📅

Өмнөговийн дайрдаг хар

🕔 2018/07/03 17:45 749
Дайрдаг мэхээрээ даяар алдаршсан Өмнийн цэнхэр говийн алдарт бөхчүүдийн нэг Ламаажав гуайн тухай өгүүлэх гэж байна. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол улсын хүчит харцага Ишийн Ламаажав 1930 онд Мандал-Овоо сумын Ханын хар сүүл гэдэг газар төржээ.
Бие томтой өсгөлүүн хүүхэд байсан боловч багадаа төдий л барилдаж ноцолддоггүй байжээ. Харин 1950 онд цэрэгт мордож Улаанхуаранд ирснийнхээ дараа карантины баярын барилдаанд түрүүлж их бөхийн гараагаа эхлэв. Цэргийн албанаас халагдаад орон нутагтаа очиж аймгийнхаа наадамд барилдаж 1954, 1956 онуудад түрүүлж завсар нь 1955 онд Булган сумандаа зодоглож түрүүлэхэд өөрийнх нь уясан их нас түрүүлж нэг наадмаас хоёр морь байнд авч байсан хийморилог эр юм.
Улсын наадамд анхлан 1959 онд зодогложээ. Тэр жилийн улсын наадам, Монголын оюутан залуучуудын анхдугаар спартакиадтай давхцан болж хоёр барилдаанд зэрэг барилдсан гэдэг. Спартакиадаар 32 бөхөөс 26 давчихаад улсын наадмын тавын даваанд Булганы "Тавхай" Баасансүрэнтэй (улсын их баяр наадамд гурван удаа дөрөв давсан) тунажээ. Ламаажавыг барилдахаар гартал хүмүүс "Тавхай энэ жил начин болжээ. Өмнөговийн энэ муу хүү юу болохов дээ" гэсэн яриа дуулдаж байв. Тэгэж бассанд нь дургүй нь хүрч шарандаа хаях юм шүү гэсэн бодолтой гарч Баасансүрэнг тавхайдахаар суунгуут нь л зөрүүлээд дайрчихсан байна. Харин зургаагийн даваанд дархан аварга Ш.Батсуурь "шинэ начингийн шимийг хүртэе байз" гээд авахад “яасан их шим хүртдэг юм гэж бодоод дайртал дээр нь тусчээ. Наадамчид ч дахиул дахиул гээд бөөн шуугиан. Тэгэхээр нь дахин дайрч давчихаад долоогийн даваанд “Пионер” хэмээгч Б.Бадам заанд амлагдаж сурснаараа дайртал хашир заан дагуулаад гуядчихсан байна. Ингэж улсын начин цол хүртсэн ч Спартакиадад гаргасан өндөр амжилтад нь чимэг ч олгоогүй байна. Хожим улсын наадамд 6 давсан амжилтаараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртсэн.
1969 онд тавын даваанд улсын арслан У.Мижиддоржийг тонгороод толгойг нь газар хүрүүт уначихлаа гэж бодоод биеэ суллатал арслан зөрүүлээд хаячихсан байна. Дараа жилийнх нь наадмаар алдарт “Хоёр Мөнх” Чөлөөт бөхийн дэлхийн аваргад явж барилдсан тул дээгүүр барилдах бөхчүүд бүгд л дотроо бодолтой дор дороо бэлдсэн юмтай байжээ. Ламаажав дөрөв давчихаад Мижиддорж арсланд өнгөрсөн жилийнхээ барилдааныг сануулж "Энэ жил чи намайг ахиад авах юм байгаа биз дээ" гэсэнд Г.Дэмүүл, Д.Жамц нарын бөхчүүд "Тэгэлгүй яахав, ноднин будлиантай хаясан. Одоо яс үз" гэж шордоод авахуулчихав. Энэ удаа тун хялбархан хаячихлаа. Зургаагийн даваанд Д.Жамц арсланг шилэн дээр нь ганцхан алгадаж сөхрүүлчихээд иртэл зааны даваанд Ч.Бээжинтэй (тэр үед арслан цолтой байсан) таарав. Дайраад хаятал үзэгчид хаясан, хайцсан гээд шуугиад явчихав. Ламаажав дахиад хаячихъя байз гэж бодоод элэг бүсээ чангалахаар тайлтал арслан тахимаа шууд аваад гүйгээд явчихсан гэдэг. Радиогоор "Бээжин давлаа гэж зарлах нь тэр. Ингэж зааны босгон дээр хоёрдохоо хүрээд барилдаан будлиантай шийдэгдсэн нь харамсалтай. Хэрэв давчихсан бол өшөө ч өндөр амжилт гаргах магадлалтай байсан гэдэг.
Харцага өөрөө энэ наадмыг “Дараагийн даваанд Дамдин аварга намайг амлах байсан биз. Г.Дэмүүл, Ө.Эрдэнэ-Очир хоёр тунаж таараа. Явж явж ер нь манай Дэмүүл л дахин түрүүлэх байсан байх” гэж дурссан байдаг.
Үүнээс гадна Ламаажав харцага улсынхаа их баяр наадамд долоон удаа дөрөв давж дархан аварга Х.Баянмөнх, даян аварга С.Цэрэн, улсын арслан П.Дагвасүрэн, Ж.Чойжилсүрэн, У.Мижиддорж, улсын заан Ц.Дамдиндорж нарын улсын шилдэг хүчтэнүүдэд унаж байсан нь ямархан зиндааны бөх байсныг харуулдаг.
Улсын хүчит арслан Дэмүүлтэй ойр дотно нөхөрлөж олон наадамд цуг барилдсан хийгээд нэгэн үе Өмнөговьд ямар ч том тэмцээн барилдаан болоход энэ хоёр гадагш нь алдаж байгаагүй гэдэг. Харцага ид үедээ бөхчүүдийг сайнаас нь шилж амалдаг, хэнтэй ч барилдсан санасан мэхээ зоригтой хийдэг, дайрдаг мэхээрээ улсын олон сайчуудыг орхисон бөгөөд Жамц арслан, Бээжин аварга хоёрыг тун ч олон хаясан гэдэг. Дайрахын зэрэгцээ тонгордог, шилдэж дугтардаг, давах даваагаа ер нь дайраад л "гаталдаг" байлаа. Улсын арслан Ш.Ванчинхүү нэгэнтээ “Барьцандаа мэхтэй хүн ч манай Ламаажав л байна даа” гэж өгүүлсэн байдаг. Уран мэхний хаан, алдарт арсланаар ингэж үнэлүүлсэн хүн тийм ч олон бус биз.
Харцагын гэргий Цолмон үндэсний сурын спортын мастер цолтой, аймгийнхаа наадамд Ламаажав гуай бөхөд түрүүлж, эхнэр нь сурын харваанд түрүүлж гайхам амжилтыг үзүүлцгээж байжээ.
www.hiimori.mnскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна