📅

Он цагийн түүхэнд тээж, үүрч явах ёстой зүйлүүдээ гээж, зээлдмэл ухаан, ишлэлийн онолоор өдий цагийг туулсны горыг амсаж байна уу даа гэдэгт илүү тодорхой хариултыг өгөх жүжиг бол “Саран хөхөө” юм. /МУГЖ П.Цэрэндагва/

🕔 2018/05/22 13:18 1 013

СОШИАЛ НАЙЗ буландаа Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ П.Цэрэндагва, МУАЖ С.Сарантуяа зэрэг тайз, дэлгэцийн урлагийн сор болсон эрхмүүдийг урьж ярилцлаа.


-Сурв: Анхаарлаа хандуулж буй та бүхэнд баярлалаа. Улсын Драмын Эрдмийн Театрын өдрүүд Өмнөговь нутагт маань өргөн дэлгэр болж, тайз дэлгэцээсээ та бидний үзэн хүлээдэг, хүндлэн биширдэг урлагийн бурхадтайгаа нүүр тулан уулзах их сайхан боломж тохиолоо.

-Бүгд: За баярлалаа

-Сурв: Говь сайхан нутагт минь өнгөрүүлж буй энэ өдрүүдээсээ та бүхэн хуваалцахгүй юу? Ямар ямар бүтээлтэй ирэв ээ?

-П.Цэрэндагва: Өмнөговьчууддаа энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилэхийн ялдамд манай театрын хамт олон бүтэн бүрэлдэхүүнээ ирчихээд байж байгаа нь энэ нутгийн олны оюун бодол урлаг уран бүтээлээр минь умдаалан цайлах бололцоотой нэгэн ховор учрал бүрдэж байна гэж ойлгож байна.

-Н.Сувд: Бид Цогтцэций, Ханбогд сумдад тоглоод ирлээ. Нутаг орны хөгжил цэцэглэлтийг харахад ганцхан уул уурхай биш энэ салбараа түшиглээд бүхий л салбарын бүтээн байгуулалт хөгжиж байгаад бид маш их баяртай байна. Тэр дундаа хүний хүмүүжил, ёс суртахуун, соёл уламжлал, урлагийн салбарт яг энэ бүтээн байгуулалтын хөгжилтэйгээ эн зэрэгцүүлэн анхаарч цогц бодлого хэрэгжүүлдэг юм байна. Энэхүү ажилд бид хамтран оролцож байгаадаа их баяртай байгаа. Бид сор болсон бүтээлүүдтэйгээ ирсэн. Тухайлбал дөнгөж саяхан Улаанбаатар хотод нээлтээ хийсэн “Би эндээс явахгүй” жүжиг, мөн Монгол оронд анх удаа мэргэжлийн драмын “Саран хөхөө” театр байгуулж, анхныхаа тоглолтыг тэртээ 98 жилийн өмнө Ханбогд сумын Цагаан толгой хийдээс эхлүүлж байсан “Саран хөхөө” театрын бүтээл болох Догшин ноён хутагт Данзанравжаагийн Саран хөхөө жүжгийг бид сэргээн тус суманд цоо шинээр байгуулагдсан “Үлэмжийн чанар” театрын нээлтэд зориулан тавьсан нь их онцлог байлаа. Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан “Бардам туулай”, нийт үзэгчиддээ зориулсан “Бүүвэй” уянгын жүжиг, залуучууд, насанд хүрэгчдэд зориулсан “Чөлөөт хос” орчуулгын жүжгээ авчирч тоглуулж байна.

-С.Сарантуяа: Уран бүтээлч хүний хувьд энэ удаагийн аялан тоглолтоос надад үлдсэн сэтгэгдэл маш өндөр байна. Яагаад гэвэл ноён хутагт Данзанравжаагийн Саран хөхөө жүжгийг говь нутгийн ард түмэнд толилуулахын тулд энэ уран бүтээлд ордог ахмадаасаа аваад хамгийн залуу уран бүтээлчдийг хамарсан нүсэр бүрэлдэхүүнтэй ирж ажиллаж байгаа явдал юм. Энэхүү жүжиг түүхэнд 100 гаруй жилийн өмнө бичигдсэн бол энэ хугацааны дараа бид энэ л бүтээлээр нь говьчууд та бүхэнтэйгээ уулзаж байна гэдэг нь бас л нэг түүх болж үлдэнээ. Үүгээр л уран бүтээлч бид маш их илч энерги, эрч хүчийг авч амьдардаг юм шүү дээ. Урлаг соёл, шашны ноён оргил болсон хутагт бол бидний хүндлэлийн дээд хүндлэл билээ. Учир нь түрүү Сувдаа багш маань хэллээ. Анх тэр л туурин дээрээс эхлэлтэй театр урлагийн жүжиг гээд аваад үзэхээр уран бүтээлч бидний жинхэнэ жүжиг бүтээлийн анхны галыг асааж өгсөн хүмүүн учраас сүсэглэхгүй байхын аргагүй. Энд бид бүх л бүрэлдэхүүнээр ирж тоглохгүй байх учиргүй. Тэртээгээс өдийг хүртэл бүтээл юу нь амьд оршин энэ гайхамшигт хүний бүтээлийг ард түмэндээ хүргэж, соён гэгээрүүлэх үйлсийг бүтээж буй сум орон нутгийн удирдлагууд, зохион байгуулж, биднийг сайхан хүлээж авсан бүх хүмүүст талархлаа.



-Сурв: Энэ нутгийн хүн ардын эс ширхэг бүрт та бүхний минь энэхүү авшиг шингэсэн бүтээлийн илч хийморь түгэн дэлгэрээсэй. Бид заримдаа ухаарлын учгыг хоёр нарны хооронд мартаж гээгдүүлэх нь бий. Ийм л үед амьдралын үнэ цэнэ, орхигдож гээгдсэн ухаарахуй бүрийг урлаг соёлоор дамжиж ард түмэн соён гэгээрдэг болохоор урлагийн буянт бурхад та бүхнээр бахархахгүй байхын аргагүй юмаа.

-П.Цэрэндагва: Өөрийн чинь яриан дунд тэр “авшиг шингэсэн” гэдэг үг их анхаарал татаж байгаа юм. Үнэхээр л авшиг шингэсэн зүйлийн талаар ярина гэвэл говьчууд та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүйгээр мэдэрч ойлгох, сэтгэх агуу чадвартай хүмүүс юм гэдгийг сая манай Сарантуяа тодотгож яриад байгаа энэ жүжигт бүрэн шингэсэн байгаа гэдгийг хэлье. Дээр нь бид нэг зүйлийг маш их анхаарч, ухаарч, ойлгож, сэрж, сэдэх ёстой шинж нь энэхүү жүжгийг ярих, энэ жүжгийг үзэх энэ хугацаагаар хязгаарлахгүй. Өнөөдөр дэлхийн театрын түүхэнд сэтгэлгээний аргачлалын хувьд яригдаад байгаа Станиславский гэх том онолч хүний төрсөн он сарыг харчихаад их ноён хутагт Данзанравжаагийн төрсөн оныг харахаар Монголын театр, үзвэрийн урлаг хэдий үеэс үүсэлтэй юмгэдэг дэндүү тодорхой харах болно. Үзэгчид маань ч үүнийг мэдэж байх хэрэгтэй. Нууцгүй хэлэхэд энэ зээлдмэл ухаан, ишлэлийн онолоор өдий цагийг туулахдаа тээж, үүрч явах ёстой зүйлүүдээ гээж үлдээсний горыг амсаж байна уу даа гэдэгт илүү тодорхой хариултыг өгөх жүжиг бол “Саран хөхөө” юм.




-Сурв: “Хутагтын мэлмий мөнх” гэж үг байдаг?

-П.Цэрэндагва: Үнэн. Үнэхээр л жүжиг тавигдаад хэдий хугацаа өнгөрлөө. Яагаад өнөө жил энд ирж байна гээд бодоод үзэхээр бүх зүйлийн учрал ерөөл, цаг хугацаа цаанаасаа заяагдсан зүйл ажээ. Хамгийн анх нийслэлээс арван хэдэн цаг явж, Ханбогдод очоод тоглоно гэхэд л цоо шинэ соёлын төв үүдээ нээж байх жишээтэй. Өмнөговийн аймгийн төвд ирээд тоглоноо гэхэд л урьд өдөр нь Засгийн газрын тогтоол гарч, энэ аймаг орон нутаг ажил үйлс, амжилт бүтээлээрээ улсдаа тэргүүн байранд орсон ийм баярт үйл явдал дээр бид энэ агуу бүтээлээр нь учран золгож байна гэдэг бид бүхнийг дээрээс харж, болгоож байна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр өмнөхгүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш байхгүй гэдгийг дэндүү сайн ойлгож ухаардаг ажилч хичээнгүй говийн зоригтнууд, бүтээлч та бүхэнтэйгээ өнгөрүүлсэн өдрүүд бүр гэгээн дурсамжаар дүүрэн байгаа гэдгийг хэлмээр байна. Хаа ч явсан говийнхны ажилсаг, тэвчээр хатуужилтай зан чанар том үлгэр дуурайлал болдгийг хүүхэд байхдаа уншдаг байсан “Их говийн зоригтнууд” найраглалаар төсөөлж санаж явдаг. Өөрийнхөө өмнөө байгааг хийгээд тулга тойроод эргэлдээд байдаггүй, хаана шинэ содон зүйл буй болж байна тэр бүхэнд хүрч ажиллах гэж эрмэлзэж байгаа нь олон зүйл дээр ажиглагдсан. Танай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар “Эрчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, энэ арга хэмжээнд театрын хамт олноо төлөөлөн оролцсондоо миний бие сэтгэл их өег байна. Аймаг орон нутаг нь дэмжин чуулганы хэмжээнд тавьсан асуудлыг би ойлгохдоо үзэгдэх өнгө нь одоо байгаа хүмүүст зориулаад байгаа мэт боловч ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ зориулсан өргөн агуулгатай, алсын бодлоготой үйл ажил гэдэг нь чуулганы явцаас харагдсан. Энд дэвшүүлсэн санаа аймаг орон нутгийн хэмжээгээр зогсохгүй улс орон даяар цэцэглэн хэрэгжих болтугай гэж бодож суулаа. Мөн одоо аймагт байгаа цэргийн ангийнхан уншиж байгаа бол та нартаа баярлалаа. Бид хамтдаа олон ажилд зүтгэсэн шүү. Саяхан нээлтээ хийсэн “Говийн домог”-оос эхлээд манай театрын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн хийж байгаа “Хийморь” гээд кинонд та бүхний минь оруулсан хувь нэмэр, хүч их бий. Үүнийг уран бүтээлч бид нар ямагт санаж, та нартайгаа дахин хамтарч ажиллах сэтгэл, зүтгэл, итгэл үргэлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.


-Сурв: Ард түмний хайртай уран бүтээлчдээс асуухгүй өнгөрч боломгүй асуулт надад байна. Сувдаа гуай та Монголын түүхэн кино бүтээлд дүрээ мөнхөлж, энэ л урлагийн орон зайн хэмжүүрээр хатан оргил нь болж, ард түмэндээ хүндлүүлжээ. Дахин ямар нэг түүхэн дүр бүтээнэ биз дээ?

-Н.Сувд: Одоогоор төлөвлөсөн ямар нэг зүйлгүй л байна. Гурван цагийн орчилд хүн төрж өсөж, энэ насаа элээдэг. Тийм болохоор жүжигчин хүнд түүхэн үйл явдалд дүрээ үлдээнэ гэдэг нэр хүндийн хэрэг билээ. Түүхээ судлах, өнгөрснөө танин мэдэх асар том боломжийг олгодгоороо онцлог. Манай театр бол түүхийн сэдэвт жүжгүүдийг өөрийнхөө урын сангийн бодлогын салшгүй нэгэн хэсэг гэж үздэг. Цаашдаа өнөөгийн нийгэмд тулгамдаж буй ямар гол асуудлууд байна түүнд чиглэлж уран бүтээл туурвилд хамтрана гэсэн бодолтой байна.

-Сурв: Сарантуяа эгчээ? Таны дүр бүтээлд нэг онцлог байдаг. Урлагийн хэлээр чухам юу гэж тайлбарлахыг мэдэхгүй. Гайхамшигтай уртай. Тухайн бүтээсэн дүрийн нийгэмд дэвшүүлж буй санааны гүйцэтгэл хэсэгт. Үзэгч энэ явдал нээрээ надад тохиолдвол гэх асуултад уг дүрээс хүлээгдэж буй эрэгцүүлэл, үр дүнгийн өгүүлэмжийг гаргаж буй таны дүр бүтээлт хоёрын дунд үүсэх энэ орон зай?

-С.Сарантуяа: Мэдээж жүжигчин хүний ажил мэргэжлийг ухвар мөчид ойлгохдоо хүмүүс хэдэн үг цээжлээд гардаг гэж ярьдаг л даа. Нэг талаараа тэдний буруу биш боловч нөгөө талаараа арай хөнгөн ойлголт. Гэтэл жүжигчний мэргэжил гэдэг нь өөрөө аливаа үйл явдлыг тархи оюундаа боловсруулж, зүрх сэтгэлээсээ мэдэрч байж, гүйцэтгэлийг төгс хийх, хүнд хүргэх нь ч амжилттай болдог. Өөрийн тань хэлдгээр үзэгчийн танхимд суугаа хэн нэгний зүрхэнд хүрч, хэн нэгэнд бодол үлдээж байгаа бол энэ нь бидний мэргэжлийн үнэ цэнэ, хөдөлмөрийн үр дүн мөн гэж ойлгож байна. Хэдийгээр үзэгч, тайз гэсэн 2 өөр орон зайд байлаа ч тайзан дээр байгаа жүжигчний зүрхээр мэдэрсэн зүйл танхим дахь үзэгчийн сэтгэлд тусч байх нь бидний амьд харьцаанд холбож өгч байдаг их нарийн увидас байдаг юм. Энэ л холбоо үргэлжид байвал бидний зорилго биелж байна гэсэн үг.

-Сурв: Та бүхний минь гэгээн зорилго үзэгч олон түмний зүрхэн холбоогоор бат гагнан бэхжиж байх болтугай. Их баярлалаа.

С.СУМЬЯА

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна