📅

Д.Бараадууз: Оюун санааны нэгдэл юуг ч өөрчлөх боломжтой.

🕔 2018/06/11 12:12 822


“СОШИАЛ НАЙЗ” биш ч гэлээ сошиалд байгаа хүн бүрийн танил ХАА-н салбарын ахмад зүтгэлтэн Д.Бараадууз гуайг уншигчидтайгаа уулзуулах гэж байна. 2009-2010 оны зуднаар Д.Бараадууз гуайтай ярилцахаар очиход “Ашиг шим өндөр, цөөн малтай байя” гэсэн агуулгатай, зөвлөгөө зөвлөмж бүхий бүтэн нүүр ярилцлага өгч билээ. Харин одоо 2017, 2018 оны гандуу үеэр дахин ярилцаж байна. Бөөн номон дотор /ихэвчлэн эртний судар/ 8 жилийн өмнөхөөс огт өөрөөр угтлаа. Сүүлийн хэдэн жилийн зуншлага тааруугаас үүдэж, МАА-н амьдрал муудсан тухай асуухад “Бэрхшээлийг даван туулах нь хүн бүрийн овсгоо самбаа, хичээл зүтгэл шүү дээ” гэв. Ер нь тэгээд ч ган зуд болж байгаа нь бидний өөрсдийн л хийсэн үйл гэж бараг хэлсэн л дээ. Гэвч би аймгийн ХААЖДҮГ чиглэл өгч, таныг яриул гэлээ гээд учир явдлаа хэлээд ярилцахаар зэхэхэд номноосоо сая салж, гайгүй ч яриа өрнүүлэх шинжтэй. Бидний яриа эхэллээ. Сэдэв жаахан жаахан хальж магад. Уншигч авхай болгооно уу?

-ХАА тэр дундаа МАА-н салбар жаахан сульдаж ирлээ. 2 зун дараалан гандуу байлаа?


-Одоо ер нь хэцүү болчихлоо. Ганц л арга байна. Бороогоо оруулах. Бороог яаж оруулах уу?


-Буудах уу, тахих уу? Аль нэг нь бороо оруулж л таарна даа.


-Үүл ирвэл яахав буудаад усыг нь унагачихаж болох юм. Үүл ирэхгүй бол ямар юмаа унагах вэ? Тэгэхээр үүл ирүүлэх ажил болж таарна. Одоо хүний далд оюун ухаан бодит байдлыг яаж ч өөрчилж болно гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Гэтэл үүнийг эртний Монголчууд хэдийнээ мэддэг байж. Тийм учраас оюун ухааныхаа хүчээр уул овоогоо тахиад бороо хураа оруулж, ган гачигаа тайлж чадсаар байсан байгаа юм. Дэлхий дээр чухам Монголоос өөр овоо хангайн тахилга үйлддэг улс байдаг эсэхийг мэдэхгүй. Гол нь Монголчууд чаддаг л байсан. Дэлхийн Фикик Математикийн шинжлэх ухааны эрдэмтэд явсаар хүний далд ухамсар байгалийг өөрийн хүссэнээр байлгаж болох юм гэдгийг нээж байхад үүнийг тэртээ 1000 жилийн өмнө Монголчууд хэдийнээ хэрэгжүүлдэг байсныг шашны ч тэр, ШУ-ны ч тэр олон ном сударт тусгасан байгааг харьцуулж үзлээ. Малчид минь уул овоогоо баясга. Бүр дарга цэрэггүй, хөдөө хотгүй тахилгаа хий. Уул овоогоо тахина гэдэг чинь лус савдагаа баярлуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл лус болоод савдагийн хүчийг өөрийнхөө оюун хүчтэй нэгтгэсэн энэ 3 хүчийг дэлхийн энергийн системд илгээгээд орчлонгийн үйл явдлаар төсөөлвөл тэндээс хариу илгээмж нь үүл болон ирэх жишээтэй. Үүлэн дотор усны энерги байна шүү дээ. Лус бол усны энергийг даллагч байх нь.





Дээр үед Монголын ард түмэн оюун ухаанаа нэгтгэж чаддаг байсан. Ер нь аль ч орны хүмүүс ингэх боломжтой. Ингэж ч байжээ. Тухайлбал 4, 5 мянган хүний оюун ухаан нэгэн дор төвлөрч, нэгэн зүйл зорьж, нэгэн зүйлийг хүсэх аваас тэр нь биеллээ олно гэсэн санаа юм. Хэдий олон хүний эрчим хүчийг нэгтгэж чадна. Дэлхий эрчим хүчнээс төдийчинээ хүссэн хариугаа авах боломжтой гэж энэ номон дээр байна. Би аль болох худлаа тайлбарлахгүй байхыг л мэрийнэ. Яагаад гэвэл худлаа хэлвэл баригдана шүү дээ. Тийм болохоор эхлээд хэдэн түүх ярья. Өгөдэй хааны их цэрэг Японыг довтлох болж олон зуун мянган цэрэгтэй усан онгоц далайд гарчээ. Япончууд энэ тухай тагнуулаараа дамжуулан мэдээд тэр улсын бүх ард түмэн гаднаас ирэх аюулт хүчийг арилгаж өгөөч гэсэн хүсэл дор нэг өдөр, нэг цаг минутад бясалгал мөргөл үйлдсэн байна. Гэтэл гэнэт асар хүчтэй цунами үүсч, Өгөдэйн их цэргийг далайд живүүлж орхисон түүх эцэстээ тэрхүү олон хүний энергийн их хүчтэй холбоотойг сурвалжид тэмдэглэжээ. Нэг удаа ийм явдал болоод өнгөрсөн бол тохиолдол байжээ гэж үзье. Гэтэл Япон руу өмнөхөөсөө илүү хүч хуримтлуулан дахин дайлаар мордсон байна. Япончууд дахин мөргөл үйлдэж, цунами үүсгэн их цэргийг далайд үйсэн. Өөр нэг жишээ 1921 оны үед Монголын хүн ам 600-700 мянга байсан. Эндээс 400 мянган партизан цэрэг байжээ. Ингээд Монголын хүүхэн чавганцаасаа аваад Богд гэгээн хүртэл бүх ард түмэн эх нутгаасаа харийн дайсныг үлдэн хөөх залбирлыг хийсэн юм. Ингээд 10 мянган гаминг 25 дахин бага хүчээр буюу 400-хан партизан цэрэг хөөгөөд гаргачихсан их хүчний ард Монгол хүн бүрийн нэгдмэл оюун санааны хүч байгааг одоо ч ярьдаг.



Япон, Америк, Энэтхэг, Хятад, Францын дөмөг гэсэн эрдэмтдийн номыг цөмийг нь харьцуулж уншлаа. Заримыг нь бүр хэд дахин уншиж байж илүү их ойлгоно. Тэдгээрт хүн төрөлхтний оюун ухааны хүч нэгэн зорилго дор нэгдэж чадваас юугч дийлж чадна гэдгийг улмаар байгалийн хүчийг ч захирч болохыг ганцхан Монголчууд төдийгүй гадны олон олон түүх бичвэр, домгоос үзэж болно. Тэгэхээр манайд хөдөөгийн нэг баг овоогоо тахилаа гэхэд бүгд л хүлээн зөвшөөрч байх ёстой. Тэгэхгүй тэр ардын намынх, энэ ардчилсан намынх. Овоогоо тахина гэж юу байхав гэх сэтгэлээр хандах юм бол үнэндээ тэнд ганц ч дусахгүй байх магадлал тун өндөр.






-
Таны ХАА-н салбарт ажиллаж байх үед тохиолдож байсан бодит жишээ байна уу?

-Би тэр нэг жилийн үйл явдлыг ерөөсөө мартдаггүй юм. Өдөр болгон улаанаараа эргэн шороо хийссэн хавар өнгөрлөө. 1990 оны 6-р сард миний бие Баяндалайд мал ноослуулах ажлаар очсон юм. Тэр айлынхан надаас нэг л юм нуугаад ярилцаад байх нь мэдэгдэм. Тэгсэн авгай нь “За хаашдаа өнгөрсөн. Бид мал ноослохгүй. Овоогоо тахина. Та ч тэр овоо тахилгад оролц” гэж байх нь тэрээ. Ерөөсөө Баяндалайчууд бүгд хүүхэд хөгшидгүй, дарга албан хаагч нийтээрээ овоо тахилгад хөдөлж байв. Би ямар аймаг руу ярьж буруудалтай биш аргагүй байдалд орж, овоо тахилгад оролцох боллоо. Өвгөн нь дээл хувцсаа өмсгүүллээ. Маргааш нь Норовын овоог тахих болж, Баянзүрх хайрхны орчмын 20 гаруй айлын хүмүүс ирлээ. Хамгийн сүүлд Норовын овоог 1943 онд тахиж байжээ. Түүнээс хойш тахиж баясгаагүй байж. Овооны номыг их өндөр настай Мэнгэ Дамба гэж хүн уншина гэнэ. 20 хэдэн айлын хүнээс хэвтрийн нэг эмээ л ирээгүй. Номтой өвгөнийг моринд унуулж хөтлөөд хайрхны тэг дундаас дээхнэ хүртэл явж, түүнээс дээш үүрч сугадан явсаар овооны оройд хадны нөмөрт суулгаад, айл бүр тавагтай идээ, өрөм бяслаг, бүр хонь хүртэл гаргаад ингээд тахилгын ном уншиж эхэлсэн юм. Хагас цаг өнгөрсөн болов уу бороо ганц нэг дусалж байсан. Ном уншлага ч дуусаж, идээ шүүсээ өргөчихөөд овооныхоо хормойд буугаад морь уралдууллаа, ирсэн хэдэн залуучуудын дунд бөхийн барилдаан боллоо. Тэднийгээ урамшуулж, шагнал гарыг нь цайлгасаар нар жаргах хэр болов. Тэр өдөр Баяндалайн бүх овоог тахисан. Баян бригадын зүүхэнтээ Буур овоо, урагшаа Хонгорын овоо, Төхөмийн голд Зүлэгтийн овоо, энэ Норовын овоо гээд 4 тахилга болж билээ. Нөгөө 3 овоог Мал эмнэлгийн дарга давхин Мандал-Овоогийн Санчир ламыг залж тахиулаад тэгээд бидэн дээр ирлээ. Тэгээд Санчир лам “За танай лам бол үнэхээр хүчтэй юм. Бороо оруулчихлаа. Би 3 овоо тахиад шуурга тавиулчихаад ирлээ. Гэхдээ 3 хоногоос бороо орноо” гэж хэлээд инээж байсан. Нар жаргахад зүсэрч байсан бороо шөнөжин шивэрч орлоо. Би ч яваад Баяндалай сумын төвд ирж хонолоо.


-Тэр үед та ямар албан тушаалд байв?


-Аймгийн ХАА-н Удирдах газрын дарга байсан. Одоогийн энэ ХААЖДҮГ-ын дарга Т.Батжаргалын алба л гэсэн үг шүү дээ. Тэгээд өглөө боссон чинь битүү цагаан цас өвдгөөр татаж байнаа.


-6 дугаар сарын цас.


-Тийм. Баяндалайн сумын төвд ч, Зурамтай, Аргалант, Зөөлөнгийн хэц, Гурвансайхан уул битүү цасанд дарагдсан байсан юм. Тэгээд л нар гараад хайлаад усан шалбааг. Тэгээд л мэдээ авсан чинь тэр шөнө тэмээ ид ноосолж байсан Наран бригадад 84 тэмээ хөлдөөд үхсэн байсан. Тэр нутагт тохой хэрийн өндөр өвстэй нов ногоон зун болсон шүү дээ. Би тэр үед овоогоо тахиад бороогоо оруулж болдог гэдэгт итгэсэн. Яахав одоо үүл рүү буудаад бороо оруулж болно. Гэхдээ үүл байхгүй бол мянга буудаад яах вэ? Үүлийг чинь дуудахад хангай дэлхийтэйгээ хүн холбогдож л таарна шүү дээ. Овоогоо л тахиж тайтгаруулахаас аргагүй. Уул, ус, өөрсдийн оюун санааны хүчээр асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Энд тэр нам харгуйн талцал хэрэг болохгүй.


-Овооны тахилгаа хийчихээд бороо орох болов уу гэж бас эргэлзээд байвал бас орохгүй нь ээ?


-Итгэл үнэмшлийг өөртөө үргэлж агуулж байх хэрэгтэй. Есүс Христ ч гэсэн тэр библидээ “Мөргөсөн зүйлдээ итгэлийг өгч чадвал бурхан чамд туслана” гээд хэлчихсэн л байна лээ шүү дээ. Бурхан багшийн номлолтой мөн адил байна. Итгэ, түүнийгээ биелсэнд тооц. Бурхан багшийн нэг мундаг айлдварыг хүн бүр мэднэ. “Би чиний нүглийг арилгаж чадахгүй, би чиний зовлонг ч нимгэлж чадахгүй, харин яаж гэтлэх аргыг зааж өгнө” гэсэн байдаг. Нэг хэсэг нь бороо орно гэж үнэнхүү итгэж байхад нөгөө хэсэг нь үл ойшоосон байвал хурмаст ивээлээ хайрлах нь юу л бол? Би хэлээд байгаа юм бишээ. Физик математикийн хуулиараа баталсан энэ шинжлэх ухаан чинь хүлээн зөвшөөрчихөөд байна.



-
За ийм байна. Бараадууз гуай? Би тантай цэц булаалдаагүй юм шүү. Ер нь бол хүмүүс үүнийг аман дээрээ л хэлдэггүй болохоос бүгд л мэддэг шдээ. Хоёулаа яахав. Сануулж л яваа хэрэг. Хорвоогийн наран сараны завсарт хүмүүс талцаж хуваагдаад энэ бүх үнэт зүйлээ мартаад байна шүү дээ. Таны яриа сануулга болог. Одоо түр завсарлая. Ах зах учир мэдэх хүмүүсээ ингээд чагнаад сууж байна гэдэг бас нэг авууштай тал.


-Мухар сүсэг гэж л сагсуурч болохгүй. Суут физикч Альберт Эйнштейн “Шинжлэх ухаанд шинэ зүйл гэж огт байхгүй. Мартагдаж гээгдсэн хуучин бүхэн эргэх холбоогоор дахин сэргэж гарч ирж байгаа юм” гэж хэлжээ. Хэдийнээ хуучин хэрэглэж байсан арга ухааныг одоогийн шинжлэх ухаан батлаад нотлоод явж байгааг мянга хэдэн талаас нь хувааж бодоод, бутаргаад байх хэрэггүй. Уруудахын цондон шүү. Нэгдмэл байдлыг л хичээ. Өөр хэлэх юм алга байнаа.


-Монгол орны эдийн засгийн мөнхийн амьдрал болсон ХАА-н салбарыг нэгдмэл байдлаар хамгаалах тухай уламжлалт өнцгөөс нэлээд ярилаа хоёулаа. Төгсгөлд нь та малчиддаа халуун дулаан ойр дотно зөвөлгөө өгөөч?


-1992 оноос хойш хэдэн га газар хашаад тав арван малдаа малын тэжээл тариалж эхэлсэн. Манайд ажилладаг нэг залуу л гэхэд өөрийн талбайгаас жилдээ 20-иод портер өвс хураадаг. Гахай шуудайгаар мөн төдий тооны хайлаасны навч авч байгаа юм. Аливаа байгаль цаг уурын бэрхшээлд хамгийн бага эрсдлээр даван туулдаг давуу талтай болсон. Баг бригад бүр л ийм хадлангийн тэжээлтэй болох хэрэгтэй хүчээ нэгтгээд. Би одоо 80 гаруй настай. Төр засгаас ямар ч дэмжлэг авалгүйгээр, бусдын тусламжийг хүртэлгүйгээр хэдэн хүүхдүүдтэйгээ нийлээд 16 га газар хашиж, 60-70 мянган мод тариад навчсаар нь малаа тэжээгээд бишгүй болж байхад та бүхэн юугаар дутах вэ? Би чадаж байхад Өмнөговийн бүх л хүн чадна. Хадлангийн талбай бий болго. Моддыг дагаад маш олон төрлийн малын ургамал ургадаг юм. Гол нь булаг усны адгийг хашиж модоо тарих хэрэгтэй. Манай нутаг 500 булагтай. Манайх шиг ийм олон булагтай газар хаа ч байхгүй шүү дээ. Говийнхон дотроо бид хамгийн азтай улс шүү. Тариалан эрхлэхэд хамгийн боломжтой. Юм ургахгүй газар гэж байхгүй. Аргыг нь ол. Хэрэв үнэхээр чадахгүй бол хүрээд ир. Би заагаад өгье. Ер нь бол шавь төвтэй сургалтын арга хэрэглэж, хадлан бэлчээрийн талбайтай болох шаардлагатай.





Бидний яриа ийн өндөрлөлөө. ТВ-9 телевизээс тодруулдаг “Энэ цагийн эгэл баатар” Дэмчогийн Бараадууз гуай бол Өмнөговийн ХАА, байгаль орчны салбарт 53 жил төрийн алба хашжээ. Үүнээс ХАА-н салбарт 23 жил ажилласны 15 жилийг удирдах газрын дарга хийсэн юм. Түүнийг анх ажил авахад Өмнөговь аймгийн зөвхөн газар тариалангийн салбарт 50 га газрыг ашигладаг байсан ба 350 га газрыг ашигладаг болгон даруй 7 дахин нэмэгдүүлсэн үсрэлтийг хийж байсан түүх байна. Бараадууз гуайн мэргэжил нь мал зүйч. Насаараа л энэ салбарт зүтгэх тавилантай тэрээр аймгийн төвөөс 50-иад км-т орших Бага булгийн хөндийд жинхэнэ төглийг өөрийн улаан гараараа бүтээн байгуулсан билээ. Одоо тэндэхийн 3-4 га газарт л гэхэд 100 гаруй ургамал бүхий тохой өндөр малын өвс тэжээл ургадаг. Яг л хангай шиг. Малчид очиж үзвэл өөрийн эрхгүй хадлан тэжээл бэлтгэх хэмжээлшгүй хүсэлдээ автах нь дамжиггүй.Сэтгэл зүтгэл нэг байхад бүтэхгүй үйл нэгээхэн ч үгүй гэдэг гэгээн үгээр энэ удаагийн цувралаа өндөрлөе.


                                                                                                                                                                    С.СУМЬЯА







скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна