📅

Хөрш аймгийн хөгжлийн жишиг. Аян замын тэмдэглэл-1

🕔 2018/08/31 21:15 2 381

“Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд салбар бүрийн төрийн албан хаагчдыг туршлага судлуулж байгаа билээ. Өмнөговь аймгийн ХАА, Боловсролын салбарынхан, газар тариалан эрхлэгчид, төрийн албан хаагчид, эмч, багш нарын төлөөлөл бүхий 41 хүний баг бүрэлдхүүний хамтаар Аймгийн засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулан ӨМӨЗОрны Баяннуур хотын Урадын хойд хошуу, Дэнь Көү Шиань, Линьхэ хотуудаар туршлага судлахаар аян замдаа гарлаа.

Бидний аялал Урадын хойт хошууны Цог өндөр сумаас эхэллээ. Урадын хойд хошуу нь Өвөрмонголын Баяннуур хотын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд хойд талаараа Монгол улстай хил залган оршдог. Цог өндөр суманд Урадын Олон Улсын Овоон Соёлын хүрээлэн хэмээх маш олон овоотой газар байдаг. Тус бүрдээ өөр өөрийн утга учиртай, тахилгатай 99 төрлийн овоо байх бөгөөд Дэлхийн хамгийн олон овоотой газар юм. Тус хүрээлэнд Халх Монголын төрийн тахилгат уул хайрхан Бурхан Халдун уулын Дунд овоо, Хэнтий аймгийн тахилгат овоо, ОХУ-ын Буриад улсын Адуун чулуун овоо байдаг.

Овоо бүр өөрийн онцлог тахилга, ёс жаягтай. Тухайлбал: Жангарын овоо, Хавт Хасарын овоо, Бөхийн овоо, Тахилгын овоо, Хүүхдийн овоо гээд нэгэн уул хөндий дүүргэн, тодорхой зайтай байрлуулан аялал жуулчлалын нэгэн үзүүлэн болгожээ. Энэхүү Овоон соёлоо улам төгөлдөржүүлж Геннисийн номонд бичүүлэх зорилготой гэнэ. ӨМӨЗОрны 12 аймаг хотын 12 тойрог овоо байдаг.

Тус хүрээлэн нь Үзэсгэлэнгийн ордонтой. Энэхүү ордондоо овоо тахилгын үүсэл, 99 овооны тус бүрийн утга учир танилцуулга, бүх орны 74 нэртэй овооны танилцуулга зэргийг ирсэн зочид гийчиддээ тайлбарлан үзүүлдэг байна. Үзэсгэлэнгийн танхим дотроо Хавт хасрын том барималтай.

Урад говийн улаан тэмээний сүүний үйлдвэр ингэн тэмээг 1000-д хүргэж, жилдээ 400 тн сүү саах төлөвлөгөөтэй.

Говийн улаан тэмээ нь Урад тал нутгийн ховор тэмээний нэг төрөл юм. Урад говийн улаан тэмээ орхич тэмээний сүүний үйлдвэрийг 2017 оны 8-р сард Тэнхлэг аж үйлдвэрийн компани байгуулжээ. Фермийн тэмээдээ тэжээх болон сүү саах тусгай хэсгүүдтэй. Тус Сүүний ферм нь одоогоор 400 тэмээтэй. 200 ингэ сааж 200 ботго өсгөж байна.

Жилдээ 50 тн сүү борлуулдаг. Сүүгээ тусгай саалтуураар саадаг учир ажиллагаа багатай байдаг байна. 15 ажилтантай. Тухайн газрынхаа малчдыг цалинжуулан авч ажиллуулдаг.Улсаас жил болгон тэмээ бүрт 2400 юань буюу монгол мөнгөөр тооцвол 900-д мянган төгрөгийн нөхөн олговор олгохоос гадна малчдын ажил олгох асуудлыг шийдэж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлж байна.


Тус ферм нь одоогийн байдлаар бэлчээрийн тэмээг хашиж сүүний чиглэлээр хөгжүүлэхээр туршиж байна. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэмээний сүү үйлдвэрлэх, сүүний сувиллын гэр байгуулж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажээ.

Мөн ингэн тэмээг 1000-д хүргэж, жилдээ 400 тн сүү саадаг болохоор зорьж байгаа гэнэ. Тэмээний сүүний үйлдвэрийг хөгжүүлэн, Урд говийн улаан тэмээний бренд бий болгож, үүнийгээ дагаж аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний сүүний хот байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


                  1000 ингэний саалийн суурин болгоно.

Б. Хосбилэг.

“Урад говийн улаан тэмээ” нийгэмлэгийн тэргүүн

“Урад говийн улаан тэмээ” нийгэмлэгийг байгуулаад тэмээн соёлыг түгээж, тэмээгээ өсгөн үржүүлэхэд анхааран ажиллаж байна. Өвөр Монгол оронд бол Альшаа, Баяннуур аймаг тэмээ цөөнтэй. Харин Урадын хойд хошуу 5 түмэн тэмээтэй. Хойд хошуу тэмээний нутаг л даа. Энэ нутаг усаа түшиглээд Урад говийн улаан тэмээгээ 10 түмэн тэмээ болгож өсгөж, үржүүлэх боломж дүүрэн байдаг. Сүүлийн жилүүдэд тэмээний ашиг шимийн талаар их ярих боллоо. Тэмээний тавхайг эрдэмтэд их судалж олон зүйлийн ашиг шимийг нь нээж байна. Ингэний сүү бол бөөр, элэг, сахарын өвчинд маш сайн үр нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан нотлоод гаргачлаа. Иймээс хүмүүсийн эрэлт хэрэгцээ ч үүнийг дагаад их байна.Ингэний сүүний хэрэглээ цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа.

Манай Ингэний сүү саалийн ферм байгуулагдаад 1 жилийн нүүрийг үзэж байна.Өнгөрсөн жилийн 8 сараас бүтээн байгуулалт хийсэн. Одоогийн байдлаар 200 ингэ сааж байна. Энэ намраас 500 ингэ саах суурин шинээр ашиглалтанд орох гэж байна. Өдөрт 1 ингэнээс 500-700 гр сүү саадаг. Одоохондоо туршилтын байдлаар ажиллаж байна. Тэмээг хашаанд хашиж сүү саалийг нь боловсруулж байсан туршлага байхгүй ч бидний ажил их урагштай, үр дүнтэй байгаа. Өдөрт 1 тн сүү сааж саалийн үйлдвэр чиглэлээр ажиллах зорилготой. 1000 ингэний саалийн суурин болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Урадын хойд хошууны Олон улсын монгол гэрийн соёлын парк

Урадын хойд хошууны Олон улсын монгол гэрийн парк нь Цог-Өндөр балгасанд байрладаг. 4 үйл ажиллагааны хэсгээс бүрдсэн. Нийт хөрөнгө оруулалт нь 45 сая юань. Энэ нь монгол гэрийн үүсэл хөгжлийг нэг дор харуулсан гэдгээрээ онцлогтой. Казак, Ойрад, Буриад, Өвөр Монгол, Монгол гээд л угсаатан, үндэстэн бүрийн гэрийг энд харж болно. Угсаатны зан заншил соёлыг түгээх гол зорилготой байгуулагдсан. Тус парк нь 10 төрлийн монгол гэрийг барьж тохижуулжээ.


22 үхэр тэрэг хөллөсөн их гэр, тэргэн дээр барьсан монгол гэр, дотор нь монгол үндэсний уламжлал, ёс заншил, соёл, гар урлал, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай зэргийг байрлуулсан ба хүүхэд залуус, жуулчдад үзүүлж өв соёлоо танилцуулж, сурталчилдаг байна. Бөх барилдах, нум харвах, талбай байгуулж, сонирхсон зочид жуулчдыг үзүүлж монгол тоглоом наадгайгаар тоглох орчныг бүрдүүлжээ. Хойд хошууны Барилгын гол төслүүдийн нэг, мөн залуучуудын үндэсний соёл боловсролын суурь, нүүдлийн түүх соёл, зан заншил, уламжлалыг хадгалж үлдээн хойч үедээ түгээж байгаагаараа онцлог юм




Шар мөрний Сан Шэн Гун улсын усан ашиглалтын зангилаа

Шар мөрний Сан Шэн Гун улсын усан ашиглалтын зангилаа нь Дэн Көү Шений Баянгол хотоос зүүн урагш 2 км зайтай, Өвөр Монголын Шар мөрний инженерийн удирдах газраас барьж байгуулсан. 250 сая юаны хөрөнгө оруулжээ.

Шар мөрний Сан Шэн Гун усан ашиглалтын зангилаа нь Хятад улсдаа нэртэй бүтээн байгуулалт юм. Тус барилга 1959 онд барьж 1961 онд ашиглалтанд орсон. Ази тивийн хамгийн том Шар мөрний цорын ганц усжуулалтаар голлосон ус татах, хаалтын барилга юм. Ер нь түмэн газрын шар мөрний нэгдүгээр хаалт гэж нэрлэдэг. Тус зангилаа нь мөрөн хорих хаалт, хойд ус орох хаалт, өмнө ус орох хаалт, Шэн Ү ус орох хаалт ба Усан цахилгаан станц зэргээс бүрэлдэнэ. Мөрөн хорих хаалт нь 18 амтай. Суурин соёл иргэншлийн үндсэн асуудал болсон ус хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ямар их анхаарал, хүч хөрөнгө зарцуулдгийн жишээг бишрэн гайхлаа.


Шар мөрөн нь Баяннуурын 1,7 сая хүнийг ундаалж буй ээж мөрөн.


Энэ барилга 1959 онд баригдсан. Баяннуурын 1,7 сая хүнийг ундаалж буй ээж мөрөн гэж нэрлэдэг. Хашлага барьснаас хойш баяннуурын газар тариаланг услах боломжтой болсон. Энэ зангилааны хашсан усыг Баяннуурын гол тариалалтанд ашигладаг байна. Ус хашсанаар мөрний усыг бүрэн ашиглах болсон. 5464 км урттай их мөрөн. Дорно, умар, өмнө, дорно гэсэн чигт мушгиран урсаж Шар тэнгист цутгадаг.

Цэвэрлэгдэж буй усны ялзмаг, шаварны өнгөнөөс болж шаргал туяа ордог бөгөөд ийнхүү “Шар мөрөн” гэгдэх болжээ.



“Шар мөрөн” нь 140 сая гаруй хүнийг ундны усаар хангадаг.
Азид уртаараа 3-т ордог том мөрөн юм. Энэ голын сав нутагт эртний хятадын соёл иргэншил үүсч, хятадын түүхийн бүхий л цаг үед амьдран суухад хамгийн таатай бүс нутаг болж ирсэн хэдий боловч гольдролоо өөрчлөх, үерлэх зэргээс болж төсөөлшгүй их хохирлыг ч мөн дагуулж байсан юм.


“Элсэн цөлийн гэрэлт сувд” гэж нэрлэгддэг Нарийн нуур нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.


Нарийн нуур нь Дэн Көү Шенээс 40 км-ын зайд Цөлийн бүсэд оршдог. Төслийг 3 шатаар хэрэгжүүлж 10 жилийн туршид хөгжүүлж байгаа гэнэ. “Элсэн цөлийн гэрэлт сувд” гэж нэрлэгддэг Нарийн нуур нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай. Хавирган сар хэлбэртэй бөгөөд Шар мөрний салхины элэгдлээс үүдэлтэй элсэн цөл дэхь цэнгэг устай нуур юм. Энэ нь Хятадын баруун хойд хэсэгт усны шувууд болон Шар мөрний загас үржүүлгийн гол газар.

Нуур нь 100 гаруй төрлийн шувуу, 25 төрлийн шар мөрний загастай. Усны шувуудын нүүдлийн амарч буудалладаг газар. Хавар, намартаа нүүдлийн шувууд тус нууранд чуулж, энэ л шувуудын чуулганыг үзэх гэж жуулчид их ирдэг байна. Элсний баримал, усан онгоц, өвөл цанаар гулгах, хурдны завь, тэмээ морь унах, элс цөлөөр аялуулах зэрэг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлсэн.

Дэн көү шэнь усан парк, элсэн баримал зэргийг түшиглэн аялал жуулчлалыг улам хөгжүүлэх зориолготой ажилладаг. Жилдээ 100.000 хүн хүлээн авах хүчин чадалтай.


Аялалынхаа эхний хэсгийг энд хүргээд төгсгөе.

Агуйн сүм болон Хуа Шин ХАА, ШУ технологийн парк, Нарны энергийн парк, Сүүний үйлдвэртэй танилцсан аялалаар аян замын тэмдэглэл үргэлжлэх болно. 

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна