдийн дунд яригдаад байдаг шиг чанар муутай нунтаг нүүрсээ ялгаж явуулдаг гэсэн яриа энд ирээд ямар ч ор үндэсгүй болох нь харагдах ажээ. Сайн муугаар нь ангилах, нунтагийг нь ялгаад явуулах ямар ч боломжгүй нь илт. Эксковаторын шанагаар хутган шууд л самасвол, портерт ачдаг юм байна. Хөрсөн дороо байгалаараа байгаа нүүрсийг шууд л хэрэглэгчдэд түгээдэг учраас нүүрс чанар муутай байна гэсэн асуудал өрөөсгөл ойлголт санагдлаа.

Уурхайн амнаас гарч буй машинуудыг орон нутагт үйлчлэх тусгай гарцаар гаргадаг болжээ. Хуучин гадаад борлуулалтын машинуудтай нэг гарцаар очёрлодог байсан бол орон нутгийн тусгай гарцтай болсноор ямар нэгэн чирэгдэлгүй шуурхай болсноос гадна аюулгүй байдал сайжирсан байна.

Таван толгой уурхай энэ жил дотоодын борлуулалтын зохицуулалтын хүрээнд шинэ пүү тавьсан байна.Уурхайн амнаас ачигдсан нүүрс энэхүү пүүн дээр бүртгэлд ороод Даланзадгад руу болон зэргэлдээ аймаг, сумд руу хөдөлдөг.

Нүүрсний цэгүүд рүү 7 хоногт тогтмол 7 машин ээлжилж явдаг хуваарьтай. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах нүүрс борлуулах цэгүүдээр 1тн нүүрсийг 20.000+2000/НӨАТ/=22000 төгрөгөөр худалдаалж байгаа.

Нүүрсний эрэлт ихсэх үеэр портерууд үнэ өсгөх байдал гардаг байна. Айл өрхүүд заавал цэг дээр очиж унаа хөлсөлж нүүрс авахаасаа төвөгшөөн портерт ачсан бэлэн нүүрсийг гаднаа буулгуулахыг илүүд үздэг учраас нүүрс дамлагдах байдал гардаг байна. Өмнөх жилүүдэд зарим иргэд портероос нүүрсээ авдаг байсан. Гэхдээ энэ жил портертой жолооч нараас нүүрс авах нь багассан байна. Ихэвчлэн жижиглэнгээр авах сонирхолтой байгаа тул нүүрсээ шуудайлан  зарж борлуулж байгаа тухай портерийн жолооч нар ярьж байлаа.

Портерууд үнэ өсгөдөг асуудал үүсгэж байсан тул Даланзадгад сумын ЗДТГ-аас нүүрсний үнийн хөөрөгдлийг бий болгохгүйн үүднээс тодорхой зохицуулалт хийж үнийг барьж байна.

“Таван Толгой” ХК Дотоодын борлуулалтаараа Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн. Таван толгой уурхайн зүгээс аль болох л чанартай нүүрсийг түгээж ард иргэддээ үйлчлэх бодлого барьж ажиллаж байна.

Нүүрсний хямдралтай худалдаа нь Өмнөговь аймгийн нүүрсний хэрэглээтэй айл өрх бүрт тус компаниас бодитой хөрөнгө оруулалт хийж буй ажлуудын нэг юм.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна