📅

Асуудлыг үл хайхарсан хэвээр байвал тэд дахин хүн хүч нэмэгдүүлэн нүүрсний замыг хаана гэлээ.

🕔 2018/09/10 22:19 1 804
Өмнөговь аймгийн баруун бүсийн 4 сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайнууд орон нутагтай холбоо уялдаагүй, малчид иргэдтэй харилцаагүй байсаар 11 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд малчдын амьдралд гарсан эерэг зүйлгүй, газар нутаг нь нүдэн дээр эвдэн сүйдэхийг харсаар өнөөг хүрсэн авч малчид иргэдээс нэг удаа ч хориг тээг тавьж, эсэргүүцэл илэрхийлж байгаагүй байна. Тэгвэл энэ оны 3-р сараас эхлэн 3 удаагийн уулзалт арга хэмжээг зохион байгуулж, эмх замбараагүй гаргасан замуудыг нэг болгох, тоосжилтыг багасгах үүднээс ядаж сайжруулсан шороон замаа тавиад зорчих тухай албан шаардлага, иргэдийн хүсэлтийг өгсөн боловч аймгаас баталсан трансын дагуу замаа сайжруулах асуудлыг аль ч уурхай нь эхлүүлээгүй. Ингээд арга буюу Баяндалай, Ноён сумын малчид хоёр талаасаа нийлж, “Хөнхөр хацавц” хэмээх газар зөвхөн ачаатай том тэргүүдийн замыг хориглож эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 9 сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ОБГ, Цагдаагийн ажилтнуудын хамтаар газар дээрх нөхцөл байдалтай танилцаж, гарц гаргалгааг эрэлхийлсэн юм.

Тэнд мөн Нарийн сухайт-Чинхуа МАК, Саус Гоби Сэндс, МАК, Жавхлант Орд, Өсөх зоос, Терра Энержи ХХК-ниудын төлөөлөл ирсэн байлаа. Мал сүрэг, орон гэр, амьдрал ахуйгаа хаян өдөр шөнөгүй зогсож, эх нутгаа хамгаалсан малчдын жагсаал эхлээд 8 өдрийн нүүр үзсэн ч уурхайнуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ аваагүй байсаар. Урьд шөнө л гэхэд уурхайн тэрэгний 2 жолооч согтууран танхайрч, хашлага эвдэн дайрч гарсан байна. Уурхайнуудаас ирсэн төлөөллүүдэд ч гэсэн малчин ард иргэдийн асуудлыг шийдвэрлэх, зам харгуйтай болгох гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй нь харагдаж байлаа. Харин ч бид улсын төсөвт хангалттай татвар төлдөг, зам барихад амаргүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд түлээ түлш, сургууль цэцэрлэгийн засварын ажил гээд зөндөө байгаа гэсээр компаний эрх ашгаа ярьсаар угтлаа.

Аймгийн дарга болж буй нөхцөл байдалд хариулт өгөхдөө аймаг орон нутаг өөрийн нөөц боломжоороо засмал замыг Баяндалай сум хүртэл тавиад байна. Замыг үргэлжлүүлэн Гурвантэс хүргэнэ гэвэл хөрөнгө хугацаанаас хамааран 10 жил болох учир энэ бүсд үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудыг даруй нэгдэн нийлж, сайжруулсан шороон замын ажлыг эхлүүлэхийг хүссэн юм. Энэ сайжруулсан шороон зам нь Баяндалай, Ноён сумыг дайрч, 140 км үргэлжлэх бөгөөд нэгдсэн зам бий болсноор олон салаа газрын хэрчлээс эдгэж, тоосжилт багасан хүн малын амьдрах орчин аюулгүй тайван болно гэж малчид үзэж байна. Асуудлыг үл хайхарсан хэвээр байвал тэд дахин хүн хүч нэмэгдүүлэн нүүрсний замыг хаана гэлээ.

С.Сумъяа.




скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна