📅

Таанын цэцэгсээр гоёсон, үзэсгэлэнт байгалиараа алдартай Монголын говиор саатан морилоорой.

🕔 2018/08/18 12:54 2 445

 

Өмнөговь аймагт сүүлийн хэдэн жилдээ болж байгаагүй сайхан зуншлага болж говь биш хангай гэмээр бороо, ногоотой, нар, хуртай мал малчид, хүн зоны сэтгэл тэнийсэн сайхан зун болж байна. Тал дүүрэн таанын цэцэгс, ховор ургамлаараа гоёж, үзэмж юугаан дэлгэсэн говийн байгалийг одоо л үзэж, аялахад хамгийн тохиромжтой үе болжээ. Өмнөговь аймагт Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноёнбогд, Номгон, Тост, Нэмэгт зэрэг далайн төвшнөөс дээш 3000м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн зуун км өргөн Галба, Борзон, Зээмэг, Сүүжийн их говиуд гээд л үзэж харах олон зүйл бий. Үзэсгэлэнт байгалиараа алдартай Монголын говиор аялагч та саатаарай.



1.Говь гурван сайхан

Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүнсайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий.

2. Баянзаг

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим.
Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-иод онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм.Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.
 
3.Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палентологийн ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас үлэг гүрвэлийн яс олдсон.Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм.Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой,хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

4.Галбын говь, Дэмчигийн хийд


Ханбогд сумын нутгийг хамрах бөгөөд Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай нутаг билээ.


Дэмчигийн хийд Ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий.Энэ хийдийг ноён хутагт Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг.Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ.Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндээ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ.Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.Эдгээрийн үлдэгдэл одоо бий.


5.Ноён богд, Толь хад
Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү,Хатан сэврэй, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.
Энд задгай устай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна.
Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, 10 метр гаруй урт, 3метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.

6.Алгуй улаан цав
Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байдаг Ахар, Хоромсого, Ханын хэц,Алгуй улаан цав зэрэг 40-60км урт үргэлжилсэн уул, хярууд нь 1375-1695м өндөр юм.Түүхийн дурсгалт Их эзэн Чингэс хааны Тангуд улсыг дайлаар мордохдоо буудаллан өвөлжиж байсан Цоорхойн харнуудын “Элст хүрээ”, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Бурхан дэл, Овоогийн хөв, Баянхошууны ам, Их бага хүрээ, Улаан нуур, Шархулсангийн баян бүрдүүд зэрэг үзэсгэлэнт газрууд элбэг тохиолдоно. Няравын хоолой, Гэр сухайн хоолой, Улаан худгийн хоолой зэрэг газруудад 10-20м өндөр элсэн далан молцогтой 3-4 м өндөр загийн ширэнгэн ой зэрэг нь тус сумын бахархал болсон “Ханын хэцийн хүрэн “ омгийн тэмээн сүргийн идээшин бэлчээрлэхэд тааламжтай нутаг юм.

7. Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан,Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр



 Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Ундайн гол, Хөдөлдөг цохио, Ловон чомбын агуй, Мэлхий цохио, Гурван зээрдийн агуй, Шарцавын үлэг гүрвэлийн мөр зэрэг Ханбогд, Манлай сумын нутагт орших газрууд нь аялагчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасаар  байна. 
8. Сангийн далай хийд

Өмнөговь аймгийн Номгон суманд байх энэ хийд нь 1707 онд Үйзэнсаарав гэлэнгийн суурийг тавьсан 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай,70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй. Тус хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.

9. Хонгорын гол, Хонгорын элс.


Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.


Манай говиор зочлон ирэхдээ та Монголын их говийн үзэсгэлэнт байгаль, түүхийн ховор олдворыг үзэж нүд хужирлахаас гадна Өмнөговь аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтуудыг үзэж сонирхоорой. Зүлэг ногоон талдаа зуны сайхан цагийн байгалийн үзэсгэлэнгээ гайхуулсан говь нутагт тухлан саатаарай. 
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна