📅

Ганц мод сургуульд нийт 300 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 64 нь монгол хүүхдүүд байдаг.

🕔 2018/05/22 09:20 1 070
Гашуун сухайт-Ганц модны хилийн боомтод ээж аавыгаа дагаж ирж хилийн бүсэд суурьшиж байгаа олон хүүхдүүд байдаг. Ганц модны боомтод  хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу 2012 онд шинэ сургууль байгуулагдан сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2013онд Монгол Улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, цэцэрлэг болон бага сургуулийн ангиудад Монгол сурагчдыг хүлээн авч боловсролын иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Үүний зэрэгцээ зөвхөн Монгол улсын хүүхдүүдэд зориулсан монгол багштай тусгай ангиудыг нээн ажиллуулж, өдрийн хоол, сургалтын хэрэглэгдхүүн материал нь бүгд үнэ төлбөргүй ажээ.  Тус сургуулийг сурвалжлахаар очихдоо Хятад сургууль мэтээр төсөөлж очиход гадаах үүднээсээ л монгол ёс уламжлал, түүх соёлоор тохижуулсан анги танхим, монголын сургууль мэт хичээлийн орчин биднийг угтсан юм .Бид сургуулийн анги танхим, суралцах орчныг үзэж сонирхож, сургуулийн захирал болон монгол суралцагч хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдтэй уулзаж ярилцлаа.

 

Ганц мод сургуулийн Захирал Б. Уулаатай ярилцлаа.


-Ганц мод сургуульд Монголоос хичнээн хүүхдүүд сурч байна. Монгол хүүхдүүд хичээлийн ямар хөтөлбөртэй вэ?

- Ганц мод сургуульд нийт 40 багш ажилчид 1-6-р ангийн сурагчдад бага боловсролын үйлчилгээг, бага насны хүүхдүүдэд СӨБоловсролын үйлчилгээг том, дунд, бага ангиар зохион байгуулж байна. Монгол улсын 2 багш ажиллаж байна.Ганц мод сургуульд нийт 300 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 64 монгол хүүхэд суралцдаг. Бага сургуульдаа 2 ангитай. Цэцэрлэгт 1 ангитай. Хятад хэлийг заахын зэрэгцээ Монгол улсын крилл, монгол бичгийг заадаг. Сургалтын бусад хөтөлбөр Монгол улстай адилхан. Дүрслэх урлаг, Биеийн тамир, дуу хөгжим гээд бүх хичээлийг заадаг. Хүүхдүүд ерөнхийдөө Хятад хэл сайн сурч байна. Олон улсын Хятад хэлний шалгалт авдаг. Манай сургуулийн 2 хүүхэд Өвөр Монголын тусгай мэргэжлийн сургуульд оюутан болж суралцахаар явсан. 5 хүүхэд Баяннуур хотын Монгол сургуульд суралцаж байна.

-Танай сургуульд сурч байгаа хүүхдүүд ихэвчлэн Ганц мод боомт дээр ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүд байна уу? Аль эсвэл тээврийн жолооч нарын хүүхдүүд байна уу?

-Янз бүр байна. Манай сургуульд сурч байгаа хүүхдүүд бол Цагаан хад, Ганц мод хилийн боомт дээр ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд байдаг. Улаанбаатар хот, Хөвсгөл аймгаас аав ээжээ дагаж ирж манай сургуульд сурч байгаа хүүхдүүд ч байна. Өмнөговь аймгаас хүүхэд цөөхөн байдаг. Голдуу Улаанбаатар хотоос ирж суралцаж байгаа монгол хүүхдүүд байдаг.

-Монгол хүүхдүүдээс төлбөр авдаг уу?

-Манай сургууль монгол сурагчдаас төлбөр, мөнгө огт авдаггүй. Сургалтын төлбөр, хоолны төлбөрийг сургуулиасаа бүрэн даадаг. Хоёр улсын найрсаг харилцааны хүрээнд Ганц мод боомтын Засгийн ордон болоод Урадын дунд хошууны засгийн ордноос монгол хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургах тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлдэг.


-Сургуулийн зүгээс цаашдаа ямар зорилго тавьж байна?

-Цаашдаа цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 2 улсын хүүхдүүд багаасаа амьдралын өөр хэвшил соёлтой байдаг учраас манай сургууль монгол улсаас тусгайлан багш урьж монгол сурагчиддаа хичээл заалгаж байна. Монгол хүүхдүүдийн сурах орчин, ялангуяа түүх соёл уламжлалаа багаас нь эзэмшихэд нь түлхүү анхаарч хичээл сургалт явуулдаг.Сургалтын хөтөлбөртөө монгол бөх, морин хуур, түүх зэрэг хичээлийг зааж, монгол ёс заншил, уламжлалыг таниулсан эд зүйлсээр анги танхимаа тохижуулж байна.2 орны Боловсролын салбарын хамтын ажиллагаа, соёлын солилцоо, багш солилцооны ажлуудыг байнга дэмжиж ажилладаг. Манай сургууль Монгол хөгжмийн багш, бөхийн багш, тогшуур хөгжмийн багшийг ирэх хичээлийн жилд сургуульдаа урих зорилготой байгаа.

-Ярилцсанд баярлалаа





Иргэн Х. Мөнхцэцэг:Манай 3 хүүхэд энэ Монгол сургуулийн Хятад хэлний ангид сурч байна.2 бага хүүхэд маань энд цэцэрлэгт бас хүмүүжиж байгаа. Манай гэр бүлийн хүн нүүрсний тээвэрт жолоочоор ажиллаж байна. Жолоочоор нэлээд олон жил энэ хил дагаж амьдралаа авч явж байна. Тийм болохоор гэр бүлийн хүнээ дагаад Ганц модны боомтод амьдрахаар ирсэн. Том хүүгээ хятад хэл сургах гээд энд ирээд амьдарч байна даа.Манайх гэр бүлээрээ ирж амьдраад 2 жил болж байна. Байр түрээслэдэг. Эхний үед орчиндоо дасахад их хэцүү байсан. Сүүлдээ гайгүй болсон. 2 бага хүүхэд маань сургуульд орох дөхөж байгаа болохоор ерөнхийдөө нутаг буцах тийшээгээ хандаж байгаа.






Ганц модны боомтын сургуулийн анхны Монгол суралцагч Энхцогтын Баатарцогт:Энэ сургуульд ирээд 4 жил болж байгаа.Монгол хэл, Математикийн хичээлээрээ хоцрогдолгүй суралцаж байна. Тэр дундаа Хятад хэлийг түлхүү суралцаж байгаа. Аав маань нүүрсний том тэрэг барьдаг.Ээж маань Ганц модны боомтод тогооч хийдэг. Аав ээжийгээ дагаад энд ирж сурч байгаа.Ам бүл 6-лаа. Би доороо гурван дүүтэй. Гэхдээ манай дүү нар бүгдээрээ хотод сурдаг. Харин би энд ээж, аавтайгаа амьдарч, сурч байна. Эндхийн сургалтын хувьд их зүгээр санагддаг. Хятад хэлийг үнэ төлбөр багаар, орчинд нь сурч чадаж байгаадаа баяртай байна. Хятад хүүхдүүдтэй өөрсдийн мэдлэг чадвараа солилцож, шүлгийн уралдаан, хөл бөмбөгийн уралдаан, спортын тэмцээнүүдэд их оролцдог. Олон удаа тэмцээнд түрүүлж шалгарч байсан. Монгол хүүхдүүд тэмцээн уралдаанд илүү их амжилт гаргадаг нь харагдсан. Монгол хүүхэд энд ирээд Өвөр монгол, Хятад хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөж, харилцан хэл соёлоо суралцаж байгаа нь их сайхан санагддаг.




Ганц мод сургуулийн сурагч н. Жавхлантөгс: Би Өмнөговь аймгаас ирж суралцаж байгаа. 3 дахь жилдээ сурч байна. Хятад хэл сурах гэж ирсэн. Аав, ээж энд ажилладаг.Багш нар нь их сайхан зантай. Их юм сураад олон найзуудтай болж байна. Хичээлдээ сайн суралцана аа.



Ганц мод сургуулийн сурагч Э. Энхнаран: Энэ сургуульд 2 дахь жилдээ суралцаж байна. Манай аав, ээж 2 боомт дээр ажилладаг. Аав маань шалаанзны жолооч. Аавыгаа дагаад Улаанбаатар хотоос энд шилжиж ирээд амьдарч байгаа. Ээж дүүг маань хардаг.Олон найзтай болж байна. Хичээлүүд нь их сонирхолтой санагддаг. Би Монгол хэл, Математикийн хичээлдээ их сонирхолтой. Манай анги 16 сурагчтай. Багш нарын зааж байгаа хичээлүүдээс надад Монгол хэлний хичээл их таалагддаг. Монголд 1-р ангидаа сурч байгаад 2-р ангидаа энд ирж үргэлжлүүлж сурсан.Хятад хэл сайн сурч байгаа. Хятадаар дуу дуулж, шүлэг уншиж, бас ярьж чадна.




скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна